Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 182/ШШ2022/00347

 

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 182/ШШ2022/00347

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, шүүгч Н.Нарангэрэл, Б.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ч хэлтэс /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д.Ц /РД:/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хохирол болох илүү авсан ажилгүйдлийн тэтгэмж 2.809.492 төгрөгийг төлүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, В.Э

Хариуцагч Д.Ц,

Иргэдийн төлөөлөгч Ж.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Цогзолмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ч хэлтэс нь Д.Цээс илүү авсан ажилгүйдлийн тэтгэмж 2.809.492 төгрөгийг төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Басан, В.Эрдэнэбат нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээр дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Тус хэлтэст даатгуулагч Д.Ц нь 2015 оны 01, 02, 03, 04 дүгээр саруудад Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлд заасан нөхцөл болзлыг хангаж, түүнд тэтгэмж авах эрх үүсэж, тэтгэмж авч байх хугацаандаа аж ахуйн нэгж байгууллагад хөдөлмөрийн гэрээ байгуулан нийгмийн даатгалын шимтгэл төлж ажиллаж байхдаа 2.809.492 төгрөгийн тэтгэмж илүү олгосон зөрчил илэрсэн нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 37 тоот актаар тогтоогдсон.

Гэвч Д.Цэд 37 тоот актыг хүргүүлсэн боловч одоог хүртэл ажилгүйдлийн тэтгэмж болох 2.809.792 төгрөгийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй, ажилгүйдлийн санг хохироож байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хууль Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 9 дүгээр тогтоолоор баталсан Ажилгүйдлийн даатгалсан сангаас тэтгэмж олгох журам-ын 5.5-д заасан тэтгэмж авагч нь ажилгүйдлийн тэтгэмж авч байх хугацаандаа ажилд орсон эсвэл тэтгэмж авах хугацаа дуусгавар болсон бол энэ тухайгаа нийгмийн даатгалын байгууллагад мэдэгдэж, тэтгэмж олголтыг зогсоож тооцоо хийнэ гэж заасныг үндэслэн олгогдсон тэтгэмжийг нэхэмжилж байна.

Нэхэмжлэгч нь ажилгүйдлийн тэтгэмж авч байх хугацаандаа ажилд орсон бол энэ тухайгаа нийгмийн даатгалын байгууллагад мэдэгдэх үүрэгтэй бөгөөд энэ хугацаанд авсан ажилгүйдлийн тэтгэмжийг санд буцаан төлж, тооцоо нийлэх байсан.

Өөрөөр хэлбэлД.Ц нь ажилгүйдлийн тэтгэмж авч байх хугацаандаа ажил хөдөлмөр эрхлэн цалин тэтгэмжийг давхардуулан авсан.

Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Байгаль ногоон хөгжил аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/17 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Д.Цийг тус яамны хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дотоод аудит хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж шийдвэрлэсэн байна.

Хэрэгт баримтаар захиргааны хэргийн анхан шатны шүүхийн болон давах хяналтын шатны шүүхийн шийдвэр тогтоол магадлал авагдсан байгаа.

Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь Д.Цийн 2015 оны 01 дүгээр сараас 2015 оны 12 саруудын нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр төлсөн байгаа.

Д.Ц нь шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн орж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговроо авч, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлсэн байх бөгөөд энэ тухайгаа нийгмийн даатгалын байгууллагад мэдэгдээгүй болно. Иймд Д.Цээс 2.809.492 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Д.Ц шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2014 онд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Улсын мэргэжлийн хяналтын газар болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар ажиллаж байсан улсын байцаагч нарыг яамдад хуваарилан ажиллуулсан. Ингээд миний бие нь Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуучлалын яамд аудитороор ажиллаж байгаад 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр үндэслэлгүйгээр ажлаас халагдаж харьяаллын дагуу Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс ажилгүйдлийн тэтгэмж авсан нь үнэн.

Тухайн үед Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн.

Нийслэлийн захиргааны давж заалдах шатны шүүхийн магадлал болон Улсын дээд шүүхийн хяналтын шүүхийн тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Байгал орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яамны шийдвэр буруу байсныг 3 шатны шүүхийн шийдвэрээр тогтоосон юм.

Гэвч Байгал орчин, ногоон хөгжил аялал жуучлалын яам намайг ажилд буцаан аваагүй, дахиж тэр байгууллагад ажиллаагүй тэтгэвэр тогтоолгохын өмнөх саруудын нийгмийн даатгалын шимтгэлээ би өөрөө төлж байж тэтгэвэрт гарсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас албадан гүйцэтгэх ажиллагаа эхэлж аргагүй эрхэнд, миний цалин хөлсийг олгосон боловч ажилд буцаан аваагүй. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээр ажилгүй байсан хугацааны цалин олговроо шийдвэрлүүлсэн. Энэ талаарх баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

Миний хувьд шүүхийн шийдвэрээр ажилдаа буцан орсон тухайгаа нэхэмжлэгч талд хэлэх боломж байгаагүй. Намайг ажилд буцаан аваагүй, харин шүүхийн шийдвэрээр зөвхөн ажил олгогчийн шимтгэл төлөгдсөн байгаа.

Нийгмийн даатгалын Улсын байцаагч нь даатгуулагч, тэтгэмж авагч иргэнтэй холбоотой нийгмийн даатгалын санд нөхөн төлүүлэх талаар төлбөрийн акт тавьж байгаа тохиолдолд тухайн актыг бичигдсэн даруйд/1сарын дотор/ тухайн төлбөрийг хариуцахаар акт тогтоолгож байгаа хүнийг дуудаж уулзаж, улмаар уг актыг танилцуулан, сонсох үйл ажиллагааг заавал явуулах, хүлээн зөвшөөрсөн эсэх талаар гарын үсэг зуруулах, төлбөр тавигдаж байгаа үндэслэлээ танилцуулахыг Захиргааны ерөнхий хууль болон түүнд нийцэн гарсан бусад эрх зүйн актуудад заасан байтал нэхэмжлэгч болон акт тавьсан улсын байцаагч энэ үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна.

Надад хамааралтай буюу надаар ажилгүйдлийн тэтгэмж буцааж төлүүлэх талаар, улсын байцаагчийн акт бичигдсэн тухай холбогдох хуульд заасан хугацаанд огт хэлээгүй ба надад 1жил 6 сарын дараа мэдэгдсэн.

Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа учир нь ажилгүйдлийн тэтгэмж авч байх хугацаандаа би ажилд ороогүй.

Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны "Нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиудын зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай" 47 дугаар тогтоолын 3.1.1-д ...ажилгүйдлийн тэтгэмж..." гэдэгт ажилгүй болохоосоо өмнө ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг энэ хуульд заасан болзол, журмын дагуу төлсөн ажилгүй хүнд нийгмийн даатгалын сангаас амьжиргааны эх үүсвэр болгож, эргэж төлөгдөх нөхцөлгүйгээр олгох мөнгөн хөрөнгийг ойлгоно" гэж заасан тул надад хуулийн дагуу олгосон тэтгэмжийг эргэж төлөх үндэслэлгүй гэж ойлгож байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуульд анхнаасаа байхгүй байсан гэдэг үндэслэлээр Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор шинэчлэн батлагдсан "Ажилгүйдлийн тэтгэмж олгоход баримтлах журам"-д хууль бусаар ажлаас халагдсан даатгуулагчийн шүүхийн шийдвэрээр шимтгэл нөхөн төлөгдсөн тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмжийг тухайн даатгуулагчаар эргэж төлүүлдэг заалт хүчингүй болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

3. Нэхэмжлэгчээситгэмжлэл, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Улсын байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 37 дугаартай Илүү олгосон ажилгүйдлийн тэтгэмжийг төлүүлэх тухай акт, хавсралтын хамт, Д.Цийн ажилгүйдлийн тэтгэмжийн тогтоолт, тэтгэмж олголтын хуваарь, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б-17 дугаартай тушаал, Д.Цийн ажилгүйдлийн тэтгэмж авах өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар, Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 31/461 дугаар албан бичиг, Д.Цийн нийгмийн даатгалын дэвтрүүд, тус шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШЗ2021/09939 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2021 оны 02дугаар сарын 11-ний өдрийн Д.Цийн 2015 оны 01 дүгээр сараас 2015 оны 12 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /х.х-ийн 3-23 тал/

 

4. Хариуцагчаас: хариу тайлбар, Улсын дээд шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 47 дугаартай тогтоол, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 09 дугаар Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журам шинэчлэн батлах тухай тогтоол, тус зөвлөлийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 22 дугаар Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журмыг шинэчлэн батлах тухай тогтоол, хавсралтын хамт /эдгээр баримтууд нь нийтэд илэрхий болно/, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 331 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 362 дугаартай магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 218 дугаартай тогтоол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2016/00308 дугаартай шийдвэр зэргийг баримтаар гаргаж өгсөн. /х.х-ийн 32-46, 69-93 тал/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Ч хэлтэс нь хариуцагч Д.Цэд холбогдох хохирол болох ажилгүйдлийн тэтгэмжид олгосон 2.809.492 төгрөгийг буцаан төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Д.Ц нь ажилгүйдлийн тэтгэмж авч байх хугацаандаа ажил хөдөлмөр эрхлэн цалин тэтгэмж давхардуулан авсан гэх зөрчилд Нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2016 оны 11 дүгээррсарын 28-ны өдрийн 37 тоот актаар илүү олгосон 2.809.4 92 төгрөгийг нөхөн төлүүлэхээр болсон.

Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/17 дугаар тушаалыг хүчингүй болгож, Д.Цийг тус яамны хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дотоод аудит хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж шийдвэрлэсэн байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь Д.Цийн 2015 оны 01 дүгээр сараас 2015 оны 12 дугаар саруудын нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр төлсөн байгаа.

Д.Ц нь шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн орж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговроо авч, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлсэн байх ба цалин хөлстэй тэнцэх олговор авсан тухайгаа нийгмийн даатгалын байгууллагад мэдэгдээгүй. Иймд Д.Цээс 2.809.492 төгрөгийг гаргуулж, ажилгүйдлийн даатгалын санг хохиролгүй болгож өгнө үү гэж тодорхойлж байна.

 

2. Хариуцагч Д.Ц нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ ...Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуучлалын яамд аудитороор ажиллаж байхад тус яамны төрийн нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б-17 тоот тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас халагдаж харьяаллын дагуу Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс ажилгүйдлийн тэтгэмж авсан нь үнэн.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Байгал орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яам намайг хууль бусаар ажлаас халсныг тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор шийдвэрлэсэн. Байгал орчин, ногоон хөгжил аялал жуучлалын яам, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж эхлэхээр цалин хөлсийг олгосон боловч ажилд буцаан аваагүй, зөвхөн шүүхийн шийдвэрээр нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөгдсөн. Ажилгүйдлийн тэтгэмж буцааж төлүүлэх талаар улсын байцаагчийн акт бичигдсэн тухай хуульд заасан хугацаанд огт хэлээгүй, би 1жил 6 сарын дараа мэдсэн.

Ажилгүйдлийн тэтгэмж авч байх хугацаандаа би ажилд ороогүй. Нийгмийн даатгалын хуульд заасан болзол, журмыг хангасан учраас ажилгүйдлийн тэтгэмжийг олгосон ба энэ нь эргэж төлөгдөх нөхцөлгүйгээр олгох мөнгөн хөрөнгийг ойлгоно" гэж Улсын дээд шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 47 дугаар тогтоолд тайлбарласан. Иймд надад хуулийн дагуу олгосон тэтгэмжийг эргэж төлөх үндэслэлгүй гэж тайлбарлан маргаж байна.

 

3.Иргэдийн төлөөлөгч Ж.Түвшинбаяр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгч Ч хэлтэс нь хариуцагч Д.Цээс ажилгүйдлийн тэтгэмж 2.809.492 төгрөг нэхэмжилж байна. Хариуцагч нь хуулийн дагуу олгосон тэтгэмжийг эргэн төлөхгүй гэж маргаж байна. Иймд Д.Ц нь нэхэмжилж байгаа 2.809.492 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б-17 дугаар тушаалаар тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын мэргэжилтэн Д.Цийг 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөр дуусгавар болгон ажлаас нь чөлөөлсөн байх бөгөөд тэрээр Ч хэлтэст 2015 оны 01 дүгээр сарын16-ны өдөр Нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авахаар хүсэлт гаргасан байна.

Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлд заасан нөхцөл болзлыг ханган тэтгэмж авах эрх үүсэн гэж үзэн, 2015 оны 01, 02, 03, 04 дүгээр саруудын тэтгэмжид нийт 2.809.492 төгрөгийг олгожээ.

 

Шүүх хуралдаанд зохигчдын өгсөн тайлбар хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 331 дүгээр шийдвэрээр Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б-17 дугаар тушаалыг хүчингүй болгож, Д.Цийг Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яамны хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дотоод аудит хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 4 сар 22 хоногийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас гаргуулах, мөн хугацаанд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж шийдвэрлэсэн байна.

Дээрх шийдвэрт хариуцагч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасныг, Захиргааны хэргийн давж заалдах шатны 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 362 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн 331 дүгээр шийдвэрийг хэвээр, хяналтын шатны захиргааны хэргийн 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 218 дугаар тогтоолоор 362 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ. /х.х-ийн 69-88 тал/

Улмаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ20116/00308 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас ажилгүй байсан хугацааны олговорт 6.909.498 төгрөгийг гаргуулж, Д.Цэд олгож, Д.Цийн нийгмийн даатгалын шимтгэл төлөхийг хариуцагч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд даалгаж шийдвэрлэжээ. /х.х-ийн 89-93 тал/

Д.Ц нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолын дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар хариуцагч Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яамнаас ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлсөн тухайд тэрээр маргаагүй ба үүнийг хүлээн зөвшөөрч байгаа болно.

 

5. Харин Д.Ц нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоосон ажил, албан тушаал буцаан аваагүй, ажилгүйдлийн тэтгэмж буцааж төлүүлэх тухай улсын байцаагчийн акт гарсан тухай 1 жил 6 сарын дараа буюу 2018 оны 5 дугаар сард мэдсэн, хуулийн дагуу олгосон тэтгэмжийг эргэж төлөх үндэслэлгүй гэж маргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх холбогдох нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй.

Хариуцагч нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 37 тоот актад гомдол гаргаагүй, энэ талаар маргаагүй байна. Д.Цийг хууль бусаар ажлаас халагдсаныг шүүхээс тогтоож, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас ажилгүй байсан хугацааны 4 сар, 22 хоногийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлсөн болох нь зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.

 

6. Хариуцагч нь 2015 оны 01 дүгээр сард ажлаас чөлөөлөгдөж, 2015 оны 06 дугаар сард анхан шатны шүүх ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, цалин хөлсний олговор гаргуулсан, уг шийдвэр 2015 оны 09 дүгээр сард хүчин төгөлдөр болсон мөн шүүхээр 2016 оны 01 дүгээр сард ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулсан үйл баримтууд нь ажилгүйдлийн тэтгэмж олгосон 2015 оны 01, 02, 03, 04 дүгээр сараас хойшхи хугацаанд болсон хэдий боловч ажил олгогчоос түүнд ажилгүй байсан хугацааны олговрыг олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон нөхөн төлсөн байх тул даатгуулагч нь ажилгүй байх хугацаанд авсан ажилгүйдлийн тэтгэмжийг буцаан төлөх, энэ тухайгаа Ч хэлтэст мэдэгдэх, хуулиар хүлээсэн /эс үйлдэхүйн/ үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон үндэслэлээр хариуцагч Д.Цээс ажилгүйдлийн тэтгэмж болох 2.809.492 төгрөгийг шаардах эрхтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлүүлэх, хуваарилах асуудлыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60дугаар зүйлийн 60.1-д зааснаар шийдвэрлэх нь зүйтэй.

 

8. Шүүх хуралдаанд томилогдсон иргэдийн төлөөлөгч Ж.Түвшинбаяр нь нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс, хариуцагч Д.Цэд олгосон ажилгүйдлийн тэтгэмж 2.809.492 төгрөгийг буцаан нэхэмжилж байгааг үндэслэлгүй гэх дүгнэлтийг гаргаж байгаа боловч энэ дүгнэлтийг үндэслэл бүхий дүгнэлт гэж үзэх боломжгүй байна. Д.Ц нь ажилгүйдлийн тэтгэмж авч байх хугацаандаа шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн орж, ажил олгогчоос түүнд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлсөн байх тул нийгмийн даатгалын сангаас цалин тэтгэмжийг давхардуулан авсан гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Д.Цээс 2.809.492 /хоёр сая найман зуун есөн мянга дөрвөн зуун ерэн хоёр/ төгрөгийг гаргуулж, Ч хэлтэст олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41дүгэр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Д.Цээс улсын тэмдэгтийн хураамжид нөхөн 59.902 төгрөг гаргуулж, улсын төвлөрсөн төсвийн дансанд оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогчид 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй. Шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүхийн шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЦЭНГЭЛ

 

 

ШҮҮГЧИД Н.НАРАНГЭРЭЛ

 

 

Б.ЦОЛМОН