| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сономдовчингийн Энхтөр |
| Хэргийн индекс | 183/2018/02375/И |
| Дугаар | 2484 |
| Огноо | 2018-12-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 2484
“Ө.....ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.О даргалж, шүүгч Ц.И, С.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/02234 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч “Ө.....ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Д.С--т холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 83 960 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.М нар оролцов.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.С- нь манай байгууллагаас 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр ЗГ-16/30, БГ-16/30 тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулан, 000510221 тоот гэрчилгээний дугаар, Ү-2203023660 тоот улсын бүртгэлийн дугаартай, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Их сургуулийн гудамж, 31 дүгээр байрны зоорийн давхрын А хэсэг тоот хаягт байрлалтай, 186 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, 40 000 000 төгрөгийг 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж авсан бөгөөд зээлийг зээлдэгчид бэлэн мөнгөөр олгосон. Гэрээний дагуу зээл болон хүүгээ төлөөгүй тохиолдолд зээлийн нэмэгдүүлсэн хүүг зээлийн төлөгдөөгүй байгаа хуримтлагдсан хүүний 20 хувь байхаар тохиролцож гэрээг байгуулсан. Гэтэл дээрхи зээлдэгч нь зээлийг бэлэн мөнгөөр хүлээн авсан 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 2 жилийн хугацаанд зээлийн хүүний төлөлт болгон 1 500 000 төгрөгөөс өөр төлөлт хийгээгүй байна. Иймээс зээлийн гэрээний үүргийн дагуу үндсэн зээл 40 000 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7 060 000 төгрөг, хуримтлуулж тооцсон хүү 36 900 000 төгрөг, нийт 83 960 000 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр ЗГ-16/30, БГ-16/30 тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулж, 40 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлж авсан. 1 удаа 1 500 000 төгрөгийн зээлийн хүүний төлөлт хийсэн. Дахин төлөлт хийгээгүй. Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр дуусгавар болсон. Дуусгавар болсон гэрээний нэмэгдүүлсэн хүү 7 060 000 төгрөг, хуримтлуулж тооцсон хүү 36 900 000 төгрөгийг төлөх боломжгүй. Харин үндсэн зээл 40 000 000 төгрөг, гэрээний хүчинтэй 6 сарын хүү 9 600 000 төгрөг байхаас 1 500 000 төгрөгийн хүүгийн төлөлт хийсэн. Хасвал 8 100 000 төгрөг болно. 8 100 000 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү 20 хувиар бодохоор 1 620 000 төгрөг, нийт 49 720 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрнө. Үлдэгдэл 34 240 000 төгрөг үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Д.С-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 49 720 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ө.....ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 34 240 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Д.С- нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны гэрээний зүйл болох Д.С-ын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Их сургуулийн гудамж, 31 дүгээр байрны зоорийн давхрын А хэсэг тоот хаягт байрлалтай, 186 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдаж олсон орлогоос үүрэг гүйцэтгэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Ө.....ББСБ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 577 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.С--аас улсын тэмдэгтийн хураамжид 406 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ө.....ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/02234 дүгээр шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч, давж заалдаж байна.
Шүүх нэхэмжлэлийн үнийн дүнгээс 34 240 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг хуульд нийцээгүй гэж үзэж байна. Учир нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү авах эрх нь нэхэмжлэгчид хадгалагдаж байгаа, хариуцагчаас зээлийн төлбөрийг хугацаандаа төлөхийг удаа дараа шаардсаар байтал төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзсаар ирсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргахад хүрсэн. Байдал ийм байхад нэхэмжлэгчийг гэрээний хугацаа хэтрүүлэн шүүхэд хандсан нь буруу гэж үзэн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 лэх хэсэгт заасан эрхийг эдлүүлэхээс татгалзаж байгаа хуулийн үндэслэлгүй, хууль буруу хэрэглэсэн.
Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн хэсэг болох хариуцагчийн гэрээний үүрэг биелүүлээгүй улмаас учирсан хохирол болох хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү 34 240 000 төгрөгийг нэмж гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх журмыг зөрчөөгүй боловч түүнийг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйг зөвтгөх боломжтой байна.
Нэхэмжлэгч “Ө.....ББСБ” ХХК нь хариуцагч Д.С-аас зээлийн гэрээний үүргийн дагуу 83 960 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хэргийн 1, 27 дугаар тал/
Зохигчид 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр ЗГ-16/30 дугаар “Зээлийн гэрээ” байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч 40 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлдэгч Д.С-т зээлдүүлэхээр тохиролцсон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох үйлчилгээний хүрээнд гэрээг байгуулсан гэж үзэхээр байна./хэргийн 5-6 дугаар тал
Нэхэмжлэгчээс 40 000 000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хариуцагчид шилжүүлсэн, хариуцагчаас зээлийн хүүд 1 500 000 төгрөгийг буцаан төлсөн үйл баримтын талаар талууд маргаагүй болно.
Хариуцагч нь гэрээ байгуулагдсанаас хойш үндсэн зээлийн хүүд 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 500 000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 1 000 000 төгрөг нийт 1 500 000 төгрөг шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа учраас зээлийн үлдэгдэл төлбөр нь нийт/ үндсэн зээл, хүү/ 48 100 000 төгрөг болж байна./хэргийн 1, 15, 27 дугаар тал/ Үүн дээр нэмэгдүүлсэн хүүг 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд хандах хүртэлх хугацаагаар тооцож нэхэмжлэгч шаардах эрхтэй байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд нэмэгдүүлсэн хүүг үндсэн зээлийн 20 хувьтай тэнцүү байхаар, гэрээний хугацаа хэтэрсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй талаар тодорхой заажээ. Энэ нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.
Нэмэгдүүлсэн хүүг гэрээнд заасан хувиар хэтэрсэн хугацаанд тооцоход нэхэмжлэлд заасан хэмжээнээс илүү гарч байгаа боловч шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан журмын дагуу нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх тул нэхэмжлэлдээ нэмэгдүүлсэн хүүг 7 060 000 төгрөг гэж заасан хэмжээгээр хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй. Гэтэл анхан шатны шүүх нэмэгдүүлсэн хүүг хэтрүүлсэн хугацаагаар нь тооцолгүй, үндсэн хүүгийн үлдэгдэл 8 100 000 төгрөгийн хорин хувиар тооцож, 1 620 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэжээ. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт талуудын тохиролцон тогтоож болох нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ үндсэн хүүгийн хэмжээнээс хэтрэхгүй байх талаар заасан болохоос бүх тохиолдолд нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ үндсэн хүүгээс 20 хувиар тооцогдох агуулгагүй юм. Иймд 55 160 000 төгрөгийг хариуцагч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.
Харин анхан шатны шүүх хэтэрсэн хугацааны хүүтэй холбоотой шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч, нэхэмжлэгч төлбөр төлөхийг хариуцагчаас шаардах эрхээ хэрэгжүүлээгүй буруутай гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь талуудын хооронд байгуулсан гэрээг Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан стандарт нөхцөл бүхий гэрээ гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч байгууллага нь зээлийн үйлчилгээ үзүүлэх эрхтэй этгээдийн хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452, 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтыг тодотгосон журам тогтоосон байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг өөрт нь хандсан зээлдэгчдэд санал болгон гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.
Стандарт нөхцөл бүхий аливаа гэрээний агуулгыг тайлбарлахад Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан гэрээний чөлөөт байдлын зарчмын хүрээнд, мөн хуулийн 198 дугаар зүйлд заасан журмыг баримтлах ёстой боловч Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт зааснаар гэрээний стандарт нөхцөл бүхий гэрээний агуулгыг тайлбарлах нарийвчилсан журмыг тогтоосон. Өөрөөр хэлбэл, стандарт нөхцөлийн утга санаа нь ойлгомжгүй байгаа тохиолдолд санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлах журмыг уг заалтад заасан.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд “хэтэрсэн хугацааны хүү”-гийн хэмжээ ямар байх тухай болон хугацаа хэтэрсэн бол үндсэн хүүг үргэлжлүүлэн төлнө гэдгийг тухайлан заасан заалт байхгүй байна. Уг гэрээнд Иргэний хуулийг баримтлах талаар ерөнхий үндэслэл болгон заасан, түүнчлэн гэрээний 2.2.5-д “гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч зээлийн төлбөрийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаагаар гэрээний хугацаа үргэлжилнэ”. Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээлийн төлбөр төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан байх боловч эдгээр заалтыг хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэг, хэмжээний талаарх тодорхой заалт гэж үзэх боломжгүй байна.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт гэрээгээр тохиролцсон хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр төлөхөөс татгалзах эрхгүй талаар зохицуулсан. Учир нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт хэтэрсэн хугацааны хүүгийн хэмжээг үндсэн хүүгийн хэмжээнээс хэтрэхгүй байдлаар гэрээнд тусгах шаардлагатай гэж заажээ. Талуудын гэрээнд энэ талаар тодорхой, санал хүлээн авагч талд ойлгогдохуйц байдлаар заагаагүй байна. Иймд зээлдэгч талд ашигтайгаар тайлбарлах буюу хэтэрсэн хугацааны хүүгийн хэмжээг талууд тохиролцоогүй гэх үндэслэл болно. Иргэний эрх зүйн диспозитив зарчим, гэрээний эрх чөлөөний зарчмын үүднээс Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар талууд тохиролцоогүй үүргийг хуулиар гэрээний аль нэг талд үүрэг үүсгэж буй зохицуулалт гэж үзэх боломжгүй юм.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/02234 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.С--аас 55 160 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Ө.....ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 28 800 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
3 дахь заалтын “406 550” гэснийг “433 750” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 329 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.О
ШҮҮГЧИД Ц.И
С.Э