| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 181/2020/00215/и |
| Дугаар | 181/ШШ2022/00494 |
| Огноо | 2022-03-14 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 181/ШШ2022/00494
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Архангай аймаг, Эрдэнэбулган сум, ... дугаар баг, Цогт-Уулын .... дугаар гудамж, .... тоот хаягт оршин суух ... овогт Э.Б /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ... дугаар хороо, цолмонгийн ... гудамж, ...а тоот хаягт оршин суух Т... овогт Б.Ш /РД:.../-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Н.Б,
Хариуцагч: Б.Ш,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Мөнхцацрал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Э.Б нь хариуцагч Б.Ш холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Би 2016 онд Б.Ш танилцаж, ... оны ... дүгээр сарын ..-ны өдөр өөрийн том хүү Ш.Ц, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр бага хүү Ш.Б төрүүлсэн.
Бид хоёрын хувьд гэрлэлтийн баталгаа байхгүй. Б.Ш бид хоёр хамт амьдарсан хугацаа маш бага, би Улаанбаатар хотод Амгаланд эмээгийндээ амьдарч Б.Ш над дээр ирэн очдог байсан. Би хүүхдүүддээ Архангай аймагт төрүүлсэн. 2020 оны 07 дугаар сард Б.Ш өөрийн ээжтэйгээ манайд ирэхдээ намайг болон хүүхдүүдээ авч явна гээд ирсэн. Миний ээж монгол ёсоор хадаг тавьж гуйгаагүй учир явуулахгүй гэж хэлсний төлөө Б.Ш ээж намайг болон гэр бүлийг өнөө маргаашгүй нурж унах гэж байгаа балгас болсон байшинд амьдардаг гэж доромжилж түүнээс хойш утсаар дарамталдаг болсон. 2020 оны 09 дүгээр сард болж бүтнэ гээд хүүхдүүдээ дагуулаад Улаанбаатар хотод ирсэн. Тэгээд 14 хоног хамт амьдрах хугацаанд Б.Ш намайг заналхийлж, хэрүүл хийж, гар хүрдэг болсон.
Тиймээс би Б.Шзан араншингийн улмаас цаашид хамт амьдрах боломжгүй. 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Б.Ш ажил дээрээ байхдаа над руу залгаж орой очоод тооцоотой, очиж байгаад ална гэж заналхийлж, би айсандаа хоёр хүүхдээ аваад зугтсан.
Би 2021 оноос Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт ажилд орж хамт олны итгэл найдварыг олж Дархан-Уул аймагт суралцахаар болсон. Би Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт ажлын байртай, өөрийнхөө төлөө биш үр хүүхдийнхээ төлөө суралцаж байна.
Миний бие Б.Ш дараах байдлаар тохиролцсон бөгөөд би 4 настай Ш.Ц, 2 настай Ш.Б нарыг өөрийн асрамжид байлгах, Б.Ш хүүхдүүдтэйгээ уулзаж байх, гэхдээ цэцэрлэг сургуультай байхад өгч явуулах боломжгүй. Мөн Б.Ш-аас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж, хоёр хүүхдийнхээ хадгаламжид хийхээр харилцан тохиролцсон тул шүүх шинжээч томилохгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.
2. Хариуцагч Б.Ш-д нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би 2016 онд барилгын даамал мэргэжлээр ажиллаж байхдаа Э.Б-тэй танилцаад 2016 оноос 2019 оны 05 дугаар сар хүртэл амгаланд байрлах эмээгийнх нь гэрт амьдардаг байсан. Би архи, тамхи хэрэглэдэггүй, гэр бүлийн маргааны улмаас сэтгэл санаагаар унаж пиво уух болсон. Би үр хүүхдүүддээ муухай зан гаргаж, загнаж, зодож байсан үйлдэл байхгүй.
Э.Б-гийн эгч Архангай аймагт эмнэлэгт ажиллаж байсан учир аав ээжийнхээ хажууд очиж төрнө гээд Архангай аймагт төрсөн. Би хэрэгтэй байсан бүх зүйлийг өгдөг байсан. Би Архангай аймагт Э.Б-ийн гэрийнхэнд хөөгдөж туугдан барин дандаа очдог байсан. Миний уурлаад байдаг шалтгаан нь халуун дулаан уур амьсгалтай гэр бүлтэй байлгахыг хүсээд би Э.Б-т уурладаг байсан, надтай хүн шиг ярилцаж байгаагүй. Э.Б-ийн эцэг эхэд уурласан нь миний буруу, хүлээн зөвшөөрч байна. Би хоёр хүүхдээсээ хол байна гэхээр миний сэтгэл санаанд багтахгүй байна. Би сая хүүхдүүд дээрээ очиход миний хүүхдүүд намайг маш их санасан байсан.
Э.Б-тэй миний хүссэн үед хүүхдүүдтэй уулзуулж байхаар тохиролцсон. Сургууль, цэцэрлэгтэй байх үед уулзахгүй гэж тохиролцоогүй. Би сүүлийн 2 сарын хугацаанд тэтгэлэг төлөөгүй, гэхдээ би цаашид тэтгэлэг өгч эцэг хүний үүргээ биелүүлнэ. Надад хүүхдүүдээсээ харамлах зүйл байхгүй. Тиймээс хүүхдүүдтэйгээ хүссэн үедээ уулзах хүсэлтэй байна гэв.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 140,400 төгрөг төлсөн баримт, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгийн тодорхойлолт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Архангай аймгийн Ар-мөнхжин ӨЭМТ-ийн тодорхойлолт, Ш.Цогжавхлангийн төрсний бүртгэлийн лавлагаа, Ш.Баяржавхлангийн төрсний бүртгэлийн лавлагаа, Анагаахын Шинжлэх ухааны үндэсний их сургуулийн суралцагчийн тодорхойлолт, гэрэл зураг зэрэг баримтуудыг нотлох баримтаар өгсөн.
Хариуцагчаас иргэний үнэмлэхийн лавлагаа, хариу тайлбар, Л.Майцэцэгийн Хаан банкны 5321010305 тоот дансны хуулга, гэрэл зураг зэрэг баримтуудыг нотлох баримтаар өгсөн.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2.Нэхэмжлэгч Э.Б нь хариуцагч Б.Ш-д холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байна.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Э.Б, хариуцагч Б.Ш нар нь 2013 онд танилцаж хамтран амьдарч байх хугацаандаа ... оны .. дүгээр сарын ..-ны өдөр хүү Ш.Ц, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр хүү Ш.Б нарыг төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. /хх11,13/
Ш.Цо, Ш.Б нар нь эх Э.Б-ийн асрамжид эрүүл бойжиж байгаа болох нь зохигчийн тайлбар, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.
4. Хавтаст хэргийн 14-33, 42-61, 92, 102-111 дугаар хуудсан дахь баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
5. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.-д “Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ.” гэж заажээ.
Нэхэмжлэгч Э.Б, Б.Ш нар нь гэрлэлтээ бүртгүүлэлгүй хамтран амьдарч байх хугацаандаа оны ... дүгээр... сарын -ны өдөр хүү Ш.Ц, оны ...дугаар сарын ..-ны өдөр хүү Ш.Б нарыг төрүүлсэн бөгөөд зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаантай байсан тул шүүх Архангай аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын шинжээчээр томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид хүүхдийн асрамжийн талаар тохиролцож, шинжээч томилуулах шаардлагагүй гэх тайлбарыг шүүхэд ирүүлснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулсан.
Хариуцагч Б.Ш нь хүү Ш.Ц, Ш.Б нарыг эх Э.Б-ийн асрамжид үлдээхийг зөвшөөрч, маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасны дагуу зохигчдыг хүүхдийн асрамжийн талаар тохиролцсон гэж үзэж, 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн хүү Ш.Цогжавхлан, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү Ш.Баяржавхлан нарыг эх Э.Б-ийн асрамжинд үлдээхээр шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасан. Хүүхдийн тэтгэлгийн асуудал нь хуульд зааснаар хүүхдийг байнгын асран халамжлах үүрэггүй байгаа эцэг болон эхэд хуулиар оногдуулж байгаа үүрэг юм.
Шүүх насанд хүрээгүй хүү Ш.Ц, Ш.Б нарыг эх Э.Б-ийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн тул эцэг Б.Ш-аас Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан хувь хэмжээгээр тэтгэлэг гаргуулан Ш.Цо, Ш.Б нарыг сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ш-аас 140,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Б-т олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр төрсөн хүү Ш.Ц /РД: /, .. оны .. дугаар сарын .ны өдөр төрсөн хүү Ш.Б /РД:/ нарыг эх Э.Б-ийн асрамжинд үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг тус тус баримтлан Ш.Ц, Ш.Б нарыг 11 нас хүртэл тухайн бус нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Ш-аар тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4, 26.6-д тус тус зааснаар Э.Б Б.Ш нарт хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх; хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх; хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох; хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр хадгалагдахыг дурдаж, хэн нэг нь хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нөгөөдөө саад учруулахгүй байхыг тэдэнд үүрэг болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 7 хоногийн дараа бичгэн хэлбэрээр гарсан шийдвэрийг талууд 14 хоногийн дотор өөрсдөө ирж гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, заасан хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ