| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2020/0026/3 |
| Дугаар | 128/ШШ2020/0502 |
| Огноо | 2020-08-13 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 128/ШШ2020/0502
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Я.Б, Ж..Д нар,
Хариуцагч: Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс,
Нэхэмжлэлийн шаардлага: Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө хамтран өмчлөгчөөс хасагдах хэлцэлийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Я.Б, Ж..Д, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч В.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж..Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .......Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр хамтран өмчлөгч хасагдах хэлцлийг 276 дугаартай Баянгол дүүргийн нотариатч Д.Б гэдэг хүн гэрчлээгүй буюу тамга тэмдэг нь тохирохгүй байна. Д.Бын гарын үсэг нь харьцуулан судалж байгаа гарын үсэгтэй тохирохгүй байна гэсэн байдаг. Мөн нэхэмжлэгчийн зүгээс хүсэлт тавьж Д.Б гэж хүнийг гэрчээр асуухад энэ хэлцлийг гэрчлээгүй гэж мэдүүлсэн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлтэй гэж үзэж байгаа.
Бид нар талийгаачийг нас барахаас 2 сарын өмнө уг асуудыг мэдсэн. Надад хэлснээр манай хүү оролцох нь оролцсон гэхдээ тухайн бүх үйл явдалд би оролцоогүй гэж байсан. Бид хоёр мэдээгүй байж байгаад л ийм зүйл болсон. гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгч нарын зүгээс 2019 оны 11 дүгээр сард анх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зохих журмын дагуу явагдаж нотлох баримт цугларсан. Хэрэгт цугларсан нотлох баримттай танилцсаны үндсэн дээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага багасгасан юм. Иймд сүүлд гаргаж өгсөн нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг тайлбарлах нь зүйтэй.
Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө хамтран өмчлөгчөөс хасагдах хэлтсийг улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах гэдгийг хэвээр үлдээж бусад нэхэмжлэлийн шаардлагыг хассан. Энэ нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасан агуулгаар шүүхээс шийдвэр гаргаж өгнө үү гэж хууль зүйн үндэслэлийг гаргаж байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслээд шүүгчээс хүсэхэд нэхэмжлэлийн багасгасан шаардлагын хүрээд шийдэж өгнө үү. Үүний дараа бид 2 дахь хэлцэлтэй маргах боломж байгаа юм. Гол нь энэ Б.Ц гэдэг хүн нь Монгол улсын хилээс гараад явсан. Багасгасан нэхэмжлэлийн хүрээнд бүртгэсэн байгаа өмчлөх эрхийг зөрчихгүйгээр шийдвэр гаргах боломжтой гэж миний зүгээс үзэж байгаа. гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ..2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 276 тоот нотариатын хамтран өмчлөгчөөс хасах хэлцлээр өмчлөх эрхээс татгалзаж Д.Оийн нэр дээр шилжсэн. 2015 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Д.Онь худалдан авах гэрээгээр Б.Цгийн нэр дээр шилжсэн байдаг Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэнд шилжиж байгаа бол энэ тухай хэлцлийг үндэслэн уг шилжилтийг улсын бүртгэлд бүртгэх бөгөөд хэлцлийн эх хувь, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана гэж заасан байдаг бөгөөд хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзэж байгаа. Мөн тус хуулийн 14 дүгээр зүйлд заасан мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаагүй учир улсын бүртгэлд бүртгэсэн. Иймд энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Яг үндсэн өмчлөгч нь н.Ц гэж хүн байгаа учир энэ хүний эрх ашиг хөндөгдөж байгаа. Мөн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас хөрөнгийг нь 2016 онд түдгэлзүүлсэн байгаа гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ж..Д, Я.Б нар нь 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Үл хөдлөх хамтран өмчлөгчөөс хасагдах хэлцэл-ийг улсын бүртгэлд бүртгэсэн үйлдлийг хүчингүй болгуулах, Я.Б, Ж..Д нарыг улсын бүртгэлийн Ү-2205003313 дугаарт бүртгэгдсэн Нийслэлийн Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол 29 дүгээр байрны 242 тоот хаягтай 2 өрөө байрны өмчлөгчөөр сэргээн тогтоож, Я.Б, Ж..Д нарт энэхүү үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгах гэж тодорхойлсон ба 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө хамтран өмчлөгчөөс хасагдах хэлцэлийг улсын бүртгэлд бүртгэсэн үйлдлийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн багасгасан тул уг шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 1997 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 18 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Ж.Д болон хувьчлагдсан сууцыг хувь тэнцүүгээр дундаа хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүд болох Яны Б, Дын О нарт Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хорооллын 29 дүгээр байшингийн 242 тоот 29 м.кв орон сууцын анх өмчлүүлжээ.
Улмаар 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөс хасагдах хэлцлээр тухайн орон сууцны өмчлөгчөөс Ж. Д, Яны Б нарыг нас өндөр болсон тул өөрийн хүү Д.Од өвлүүлснийг хариуцагч бүртгэжээ.
Гэтэл дээрх хэлцлийг Баянгол дүүргийн тойргийн нотариатч Д.Б гэрчлүүлээгүй болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 1688 дугаар шинжээчийн дүгнэлт, нотариатч Д.Быг гэрчээр асуусан шүүх хуралдааны тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.
Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн /2009 оны/ 3 дугаар зүйлийн 3.1.4-д үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх, Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны / 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа бол энэ тухай хэлцлийг үндэслэн уг шилжилтийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх бөгөөд хэлцлийн эх хувь, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана. гэж заасан бөгөөд маргаан бүхий бүртгэл хийгдэх үндэслэл болсон хэлцэл нь хуульд үндэслэсэн байх, хүчин төгөлдөр байх шаардлагыг хангаагүй байх тул түүнийг үндэслэж хийгдсэн бүртгэл мөн хуульд нийцээгүй байна.
Учир нь 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хийгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөс хасагдах хэлцлийг нотариатч батлаагүй, түүний тамга, тэмдэг, гарын үсгийг хуурамжаар үйлдсэн нь шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд хариуцагч нь Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан эрхийн улсын бүртгэл нь үнэн зөв байх бөгөөд улсын бүртгэгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн шилжилт хөдөлгөөнийг хувийн хэрэгт нь бичиж хувийн дугаар бүхий тэмдэгээ дарж, гарын үсэг зурж баталгаажуулна гэж заасан үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байх тул маргаан бүхий бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хэдийгээр маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-ээрД.О нь Б.Цд шилжүүлсэн, Б.Ц нь 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн БГҮ201542373209 тоот барьцааны гэрээгээр Хаан банк ХХК-ийн барьцаанд бүртгүүлсэн талаар хариуцагч хариу тайлбартаа дурдсан зэрэг үйл баримт тогтоогдож байгаа хэдий ч дээрх үйл баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байх тул шүүхээс эдгээр үйл баримтуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Харин дээрх орон сууц худалдах, худалдан авах болон үл хөдлөх хөрөнгө барьцаалах гэрээнүүд, тэдгээрийг үндэслэж хийгдсэн бүртгэлтэй холбоотой маргааныг шүүхийн болон захиргааны журмаар хянан шийдвэрлэхэд энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Мөн тус шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШЗ2020/2367 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр Б.Цг татаж, түүнд нэхэмжлэлийн хувийг гардуулж, хариу тайлбарыг авах болон холбогдох ажиллагааг явуулахаар удаа дараа дуудсан боловч Хил хамгаалах ерөнхий газрын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2-5а/1310 албан тоот, 2020 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн 2-5а/6696 тоот албан бичгүүдээр Б.Ц нь Буянт-Ухаа агаарын боомтоор 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар Сөүлийн чиглэлийн КЕ-868 дугаар аяллын онгоцоор улсын хилээр гарсан нь бүртгэгдсэн бөгөөд буцаж улсын хилээр орж ирсэн талаар бүртгэлгүй, нэхэмжлэгч нарын хүсэлт зэргийг харгалзан түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн /2009 оны/ 3 дугаар зүйлийн 3.1.4, Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 7 дугаар зүйлийн 7.1, 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Я.Б, Ж..Д нарын нэхэмжлэлтэй Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө хамтран өмчлөгчөөс хасагдах хэлцлийг улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ