Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2022/00518

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ... дүгээр хороо, Наран хотхон, ... а байр, .. тоот хаягт оршин суух Шар бичээч овогт М.Э /РД:..../-ын нэхэмжлэлтэй

 

            Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ... дугаар хороо, Денверийн гудамж, ....байранд байрлах С... газарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны цалин 5,029,580 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч М.Э,

Хариуцагч  итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхцацрал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М.Э нь хариуцагч С....газарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 5,029,580 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 2017 оны 5 дугаар сард ажлаасаа үндэслэлгүй халагдаж гурван шатны шүүхээр шийдвэр гарч ажилдаа эгүүлэн тогтоогдсон. Хариуцагч байгууллага шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа тул 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл 9 сарын цалин болох 5,029,580 төгрөг хариуцагч байгууллагаас гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Надтай хамт ажлаас халагдсан олон албан хаагч нар байгаа. Бид зөндөө очиж уулзаж байсан. Хариуцсан шийдвэр гүйцэтгэгчийг би автомашинаараа очиж аваад, өрөөнд нь орж уулзаад, хамгийн сүүлд засаг дарга Х.Б дээр очиж уулзаж байсан. Сүүлийн 2-3 жил ковид-19 өвчний тархалт гээд оруулаагүй.

Шүүхийн шийдвэр гарснаас хойш өнөөдрийг хүртэл ажилд эгүүлэн томилоогүй. Би хүн юм чинь нийгмийн харилцаанд орно шүү дээ, амьдралаа залгуулах гээд хаана ч явж болно. Энэ хугацаанд заавал ажил хийсэн, цалин аваад байгаа учраас бид нар мөнгийг нь өгөхгүй гэдэг нь ёс зүйгүй үйлдэл. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

2. Хариуцагч С.... газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

М.Э нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын даргатай очиж уулзаж, асуудлаа шийдвэрлүүлж, өөрийнхөө төлөө явах үүргээ биелүүлэхгүй, шүүхийн шийдвэрээр олговроо шийдвэрлүүлээд явах сонирхолтой байгаа. М.Э ажиллаж байсан ажлын байр өөр ажлын байртай нэгтгэгдсэн, бид сонгон шалгаруулалт зарлаагүй гээд шүүхэд ялагдсан. М.Э энэ хугацаанд ажил хийгээд явдаг, нийгмийн даатгалын бичилтээр нотлогдох ёстой. Энэ талаар шүүхийн журмаар гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүгч хангаж шийдвэрлээгүй. Тиймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

3. Нэхэмжлэгчээс шүүхэд улсын тэмдэгтийн хураамж 95,555 төгрөг төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2021/00955 дугаар шийдвэр, Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/140 дугаар “М.Э албан тушаалд томилох тухай” тушаал, М.Э-ын Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргийг нотлох баримтаар өгсөн.

Хариуцагчаас шүүхэд 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 3/1838 дугаар албан бичгээр З газрын Төрийн захиргааны хэлтсийн Хууль зүйн тасгийн дарга П.Б олгосон итгэмжлэл, хариу тайлбар зэргийг гаргаж өгсөн.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

“Шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоогдсон боловч хариуцагч С....р нь одоо хүртэл ажилд томилоогүй тул 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалинг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх үүрэгтэй” гэх үндэслэлээр тодорхойлжээ.

3. Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

“Нэхэмжлэгч М.Э Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргатай асуудлаа шийдвэрлүүлж, өөрийнхөө төлөө явах үүргээ биелүүлэхгүй, очиж уулзахгүй атлаа шүүхээр олговроо шийдвэрлүүлээд явах сонирхолтой байгаа. Тиймээс хүлээн зөвшөөрөхгүй” гэх тайлбар гаргасан.

4. Зохигчид М.Э Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, хэрэгжилт, гүйцэтгэлийн хяналт шинжилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг даалгасан шүүхийн шийдвэр гарсан боловч хариуцагч уг шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, М.Э нь урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн томилогдоогүй, дээрх шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч М.Э1 сарын дундаж цалинг 545,107 төгрөгөөр тогтоосон үйл баримтад маргаагүй.

Харин нэхэмжлэгч М.Эр дээрх хугацаанд өөр ажил эрхэлж, цалин хөлс авч байсан эсэх, энэ нь хариуцагчаас цалинтай тэнцэх олговрыг олгохгүй байх үндэслэл болох эсэх нь маргааны зүйл болжээ.

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч М.Э нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, хэрэгжилт, гүйцэтгэлийн хяналт шинжилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд ажиллаж байгаад ажлаас халагдан, шүүхэд нэхэмжлэл гаргаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 196 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 300 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн захиргааны хэргийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 305 дугаар тогтоолоор ...нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалд хуульд зааснаар шалгаруулан томилох, захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирол 6 207 186 төгрөгийг олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг тус тус Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын даргад даалгаж... шийдвэрлэсэн байх ба шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй” гэж заасан тул М.Э-ыг “Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хэрэгжилт, гүйцэтгэлийн хяналт шинжилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд хуульд зааснаар шалгаруулан томилох” шүүхийн шийдвэрийг ажил олгогч С... газар заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг ажил олгогчоос биелүүлэх хүртэлх хугацаа Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасан ажилгүй байсан бүх хугацаанд хамаарна.

 

Нэхэмжлэгч М.Э нь хариуцагч С....газарт холбогдуулан анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговрыг тус шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2019/01260 дугаар шийдвэрээр, 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговрыг тус шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2020/01162 дугаар шийдвэрээр, 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговрыг тус шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2021/00955 дугаар шийдвэрээр тус тус шийдвэрлүүлжээ.

6. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан тул нэхэмжлэгч 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговор шаардах эрхтэй.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг өөр ажил эрхэлж, түүнээсээ цалин хөлс авсан тохиолдолд уг олговрыг авах үндэслэлгүй гэж маргаж байх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг ажил олгогч нь сайн дураар биелүүлээгүйтэй холбоотой үүсч буй шаардах эрх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

Хариуцагч С....газар нь М.Э-ыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь хуульд заасны дагуу сонгон шалгаруулалт зарлаагүй, эгүүлэн томилоогүй болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргаж буй тайлбараар нотлогдож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.” гэж заасныг баримтлан нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговрыг олгож шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин 545,107 төгрөг болох нь дээрх шүүхийн шийдвэрүүдээр тогтоогдсон, уг шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан.

 

Иймд нэхэмжлэгч М.Э-ын 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг тооцоход нийт 5,032,732.05 боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 5,029,580 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй гэж заасанд үндэслэн нэхэмжлэгчийн мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр хариуцагч байгууллага нь төлөх нь зүйтэй.

 

Иймд хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт нийт 5,029,580 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Э-т олгон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн тухай бичилт хийлгүүлэх нь зүйтэй байна.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч М.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95,555 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас 95,555 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Э-т олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас 5,029,580 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Э-т олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар М.Э-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг С... газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч М.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95,555 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас 95,555 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Э-т олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ЭНХЦЭЦЭГ