Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/319

 

 

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа,

-улсын яллагчаар Б.Долгор,

-шүүгдэгч Х.П,

-шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Х.П, холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ..... төрсөн, эрэгтэй, яс үндэс ..., .... боловсролтой, .... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..... оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Х.П,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.П,нь согтуурсан үедээ 2024 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс 10-ны өдрийг шилжих шөнө Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Говь-Ресорт” амралтын газар хохирогч Д.М цохиж, зодон түүний эрүүл мэндэд “...зүүн нүдний алимны салстад цус хуралт, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Х.П нь мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Шүүгдэгч Х.П нь согтуурсан үедээ 2024 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс 10-ны өдрийг шилжих шөнө Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Говь-Ресорт” амралтын газар хохирогч Д.М цохиж, зодон түүний эрүүл мэндэд “...зүүн нүдний алимны салстад цус хуралт, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

  • Хохирогч Д.М бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 1-2 тал/,
  • Хохирогч Д.М мэдүүлэг /хх-ийн 4-6 тал/,
  • Хохирогч Д.М дахин мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 7-9 тал/,
  • Гэрч О.Б мэдүүлэг /хх-ийн 9-11 тал/,
  • Гэрч Б.Б мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/,
  • Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 10650 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 15-16 тал/,
  • Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 тал/,
  • Шүүгдэгч Х.Пүрэвчулууны яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 42-43 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

  Мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.П нь 2024 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргажээ. /хх-ийн 57 тал/,

 

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Долгор нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 147 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-71-72 тал/ 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч Х.П нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүгдэгч Х.П холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол нь үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Х.П хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” гэж , 4.2-д “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.3-д “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.4-д “хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх” гэж 4.5-д “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” гэж тус тус заасан шаардлагад нийцэж байна.

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Х.П нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Х.П гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг хүлээн авч, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирол хор уршиг, бусад асуудлаар:

Эрүүгийн .... дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Х.П нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Х.П Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Шүүгдэгч Х.П Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгж буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.П Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Х.П оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

 

5. Эрүүгийн ..... дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Х.П нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.П авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ж.ДЭЛГЭРМӨРӨН