Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 182/ШШ2022/00434

 

2022 02 16 182/ШШ2022/00434

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Д.М /РД:/,

 

Хариуцагч: Монгол улсын Х яам

 

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 42.862.680 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цогзолмаа нар оролцов.

/хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхцэцэг өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч Д.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэчулуун нь хариуцагч Х яаманд холбогдуулан 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 42.862.680 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. Эрдэнэчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэгч Д.М нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс томилогдон ажиллаж байгаад, 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс тус газрын даргаар ажиллах болсон.

Гэтэл Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/07дугаар тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн.

Дээрх тушаалд маргаснаар, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 91 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5дугаар сарын 02-ны өдрийн 262 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 310дугаар тогтоолоор Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/07дугаар тушаалыг хүчингүй болгож, Д.Мыг Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоон, ажилгүй байсан хугацааны олговорт 19.322.226 төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн.

Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй байсан тул хүсэлт гарган шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг эхлүүлсэн боловч, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлээгүй байна. Шүүхийн шийдвэрээр тогтоосон цалин хөлстэй тэнцэх олговрыг олгосон боловч, ажилд эгүүлэн аваагүй.

Мөн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06дугаар сарын 11-ний өдрийн 1086 дугаар шийдвэрээр 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 19.124 278 төгрөгийг гаргуулан авсан.

Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдэд Д. Мэндбаярыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын ажил албан тушаалд нэг өдрийн 68.036 төгрөг, сарын 1.462.774 төгрөг / 68.036 төгрөг х21.5 хоног/-ийн цалинтай ажиллаж байсныг тогтоосон.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон, уг тогтоолд 14 хоног гомдол гаргах эрхтэй байсан боловч гомдол гаргаагүй.

 

Иймд Хариуцагч Х яамнаас Д. Мэндбаярын ажилгүй байсан 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс, түүнтэй тэнцэх олговор 42 862 680 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэв.

 

2.  Хариуцагч Х яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ганцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан хариу тайлбараа дэмжин оролцож байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 91 дүгээр шийдвэрээр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/07 дугаар тушаалыг хүчингүй болгож, Д.Мыг Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын албан тушаалд эгүүлэн томилохоор шийдвэрлэсэн.

Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчид тавих нийтлэг шаардлагыг тусгасан байдаг бөгөөд 22.1.3 дах хэсэгт Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж, шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх гэж заасан.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/865 дугаартай шийтгэх тогтоолоор Д.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилйин хугацаагаар хасч, 12.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.

Дээрх нөхцөл байдлын улмаас Д.Мыг Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын ажил албан тушаалд томилох боломжгүй болсон.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт , Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.9 -д заасан төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан тодорхой үйлдэл , үйл ажиллагааг гүйцэтгэх боломжгүй болсон нь тогтоогдсон гэх үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлтийг гаргаж, улмаар 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3 Нэхэмжлэгчээс, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн итгэмжлэл, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2018/0091 дугаартай шийдвэр, Монгол улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 310 дугаартай тогтоол, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2019/1086 дугаартай шийдвэр, Улсын дээд шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 48 дугаартай тогтоолыг нотлох баримтаар гаргаж өгсөн. / х.х-ийн 3-18 тал/

 

4. Хариуцагчаас, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1/2176 тоот итгэмжлэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 04/2267 тоот албан бичиг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 1/2427 тоот албан бичиг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 5/188 тоот албан бичгийг нотлох баримтаар гаргаж өгсөн. / х.х-ийн 31-34 тал/

 

5. Зохигчдын хүсэлтээр, тус шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 182/ШЗ2021/10423 дугаартай захирамжаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 21/10-810 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/865 дугаартай шийтгэх тогтоол, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх баримт бичиг, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2018/0091 дугаартай шийдвэрийн гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийн баримтаас холбогдох баримт зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн. /х.х-ийн 37-100 тал/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Д. Мэндбаярын .....2019 оны 04 сарын 17-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 18 хүртэл ажилгүй байсан хугацааны олговор 42 862 680 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг

хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгаалын яам эс зөвшөөрөхдөө ... шүүхээс Д. Мэндбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 12.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн. Д.Мыг Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын ажил албан тушаалд томилох боломжгүй болсон, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 21/10-810 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.9 дэх хэсэгт заасан төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан тодорхой үйлдэл, үйл ажиллагааг гүйцэтгэх боломжгүй болсон нь тогтоогдсон үндэслэлээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэх тайлбар гарган мэтгэлцэж байна.

 

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

2.1. Д. Мэндбаярыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ20187/0091дүгээр шийдвэр хүчин төгөлдөр болсон гэж үзнэ. /х.х-ийн 4-14 тал /

2.2. Хүчин төгөлдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2018/0091дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 221/ МА2018/0262 дугаар магадлал, Улсын Дээд Шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 310 дугаар тогтоолын дагуу бичигдсэн гүйцэтгэх хуудасны дагуу Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа болох нь зохигчийн тайлбар, шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 45-72 тал /

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэдэг.

 

2.3. Хариуцагч Х яам нь нэхэмжлэгч Д.Мыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон хүчин төгөлдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, давах болон хяналтын шүүхийн магадлал тогтоолыг биелүүлээгүйгээс, нэхэмжлэгч үүдэн гарах эрх зүйн үр дагаврыг шаардаж байсан болох нь зохигчдын тайлбар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2019/01086 дугаар шийдвэр, бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 1-16тал /

 

2.4. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/865дугаартай шийтгэх тогтоолоор Д.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцож, нийтийн албанд томлогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 12.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ. /х.х-ийн 79-82 тал /

2.5. Хүчин төгөлдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/865дугаартай шийтгэх тогтоолын дагуу олгогдсон гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, улмаар тус газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 21/72 тоот Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дууссанд тооцсон болох нь зохигчийн тайлбар, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдож байна. /х.х-ийн 73-97 тал/

 

Тодруулбал, 865 тоот шийтгэх тогтоолд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, Д. Мэндбаяр нь 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр торгууль болох 12.000.000 төгрөгийг бүрэн төлж, улмаар эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгожээ. /х.х-ийн 77-78 тал/

 

2.6. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нь шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчин төгөлдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2018/0091 дүгээр шийдвэрийг хянуулах тухай хүсэлт гаргасныг Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэж, 48 дугаар тогтоолоор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2018/0091 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 221/ МА2018/0262 дугаар магадлал, Улсын Дээд Шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 310 дугаар тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. Энхцэцэгийн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна /х.х-ийн17-18 тал/

 

2.7. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад холбогдох Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2018/0091 дүгээр шийдвэрт бичигдсэн гүйцэтгэх хуудасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байсан байх ба тус газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 21/10-810 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцсон байх бөгөөд талууд гомдол гаргаагүй, уг тогтоол хүчин төгөлдөр болсон байна.

 

2.8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арвандүгээр бүлэг Захиргааны хэргийн талаархи шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа-г зохицуулсан байна.

 

2.9. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 21/10-810 дугаар тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.9, 131 дүгээр зүйлийн 131.5-д тус тус заасан хариуцагч хуулийн этгээдэд, хариуцагч-албан тушаалтан гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг биелүүлэх боломжгүй болсон нь шүүхээр тогтоогдсон үндэслэлээр Хөдөлмөр, нийгмийн, хамгааллын сайдад холбогдох 19300217 бүртгэлийн дугаартай гүйцэтгэх баримт бичигт явуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болсонд тооцсон болох нь зохигчдын тайлбар болон хэрг ийн үйл баримтаар бүрэн тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл , хүчин төгөлдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/865 дугаартай шийтгэх тогтоолоор Д. Мэндбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 12.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсэн явдал нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2018/0091 дүгээр шийдвэрийг биелүүлэх боломжгүй болсон нь шүүхээр тогтоогдсон гэх хуулийн дээрх зохицуулалтад хамаарч байгаа тухайд зохигч талууд хэн алин нь маргаагүй.

3. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14-т зааснаар ...Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно... гэж заажээ.

 

4. Шүүх, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулахаар шийдвэрлэх нь Хөдөлмөрийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалттай нийцнэ.

 

4.1. Нэхэмжлэгч Д.Мын ажилгүй байсан бүх хугацааг нэхэмжлэлд дурдсан 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2020/ШШТ/865 дугаартай шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр /435 хоног / хүртэл тооцсон болно.

 

4.2. Хэрэгт нотлох баримтаар авагдсан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2018/0091дүгээр шийдвэр, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2019/01086 дугаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 00937 дугаар шийдвэрт ... Д.Мын нэг өдрийн дундаж цалин хөлс 68.036 төгрөг байх-аар тогтоожээ. /х.х-ийн 4-16 тал/

 

4.3. Иймд хариуцагч Х яамнаас 29.595.660 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д. Мэндбаярт олгож, нэхэмжлэлээс 865 дугаартай шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс хойшхи 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан 195 хоногийн хугацааны цалин хөлс болох 13,267,020 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

5. Хариуцагч нь дээрх олговрыг нэхэмжлэгчид олгохдоо нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасаж тооцох, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх үүрэгтэй талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь заалтаар тус тус заажээ.

 

6. Нэхэмжлэгчийн дээрх гомдлын шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128 дугаар зүйлд зааснаар шүүхээр хянан шийдвэрлэх маргааны төрөлд хамаарч байгаа, гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхцэцэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.5-д заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч тэрээр өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна. /х.х-ийн 110-111 тал/

 

8. Шүүх улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлүүлэх, хуваарилах асуудлыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.  Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Х яамнаас 29.595.660 / хорин есөн сая таван зуун ерэн таван мянга зургаан зуун жаран / төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Мт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13,267,020 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь зааснаар

Х яам нь Д. Мэндбаярын дээрх олговроос зохих суутгалыг хийж, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх үүрэгтэй болохыг дурдсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д зааснаар нэхэмжлэгч Д.Мын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Х яамнаас улсын тэмдэгтийн хураамжид 305.928 төгрөгийг гаргуулж улсын төвлөрсөн төсвийн дансанд оруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид, тэдгээрийн төлөөлөгч 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЦЭНГЭЛ