Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 66

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч А.Цэрэнханд даргалж

Нарийн бичгийн дарга Б.Алтансүх

Улсын яллагч Б.Батбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхтуяа

Хохирогч Д.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Замын Үүд суман дахь Сум дундын Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн харъяат, 1995 оны 08 сарын 28-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 3 дугаар баг Аргалант гэх газар оршин суух, хэрэгт холбогдох үедээ малчин байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, Бичигт овогт Оюун-Эрдэнэийн Эрдэнэсумъяад /РД: ЕП95082813/ холбогдох эрүүгийн 201710010052 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд авагдсанаар/

Шүүгдэгч О.Эрдэнэсумъяа нь  2017 оны  01 дүгээр сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 3 дугаар багийн нутаг Эмээлийн энгэр гэх газар улсын дугааргүй БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Да-Юун маркийн мотоциклийг Жолоодож яваад  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3. Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: в/мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно. б/Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) буюу түүнчлэн... ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх, 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас Н.Оюун-Эрдэнийн биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Мэтгэлцэгч талууд шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.Эрдэнэсумъяагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ” Манайх Улаанбадрах сумын Эмээлийн энгэр гэх газарт нутагладаг юм. 2017 оны 01 сарын 30-ны өдөр аавтайгаа хамт гэрээсээ Хамрын хийд рүү ном уншуулахаар мотоциклио би өөрөө бариад явсан. Ингээд явж байгаад мөсөн дээр хальтираад унасан, энэ үед аав шидэгдээд газарт унаж ухаан алдсан. Тэгээд эмнэлэг, цагдаа ирсэн. Аавын минь бие гайгүй сайжирч байгаа, хүний хэлсэн, ярьсан зүйлийг ойлгож байгаа, би гэмшиж байна  ” гэсэн мэдүүлэг,

Хохирогч П.Болормаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Эрдэнэсумъяа нь миний хүү, Оюун-Эрдэнэ миний нөхөр байгаа юм. Хүү маань аавтайгаа хамт мотоцикльтой явж байгаад онохолдож нөхөр маань гэмтэл авсан. Тархиндаа 2 удаа хагалгаанд орсон. Одоо биеийн байдал сайжирч байгаа, эмчилгээг нь сар орчим завсарлаад одоо эмчилгээ эхэлсэн байгаа, хүний ярьсаныг ойлгохоор болсон. Нөхөр Оюун-Эрдэнэ маань эхээс 6-уулаа, ээж нь байдаг.  Гэр бүлээрээ ярилцаж байгаад энэ хэрэгт намайг хохирогчоор оролцуулсан, энэ хэргийн талаар ар гэрийнхний зүгээс ямар нэг маргаан байхгүй. Хүүгээсээ нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй. Одоо хүү маань эмчилгээ сувилгааны зардал, бүх ажлыг зохицуулж байна, иймд хүү Эрдэнэсумъяаг минь ялгүй гаргаж өгнө үү” гэсэн мэдүүлэг,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7/

Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 9/

Хохирогч П.Болормаа, Н.Оюун-Эрдэнэ нарын  гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ин 19/

Хохирогч П.Болормаагийн мөрдөн байцаалтын шатанд  өсгөн “ 2017 оны 01-р сарын 30-ны өдөр  манай нөхөр Оюун-Эрдэнэ, хүү Эрдэнэсумъяа нар Дорноговь аймаг Улаанбадрах сум Аргалант гэх газар буюу  гэрээс хамрын хийд рүү явж байгаад замдаа эмээлийн энгэр гэх газарт зам тээврийн осол гаргасан байсан. Тухайн үед манай хүү Эрдэнэсумъяа нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Да Юун маркийн улаан өнгийн мотоциклийг  жолоодон явсан ба ард талд сууж явсан манай нөхөр Оюун-Эрдэнэ тархиндаа гэмтэл авсан. Одоогоор манай нөхөр Оюун-Эрдэнийн  биеийн байдал сайжарч байгаа. Ослын улмаас Оюун-Эрдэнэ тархиндаа гэмтэл авсан, эмчилгээ хийлгэсэн баримт байхгүй тул Эрдэнэсумъяагаас эмчилгээний зардал нэхэмжлэхгүй. Хэрэг болох үед Эрдэнэсумъяагийн жолоодож явсан Да Юун маркийн улаан өнгийн мотоцикль нь Оюун-Эрдэнийн эзэмшлийн мотоцикль байгаа юм. 2016 оны 11-р сард манай хүү Эрдэнэсумъяа нь  А ангилал даруулах гээд жолооны курсэд сурсан ба А ангилалын жолооны үнэмлэх нь ирвэл  мотоцикльд гэрчилгээ авна гээд одоо хүртэл аваагүй байгаа. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23/

Гэрч Ц.Думаасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2017 оны 01 сарын 30-ны өдөр Дорноговь аймаг Улаанбадрах сумын нутаг дэвсгэр буюу эмээлт гэх газарт О.Эрдэнэсумъяа нь Да Юун маркийн мотоциклийг жолоодон явж байгаад зам тээврийн осол гаргасан, ослын улмаас Н.Оюун-Эрдэнийн биед хүнд гэмтэл учирсан улмаас цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. Манай дүү О.Эрдэнэсумъяа нь 1995 оны 08 сарын 28-нд Дорноговь аймаг Зүүнбаян хотод Оюун-Эрдэнийн ууган хүү болж төрсөн бөгөөд доороо нэг эмэгтэй дүүтэй хүн байгаа юм. Бага насаа эцэг эхийн гар дээр өсөж хүмүүжээд Дорноговь аймгийн Зүүнбаян хотын ерөнхий боловсролын сургуулийг бүрэн дунд боловсролтой төгссөн.  Одоо Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 3-р багт малчинаар ажиллан аав Оюун-Эрдэнэ, ээж Болормаа, дүү Эрдэнэнямын хамт амьдардаг. Зан байдлын хувьд төлөв даруухан, дуу яриа цөөн, хүнтэй эелдэг зөөлөн харьцаатай, ямар нэгэн муу зуршилгүй, хавь ойрын хүмээсдээ найрсаг, найз  нөхдийн  хүрээнд нэр хүндтэй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24/

Гэрч Г.Сарантуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ О.Эрдэнэсумъяа 2017 оны 01 сарын 30-ны өдөр Дорноговь аймаг Улаанбадрах сумаас Хамрын хийд орох замд буюу Эмээлийн энгэр гэх газарт Да Юун маркийн мотоциклийг жолоодон явж байгаад зам тээврийн осол гаргасан ослын улмаас түүний төрсөн аав Н.Оюун-Эрдэнийн биед хүнд зэргийн гэмтэл учирсан улмаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дах хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. О.Эрдэнэсумъяа нь 1995 оны 08 сарын 28-нд Дорноговь аймаг Зүүнбаян хотод Оюун-Эрдэнийн ууган хүү болж төрсөн бөгөөд доороо нэг эмэгтэй дүүтэй хүн байгаа юм. Бага насаа эцэг эхийн гар дээр өсөж хүмүүжээд Дорноговь аймгийн Зүүнбаян хотын ерөнхий боловсролын сургуулийг бүрэн дунд боловсролтой төгссөн.  Одоо Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 3-р багт малчинаар ажиллан аав Оюун-Эрдэнэ, ээж Болормаа, дүү Эрдэнэнямын хамт амьдардаг.  Зан байдлын хувьд төлөв даруухан, дуу яриа цөөн, тусархуу хүүхэд байгаа  юм. Ахуй амьдралын хувьд эцэг эх нь 1990 оноос хойш одоог хүртэл Дорноговь аймгийн Улаанбадрах суманд мал маллаж амьдарч байгаа. Эцэг эхийн хувьд болон Эрдэнэсумъяагийн хувьд ямар нэгэн муу зуршилгүй, төлөв даруухан урьд өмнө нь цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаагүй ажилсаг гэр бүл байгаа юм. Эрдэнэсумъяа нь айлын том тусдаа гараагүй байгаа тул өөрт нь ногдох эд хөрөнгө байхгүй ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25/

Гэрч Н.Эрдэнэбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ 2017 оны 01 сарын 30-ны өглөө 11 цагийн үед намайг хөдөө гэртээ байж байхад Цэндболд манай гэрт хүрч ирээд Улаанбадрах сумаас Дорноговь аймаг ордог төв зам дээр мотоцикльтой хүн  ойчсон байна хоёул хамт очъё гэхээр нь хамт мотоциклоос унасан гэх хоёр хүн дээр очсон. Оюун-Эрдэнэ бол Улаанбадрахын хүн байгаа юм.  Тэр дээшээ хараад унасан байдалтай зүүн чихнээс нь жаахан цус гарсан байдалтай хэвтэж байсан. Хамт явсан хүү Сумъяа нь босоод суучихсан аавыгаа өвөр дээрээ толгойг нь тавьчихсан сууж байсан. Тэгээд би Цэндболдыг цагдаа дууд гээд гэр рүүгээ явуулсан тэгээд 30-аад минутын дараа Зүүнбаянгийн түргэн тусламжийн машин ирсэн тэгээд түргэний автомашинд өргөж суулгаж өгөөд явуулсан. Оюун-Эрдэний хувьд архи дарс хэрэглэдэггүй юм. Тухайн үед эрүүл байсан байх гэж бодож байна. Би ойртож бол үзээгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28/

Гэрч Ц.Цэндболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ 2017 оны 01 сарын 30-ны өглөө 10 цагийн үед намайг хөдөө тэмээнд явж байхад Улаанбадрах сумаас Дорноговь ордог төв зам манай гэрийн өмнөхнүүр гардаг юм. Тэр зам дээр нэг хүн даллаад байсан хүрээд очсон Оюун-Эрдэнэ хүүхдийнхээ хамт аавыгаа өвөр дээрээ авчихсан сууж байсан. Тэгээд би Эрдэнэбаатарынд очоод Эрдэнэбаатарыг аваад нөгөө мотоциклиос унасан хоёр хүн дээр ирсэн, тэгээд би эргэж  Эрдэнэбаатарын очиж Зүүнбаянгийн эмнэлэг рүү түргэн дуудсан тэгээд 30-аад минутын дараа Зүүнбаянгийн түргэн тусламжийн машин ирсэн, тэгээд  түргэний автомашинд өргөж суулгаж өгөөд явуулсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29/

Гэрч З.Гансүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би Оюун-Эрдэнийн төрсөн ах нь байгаа юм. Манайх эхээс тавуулаа ба би хамгийн том нь байгаа юм. Харин Оюун-Эрдэнэ нь дээрээсээ 3 дахь хүүхэд байгаа юм. Миний хувьд ээж Загдсүрэнгээр овоглож явдаг юм. Харин бусад манай дүү нар болохоор аав Насанбуянгаараа овоглон явдаг юм. Миний дүү Оюун-Эрдэнэ нь Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хөдөө эхнэр Болормаа, хүү Эрдэнэсумъяа, охин Эрдэнэням нарын хамт  мал маллан амьдардаг юм. 2017 оны 01 сарын 30-нд байх манай дүү Оюун-Эрдэнэ хүү Эрдэнэсумъяагийн хамт хөдөө гэрээсээ гараад Хамрын хийд явж байх замдаа онхолдож миний  дүү Оюун-Эрдэнэ тархиндаа гэмтэл авч одоог хүртэл ухаангүй хэвтэрт  бид нарын асаргаанд байгаа юм. Тухайн үед хүү Эрдэнэсумъяа мотоциклио барьж явсан гээд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын цагдаагийн хэлтэст энэ хэрэгт шалгагдаж байгаа. Харин уг хэрэгт миний Оюун-Эрдэнийг төлөөлж эхнэр Болормаа нь хохирогчоор оролцож байгаа. Бид нарын хувьд энэ хэрэгт эхнэр Болормаа нь хохирогчоор оролцоход татгалзах зүйл байхгүй тухайн үед манай хамаатан садангийн хүмүүс ярьж байгаад энэ хэрэгт эхнэр Болормааг нь оролцуулсан юм.  Бид нарын хувьд энэ хэрэгт хохирогчоор оролцох боломж байхгүй учир нь манай дүү нар бүгд хөдөө мал мал дээр байдаг болохоор ингэж шийдсэн юм. Энэ хэрэгтэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн31/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 34/

Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ний тайлан /хх-ийн 36/

Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний  албаны  2017 оны 02 сарын 06-ны өдрийн “ 1.Н.Оюун-Эрдэнийн биед гавал тархины ил гэмтэл, гавал ясны хугарал, тархины эдийн  няцрал 3-р зэрэг, баруун тал бөмбөлөгийн хатуу хальсны доорх цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгднэ.

3. Гэмлийн зэрэг тогтоох журмын 3.3.1-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарах болно.

4.Цаашид ерөнхий хөдөлищмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэсэн 84 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41-42/

2017 оны 03 сарын 21-ны өдрийн шинжээч Д.Төгөлдөрийн “ 1.БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Да Юун маркийн улаан өнгийн улсын дугааргүй мотоциклийг жолоодож явсан Оюун-Эрдэнийн Эрдэнэсумъяа нь МУ-ын ЗХД-ийн 2.3. Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: в/мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно. б/Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) буюу түүнчлэн... ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх, 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

2. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримт нь тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлох боломжгүй байна”гэсэн 08 тоот дүгнэлт /хх-ийн 91/

Шүүгдэгч О.Эрдэнэсумъяагийн 949543 тоот В,С ангилалын жолоочийн үнэмлэхийн хураан  авсан тухай тэмдэглэл  /хх-ийн 100/

Шүүгдэгч О.Эрдэнэсумъяа нь урьд ял шийтгэлгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас  /хх-ийн 106/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч О.Эрдэнэсумъяа нь 2017 оны  01 дүгээр сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 3 дугаар багийн нутаг Эмээлийн энгэр гэх газар улсын дугааргүй БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Да-Юун маркийн мотоциклийг жолоодож, зам тээврийн хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3. Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: в/мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно. б/Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) буюу түүнчлэн... ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх, 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас Н.Оюун-Эрдэнийн биед хүнд гэмтэл учруулсан байна.

Шүүгдэгч нь А ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болох нь хэрэгт хураагдсан түүний 949543 тоот В,С ангилалын жолоочийн үнэмлэхийн хураан  авсан тухай тэмдэглэлээр  /хх-ийн 100/ хэрэгт тогтоогдсон байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх тул түүнийг 2017 оны 01 сарын 30-ны өдөр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж  зөрчсөний улмаас бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.Эрдэнэсумъяагийн дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч П.Болормаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний  албаны  2017 оны 02 сарын 06-ны өдрийн 84 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41-42/,  2017 оны 03 сарын 21-ны өдрийн шинжээч Д.Төгөлдөрийн 08 тоот дүгнэлт /хх-ийн 91/, гэрч Ц.Цэндболд, Н.Эрдэнэбаатар нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, шүүгдэгч О.Эрдэнэсумъяагийн 949543 тоот В,С ангилалын жолоочийн үнэмлэхийн хураан  авсан тухай тэмдэглэл  /хх-ийн 100/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7/, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 9/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 34/ зэрэг нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.

Иймд Дорноговь аймгийн Замын Үүд дэх Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч О.Эрдэнэсумъяагийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгчийг тухайн хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Хохирогч П.Болормаа нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, хүү маань эмчилгээ сувилгааны зардал, бүх ажлыг зохицуулж байна, иймд хүү Эрдэнэсумъяаг минь ялгүй гаргаж өгнө үү гэж мэдүүлсэн болно. Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт үйлдсэн /хх-ийн 106/,  үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлд заасан ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Иймд дээрх хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн гомдол саналгүй гэсэн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 54 дүгээр зүйлд заасан ял оногдуулах зарчмыг баримтлан шүүгдэгчид хорих ял сонгон оногдуулж, түүнд оногдуулсан ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284-286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Бичигт овогт Оюун-Эрдэнийн Эрдэнсумъяаг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар шүүгдэгч Бичигт овогт Оюун-Эрдэнийн Эрдэнсумъяаг  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил, 1 сарын хугацаагаар хасч, 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч О.Эрдэнэсумъяад оногдуулсан 1 жил, 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч О.Эрдэнэсумъяа нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгчийн В,С ангилалын жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч О.Эрдэнэсумъяад  оногдуулсан 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг цагдаагийн байгууллагад даалгасугай.

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Эрдэнэсумъяад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ шийтгэх тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ    А.ЦЭРЭНХАНД