Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 67

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  шүүгч А.Цэрэнханд даргалж

Нарийн бичгийн дарга Б.Алтансүх

Улсын яллагч Б.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харъяат, 1968 оны 10 сарын 30-ны өдөр төрсөн, 49 настай, яс үндэс халх, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 1, Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг, Баруун буянт 4-2 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл Боржигон овогт Доржийн Болор-Эрдэнэд /РД: ЕС68103034/ холбогдох эрүүгийн 201710010110 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд  авагдснаар/

Шүүгдэгч Д.Болор-Эрдэнэ нь 2017 оны  05 сарын 06-ны өдрийн 15 цагийн орчимд  Дорноговь аймгийн Өргөн сумын  1 дүгээр баг,  Хотгорын бууц гэх газарт хувийн таарамжгүй харьцааны улмаас У.Пүрэвдоржийн зүүн  далан тус  газарт хутгалж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Болор-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Өргөн сумын Хотгорын бууц гэх газарт Пүрэвдоржийн 1,200 гаруй малыг малладаг юм. Би Пүрэвдоржийнхоос холгүй илүү гэрт амьдарч малыг нь малладаг. Пүрэвдоржийг хутгалсан хутга манай гэрийн хутга байгаа юм. Би өглөө малдаа явахдаа тэр хутгыг аваад гарсан ба манайхны ойролцоо адуу үхсэн байсан юм, түүний сүүлийг тасдаж авах гэж хутга авч гарсан. Адууны сүүлийг 7,000 төгрөгөөр зардаг юм. Ингээд хонин дээрээ байж байтал  Пүрэвдорж ирээд муу мал хөөлөө, туулаа гэж загнаад мотоциклийн ард суу гэсэн. Тэгэхээр нь урьд нь манай охиныг банзал, янхан гэж хэлсэн байсан санагдаад өөрт байсан хутгаараа Пүрэвдоржийн дал орчимд нь хутгалсан. Тэгээд тэр бас миний нүүрэн тус газарт цохьсон. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, миний буруу, хохирогчтойгоо сайн дураараа эвлэрсэн. Хохирогч надад гомдолгүй, зардал мөнгө нэхэмжлэхгүй гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг,

Хохирогч У.Пүрэвдоржийн мөрдөн байцаалтад өгсөн “ 2017 оны 05 сарын 06-ны өдрийн 16 цагийн орчимд  Хотгорын бууц гэх газарт туслах  малчин Болор-Эрдэнийд очиход  малаа тараачихсан, явахгүй ядарсан малаа хөөгөөд  явж байхаар нь  чи наад явахгүй малаа  хөөж яах гээд байгаан, явж байгаа малаа хөө, үхсэнээ хийгээд зогсоод байгаан, мотоциклийн ард суу  гээд суулгаад явах гэтэл  араас далан тус газар 1 удаа хутгалсан. Би ахиад хутгалах гэхээр нь мотоциклиосоо  үсрээд буусан ба ойртвол дурангаар цохино гэж хэлэхэд хутгаа гутлынхаа түрүүнд хийсэн ба 2 чулуу барьчихаад намайг цохино гээд байхаар нь 1 удаа духан дээр нь мөргөж, 2 удаа нүүр рүү нь цохиж, газар тонгорч унагаагаад дээрээс нь дарж байгаад хутгыг нь булааж авсан. Болор-Эрдэнэ нь манай бог малыг хардаг ба нийт 1,200  толгой мал мориор хардаг. Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй “ гэсэн мэдүүлэг  /хх-ийн 12-13/

Ажлын хэсэг нь 15 см, бариул хэсэг нь 12 см  хутгыг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 10/

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 сарын 09-ний өдрийн “ 1. У.Пүрэвдоржийн биед зүүн далны шарх гэмтэл тогтоогдлоо

2.Учирсан гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар  эрүүл мэндийг  түр хугацаагаар  сарниулах тул гэмтлийн  хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн 178 тоот дүгнэлт  /хх-ийн 15/

Шүүгдэгч нь урьд ял шийтгэлгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 5/

Хохирогч У.Пүрэвдоржийн шүүхэд ирүүлсэн “  Болор-Эрдэнэд холбогдох хэрэгт  хохирогчоор татагдсан. Миний бие гомдол санал байхгүй,  нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн  хүсэлт /хх-ийн 51/ зэрэг нотлох баримтуудыг шижнлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Д.Болор-Эрдэнэ нь 2017 оны  05 сарын 06-ны өдрийн 15 цагийн орчимд  Дорноговь аймгийн Өргөн сумын  1 дүгээр баг,  Хотгорын бууц гэх газарт хохирогч У.Пүрэвдоржтой “ ядарсан мал хөөлөө, өөрийн төрсөн охиныг янхан банзал гэж хэлсэн” гэх шалтгаааар хувийн таарамжгүй харьцаа үүсгэн, улмаар хохирогчийг хутгалж, түүний бие махбодид нь зүүн далны шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байх тул шүүгдэгчийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Болор-Эрдэнийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч У.Пүрэвдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 сарын 09-ний өдрийн 178 тоот дүгнэлт, ажлын хэсэг нь 15 см, бариул хэсэг нь 12 см  хутгыг эд мөрийн баримтаар тооцож,  хэрэгт хавсаргах тогтоол зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Болор-Эрдэнэ  нь уг гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон байх тул Замын Үүд дэх Сум дундын прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд  тохирсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэдийгээр шүүгдэгчийн уг хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдох боловч тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэргийн 42 дугаар хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон, мөн хохирогч Ч.Пүрэвдоржид нь эмчилгээний зардалд 1,500,000 төгрөгийг төлсөн баримтыг /хх-ийн 74/ шүүхэд ирүүлсэн байна.

Иймд шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, хохирогч У.Пүрэвдорж нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн  зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т заасан үндэслэлээр шүүгдэгч Д.Болор-Эрдэнэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Болор-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч У.Пүрэвдорж нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсэг нь 15 см, бариул хэсэг нь 12 см  хутгыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар утсгахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284-286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Боржигон овогт Доржийн Болор-Эрдэнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Дорноговь аймгийн Замын Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигон овогт Доржийн Болор-Эрдэнэд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

3. Д.Болор-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч У.Пүрэвдорж нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсэг нь 15 см, бариул хэсэг нь 12 см  хутгыг устгасугай.

5.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Д.Болор-Эрдэнэд урьд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгсугай.

6. Энэ шийтгэх тогтоолыг Д.Болор-Эрдэнэ, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ   А.ЦЭРЭНХАНД