Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2026 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2026/00024

 

Н.Б-ийн нэхэмжлэлтэй

   иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/04304 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 210/МА2025/01827 дугаар магадлалтай,

Н.Б-ийн нэхэмжлэлтэй

“Н” ХХК-д холбогдох

Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож ажлаас чөлөөлөх тухай 2025.01.06-ны өдрийн Б25/0019 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Сэргэлэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Сэргэлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч “Н” ХХК-д холбогдуулан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож ажлаас чөлөөлөх тухай 2025.01.06-ны өдрийн Б25/0019 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг гаргаж, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/04304 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 50 дугаар зүйлийн 50.4, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг тус тус баримтлан “Н” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025.01.06-ны өдрийн Б25/0019 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.Б-ыг “Н” ХХК-ийн Уулын хэлтсийн дампын операторын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 25,124,831 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, холбогдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг суутган нөхөн төлүүлж, дэвтэрт баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 210/МА2025/01827 дугаар магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/04304 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож,  Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч “Н” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Сэргэлэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.4-д заасны дагуу дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

4.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 “Анх байгуулсан болон сунгасан хугацааны нийлбэр 2 жилээс дээш бол уг гэрээг хугацаагүй байгуулсанд тооцно” гэсэн заалтыг давж заалдах шатны шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн. Үүнд:

 а/ Анхан шатны шүүх шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна гэх хуулийн шаардлагыг хангасан бөгөөд давж заалдах шатны шүүх магадлалынхаа хянах хэсгийн 10-12-т Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсгийг буруу тайлбарласан. Нэхэмжлэгч нь “Н” ХХК-д 3 жил 1 сар гаруй хугацаанд ажилласан бөгөөд 2021.11.29-ний өдөр хөдөлмөрийн гэрээг гэрээний 3.1.1-т зааснаар туршилтын хугацаагаар байгуулсан. 2022.03.01-нд туршилтын хугацаа дуусахад нэмэлт гэрээ хийж, гэрээний хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6-д зааснаар төслийн үргэлжлэх хугацаагаар тохиролцож байгуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4-т заасан хэм хэмжээг бүтцээр авч үзвэл гипотез буюу нөхцөл заасан хэм хэмжээ ба хамгийн багадаа 2 удаагийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, гэрээндээ Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-50.1.6-д заасан хугацааг тодорхойлсон байх, ажилтан тухайн байгууллагад ажилласан нийт хугацаа 2 жилээс дээш байх шаардлагуудыг хангасан бол хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсанд тооцох бөгөөд ажил олгогч хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр ажлаас халах эрхгүй. Нэхэмжлэгч нь “Н” ХХК-д 3 жил 1 сар ажиллахдаа 3 удаагийн хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба дараалсан 2 удаагийн хөдөлмөрийн гэрээ тус бүрт хөдөлмөрийн гэрээний хугацаа хэсэгт өөрчлөлт орсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4-т заасан нөхцөлийг хангах тул хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсанд тооцох байтал хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4-т заасныг илэрхий зөрчсөн.

б/ Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6-д заасан бие даасан хугацаа мөн гэж үзсэн атлаа мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.4-т хамаарахгүй гэсэн нь ойлгомжгүй.

4.2 “Н” ХХК-ийн 1000 гаруй ажилтнаас 4 дампын операторыг төслийн хугацаа дууссан үндэслэлээр ажлаас халснаас шүүх 3 хүний нэхэмжлэлийн шаардлагыг Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4-т заасныг үндэслэж хангаж шийдвэрлэсэн. Биднийг ажлаас халсан тушаалын баримталсан хуулийн заалт, үг, үсэг, агуулга, найруулгын хувьд адил бөгөөд гагцхүү тушаалын огноо, дугаар өөр юм. Давж заалдах шатны шүүх 3 ажилтнаас 2 ажилтныг ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж зөрчигдсөн эрхийг нь сэргээсэн байж Н.Б-ийн хэргийг өөрөөр шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй байна.

           “Э” ХХК, “Н” ХХК-ийн хооронд байгуулсан цанхийн зүүн уурхайн төслийн санхүүжилтын эхний гэрээний хугацаа 2024.11.09-ний өдөр дуусах ёстой байсан. Гэтэл төслийн хугацаа дуусаагүй байхад буюу 2024.05.21-ний өдрөөс төслийн хугацааг 36 сараар дахин сунгаж санхүүжүүлэх болсон нь хөдөлмөрийн гэрээний 3.1.1-д заасан төслийн хугацаа гэх үйл явдал цаашид үргэлжлэх нь тодорхой болохын зэрэгцээ сунгасан төслийн гэрээгээр нүүрс олборлох талбай нь 270,000,000 м3 буюу  өмнөх гэрээний олборлох талбайтай харьцуулахад 55 сая м3-ээр нэмэгдсэнээр санхүүжилт нь өмнөх гэрээний санхүүжилтаас 1,6 их наяд төгрөгөөр нэмэгдсэн болохыг анхаарах шаардла гатай байна. Иймд хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэл буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т зааснаар ажлаас халах эрхгүй тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ. 

5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 001/ШХТ2026/00026 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Сэргэлэнгийн гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.

ХЯНАВАЛ

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Сэргэлэнгийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдов.

7. Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч “Н” ХХК-д холбогдуулан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож ажлаас чөлөөлөх тухай 2025.01.06-ны өдрийн Б25/0019 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “... “Н” ХХК-д 3 жил 1 сар ажиллахдаа 3 удаагийн хөдөлмөрийн гэрээ байгуулсан. ... дараалсан 2 удаагийн хөдөлмөрийн гэрээ тус бүрт хөдөлмөрийн гэрээний хугацаа хэсэгт өөрчлөлт орсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4-т заасан нөхцөлийг хангах тул хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсанд тооцох байтал хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4-т заасныг илэрхий зөрчсөн. ... төслийн хугацаа дуусаагүй ... буюу 2024.05.21-ний өдрөөс төслийн хугацааг 36 сараар дахин сунгаж санхүүжүүлэх болсон.гэж тайлбарласан.

8. Хариуцагч “Н” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “... Манай компани нь “Э” ХК-тай 2021.11.09-ний өдөр Тавантолгой ордын цанхийн зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулан хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх болсон. Энэхүү гэрээт ажлыг хийж гүйцэтгэхдээ ажил олгогч нь гэрээний санхүүжилт, хийгдэх ажлын цар хүрээ, цаг хугацаагаар хязгаарлагдсан хугацаа /36 сар/-тай уялдуулан ажилтнуудтай Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6-д заасан хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулсан. Н.Бтай 2021.11.29-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан, дампын оператороор ажиллуулах болсон. Төслийн ажлын гэрээний хугацаа дуусгавар болж буйтай холбоотой ажил олгогчийн зүгээс 2024.11.22-ны өдөр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох талаар мэдэгдэж, улмаар 2025.01.06-ны өдөр Б25/0019 тоот тушаалаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. гэжээ.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Шийдвэрийн үндэслэлдээ “... Гэрээний 3.2.1-т “Э” ХК-тай 2021.11.09-ний өдөр байгуулсан “Таван толгой ордын цанхийн зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ”-ний хугацаа дуусгавар болох хүртэл” гэж хөдөлмөрийн гэрээний хугацааг заасан тул хөдөлмөрийн гэрээг 36 сарын хугацаатай байгуулсан гэж үзнэ. ... ажил гүйцэтгэх гэрээний 36 сарын хугацаа 2024.11.09-ний өдөр дууссан байхад хариуцагчаас нэхэмжлэгчид 2024.11.22-ны өдөр ажлаас чөлөөлөх мэдэгдлийг танилцуулан гардуулсан буюу хөдөлмөрийн гэрээг дууссан өдрөөс хойш 13 хоногийн дараа мэдэгдэл өгч, 52 хоногийн дараа ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцэхгүй. ... Хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссанаас хойш ажил олгогч хөдөлмөрийн гэрээг дүгнээгүй, цуцлаагүй үргэлжлүүлэн ажиллуулсан нь тогтоогдсон, ажлаас чөлөөлсөн тушаал гэрээний хугацаа дууссанаас хойш 52 хоногийн дараа хүчин төгөлдөр болсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4-т зааснаар хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж үзнэ. ... Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6-д заасан хугацаатай хөдөлмөрийн гэрээг “Таван толгой ордын цанхийн зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ”-ний  хугацаа дуусгавар болох хүртэл хугацаагаар буюу 36 сарын хугацаагаар тогтоож ажиллуулсан бөгөөд ажил гүйцэтгэх гэрээний хугацаа дуусахаас өмнө дахин “Э” ХК-тай 2024.05.27-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг 36 сарын хугацаатай байгуулж, 2024.12.16-ны өдөр ажил эхлүүлэх акт үйлдэж баталгаажуулан, уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил тасралтгүй үргэлжилж байгаа нь баримтаар тогтоогдсон. Дампын операторын орон тоо цөөрсөн гэж хариуцагч мэтгэлцдэг боловч шүүхэд баримтаа ирүүлээгүй.” гэж дүгнэсэн.  

10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Магадлалд “... Ажил олгогч нь гуравдагч этгээдтэй шинэ гэрээ хэлцэл байгуулах тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үргэлжлүүлэх талаар тусгаагүй. Талууд хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үргэлжлэх хугацааг ажил олгогч байгууллагын гуравдагч этгээдтэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 36 сарын хугацаагаар хязгаарлан тогтоосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6-д заасанд нийцсэн. ... санхүүжилт, хийгдэх ажлын цар хүрээтэй холбоотойгоор тодорхой цаг хугацаагаар тодорхойлогдсон ажил үүрэг гүйцэтгүүлэх тохиолдолд талууд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж болох ба Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4-т заасан зохицуулалт энэ тохиолдолд хамаарахгүй. Ажил олгогч болон “Э” ХК-ийн хооронд 2021 оны 11 сард байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээг 2024.12.16-ны өдөр дуусгавар болгосон учир нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ мөн адил дуусгавар болно. ... “Э” ХК-тай байгуулсан 2021.11.09-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээ 2024.12.21-ний өдөр дуусгавар болсонтой холбоотойгоор Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т зааснаар мэдэгдсэн нь хуульд нийцсэн.” гэж дүгнэсэн байна.

11. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий үйл баримт болох зохигчийн хооронд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан, гэрээний хугацаа ажил олгогч байгууллагын гуравдагч этгээдтэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ хэрэгжих хугацаатай уялдаж гурван жилээр тогтсон, хоёр компанийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ нь 2021.11.09-ний өдрөөс эхлэн дахин 36 сараар үргэлжлэхээр заасан үйл баримтыг адил тогтоосон. Зохигч эдгээр үйл баримтын тухайд маргаагүй.

       Харин талууд ийнхүү ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ үргэлжлэх эсэх нь гуравдагч этгээдийн хэрэгжүүлж байгаа уул уурхайн төсөлд ажил олгогч хугацаатай ажил гүйцэтгэхээр оролцсон нөхцөл байдалтай хэрхэн уялдах, энэ талаарх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг хэрхэн тайлбарлах талаар маргаж байна.

12. Анхан шатны шүүх зохигчийн хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6-д заасан үндэслэлээр хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүх буруутгаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж болох үндэслэлийг тогтоосон ба мөн зүйлийн 50.1.6-д “санхүүжилт, хийгдэх ажлын цар хүрээтэй холбоотой цаг хугацаагаар хязгаарлагдсан ажил үүрэг гүйцэтгүүлэх” нь энэ үндэслэлд хамаарна гэжээ.

          Улмаар анхан шатны шүүх ажилтныг ажилд эгүүлэн тогтоохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсгийг баримтлахаар шийдвэрийн үндэслэх хэсэгтээ заасан боловч энэ заалтыг үндэслэсэн шалтгаанаа 36 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ 2024.11.09-ний өдөр дууссанаас хойш 52 хоногийн дараа хугацаа дууссан үндэслэлээр ажлаас чөлөөлсөнтэй холбон дүгнэжээ. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн гэрээг 36 сараар байгуулах үндэслэл болсон ажил гүйцэтгэх гэрээний хугацаа 2024.11.09-ний өдөр дууссанаас хойш хугацаатай хөдөлмөрийн гэрээг цуцлалгүй 52 хоног өнгөрсөн нь уг гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4-т заасан хугацаагүй гэрээ болон сунгасан гэж үзжээ.

          Тодруулбал, анхан шатны шүүх хууль хэрэглээний хувьд Хөдөлмөрийн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6 ба 50.4 гэсэн хоёр заалтыг шууд холбон тайлбарлаагүй, зохигчийн хооронд хуулийн 50.1.6-д заасан хугацаатай гэрээ байгуулсан хэдий ч энэ гэрээний хугацаа дуусахаас өмнө цуцлах хүсэлтээ илэрхийлээгүй тул мөн хуулийн 50.4-т заасан хугацаагүй гэрээ болон үргэлжилсэн гэж үзсэн байна.  

          Харин давж заалдах шатны шүүх дээрх дүгнэлтийг хэрхэн үзэж байгаагаа тайлбарлаагүй. Гэвч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6-д заасан хугацаатай гэрээ нь мөн хуулийн 50.4-т заасан “… хугацаатай байгуулсан гэрээний анх байгуулсан болон сунгасан хугацааны нийлбэр хоёр жилээс дээш бол уг гэрээг хугацаагүй байгуулагдсанд тооцно.” гэх заалтад хамаарахгүй, иймд хугацаатай гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн үйлдэл зөв гэж дүгнэжээ.

          Давж заалдах шатны шүүх ийнхүү Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6 заалт болон 50.4 дэх хэсгийг шууд холбон тайлбарласнаараа анхан шатны шүүхээс ялгаатай, хууль хэрэглээний үүднээс авч үзвэл эрх зүйн томоохон үр дагавар бүхий дүгнэлт хийжээ.

13. Дээр дурдсанчлан хоёр шатны шүүхийн эрх зүйн дүгнэлт өөр хоорондоо ялгаатайн зэрэгцээ давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг тайлбарласан байх тул энэ нөхцөл байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлд хамааруулан нэхэмжлэгч талаас гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцлээ.   

14. Нэхэмжлэгч Н.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогч “Н” ХХК-ийн “Э” ХК-тай 2021.11.09-ний өдөр, 36 сарын хугацаатай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээтэй холбон тайлбарлаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6-д заасан хугацаатай хөдөлмөрийн гэрээ гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

          Учир нь дээрх хөдөлмөрийн гэрээний хугацаа нь ажил гүйцэтгэх гэрээ дуусгавар болох өдөр буюу 2024.11.09-ний өдөр дуусахаар хөдөлмөрийн гэрээний 3.1.1-д тохирсон. Улмаар ажил олгогч “Н” ХХК ажил гүйцэтгэх гэрээ дуусгавар болсонтой давхцуулан өөрийн компанийн бүх ажилтнуудаа ажлаас чөлөөлж, буцаан ажилд томилох зохион байгуулалтын арга хэмжээ авсан ба ийнхүү буцаан томилохдоо “дампын оператор” гэх 4 ажилтныг эгүүлэн томилоогүй талаар талууд шүүх хуралдаанд тайлбарлаж байна. Түүнчлэн энэ цаг хугацаанд “Э” ХК-тай агуулгын хувьд өмнөхтэй адил ажил гүйцэтгэх гэрээ урт хугацаагаар дахин байгуулагдсан үйл баримтыг зохигч маргаагүй.

         Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл, “Н” ХХК ажил гүйцэтгэх гэрээний дагуу үүргээ гүйцэтгэхэд нь өмнө байгуулсан гэрээний нэгэн адил ажил гүйцэтгэх хүний нөөц, хүч бололцоо шаардлагатай тул ажилтнуудтайгаа дахин гэрээ байгуулсан гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл ажил гүйцэтгэх хоёр гэрээ цаг хугацааны хувьд давхацсан буюу эхний гэрээ хүчин төгөлдөр байсан 2024.05.27-ны өдөр хоёр дахь гэрээг байгуулж 2025.12.16-ны өдрөөс 36 сарын хугацаагаар хэрэгжүүлж эхэлсэн нөхцөл байдал тогтоогдож байна.    

       Иймд “Н” ХХК нэг захиалагч компанитай нэг төрлийн ажил гүйцэтгэхээр нийт 6 жилийн хугацаатай төслийн ажилд оролцсон байгаа нөхцөл байдлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6-д заасан хугацаатай хөдөлмөрийн гэрээ мөн гэж үзнэ.

15. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4-т “Энэ хуулийн 58.1.3, 139.1-д зааснаас бусад тохиолдолд хугацаатай байгуулсан гэрээний анх байгуулсан болон сунгасан хугацааны нийлбэр хоёр жилээс дээш бол уг гэрээг хугацаагүй байгуулагдсанд тооцно.” гэж зааснаар “Н” ХХК-ийн нэг төслийн хүрээнд хэрэгжүүлж байгаа ажлын санхүүжилтийн нийлбэр 6 жилийн хугацаанд хамаарч, бизнесийн үндсэн үйл ажиллагааны хүрээ нь хумигдаагүй, ажилтнуудыг урт хугацаагаар ажиллуулах шаардлага үүссэн бодит нөхцөл байгааг хугацаагүй хөдөлмөрийн гэрээтэй адилтгах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсгийн үзэл баримтлалтай нийцнэ.

    Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсгийн үйлчлэлд хамаарахгүй байх хоёр заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.3, 139 дүгээр зүйлийн 139.1 дэх хэсэг байхаар зохицуулсныг анхаарвал зохино.

          Иймд давж заалдах шатны шүүхийн Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6-д заасан хугацаатай гэрээ нь мөн хуулийн 50.4-т заасан “… хугацаатай байгуулсан гэрээний анх байгуулсан болон сунгасан хугацааны нийлбэр хоёр жилээс дээш бол уг гэрээг хугацаагүй байгуулагдсанд тооцно.” гэх заалтад хамаарахгүй гэх тайлбар үндэслэлгүй.

       Харин нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоохдоо хөдөлмөрийн гэрээг сунгахгүй болсныг гэрээний хугацаа дууссанаас хойш 14 хоногийн дараа мэдэгдэж, 52 хоногийн дараа хугацаа дууссан үндэслэлээр цуцалсан нь хууль бус болсон талаар анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй. Учир нь аливаа хугацаатай гэрээний талууд гэрээг сунгахгүй талаараа хугацаа дуусахаас өмнө нөгөө талдаа мэдэгдэх дүрэмтэй бөгөөд энэ нь гэрээлэгч талууд харилцан ашиг сонирхлоо хүндэтгэх, бизнесийн харилцаа тогтвортой, төлөвлөгдсөн байх шаардлагатай нийцнэ. Түүнчлэн хөдөлмөрийн харилцааны хувьд талууд гэрээг үргэлжлэхгүй болсон талаар урьдчилан мэдэгдэх нь ажилтны цалин хөлс гагцхүү тухайн хувь хүн-ажилтанд бус түүний гэр бүлийн суурь хэрэгцээг хангахад чиглэсэн нийгмийн ач холбогдолтой эдийн засгийн орлого болох нь түгээмэл байдагтай холбоотой.

16. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв байх боловч ажилгүй байсан хугацааг 5 сар гэж алдаатай тогтоосон байна. Нэхэмжлэгч Н.Б 2025.01.06-ны өдрийн тушаалаар ажлаас чөлөөлөгдөн, түүний ажил хүлээлцэх хугацааг мөн өдрөөр тогтоосон байх ба анхан шатны шүүх нэхэмжлэгчийг 2025.05.20-ны өдрийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоожээ. Иймд 2025.01.06-ны өдрөөс 2025.05.20-ны өдрийн хооронд нийт 04 сар 10 хоног ажилгүй байсан гэж үзэж энэ хугацаанд ногдох дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 22,437,057 /5,024,966*4+233,719*10/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохаар шийдвэрлэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д нийцнэ.

17. Дээр дурдсан үндэслэлүүдээр магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулан, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 210/МА2025/01827 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/04304 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “25,124,831” гэснийг “22,437,057” гэж, шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг

            “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу хариуцагч “Н” ХХК-аас 270,135 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Сэргэлэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.  

2. Нэхэмжлэгч Н.Б нь хяналтын журмаар гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Х.ЭРДЭНЭСУВД

                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Г.АЛТАНЧИМЭГ

                      ШҮҮГЧИД                                                 Н.БАЯРМАА

                                                                                       Б.УНДРАХ

                                                                                        Д.ЦОЛМОН