Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 43

 

 

Н.Дид холбогдох

эрүүгийн хэргийн тухай     

                                                                                                                                 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

 

            Прокурор: Б.Мөнгөнтуяа,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Т.Урангоо,

Шүүгдэгч: Н.Д,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ууганбаяр нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/71 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Н.Дид холбогдох, эрүүгийн 2019001090060 дугаартай, 2 хавтас, 487 хуудас бүхий хэргийг шүүгдэгч Н.Д, түүний өмгөөлөгч Т.Урангоо нарын гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Н.Д-д холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын прокурор Б.Мөнгөнтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Шүүгдэгч Н.Д  хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч,

1. 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг Данзанваачигийн 12-12 тоотод оршин суух иргэн Ү.Бийн гэрээс 7.1кг хонины мах хулгайлж 67250 төгрөгийн хохирол учруулсан,

 

2. 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 1 дүгээр баг Зүүн өвдөг гэх газар оршин суух иргэн Ж.Тийн гэрээс 2 ширхэг эмээлийн мөнгөн хяр, 2 ширхэг баавар, 4 ширхэг даруулга хулгайлж 2000000 төгрөгийн хохирол учруулсан,

 

3. 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг Аюушийн 817 тоотод оршин суух иргэн Н.Сын гэрээс 1 шил “ Эвок ” архи, мөн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр иргэн Н.Сын гэрээс 2 боодол үхрийн гуяны мах хулгайлж нийт 319000 төгрөгийн хохирол учруулсан,

 

4.2020 оны 04 дүгээр сарын 08-09-ний өдрийн хооронд Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Тохижилт Сайншанд” хот тохижилтын эзэмшлийн монгол гэрээс “Дэлл” маркийн зөөврийн компьютер хулгайлж 500000 төгрөгийн хохирол учруулсан,

 

5. 2019 оны 06 дугаар сарын 22-26-ны өдрийн хооронд Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 1 дүгээр баг Сайрын бууц гэх газар оршин суух иргэн Д.Дын эд зүйл хадгалах зориулалт бүхий төмөр амбаараас дээлийн мөнгөн хормойн боолт хулгайлж 4000000 төгрөгийн хохирол учруулсан,

 

6. 2020 оны 02 дугаар сард Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг Мааньзавын 50-15 тоотод оршин суух иргэн Р.Оийн гэрээс цагаан будаа, хуурай сүү, мах, усны сав, эмчийн чагнуур зэрэг эд зүйл хулгайлж 589500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Анхан шатны шүүх: Дорноговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Онон овогт Нарангийн Давгадоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн 6 удаагийн хулгайн үйлдлээс хохирогч Д.Дын төмөр амбаараас дээлийн мөнгөн хормойн боолт хулгайлсан, хохирогч Р.Оийн гэрээс цагаан будаа, хуурай сүү, мах, усны сав, эмчийн чагнуур зэрэг эд зүйл хулгайлсан гэх 2 удаагийн үйлдэл, холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож,

 

шүүгдэгч Онон овогт Нарангийн Давгадоржийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

шүүгдэгч Н.Дийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дид оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.Дийн урьд цагдан хоригдсон 85 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

 

энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт 1919002520069, 2019000930068, 2019000910072, 2019001040073, 2019001010074 дугаартай хэргүүдийг нэгтгэснээс, тус шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 201 дугаартай шүүгчийн захирамжаар 1919002520069, 2019000910072 дугаартай хэргүүдийг тусгаарласан болохыг дурдаж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.Доос нийт 514 000 төгрөгийг гаргуулж хохирогч Ү.Бид 14 000 төгрөгийг, “Тохижилт-Сайншанд” хот тохижилтын газарт 500 000 төгрөгийг тус тус олгохоор,

 

            хохирогч Ү.Б 7.1 кг хэмжээтэй 53 250 төгрөгийн хонины мах, Ж.Т мөнгөн тоноглолтой эмээлийн 2 ширхэг мөнгөн хяр, 2 ширхэг мөнгөн баавар, 4 ширхэг мөнгөн даруулгыг тус тус буцаан авсныг, хохирогч Ж.Т цоожны мөнгө 8 000 төгрөг, хохирогч Н.С нь “Evok” архины үнэ 39 000 төгрөг, бярууны цул махны үнэ 260 000 төгрөг, хятад цоожны үнэ 20 000 төгрөг, нийт 319 000 төгрөгийг тус тус нэхэмжлэхгүй гэснийг дурдаж,

 

            шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.Дид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Н.Д давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өндөр настай ээжийн хамт ам бүл хоёулаа амьдардаг. Ээж минь нас өндөр тул ганцаараа байж чадахгүй. Иймд ар гэрийн байдлыг минь харгалзан үзэж оногдуулсан ялаас минь хөнгөрүүлж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н.Дийн хувьд ам бүл 2, өндөр настай ээжийнхээ хамт хөдөө мал маллан амьдардаг. Мөн биеийн эрүүл мэндийн хувьд 2 удаа хөлөө хугалж байсан. Тиймээс ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн гомдол гаргасан. Өөр ямар нэгэн гомдол саналгүй” гэв.

 

Прокурор Б.Мөнгөнтуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Н.Д оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгөөч гэсэн давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй гэж прокурорын зүгээс үзэж байна. Үүнд, Н.Д хулгайлах гэмт хэрэгт нийт 5 удаа ял шийтгэгдсэн, хамгийн сүүлд 6 удаа бусдын орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлсан үндэслэлээр шалгасан. 6 хэрэгт яллаж, прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцэх явцад нийт 6 үйлдлээс 2 үйлдлийг нь Н.Д үйлдээгүй болох нь тогтоогдож, прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлд зааснаар яллахаас татгалзсан, 4 үйлдлийг нь үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулсан. Эдгээр нөхцөл байдлаас дүгнэж үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар нэг төрлийн гэмт хэргийг удаа дараа үйлдсэн бол түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх үндэслэл тогтоогдож байна. Хулгайн гэмт хэргийг удаа дараа үйлдсэн, сүүлд шалгагдсан хэрэг дээрээ 4 удаагийн үйлдэлтэйгээр ял авсан, өөрийн санаачилгаар хохирлыг нөхөн төлөөгүй, түүний хувийн байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс 3 жил 6 сарын хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд 71 дугаартай шийтгэх тогтоол үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналыг гаргаж байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

 

Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад дүн шинжилгээ хийж, харьцуулан судалж, шүүгдэгчийн үйлдлийг хохирогч болон хохирол тус бүрээр тодруулж үзэхэд шүүгдэгч Н.Д;

2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг Данзанваачигийн 12-12 тоотод оршин суух иргэн Ү.Бийн гэрээс 7.1кг хонины мах хулгайлж 67250 төгрөгийн хохирол учруулсан, 

2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 1 дүгээр баг Зүүн өвдөг гэх газар оршин суух иргэн Ж.Тийн гэрээс 2 ширхэг эмээлийн мөнгөн хяр, 2 ширхэг баавар, 4 ширхэг даруулга хулгайлж 2000000 төгрөгийн хохирол учруулсан, 

2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг Аюушийн 817 тоотод оршин суух иргэн Н.Сын гэрээс 1 шил “ Эвок ” архи, 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр иргэн Н.Сын гэрээс 2 боодол үхрийн гуяны мах хулгайлж нийт 319000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 04 дүгээр сарын 08-09-ний өдрийн хооронд Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Тохижилт Сайншанд” хот тохижилтын эзэмшлийн монгол гэрээс “Dell” маркийн зөөврийн компьютер хулгайлж 500000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тус тус тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн дээрх хууль бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу “Хулгайлах” гэмт хэргийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн гэх  гэмт хэргийн  шинжийг бүрэн илэрхийлжээ.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүйн гадна гэмт хэргийн үйл баримтыг нотолсны гадна хохирогч, гэрч нараас мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж мэдүүлсэн, мөрдөгчөөс мэдүүлгийг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журамд нийцүүлсэн байх ба бусад нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан, нотлох баримт цуглуулж,  бэхжүүлэх хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн талаарх нотолбол зохих асуудлуудыг бүрэн гүйцэд шалгаж тодруулсан, хэргийг мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан зөрчил тогтоогдохгүйн гадна эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх, хэргийн бодит байдлыг тогтоох хуульд заасан шаардлагыг хангажээ.

 

Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоож, хэргийг шийдвэрлэхдээ мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлтийг шинжлэн судалсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байх тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцсэн, хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчөөгүй гэж үзнэ.

 

 

Мөн шүүхээс хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан гэж дүгнэж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцсэн, шүүгдэгч Н.Дагвадоржийн үйлдлээс хохирогч Д.Д, Р.О нарын эд зүйлсийг хулгайлсан үйлдлийг “улсын яллагч яллахаас татгалзаж, хэргийг тусгаарлуулах хүсэлт”-д үндэслэн шүүгчийн “Хэргийг тусгаарлаж хэлэлцэх” тухай захирамж /2хх-225/ гарган шүүгдэгчийн холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулийг зөв тайлбарлаж, хэрэглэсэн байх ба шүүгдэгчийн бусад үйлдлийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гурван жил зургаан сар хорих ял оногдуулсан нь түүний  үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал гэм буруугийн хэлбэрт тохирчээ.

 

Эрүүгийн хуульд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж болохоор хуульчилсан ба харин шүүгдэгчээс хохирлыг нөхөн төлөөгүй мөн түүнийг  “...эрүүл мэндийн  хувьд 2 удаа хөлөө хугалсан, өндөр настай ээжийн хамт амьдардаг” гэсэн шалтгаанаар  хорих ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлгүй болно. 

 

Тиймээс дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өөрчлөх үндэслэлгүй учир гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/71 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Д, түүний өмгөөлөгч Т.Урангоо нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Н.Дийн цагдан хоригдсон 39 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

 

 

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

             

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

 

                                                    ШҮҮГЧИД                                   А.САЙНТӨГС

 

                                                                                                        Н.БОЛОРМАА