| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2022/0173/3 |
| Дугаар | 128/ШШ2022/0496 |
| Огноо | 2022-06-21 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 128/ШШ2022/0496
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А.Х******,
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яам,
Маргааны төрөл: Иргэн А.Х******-ны гаргасан “Газар нөхөн олгож өгөх тухай” хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн үйлдэл нь хуульд нийцсэн эсэх газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д*******, З.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мөнхсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч А.Х*******-аас Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулан “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасны дагуу Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсийн Ташгай, Нүхт, Арцат, Хүүш, Хүрхэрээ, Төр хурхын ам гэх мэт газруудад миний ашиглаж байсан газрын хэмжээгээр дүйцүүлэн шинээр газар олгохыг даалгах” үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Улмаар 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д зааснаар “Иргэн А.Х******-ны гаргасан “Газар нөхөн олгож өгөх тухай” хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, шаардагдах захиргааны актыг гаргахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.
2. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын /хуучнаар/ 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаалаар А.Х*****-д Хан-Уул дүүргийн нутагт орших Богдхан уулын дархан цаазат газрын “Ташгайн ам” нэртэй газарт 5 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгож, 775 тоот гэрчилгээ олгож, газар ашиглах 2008/775 дугаартай гэрээ байгуулжээ.
3. Харин Нийслэлийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 292 дугаар захирамжаар “Ро******” ХХК-д Хан-уул дүүргийн 8 дугаар хороонд 5500 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар, 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 340 дүгээр захирамжаар ““И*****” ХХК-д тус хороонд 20000 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар, 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/420 дугаар захирамжаар иргэн Д.Б*******д тус хороонд 50000 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар тус тус эзэмшүүлэн гэрээ байгуулан гэрчилгээ олгожээ.
4.Нэхэмжлэгчээс дээрх маргаан бүхий асуудлаар гомдол гаргасан бөгөөд тус газар нь Нийслэлийн газар нутагт хамаарагдаж байгаа нь Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор батлагдсан Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагаар тодорхойлогдож байхад хариуцагч Байгаль орчин аялал жуулчлалын сайд энэ газарт газар ашиглуулах эрх олгосон нь илт хууль бус гэж дүгнэн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 0798 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 0256 дугаар магадлал, уг шийдвэр, магадлалыг хэвээр үлдээсэн Улсын дээд шүүхийн 297 дугаар тогтоол байна.
5.Нэхэмжлэгч А.Х****** шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:
1/А.Х****** миний бие Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дагуу Байгаль орчны сайдын 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн нутагт орших Богдхан уулын Ташгайн ам нэртэй газарт 5га талбайг Аялал жуулчлалын зорилгоор ашиглах зөвшөөрлийн 775 дугаартай гэрчилгээг 2008 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр авсан.
Дээрх гэрчилгээний дагуу 2010 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 2008/775 дугаартай гэрээг байгуулж газар ашиглах төлбөрийг цаг тухайд нь төлж ирсэн бөгөөд газар ашиглах гэрчилгээг ч цаг тухайд нь сунгуулж ирсэн.
2/Миний бие тус газарт “Summer resort” аялал жуулчлалын хотхон барихаар төлөвлөж дараах бичиг баримтын өөрийн хөрөнгийг зарцуулан 2008 онд Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн, 2011 онд Инженер геологийн судалгааны дүгнэлтийг магадлалд оруулсан, 2012 онд Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газраар аялал жуулчлалын хотхоны эскиз зургийг батлуулсан, 2014 онд Хан-Уул дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт цогцолбор хотхоны төсөл хэрэгжүүлэх 3 талт гэрээг байгуулсан, 2011 онд өөрийн ашиглаж буй газартаа бетон суурьтай блокон хашааг барьсан, газар ашиглалтын төлбөрт 87,450,000 төгрөгийг төлж нийт 400 гаруй сая төгрөгийн бодит зардлыг гаргаж, хөрөнгө оруулалтын хэлэлцээр хийж ажиллаж байсан.
3/Гэтэл миний ашиглаж буй газар дээр Нийслэлийн засаг даргын 2011, 2012, 2014 оны захирамжуудаар ““И*****” ХХК, иргэн “Д.Б*****", "Р*****" ХХК-д газар давхардуулан олгогдсоныг 2015 онд олж мэдсэн дариуд Монгол Улсын захиргааны хэргийн шүүхэд хандсан.
Монгол Улсын дээд шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 297 дугаар тогтоолоор тус газар нь Нийслэлийн эзэмшлийн газар байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж А.Х****** миний газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
4/Монгол Улсын иргэн миний бие Байгаль орчны яаманд аялал жуулчлалын зориулалтаар газар авах хүсэлтэй байгааг илэрхийлж холбогдох баримт бичгийг хүргүүлсэн. Байгаль орчны яамнаас миний хүсэлтийг хүлээн авч газар ашиглах эрхийг Богдхан уулын Ташгайн ам нэртэй газарт 5 га талбайг Аялал жуулчлалын зорилгоор ашиглах зөвшөөрлийн 775 дугаартай гэрчилгээг олгосон.
Дээрх газар нь Улсын Их Хурлын “Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай” 1995 оны 26 дугаар тогтоолоор баталсан Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагт хамаарч байгаа эсэхийг иргэн хүний хувьд мэдэхгүй, мэдэх боломжгүй. Газар ашиглах эрх олгосон өдрөөс хойш газрын төлбөр болон бусад бичиг баримтыг шаардаж байсан. Миний бие ч нэхсэн бичиг баримтыг цаг тухайд нь гарган өгч байсан.
Байгаль орчны яамнаас энэ газар бол тусгай хамгаалалттай газар нутагт хамаарч байгаа гэх бичгэн нотлох баримтуудыг болон зурган нотлох баримтуудыг шүүхэд ирүүлж байсан.
Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална 4.2.8.хууль ёсны итгэлийг хамгаалах хэмээн хуульчилсан. Төрийн эрх бүхий байгууллагаас энэ газрыг ашиглах эрхтэй хэмээн олгосон гэрчилгээнд итгэж их хэмжээний хөрөнгө зарцуулж, инженерингийн зураг төсөл зуруулж, газрын магадлал хийлгэж, газрын төлбөр төлж байсан иргэний эрхийг Төрийн мэдээллийн сан нэгдмэл биш байгаагийн улмаас хохироож байгаа нь хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим хэрэгжихгүй байгааг тод харагдаж байна.
Миний бие өөрийн хууль ёсны итгэлийг хамгаалах үүднээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандаж “Газар нөхөн олгож өгөх тухай” хүсэлтийг удаа дараа гаргасан.
5/Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Монгол Улсын Ерөнхий Сайдын 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 66 дугаар захирамжаар Богдхан Уулын дархан цаазат газар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хилийн цэсийг тодотгож, хилийн цэстэй холбоотой маргааныг шийдвэрлэх арга зам, газар олголтын нөхцөл байдлын талаар дүгнэлт гаргаж, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан тул ажлын хэсгийн дүгнэлт, санал гарах хүртэл таны асуудлыг шийдвэрлэх боломжгүй байгааг үүгээр мэдэгдэж байна гэсэн хариуг 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 09/2158 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичгээр ирүүлсэн.
Дээрх хариу ирүүлснээс хойш 6 сарын хугацаанд ямар нэгэн үйлдэл хийхгүй байсан тул 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр “Хариу тайлбар хүсэх тухай” албан бичгийг Байгаль орчны сайдад хандан дахин хүргүүлсэн.
Миний 2021 оны 09 дүгээр сарын 22-ны албан бичигт Байгаль орчин, Аялал жуулчлалын сайдаас 2021 оны 11-р сарын 17-ны өдрийн 01/5424 албан бичгээр “Тайлбар хүргүүлэх тухай” гэх утга нь үл ойлгогдох агуулга бүхий албан бичгийг ирүүлж газрын маргаантай холбоотой асуудлаар шүүхэд хандах нь зүйтэй гэсэн тайлбарыг бидэнд ирүүлсэн.
Төрийн байгууллагын уялдаа холбоогүй байдал, нэгдмэл биш, газар эзэмших, ашиглах эрхийг давхардуулан олгодог, Тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсийг хамтраад ч тогтоож чаддаггүй, төлөвлөлтгүй нөхцөл байдал нь иргэн миний санхүүгийн нөхцөл байдал, цаг хугацаа, төрд итгэх итгэлийг илтэд хохироосоор байна.
6/Нэхэмжлэгч нь тухайн газар дээр барьж байгуулах аялал жуулчлалын цогцолборын төсөлтэй холбоотойгоор их хэмжээний зардал гаргаж, хөрөнгө оруулагчтай гэрээ хэлцэл байгуулан зөвхөн газар ашиглалтын төлбөрт 87,450,000 төгрөгийг төлж нийт 400 гаруй сая төгрөгийн бодит зардлыг гаргасан.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д зааснаар “Иргэн А.Х******-ны гаргасан “Газар нөхөн олгож өгөх тухай” хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, шаардагдах захиргааны актыг гаргахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би газрын даамал нартай 7 хоног болгон очиж уулздаг байсан. газрын дарга нар танайх хохирсон нь үнэн. Энэ газар манай эрх хэмжээний газар мөн гэж Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Газрын албаны эрх бүхий хүмүүсээс албан бичиг өгч байсан. Танай асуудлыг шийдвэрлэнэ гэдэг байсан. Шүүхийн шийдвэрээ аваад ирвэл энэ асуудлыг авч үзье гэсэн. Албан бичгээр шүүхэд ханд гэсний дагуу шүүхэд хандсан. Иргэн хүний хувьд төрийн уялдаагүй байдлаас болж хохирч байна. Бүх мэргэжилтэнд тайлбараа хэлж байсан. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаан дээр очиж уулзсан. Манай дээр 2 газар байгаа. Бусад байгууллагуудтайгаа уулзаж асуудлаа судлах ёстой байсан. Иргэний хувьд Засаг захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас хохирсон тул хохирлыг барагдуулж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А.Х******н нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2005 оны 244 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн Богдхан уулын Ташгай нэртэй газарт 5 жилийн хугацаатай газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглахаар 775 дугаар гэрчилгээг 2008 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр авсан байдаг. Тухайн гэрчилгээний дагуу 2010 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай газарт газар ашиглах тухай 2008775 дугаартай гэрээг байгуулж, газар ашиглах газрын төлбөрийг цаг тухайд нь төлж ирсэн. А.Х******н нь тухайн газар дээр аялал жуулчлалын хотхон барихаар төлөвлөж дараах бичиг баримтыг өөрийн хөрөнгөөр зохицуулан 2008 онд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг, 2011 онд Инженер геологийн судалгааны төвийн магадлалд оруулсан. 2012 онд Нийслэлийн хот байгуулалт, төлөвлөлтийн газраар аялал жуулчлалын газрын ажлын эскиз зургийг батлуулсан. 2014 онд Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт цогцолбор хотхоны төсөл хэрэгжүүлэх 3 талт гэрээг байгуулсан. 2011 онд өөрийн ашиглаж байгаа газарт лаборатори суурьтай блокон хашааг барьж газар ашиглалтын төлбөрт нийт 97 сая 450 мянган төгрөгийг төлж, нийт тухайн бичиг баримтууд болон зөвшөөрөл, бусад бичиг баримтуудад 400 гаруй сая төгрөгийг зарцуулж хөрөнгө оруулалт хийсэн. Гэтэл А.Х******-ны эзэмшиж байгаа газар дээр Нийслэлийн Засаг даргын 2012, 2014 оны захирамжуудаар иргэн “Э*****” ХХК, иргэн н.Б*****, “Р*****” ХХК-иудад давхардуулан газар олгосон байсныг 2015 онд олж мэдсэн. Мөн тухайн асуудалтай холбоотой шүүхийн ажиллагаа явагдаж шийдвэрүүд гарсан байдаг. Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 297 дугаар тогтоолоор “тус газар нь нийтийн эзэмшлийн газар байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж, А.Х******-ны эзэмшлийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож” шийдвэрлэсэн байдаг. А.Х******н нь Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах хүсэлтийг холбогдох бичиг баримтын хамт хүргүүлсэн. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хүсэлтийг хүлээн авч газар ашиглах эрхийг Богдхан уулын Ташгайн аманд нийт 5 га газрыг олгосон байдаг. Дээрх газартай холбоотойгоор Улсын Их Хурлаас Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай 1995 оны 23 дугаар тогтоолоор баталсан “улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагт хамаарч байгаа хэсгийг иргэний хувьд мэдэхгүй, мэдэх боломжгүй, газар ашиглах эрхийг иргэний хувьд олгосон өдрөөс хойш газрын төлбөр болон бусад бичиг баримтыг шаардаж байсан. Манайхаас шаардлагатай бичиг баримтуудыг цаг тухайд нь гаргаж өгч байсан. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “захиргааны үйл ажиллагаа дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.8-т “хууль ёсны итгэлийг хамгаалах” үйлчилнэ гэж хуульчилсан байдаг. Төрийн эрх бүхий байгууллагаас газар олгосон хэмээн итгэж их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, инженерийн шугам сүлжээний зураг төсөл хийлгэж, газрын магадлал хийлгэж газрын төлбөр төлж байсан иргэний эрхийг төрийн үйл ажиллагаа нэгдмэл биш байгаагаас хохирч, хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим хэрэгжихгүй байгаагийн тод илрэл харагдаж байна. А.Х******н нь өөрийн хууль ёсны итгэлийг хамгаалах үүднээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандаж газар нөхөн олгох хүсэлтийг тухай бүр гаргасан. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 63 дугаар захирамжаар Богдхан уулын дархан цаазат газар, Говь тэрэлж газрын хилийн цэсийг тодотгох, хилийн цэстэй маргаан шийдвэрлэх арга зам, газар олголтын нөхцөл байдлын талаарх дүгнэлт гаргаж, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн дүгнэлт гарах хүртэл таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг өгсөн. Дээрх хариуг ирүүлснээс хойш 6 сарын хугацаанд ямар нэгэн үйлдэл хийгдэхгүй байсаар 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хариу тайлбар хүсэх тухай албан бичгийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад дахин хүргүүлсэн. Мөн үе үеийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад албан бичгүүдийг хүргүүлсээр ирсэн боловч тодорхой хариу ирүүлэлгүй өнөөдрийг хүрсэн. 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн албан бичигт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 5424 дугаартай албан бичгээр хариуг ирүүлсэн. Төрийн байгууллагын уялдаа холбоогүй байдал, нэгдмэл биш байдлаас болж газар эзэмших эрхийг давхардуулан олгодог, тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсийг хамтран тогтоож чадахгүй нөхцөл байдлаас шалтгаалж иргэн, аж ахуйн нэгж байгууллага цаг хугацаа, хөрөнгө санхүүгийн нөхцөл байдлаар хохирсоор байгаа тул газар нөхөн олгох А.Х******-ны гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, шийдвэрлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгаж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгч өмгөөлөгч Д.Д******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2008 оны 08 дугаар сарын 22-ны Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалын 6 дахь хэсгийг тусгайлан судлуулсан нь төлбөрийн хэмжээнд шинэчлэн тогтоож гэрээ байгуулахыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд даалгасан. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд алдаагаа залруулж, тохируулж шийдвэр гаргах боломжтой байдаг. Гурван шатны шүүхээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны алдаатай хууль бус үйл ажиллагаа байсан гэдгийг тогтоосон. Үүнтэй холбоотой асуудлаар хүсэлт гаргахад Байгаль орчин, аялал жуулчлалын яам дүгнэлт гараагүй байна гэдэг. Бичгээр өгөөч гэхээр 2020 оны 05 дугаар сарын хариугаар ажлын хэсгийн дүгнэлт гараагүй учраас танай асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэдэг. Хилийн асуудлыг шийдвэр бид шийднэ гэдэг. 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд хандаж шүүхээс хариу аваад манайд ирвэл манайх шийдвэрлэнэ гэсэн хариуг өгдөг. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5-д заасны дагуу 5 жилийн хугацаагаар олгоод дахиж цаашаа 5 жилээр сунгаад дахиж сунгах асуудал яригдаад байгаа. газар ашиглахтай холбоотой зөвшөөрөл өгөөд тэр газар нь өөрсдийнх нь эрх хэмжээний газар биш байсан асуудал. Газрын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6-д заасныг баримтлан газар ашиглагч иргэн хуулийн этгээдэд нөхөн олговорт хамаарахгүй гэдэг. Газрын хэмжээ, төлөв байдлыг бууруулахгүйгээр энэ асуудлаа шийдвэрлэж өгөөч гэсэн болохоос шинээр газар олгож өгөөч гэж яриагүй. Газар олгох 5 га газрыг олгох шийдвэр гарсан. Олгосон газар хууль бус газар байсан. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М****** шүүхэд бичгээр гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:
Иргэн А.Х******-ны гаргасан Хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхгүйг хууль бус болохыг тогтоож, шаардагдах захиргааны акт гаргахыг нь Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд Тус шүүхэд Иргэн А.Х******н нь Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж гаргасан байна.
1/А.Х******н 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүсэлт гаргасан ба тус хүсэлтэд миний ашиглаж буй 5 га газрыг Ташгай ам эсвэл өөр дүйцүүлэх газарт шилжүүлэн байршуулж газар ашиглах эрхийг миний эзэмшлийн "Р******" ХХК-ийн нэр дээр шинээр олгож өгөх талаар хүсэлт ирүүлсэн байдаг.
Тус хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 09/2158 тоотоор хариу хүргүүлсэн байна.
Мөн Газрын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6-д “..Нөхөх олговор нь газар
ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хамаарахгүй..." гэж заасан.
2/Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 66 дугаар захирамжаар Богдхан уулын дархан цаазат газар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хилийн зааг, Нийслэлийн, төв аймгийн хилийн цэсийг тодотгож, хилийн цэстэй холбоотой, маргааныг шийдвэрлэх, арга зам, газар олголтын нөхцөл байдлын талаар дүгнэлт гаргаж, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан ба тус ажлын хэсгийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ахлуулсан ажлын хэсгийн санал, дүгнэлт гараагүй байна.
3/Байгаль орчны сайдын 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаалаар Иргэн А.Х******нд Богдхан уулын дархан цаазат газрын Ташгайн аманд аялал жуулчлалын зориулалтаар 5 га газрын ашиглах эрхийг 5 жилийн хугацаатайгаар олгосон ба 2010 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2008/775 дугаартай “Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах тухай" гэрээг 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл байгуулсан байна.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т ...Энэ хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан газар ашиглах тухай гэрээний хугацаа 5 жилээс илүүгүй байх бөгөөд уг гэрээг нэг удаад сунгах хугацаа 5 жилээс илүүгүй байна..." гэж заасан ба нэхэмжлэгчийн газар ашиглах эрх дууссан гэж үзэж байна.
Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т “байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно." гэж заасан.
Мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д "...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана...” гэж дагуу шинээр газар ашиглах хүсэлтээ гарган шийдвэрлүүлэх боломжтой гэж үзэж байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.
Мөн хуулийн 36 дугаар зүйлийн 1-т “...Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бус, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана... гэж заасны дагуу хамгаалалтын захиргааны саналын дагуу ашиглах эрхийн шийдвэр гаргадаг болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д “...Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна...” гэж 52.5.1-д "...захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн...” гэж заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн нь тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч А.Х******н нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2008 оны А/283 дугаар захирамжаар 5 га газрын газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатайгаар авсан. 2013 онд газар ашиглах эрхийн хугацаа дууссан. 2013 оноос хойш байгуулсан гэрээг гуравласан гэрээ байгуулсан гэж үзэхээргүй байдаг. Учир нь А.Х******н, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа гэсэн байдлаар гурвалсан гэрээг байгуулсан тул гуравласан гэрээг байгуулсан гэж үзэхээргүй юм. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2001 оны 218 дугаар журмын хавсралтаар гуравласан гэрээний загварыг баталж өгсөн. Гуравласан гэрээг иргэн, аж ахуйн нэгж байгууллага, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, сум дүүргийн Засаг даргатай байгуулж Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бүс нутгийн удирдлагын газраар батлуулсан байна. 2018 оныг хүртэл гуравласан гэрээг батлаагүй, Хан-Уул дүүргийн Засаг даргатай гуравласан гэрээг байгуулаагүй. Иймд газар ашиглах эрхийн хугацаа дуусгавар болсон. Мөн Газрын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т “Газрын нөхөн олговор газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хамаарахгүй байхаар зохицуулсан. Иймд тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар нөхөн олгохтой холбоотойгоор өргөдөл, хүсэлтэд боломжгүй гэх хариуг өгсөн. Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаатай холбоотойгоор шүүхээс албан бичиг шаардахад Барилга хот байгуулалтын яамнаас өнөөдрийн байдлаар дүгнэлт гараагүй байна гэх хариуг ирүүлсэн. Тухайн үед газар ашиглах эрхийн хугацаа дуусгавар болсон тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах дараахь хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
1.Нэхэмжлэгчээс 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр “Иргэн А.Х******-ны гаргасан “Газар нөхөн олгож өгөх тухай” хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, шаардагдах захиргааны актыг гаргахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.
2. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын /хуучнаар/ 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаалаар А.Х******нд Хан-Уул дүүргийн нутагт орших Богдхан уулын дархан цаазат газрын “Ташгайн ам” нэртэй газарт 5 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгож, 775 тоот гэрчилгээ олгож, газар ашиглах 2008/775 дугаартай гэрээ байгуулжээ.
3. Харин Нийслэлийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 292 дугаар захирамжаар “Ро******” ХХК-д Хан-уул дүүргийн 8 дугаар хороонд 5500 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар, 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 340 дүгээр захирамжаар ““И*****” ХХК-д тус хороонд 20000 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар, 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/420 дугаар захирамжаар иргэн Д.Б*****д тус хороонд 50000 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар тус тус эзэмшүүлэн гэрээ байгуулан гэрчилгээ олгожээ.
4. Нэхэмжлэгчээс дээрх маргаан бүхий асуудлаар гомдол гаргасан бөгөөд тус газар нь Нийслэлийн газар нутагт хамаарагдаж байгаа нь Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор батлагдсан Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагаар тодорхойлогдож байхад хариуцагч Байгаль орчин аялал жуулчлалын сайд энэ газарт газар ашиглуулах эрх олгосон нь илт хууль бус гэж дүгнэн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 0798 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 0256 дугаар магадлал, уг шийдвэр, магадлалыг хэвээр үлдээсэн Улсын дээд шүүхийн 297 дугаар тогтоол байна.
5. Нэхэмжлэгч нь 2019, 2021 ондуудад захиргааны байгууллагын буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж “Газар нөхөн олгож өгөх” тухай хүсэлтийг хариуцагч захиргааны байгууллагад удаа дараа гаргажээ.
6. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 09/2158 дугаар албан бичгээр ...Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 66 дугаар захирамжаар Богдхан уулын дархан цаазат газар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хилийн цэсийг тодотгож, хилийн цэстэй холбоотой маргааныг шийдвэрлэх арга зам, газар олголтын нөхцөл байдлын талаар дүгнэлт гаргаж, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан тул ажлын хэсгийн дүгнэлт, санал гарах хүртэл таны асуудлыг шийдвэрлэх боломжгүй ...” мөн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 01/5424 дүгээр албан бичгээр ... газрын маргаантай холбоотой асуудлаар шүүхэд хандах нь зүйтэй...” гэсэн хариуг нэхэмжлэгчид өгчээ.
7. Нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг хуульд заасан үндэслэл журмын дагуу ашиглаж байсан бөгөөд тухайн газарт “Summer resort” аялал жуулчлалын хотхон барихаар төлөвлөж, Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн, 2011 онд Инженер геологийн судалгааны дүгнэлтийг магадлалд оруулсан, 2012 онд Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газраар аялал жуулчлалын хотхоны эскиз зургийг батлуулсан, өөрийн ашиглаж буй газартаа бетон суурьтай блокон хашааг барьсан нь хэрэгт цугларласан баримтуудаар тогтоогдогдож байна.
8. Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч нь Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, гурвалсан гэрээнд заасан үүргийг зөрчөөгүй байх бөгөөд түүнд эзэмшүүлсэн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын /хуучнаар/ 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаалын А.Х******нд холбогдох хэсгийг хүчингүй болгосон нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалаагүй байна.
Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас газрыг давхардуулж олгосноос шалтгаалж нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг дуусгавар болгожээ.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална” гээд 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” гэжээ.
9. Хариуцагч нь анхнаасаа маргаан бүхий газрыг боломжтой, хуульд нийцсэн гэж үзэж нэхэмжлэгчид ашиглуулсан байх ба үүний дагуу нэхэмжлэгч нь тодорхой хөрөнгө, зардал гаргаж бодитой бүтээн байгуулалт хийсэн байх тул нэхэмжлэгчид хууль ёсны итгэл бий болсон гэж үзнэ.
Учир нь Богд уулын дархан цаазат газрын улсын тусгай хамгаалалттай газрын хил заагийн эргэлтийн цэгүүдийг нарийвчлан зураглаж, тэмдэгжүүлэлтийг сайн хийгээгүйгээс Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба өөр өөр хил заагийг зураглан үйл ажиллагаандаа ашиглаж ирсэн нь газрын давхцал, газрын зөрчил маргаан үүссэн гэх асуудлаар нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгохгүй байгаа хариуцагч захиргааны байгууллагын эс үйлдэхүй нь дээрх хуулийн зарчимд нийцэхгүй байна гэж шүүх үзлээ.
Нөгөөтэйгүүр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана”, 2 дэх хэсэгт “Хамгаалалтын захиргаа буюу Засаг дарга нь газар ашиглах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт болон түүний талаарх саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжилна” гэж тус тус заажээ.
10.Нэхэмжлэгчийн тухайд дээр дурдсанчлан түүний газар ашиглах эрх дуусгавар болсон нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй байх тул “хамгаалалтын захиргаанд дахин хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэх боломжтой” гэх хариуцагчийн тайлбар хуульд нийцээгүй байна.
Учир нь нэхэмжлэгчээс хариуцагчид хандан өөрийн буруутай үйл ажиллагааг залруулах хүсэлтийг удаа дараа гаргасан байх бөгөөд энэ тохиолдолд хариуцагч хүсэлтийг шийдвэрлэх үүрэгтэй.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн А.Х******-ны нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох хэргийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Иргэн А.Х******-ны гаргасан “Газар нөхөн олгож өгөх тухай” хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, шаардагдах захиргааны актыг гаргахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ