| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилсүрэнгийн Оюунтуяа |
| Хэргийн индекс | 181/2021/03131/и |
| Дугаар | 181/ШШ2022/00023 |
| Огноо | 2021-12-27 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 181/ШШ2022/00023
| 2021 12 27 | 181/ШШ2022/00023 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: оршин суух, Д.Ч-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: байрлах, НШШГГ-д холбогдох,
НШШГГ 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 21-8/364 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол-ыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Амарбаясгалан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Д.Агийн зорилтот бүлгийн хүмүүсийг хамруулан Буянт ухаа 2 хороололд байранд оруулна гэсэнд нь итгэж, 2 800 000 төгрөгийг 2018.08.22-ны өдрийн 17 цагт Д.Агийн 5058079749 дугаарын дансанд шилжүүлсэн. Гэтэл Д.А нь энэ аргаар олон хүмүүсийг хууран мэхэлж мөнгө авсан залилангийн гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр шүүх хуралдаан болж шүүхийн шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэр гарсны дараахан Ковид-19 халдварт өвчний улмаас УБ хотод хөл хорио тогтоосон. Дээрээс нь би өөрөө өвдөж эмнэлэгээр явсан учраас шүүхийн шийдвэрийг гүйцэтгүүлэхээр явж чадаагүй. Гэтэл 8 дугаар сард шийдвэр гүйцэтгэгч С.Бямба-Эрдэнэ гэж хүн утасдаад ирээд уулз гэсний дагуу очиж уулзахад зардлын гэрээ 2 хүнтэй байгуулчихсан тул энэ хоёр хүний төлбөрийг бүрэн барагдуулсны дараа таны төлбөрийг барагдуулах ёстой. Одоо таньтай гэрээ байгуулахгүй гэж хэлсэн. Тэгээд шийдвэр гүйцэтгэгч С.Бямба-Эрдэнэ нь намайг өргөдөл бич гээд өөрөө бичих үгийг хэлж өгөөд надаар бичүүлсэн.
Төлбөр төлөгч гээд л юм бичүүлээд байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гомдол гаргах эрхгүй мэтээр бичүүлээд байхаар нь гайхаад яагаад ийм юм бичүүлээд байгаа юм бэ? гэж асуутал надад таны энэ мөнгө амархан олдохгүй, өмнө чинь 2 хүн байгаа учраас гээд өөрөө үг бүрийг нь хэлж өгч надаар төлбөр төлөгч Д.А бид 2 тохиролцсон мэтээр өргөдөл бичүүлж авсан.
Надад 2021.08.16-ны өдөр 500 000 төгрөг орж ирсэн. Удалгүй гэрийн хаягаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тогтоолыг ирүүлсэн. Би өөрөө хүсээгүй байхад намайг хүсэлт гаргасан гэх үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байсан. Иймд НШШГГ 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 21-8/364 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол-ыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч НШШГГ итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 80 дугаар шийтгэх тогтоолоор Д.А-аас 2.800.000 төгрөгийг гаргуулж Д.Ч-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр авагч Д.Ч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 118 дугаар зүйлд зааснаар хохирлоо гаргуулан авахын тулд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлын гэрээг заавал байгуулах үүрэгтэй.
Би төлбөр авагч Д.Чийг дарамталж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлт бичүүлээгүй. Төлбөр төлөгч Д.А хорих ял эдэлж байгаа түүнээс гаргуулсан 500,000 төгрөгийг аваад төлбөрийн үлдэгдэл 2,300,000 төгрөгийг төлбөр төлөгч Д.Атай харилцан тохирч төлүүлэх боломжтой талаар танилцуулахад Д.Ч зөвшөөрсөн тул тус газрын данснаас 500,000 төгрөгийг Д.Чийг зардлын гэрээ байгуулсан эсэхээс үл хамаарч шилжүүлсэн.
Төлбөр авагч Д.Чийн 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон.
Би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасны дагуу дуусгавар болгох тухай шийдвэрт гомдол гаргах эрхгүй болохыг Д.Чт мэдэгдэж, тэмдэглэл хөтөлж, дуусгавар болсон тогтоолын хуулбарыг баталгаат шуудангаар хүргүүлсэн.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т ...Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхээс бусад тохиолдолд энэ хуулийн 29.1.1, 29.1.2, 29.1.3, 29.1.4, 29.1.8-д заасны дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай шийдвэрт гомдол гаргах эрхгүй... гэж энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан.
Энэ хуулийн 30 дугаар зүйлд Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулах тухай заагаад 30.1-т ...Энэ хуулийн 27.1, 27.2-т заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл арилсан тохиолдолд төлбөр авагч, эсхүл шийдвэр гүйцэтгэгчийн хүсэлтээр, түүнчлэн энэ хуулийн 29.1.8, 29.1.9-т заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэл арилсан, эсхүл төлбөр төлөгч тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой эвлэрлийн гэрээг зөрчсөн бол төлбөр авагчийн хүсэлтээр ахлах шийдвэр гүйцэтгэгч тогтоол гаргаж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулна... гэж заасан.
2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс өмнө талууд харилцан тохирч, эвлэрч дуусгавар болсон гүйцэтгэх баримт бичигт явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэг удаа сэргээн явуулж болж байгаа бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн нэмэлт орсон өдрөөс хойш харилцан тохирч, эвлэрч дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх боломжгүй болсон.
Мөн төлбөр авагч Д.Чийн 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр бичгээр гаргасан хүсэлтэд ...Д.Аг ял эдэлж байгаа тул хувиараа төлбөрөө гаргуулж авах... талаар дурдаад, төлбөр төлөгч Д.Атай биечлэн уулзаж, харилцан тохирч, эвлэрсэн эсэхээс үл хамаарч төлбөр авагч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлт гаргасан тул хэргийг хаасан.
НШШГГ зүгээс нэхэмжлэгч Д.Чийг төлбөр төлөгч Д.Агаас авах төлбөрийн үлдэгдэл 2.300.000 төгрөгөө авч чадаагүй байгаагаас үл хамаарч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу сэргээн явуулах боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Ч нь хариуцагч НШШГГт холбогдуулан тус газрын 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 21-8/364 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол-ыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийг шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 80 дугаар шийтгэх тогтоолоор Даваажавын Ариунаагаас 2 800 000 төгрөгийг гаргуулж Д.Чт олгохоор шийдвэрлэж /хх-8-16, 34-51х/, тус шүүхийн 2021.03.04-ний өдрийн 301 дугаар гүйцэтгэх хуудас бичигдэж /хх-33х/, НШШГГ 2021.03.09-ний өдрийн 21370158 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна. /хх-52х/
Уг шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагч Д.Чт 500 000 төгрөгийг олгосон /хх-54х/ талаар зохигч маргаагүй бөгөөд НШШГГ 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 21-8/364 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол-оор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 дэх заалтыг үндэслэн төлбөр төлөгч Д.Ад холбогдох 21370158 дугаартай гүйцэтгэх баримт бичигт явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцжээ. /хх-20,57х/
Нэхэмжлэгч Д.Ч нь шийдвэр гүйцэтгэгч С.Бямба-Эрдэнэ намайг өргөдөл бич гээд өөрөө үг бүрийг нь хэлж өгч надаар төлбөр төлөгч Д.Атай тохиролцсон мэтээр өргөдөл бичүүлж авсан, би төлбөр төлөгч Д.Атай тохиролцоогүй, надад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгуулах хүсэл зориг огт байгаагүй гэж үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бямба-Эрдэнэ эс зөвшөөрч маргаж байна.
НШШГГ 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 21-8/364 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол-ыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгч гаргасан тул нэхэмжлэгч Д.Ч нь уг тогтоолыг хүчингүй болгуулах тухай гомдлоо дээд шатны албан тушаалтан болох НШШГГ даргад гаргасан нь мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-д нийцсэн байна.
Учир нь: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-д Шийдвэр гүйцэтгэх албаны дарга нь ерөнхий шийдвэр гүйцэтгэгч байна гэж заасан. Нэхэмжлэгч Д.Ч НШШГГ 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 21-8/364 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол-ыг хүчингүй болгуулахаар НШШГГ даргад нь гомдол гаргахад намайг дуудаж уулзаад таны бичсэн хүсэлтийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байгаа тул хүчингүй болгох үндэслэлгүй гэх хариу өгсөн гэж тайлбарлаж байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-д заасны дагуу гомдол гаргаж шийдвэрлүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д Ахлах шийдвэр гүйцэтгэгч дараахь үндэслэлээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн дуусгавар болсонд тооцож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаана: 29.1.4.төлбөр төлөгч төлбөр авагчтай эвлэрч, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан гэж зохицуулсан байна.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар төлбөр төлөгч Д.А, төлбөр авагч Д.Ч нар төлбөрийнхөө талаар эвлэрсэн, төлбөр авагч Д.Чийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэл зоригийг илэрхийлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Мөн Д.Чийн 2021.08.12-ны өдөр бичсэн хүсэлт /хх-17-18, 55х/-ийг шийдвэр гүйцэтгэгч С.Б зааварчлах байдлаар бичүүлсэн байх тул түүний хүсэл зориг гэж үзэх үндэслэлгүй юм.
Иймд НШШГГ 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 21-8/364 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Д.Чийн уг тогтоолыг хүчингүй болгуулах тухай гомдлыг хангах шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-д заасны дагуу НШШГГ 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 21-8/364 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгч Д.Чийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Чт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг хуульд заасан журмын дагуу гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н. ОЮУНТУЯА