| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоогийн Баярмаа |
| Хэргийн индекс | 102/2024/06510/И |
| Дугаар | 001/ХТ2026/00036 |
| Огноо | 2026-01-29 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2026 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 001/ХТ2026/00036
| “И” ТӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Н.Батчимэг, Н.Баярмаа, Э.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/04153 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 210/МА2025/01679 дүгээр магадлалтай, “И” ТӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй П.Д, Б.Г нарт холбогдох 50,928,756.15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, хариуцагч, хариуцагч П.Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, хариуцагч нарын өмгөөлөгч Х.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “И” ТӨААТҮГ нь хариуцагч П.Д, Б.Г нарт холбогдуулан суралцсан хугацааны зардалд 50,928,756.15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж, хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ. 2. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/04153 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 82 дугаар зүйлийн 82.1-т заасныг тус тус баримтлан П.Д, Б.Г нарт холбогдох 50,928,756.15 төгрөг гаргуулах “И” ТӨААТҮГ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 210/МА2025/01679 дүгээр магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/04153 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “189 дүгээр зүйлийн 189.1, 82 дугаар зүйлийн 82.1” гэснийг “9 дүгээр зүйлийн 9.4.3, 186 дугаар зүйлийн 186.1” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. 4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Талуудын хоооронд 2015.11.18-ны өдөр “И” ТӨААТҮГ-ын зардлаар “Гадаадад суралцагчтай байгуулах сургалтын гэрээ”-г байгуулсан бөгөөд тус гэрээний 3.9-д зааснаар сургууль төгсөөд тухайн эзэмшсэн мэргэжлээрээ томилогдсон ажлын байранд тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй 5-аас доошгүй жил тасралтгүй ажиллана. Энэ заалтыг биелүүлээгүй нөхцөлд суралцсан хугацааны нийт зардлыг “И” ТӨААТҮГ-т буцаан төлж байгууллагыг хохиролгүй болгоно гэж заасан. Дээрх заалтын дагуу П.Д нь тухайн эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаагүй тул Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.” гэж заасан үүрэг гүйцэтгүүлэгчийн эрхийг зөрчиж байна. Мөн Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2 “Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч түүнд үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа зааж болно. Энэ хугацаанд үүргээ дахин биелүүлэхгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.” гэж, 222 дугаар зүйлийн 222.1 “Дараах тохиолдолд үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ. 222.1.1 үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол; гэж, 227 дугаар зүйлийн 227.1 “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдох учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж, 227.3 “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно.” гэж заасан нэхэмжлэгчийн шаардах эрхийг тус тус зөрчиж байна. Иймд дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг бүхэлд нь өөрчилж нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ. 5.Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 001/ШХТ2026/01288 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У-ийн гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ. ХЯНАВАЛ 6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У-ийн гомдлын зарим хэсгийг хангах үндэслэл тогтоогдов. 7. Нэхэмжлэгч “И” ТӨААТҮГ нь хариуцагч П.Д, Б.Г нарт холбогдуулан 50,928,756.15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “... Тус компани нь 2025.11.18-ны өдөр ОХУ-ын Москва хотын Санхүүгийн Их сургуульд тээврийн эдийн засагч мэргэжлээр 3 жил суралцуулахаар сургалтын гэрээг П.Д-тэй, батлан даагчийн гэрээг Б.Г-тэй тус тус байгуулсан. Гэрээний дагуу “И” ТӨААТҮГ нь холбогдох зардал болох 15,063 ам.долларыг шилжүүлэн суралцуулсан. Гэвч П.Д нь 2018.06.30-ны өдөр сургуулиа төгссөнөөс хойш эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаагүй тул гэрээний 3.9-д зааснаар суралцсан хугацааны нийт зардлыг гаргуулах үндэслэлтэй” гэж тайлбарласан. 8. Хариуцагч П.Д, Б.Г нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “...П.Д миний бие ... тэтгэлгээр сурсан тул сургалтын төлбөрийг “И” ТӨААТҮГ-аас гаргуулаагүй. Миний ээж Б.Г нь “И” ТӨААТҮГ-д Холбоо навигаци, ашиглалтын албанд инженерээр 19 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд өрх толгойлсон эмэгтэй тул сургалтын зардал төлөхөд хүндрэл үүсч “И” ТӨААТҮГ-аас тусламж хүсч, сургалтын гэрээг байгуулсан байдаг. Тус гэрээнд сургалтын хугацаан дахь байр, хоол, тээврийн зардлууд нь багтсан. Сургуулиа төгсөөд 2018.07.18-ны өдөр ажилд орох өргөдлийг өгсөн боловч орон тоо байхгүй шалтгаанаар ажлын байраар хангаагүй тул 4 сар хүлээсний эцэст “Х” ХК-д Кастодиан үйлчилгээний хэлтэст банкны ажилтнаар ажилд орсон. 2024 оны 03 сард “И” ТӨААТҮГ-аас ажлын ярилцлагад дуудсан боловч санал болгосон ажлын байр нь миний эзэмшсэн мэргэжил, мэдлэг туршлагад нийцэхгүй байсан тул ажиллах боломжгүй болсон. Бидний хувьд давхар зээлтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн төлбөрийг төлөх боломжгүй. Мөн гэрээний дүн болох 15,063 ам.долларыг 2024 оны 2 дугаар улирлын Монгол банкны хаалтын ханшаар нэхэмжилж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т заасантай зөрчилдөж байна.” гэжээ. 9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шийдвэрийн үндэслэлдээ “...Талуудын хооронд 2015.11.18-ны өдрийн гадаадад суралцагчтай байгуулах сургалтын гэрээ байгуулагдаж, гэрээгээр хариуцагч П.Д нь ОХУ-д 3 жилийн хугацаагаар суралцаж, нэхэмжлэгч байгууллагад 5-аас доошгүй жил тасралтгүй ажиллах, уг гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд батлан даагч Б.Г хариуцан гүйцэтгэхээр тохиролцсон гэрээ хүчин төгөлдөр, талууд энэ талаар маргаагүй. Хариуцагч П.Д ОХУ-ын Москва хотын Санхүүгийн их сургуулийг 2018.06.30-ны өдөр Санхүүгийн менежмент мэргэжлээр суралцаж төгссөн байх бөгөөд түүний өргөдөл гаргасан 2018.07.18-ны өдрөөс нэхэмжлэгчийн шаардах эрхээ хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацаа тооцогдох боловч энэ эрхээ нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй байх тул Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.4-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болох үндэслэлтэй.” гэж дүгнэсэн. 10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. Магадлалд “... Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх боловч талуудын хооронд үүссэн харилцаа, хөөн хэлэлцэх хугацааны талаар алдаатай эрх зүйн дүгнэлт өгсөн. Талуудын хооронд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасан харилцаа үүссэн. Гэрээний 1.2-т сургууль төгсөөд томилогдон ажилласан 5-аас доошгүй жилийн хугацаанд гэрээ хүчин төгөлдөр байхаар заасан тул дуусгавар болох 2023 оноос хойш тоолоход Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй. Гэрээний 3.9-д заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагч П.Д-д 2018.08.22-ны өдөр ажлын байраар хангах боломжгүй гэсэн хариуг өгснөөс хойш 5 жилийн дотор энэ талаарх шаардлага гаргах эрхтэй байсан боловч уг эрхээ хэрэгжүүлээгүй, түүнчлэн удаа дараалан бүтэц орон тооны өөрчлөлт оруулахдаа дээрх асуудлыг анхаараагүй. ... улмаар уг хугацаа өнгөрсөн байхад хариуцагчийг тус байгууллагад ажиллахаас татгалзсан, өөр байгууллагад ажиллаж байгаа гэсэн тайлбар нь иргэний хөдөлмөрлөх эрхэд нийцэхгүй. ... нэхэмжлэгчийн гэрээний үүргээ шаардах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй ч гэрээгээр тусгайлан тохиролцсон шаардлага гаргах хугацаа хэтэрсэн тул одоо хариуцагчийг тус байгууллагад ажиллахыг шаардах болон үүргээ биелүүлээгүй үндэслэлээр сургалтын зардлыг буцаан шаардах эрхгүй.” гэж дүгнэсэн. 11. Зохигчийн хооронд сургалтын гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр, гэрээний дагуу суралцагчийн гадаадад суралцах хугацааны тээврийн болон амьжиргааны зардалд нийт 15,063 ам.долларыг шилжүүлсэн үйл баримтыг хоёр шатны шүүх адил тогтоож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон адил шийдэл гаргасан боловч хариуцагч гэрээний үүргээ биелүүлэхгүй байх эрх зүйн үндэслэл хэрхэн бүрдсэн тухайд ялгаатай дүгнэлт өгчээ. Зохигчийн хооронд байгуулсан гэрээний дагуу хариуцагчаас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж анхан шатны шүүх дүгнэсэн бол талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй, харин гэрээгээр тусгайлан тохирсон шаардлага гаргах хугацаа хэтэрсэн гэж давж заалдах шатны шүүх үзсэн байна. Хоёр шатны шүүхийн эрх зүйн дүгнэлтийн ялгаатай байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлд хамаарч буй талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хяналтын журмаар хэлэлцэв. 12. Хяналтын шатны шүүхээс гэрээнд заасан хариу үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардах эрх дуусгавар болоогүй байх тул нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэлээ. Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд 2015.11.18-ны өдөр ““И” ТӨААТҮГ-ын зардлаар гадаадад суралцагчтай байгуулах сургалтын гэрээ” байгуулагдсан үйл баримтыг зөв тогтоосон байх ба тус гэрээний дагуу суралцагч П.Д-ийг ОХУ-ын Москва хотын Санхүүгийн их сургуульд тээврийн эдийн засагч мэргэжлээр 3 жилийн хугацаатай суралцах байр, хоол, замын зардалд 15,063 ам.долларыг шилжүүлсэн үйл баримтыг адил тогтоосон. Анхан шатны шүүх нэхэмжлэгч “И” ТӨААТҮГ нь хариуцагч П.Д-ээс 15,063 ам.долларыг шаардах эрхийг Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.4-т заасны дагуу тодорхой үйлдэл буюу ажилд авч ажилуулснаар олж авах ба энэ үйлдлээ хийснээр шаардах эрхээ хэрэгжүүлэх учиртай гэж үзсэн. Улмаар хариуцагч П.Д 2018.06.30-ны өдөр сургуулиа төгсөж, 2018.07.18-ны өдөр ажилд орох хүсэлт тавьсныг нэхэмжлэгч “И” ТӨААТҮГ биелүүлээгүй тул шаардах эрхийг энэ өдрөөс тоолно, тус харилцаанд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа хамаарах ба 2018.07.18-ны өдрөөс эхлэн тоолбол хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. 13. Анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт үндэслэл муутай болсон байх тул залруулах нь зүйтэй. Тодруулбал, анхан шатны шүүх нэхэмжлэгч “И” ТӨААТҮГ хариуцагч П.Д-ийг сургуулиа төгсөж ирмэгц ажиллуулах үүрэг хүлээсэн, энэ үүргээ биелүүлэхээр үйлдэл хийх үеэс шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа тоолж эхлэнэ гэжээ. Гэвч нэхэмжлэгч нь хариуцагчийг ажилд авч ажиллуулсан эсэх нь гэрээний хариу үүргийг тодорхойлох үндэслэл болохгүйг анхан шатны шүүх анхаарсангүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагчийг ажлын байраар хангах эсэх нь суралцагч хүлээн авсан амьжиргааны зардлаа буцаан төлөх үүргээс бүрэн чөлөөлөх эсэхэд нөлөөлнө гэж дүгнэх нь гэрээний тэгш байдлын зарчимд нийцэхгүй. Тус гэрээний хувьд хариуцагч П.Д ОХУ-ын Москва хотын Санхүүгийн их сургуульд тээврийн эдийн засагчаар суралцаж төгссөн байх ба энэхүү мэргэжил нь ажлын байрны хувьд хязгаарлагдмал биш болох нь нийтэд илэрхий үйл баримт. Түүнчлэн суралцагч гадаадад суралцах хугацааны байр, хоол, замын зардлыг нийтийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгөөс эргэн төлөх нөхцөлтэйгөөр хариуцсан нь ямар нэг байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд зарласан тэтгэлэгт хөтөлбөр, эсхүл Монгол Улсын иргэний онцгой авьяас чадвараа хөгжүүлэхийг дэмжсэн явдал гэхээс илүүтэй И нь өөрийн ажилтан, албан хаагч, тэдгээрийн хүүхдэд шууд тулгарсан санхүүгийн хүндрэлийг шийдвэрлэх хөнгөлөлт, гадаадад суралцахад нь байгууллагаас үзүүлсэн дэмжлэг гэж үзэхээр байна. Иймд нийтлэг мэргэжил эзэмшсэн этгээдийг ажлын байраар хангаснаар нийтийн өмчийн байгууллагаас хувийн хэрэгцээнд нь шилжүүлсэн мөнгөн хөрөнгөө буцаан шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа тоолж эхэлнэ гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт алдаатай. Зохигчийн хооронд байгуулсан гэрээ 3 жил хэрэгжсэний зэрэгцээ хариуцагч сургуулиа төгсөж, ажил, албан тушаалтай байх 5 жилийн хугацаанд төлбөрийг буцаан төлөх үүрэгтэй байна. Энэ 5 жилийн хугацаа дууссанаар нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхлэх нь зүйтэй. Энэ үндэслэлээр хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг залруулна. 14. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн энэ дүгнэлтийг үгүйсгэсэн нь зөв боловч дүгнэлтийг залруулсан нь алдаатай болжээ. Давж заалдах шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй ч гэрээгээр тусгайлан тохиролцсон шаардлага гаргах хугацаа хэтэрсэн гэж үзсэн. Давж заалдах шатны шүүхийн дээрх дүгнэлт тодорхойгүй, “гэрээгээр тусгайлан тохирсон хугацаа” гэж чухам ямар хугацааг тодорхойлоод байгаа нь ойлгомжгүй байна. Хэрэв дээр дурдсан төлбөрийг буцаан төлөх 5 жилийн хугацааг “гэрээгээр тусгайлан тохирсон хугацаа” гэж үзэж байгаа бол энэ нь суралцагч ажлын байртай болсноор хувийн зардалдаа зарцуулсан нийтийн хөрөнгийг буцаан төлөх үүргээ биелүүлэх хугацаа бөгөөд энэ хугацаа дуусгавар болсноор шаардах эрх зөрчигдөж эхэлсэн гэж үзнэ. Гэтэл давж заалдах шатны шүүх “гэрээгээр тусгайлан тохирсон шаардлага гаргах хугацаа хэтэрсэн тул ... сургалтын зардлыг буцаан шаардах эрхгүй.” гэж дүгнэсэн нь хөөн хэлэлцэх хугацааг талууд гэрээгээр тохирч болох мэт тайлбарласан алдаатай дүгнэлт болжээ. Нөгөө талаас давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1 дэх хэсгийг үндэслэж үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхийн талаар тайлбарлаж байгаа бол энэ нь хариу үүргээс өмнө өөрийн үүргийг биелүүлэхээс татгалзах тухай ойлголт бөгөөд шаардах эрхийг бүхэлд нь үгүйсгэхгүй юм. 15. Иймд дээр дурдсан үндэслэлээр хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй, ОХУ-ын Москва хотын Санхүүгийн их сургуульд тээврийн эдийн засагч мэргэжлийг эзэмшин төгсөж ирсэн хариуцагч П.Д-ийн суралцах хугацааны байр, хоолны зардалд шилжүүлсэн 15,063 ам.долларыг шаардах эрх нэхэмжлэгч “И” ТӨААТҮГ-д хадгалагдаж байх ба энэ эрх, төлбөрийг буцаан төлөх үүрэг тус тус дуусгавар болсон гэх хууль зүйн аливаа үндэслэл тогтоогдсонгүй. Түүнчлэн хариуцагч Б.Г дээрх гэрээний үүрэгт батлан даагчийн хувиар оролцсон нь Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д заасан харилцаа гэж үзнэ. Тус гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд зохигч маргаагүй. 16. Нэхэмжлэгч “И” ТӨААТҮГ хариуцагчийн хувийн хэрэгцээний зардалд зориулж, мөнгөн хөрөнгийг ам.доллароор тооцон хариуцагчид шилжүүлж байсан хэдий ч ам.долларын ханшийг суралцагчийн төгсөж ирсэн үеийн ханшаар тооцон төгрөгөөр гаргуулахад татгалзах зүйлгүй талаараа шүүх хуралдаанд тайлбарлаж байх ба 2018.06.30-ны өдрийн байдлаар ам.долларын төгрөгтэй харьцах албан ёсны ханш 2,462.82 төгрөг байна. Энэ ханшид тулгуурлан нэхэмжлэгчийн шаардсан 15,063 ам.долларыг төгрөгт хөрвүүлбэл 37,097,457.66 төгрөг болно. Иймд зохигчийн хооронд байгуулсан гэрээний үүрэг болох 37,097,457.66 төгрөгийг хариуцагч П.Д, Б.Г нараас гаргуулан нэхэмжлэгчид “И” ТӨААТҮГ-т олгох нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д нийцнэ. 17. Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У-ийн гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 210/МА2025/01679 дүгээр магадлал, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/04153 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 458 дугаар зүйлийн 458.1-д заасны дагуу хариуцагч П.Д, Б.Г нараас 37,097,457.66 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “И” ТӨААТҮГ-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13,831,298.49 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч П.Д, Б.Г нараас 343,437 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У нь хяналтын журмаар гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД
ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ
Н.БАЯРМАА
Э.ЗОЛЗАЯА
Б.УНДРАХ
|