Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 182/ШШ2022/00339

 

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 182/ШШ2022/00339

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Э.О /РД:/-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Э.Э /РД:/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Э.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цогзолмаа нар оролцов.

/хариуцагч Э.Э өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э.О нь Э.Эд холбогдуулан хүүхдийн тэтэглэг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна .Үүнд:

1.1. Миний бие Э.Отгнбаяр нь Э.Этай 2016 оноос танилцаж, нөхөрлөж байгаад нэг гэрт хамтран болсон. Хамтран амьдрах хугацаанд 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүү Э.Ариун-Эрдэнэ төрсөн. Э.Э нь намайг жирэмсэн байхад ажил ихтэй гээд бараг ирдэггүй байсан. Хадам аавын хашаанд амьдарч байхдаа бид өөрсдөө байшин барьсан. Уг байрыг барихад ,би хувь нэмэр оруулсан гэж үзэж байна. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас хамтран амьдрах боломжгүй болж, 2017 оны 04 дүгээр сард хүүгээ аваад явсан. Тэр үеэс хойш хүү маань миний асрамжид өсөн торниж байна.

Иймд эцэг Э.Эаас хүү Э.Ариун-Эрдэнэд тэтгэлэг тогтоолгож өгнө үү гэв.

2. Хариуцагч Э.Э шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Э.Отай хамтран амьдрах хугацаанд 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүү Э.Ариун-Эрдэнэ төрсөн ба хүүдээ хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, хүү Э.Ариун-Эрдэнийн төрсний гэрчилгээ, хүүхэд эрүүл бойжиж байгаа талаарх эмчийн тодорхойлолт, Сүхбаатар дүүргийн 135 дугаар цэцэрлэгийн тодорхойлолт зэрэг баримтуудыг, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг бичгээр шүүхэд гаргаж өгсөн. /х.х-ийн 2-7, 19 тал/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4-д тэжээн тэтгэхтэй холбогдсон нэхэмжлэлийг нэхэмжлэгчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу нэхэмжлэгч Э.О нь өөрийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.

Гэр бүлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар тэжээн тэтгүүлэх эрх үүссэн цагаас хойш хугацаа харгалзахгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байх нь тэжээн тэтгүүлэх хүний шаардлагатай үед нэхэмжлэл гаргаж болох боломжийг олгосон зохицуулалт юм.

Нэхэмжлэгч Э.О нь хариуцагч Э.Э нар 2016 оноос хамтран амьдарсан, гэрлэлтээ бүртгүүлээгүй хамтран амьдарч байх хугацаандаа 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүү Э.Ариун-Эрдэниг төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 1, 7, 19 тал/

Тэд хоорондын таарамжгүй байдлын улмаас 2017 оны 04 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байх бөгөөд бага насны хүү Э.Ариун-Эрдэнэ нь эх Э.Оын асрамжид өсөн торниж байгаа тухайд талууд маргаагүй.

Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар гэр бүлээ албан ёсоор бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхдийн эцгийг захиргааны эсхүл шүүхийн журмаар тогтоодог.

2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү Э.Ариун-Эрдэнийн эцэг Э.Э болохыг захиргааны журмаар тогтоон, иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1125750049 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээ олгогджээ. /х.х-ийн 7 тал/

Өөрөөр хэлбэл хүүхдийн эцгийг захиргааны журмаар тогтоосон байх бөгөөд Э.Э нь Э.Ариун-Эрдэнийн эцэг мөн болохоо маргахгүйгээр хүлээн зөвшөөрч байгаа болно. /х.х-ийн 19 тал/

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсдэг байна.

Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээдэг.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.

Бага насны хүүхэд болох Э.Ариун-Эрдэнэ нь эх Э.Оын асрамжид байгаа нь Э.Эы хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд түүнийг хүүхдээ хүмүүжүүлэх асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ гүйцэтгэхэд эх Э.О саад болох учиргүй юм.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй гэж заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтын дагуу эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул эцэг Э.Эаас хүүхдийн тэтгэлгийг хуульд заасан хэмжээгээр гаргуулж, бага насны хүүхэд болох Э.Ариун-Эрдэнийг тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй.

4. Шүүх, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41дүгээр зүйлийн 41.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэг зааснаар шийдвэрлэв.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.5-т заасан журмын дагуу 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 10 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар хариуцагч Э.Эд мэдэгдсэн, шүүх хуралдаанд оролцох боломжгүй тухайгаа шүүгчийн туслахын [email protected] цахим хаягаар ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна. /х.х-ийн 23, 25-26 тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү Э.А-г11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулж эцэг Э.Эаар тэжээн тэтгүүлсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41дүгээр зүйлийн 41.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгч Э.Оын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан хариуцагч Э.Эаас нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамжид 41.619 төгрөг гаргуулж, улсын төвлөрсөн төсвийн дансанд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЦЭНГЭЛ