Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 44

 

 

Б.Цод холбогдох

эрүүгийн хэргийн тухай     

       

            Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

 

            Прокурор: Б.Мөнгөнтуяа,

            Яллагдагчийн өмгөөлөгч: Ж.Жаргалсайхан,

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ууганбаяр нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2020/ШЗ/193 дугаар шүүгчийн захирамжтай, яллагдагч Б.Цод холбогдох, эрүүгийн 2019000000078 дугаартай, 1 хавтас, 86 хуудас бүхий хэргийг прокурор Б.Мөнгөнтуяагийн эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Яллагдагч: Монгол Улсын иргэн, Б.Ц-д холбогдуулан Дорноговь аймгийн прокурорын газрын прокурор Б.Мөнгөнтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Яллагдагч Б.Ц нь 2020 оны 03 дугаар сарын 23-25-ны үед архидан согтуурсан үедээ Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Э.Отэй маргалдаж  түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх: Яллагдагч Б.Цод холбогдох эрүүгийн 2019000000078 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр аймгийн Прокурорын газарт буцааж,

 

хэргийг прокурорт очтол яллагдагч Б.Цод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр,

 

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж,

 

шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл прокурор хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Мөнгөнтуяа нь давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шүүгчийн захирамж нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд: 1. Яллагдагч Б.Цын өмгөөлөгчийн хүсэлтээр 2020 оны 07-р сарын 08-ны өдөр хянан хэлэлцэгдсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд оролцсон хохирогч Э.О нь “...Хөдөө зодуулсны дараа түргэний машин Отгонболдынд очсон. Би тэр үед байгаагүй. Би хөдөө манай хойд талд байдаг Э.Бынд очсон байсан. Отгонболдын гэр Гүршанд гэх газарт байдаг. Отгонболдын гэр Э.Бын гэрээс 4-5 км зайд байдаг. Түргэний эмч ирчихээд дуудаад байхаар нь би тухайн үед гомдол гаргах шаардлага байхгүй гэдэг үндэслэлээр очоогүй. Би өөрөө гомдол гаргаагүй, манай эмээ И.Чулуунбуд гэх хүн гомдол гаргасан. Гэхдээ миний нүүрэн тус газарт Б.Ц нь цохиж гэмтэл учруулсан...” гэж мэдүүлсээр байхад шүүх Сайхандулаан сумын Цохио бригадын Гүн шанд гэх газар нутаглаж байсан Отгонболдын хэсгийн цагдаа болон түргэний эмч очсон эсэх, очсон бол хохирогч Э.Од яагаад үзлэг хийгдээгүй болохыг тогтоох гэсэн нь ойлгомжгүй бөгөөд уг мөрдөн шалгах ажиллагааг явуулснаар тухайн хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдалд нотолгооны ямар ач холбогдолтой болохыг шүүх дүгнэж үзээгүй байна. 2. Хохирогч Э.О, гэрч Э.Э.Б, гэрч О.О, яллагдагч Б.Ц нар нь гэмт хэрэг гарах үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, мөн Э.О, Б.Ц нарыг маргалдан, зодолдох үед гэрч Э.Э.Б нь гэрийн гадаа хохирогч, яллагдагч нарыг маргалдаж байх явцад, гэрч О.О нь гэрээс гарахад Э.О, Б.Ц нар нь заамдалцаад зогсож байсныг тус тус харсан гэж мэдүүлснээс дүгнэхэд тухайн гэрч нарын зүгээс уг зодооныг харсан байх цаг хугацаа, харах өнцөг, тэдгээрийн согтуурлын түвшин, болсон явдлыг хэрхэн тусгаж ойлгосон болон санаж байгаа зүйлээ хэрхэн илэрхийлэх чадвар зэргээс харгалзан мэдүүлгийн хувьд зөрүү гарсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ гэрч Э.Э.Б, О.О С.Отгонням нарын мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...мэдүүлэгт ноцтой зөрүү байвал...” гэсэн шаардлагад нийцэхгүй юм. Өөрөөр хэлбэл яллагдагч Б.Ц нь хохирогч Э.Огийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэх үйл баримтын нөхцөл байдал нь дээрх гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогдсон байдаг. 3. Хохирогч Э.О нь 2020 оны 04-р сарын 22-ны өдөр мотоциклиос унах үед хамар ясны хугарал гэмтэл учирсан тохиолдолд түүний нүүрэн тус газарт зулгаралт, няцралт үүссэн байх боломжтой атал шинжээчийн дүгнэлтэд энэ талаар нэг ч гэмтлийн шинжтэй ул мөрийг дурдаагүй байгаа нь хохирогч Э.О нь мотоциклиос унах үедээ хамран тус газраа гэмтэл аваагүй болохыг харуулж байна. Өөрөөр хэлбэл 2020 оны 04-р сарын 22-ны өдрөөс хойш 6 хоногийн дараа хохирогч томографийн зураг авахуулсан байдаг. Иймд хохирогч Э.Огийн эрүүл мэндэд учирсан гэх хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, тархи доргилт гэмтлүүд нь 2020 оны 04-р сарын 22-ны өдөр түүний мотоциклиос унасан гэх үйлдэлтэй шалтгаант холбоогүй. 4. Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05-р сарын 01-ний өдрийн 02/0108 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...тогтоогдсон гэмтлүүд нь хэзээ, хэрхэн ямар байдлаар үүссэн болохыг тогтоох болон шинэ хуучны аль нь болохыг тогтоох боломжгүй.” гэж дурдсан байх тул дахин шинжээчийн дүгнэлт гаргах шаардлагагүй юм. 5. Яллагдагч Б.Ц нь ...Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07-р сарын 10-ны өдрийн 30 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 02 сар 06 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагдаж хяналт тогтоогдсон болох нь хавтаст хэргийн 32-39-р хуудсанд авагдсан шийтгэх тогтоолын хуулбар, 16-р хуудсанд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, 49-р хуудсанд авагдсан Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 06-р сарын 16-ны өдрийн 01/796 тоот албан бичгээр тогтоогдсон байх тул түүний хорих ялаас хугацааны өмнө суллагдаж, хяналт тогтоогдсон захирамжийг хэрэгт хавсаргаснаар түүнд оногдуулах ял шийтгэлд нөлөөлөх ач холбогдолгүй. Иймд анхан шатны шүүхийн 2020 оны 07-р сарын 08-ны өдрийн 2020/ШЗ/193 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн” гэв.

 

Яллагдагчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн хувьд тус шүүгчийн захирамж нь хууль зөрчөөгүй, хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь түргэний эмч ирээд хохирогч Э.Ог үзсэн эсэх асуудал нь цаг хугацааны хувьд зөрүүтэй. Өөрөөр хэлбэл уг хэрэг маань 2020 оны 03-р сарын 22, 23-ны өдөр гарсан байдаг. Гэтэл түргэний эмч 2020 оны 04-р сард буюу Э.О нь тухайн үед мотоциклоос унаад осолд орсон үед очиж үзлэг хийсэн нөхцөл байдал харагддаг. Уг гэмтэл авсан цаг хугацаа маань тодорхой бус буюу Цацралболдын үйлдлээс болсон уу, тухайн үеийн ослын улмаас гэмтэл авсан уу гэдэг нь тодорхойгүй. Э.О нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад цагдаа, түргэний эмч нар нь аваарт орсны дараа очсон гэх асуудал ярьдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэг нь хэдийд, ямар байдлаар, яаж гарсан цаг хугацаа тодорхой бус хууль зүйн энэ шаардлага тодорхойгүй. Иймд шүүгчийн захирамжийн 1 дэх заалтад энэ асуудлыг тодруулж шалгах шаардлагатай гэсэн нөхцөл байдал хөндөгдсөн нь хууль зүйн үндэслэлтэй.  Мөн мэдээллийг хэзээ, ямар байдлаар авсан гэх асуудал ярьдаг. Тухайн үед Цацралболд нар зодолдоод тодорхой хэмжээний гэмтэл аваагүй байхыг үгүйсгэх аргагүй. Тийм учраас хохирогч нуусан байх үндэслэлтэй. Мөн Э.Огийн өөрийнх нь тайлбараар дараа нь Э.О нь 04-р сард аваарт ороод түргэн дуудсан байдаг. Тухайн үед хэсгийн цагдаа түргэний эмчтэй очсон энэ ул мөрөөр тус хэсгийн төлөөлөгч дээрх асуудлыг хөндөж шалгасан. Нэгэнт тухайн цаг хугацаа хууль зүйн үндэслэлээр бодитой нотолж тогтоогдож чадаагүй. Тухайн тусламжийн дуудлага хэзээ хойно очсон нөхцөл байдал байдаг. Дээрх хэргийн дараа тухайн аваарын хэрэгтэй холбоотой осол болсон боловч тухайн үед ямар нэгэн гэмтэл аваагүй гэдгийг Э.О өөрөө ярьдаг. Түүнээс энэ талаар бусад нэр бүхий гэрчүүдийг шалгаж нотолсон үндэслэл байхгүй. Иймээс зөвхөн Э.Огийн мэдүүлэгт тулгуурлаж аваарын хэргээс гэмтэл учраагүй, зөвхөн Цацралболдын үйлдлээс гэмтэл авсан юм байна гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Тийм учраас тухайн хөнгөн гэмтэл яг аль үед учирсан, ямар үйлдлээс шалтгаалж хор уршиг учирсан бэ гэдгийг нарийвчлан тогтоох шаардлагатай. Э.О нь урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар 2020 оны 04-р сарын 24-ний өдөр аваарт орсон. Түүнээс өмнө Цацралболдын үйлдлээс хөнгөн гэмтэл авсан гэдэг боловч энэ нь авцалдаагүй. Өөрөөр хэлбэл Цацралболд 2020 оны 04-р сарын 10-ны өдрөөс хойш гэх зүйл ярьдаг. Миний хувьд цаг хугацааны хувьд зайлшгүй шалгах шаардлагатай гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан нэр бүхий гэрчүүдийн мэдүүлгүүд маш зөрүүтэй байдаг. Иймд гэрч нарын мэдүүлгүүдийн зөрүүг арилгах, улмаар уг осол болсон асуудлын талаар нэр бүхий гэрчүүдээс тодруулах нь зүйтэй. Тухайлбал гэрч Э.Бын мэдүүлэгт “..тухайн үед Э.Огийн зөвхөн баруун шанаа нь хавдсан. Өөр ямар нэгэн гэмтэл харагдаагүй...” гэдэг. Дээрх мэдүүлэг нь Цацралболдын анх өгсөн мэдүүлэгтэй тохирдог. Өөрөөр хэлбэл нүүрээр нь унагаагаад дэвсэж байсан гэдгийг харсан, үзсэн гэрч байдаггүй. Гагцхүү Э.Огийн гэр бүлийн хүн болох хүний мэдүүлэгт энэ тухай байдаг. Ийм учраас энэ маш учир дутагдалтай гэдгийг хэлмээр байна. Мөн Отгонболд тухайн үед Э.Отэй хамт яваад аваар осолд орсон тухай яригддаг. Иймд дахин тодруулж асуух шаардлагатай. Мөн амбулаториор эмчлүүлэгчдийн картад тухайн хэргийг 2020 оны 03-р сарын 23-ны өдөр болсон гэдэг. 2020 оны 04-р сарын 28-ны өдөр үзэж харуулсны улмаас эрүүгийн хэрэг үүссэн. Иймд цаг хугацааны нөхцөл байдалд харьцангуй үнэлэлт дүгнэлт хийх нь чухал. Хөнгөн гэмтлийн хувьд дөрвөн долоо хоногоос илүүгүй хугацаанд байдаг. Гэтэл үүнээс хойш сар гаруй хугацааны дараа энэ асуудал хөндөгдөж байгаа нь ямар учиртай юм бэ. Магадгүй ослын улмаас уг гэмтлийг авчхаад үүнийг нуун дарагдуулж байтал эмч, цагдаа нарын ул мөрөөр энэ хэрэг сэргээгдэхэд Цацралболдтой холбоотой үйлдэлтэйгээ холбож асуудлыг хөндөж дээрх нөхцөл байдлыг үүсгэж, үндэслэлгүйгээр хүний эрхийг хөндсөн байж болох юм гэх хардалт төрөөд байна. Ийм учраас хэргийг дахин зайлшгүй шалгах шаардлагатай гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангахаар шийдвэрлэлээ.  

 

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед шүүгчээс “Хэргийг прокурорт буцаах” тухай захирамж гаргасан байх ба уг захирамжид;

 “...Цацралболд, Э.О нарын зодолдсон гэх цаг хугацаанд буюу 2020 оны 3 сарын 23-25-ны үед Сайхандулаан сумын Цохио бригадын Гүн шанд гэх газар нутаглаж байсан Отгонболдын хэсгийн цагдаа болон түргэний эмч очсон эсэх, очсон бол хохирогч Э.Од яагаад үзлэг хийгдээгүй болох,

гэрч Э.Э.Б, О.О, С.Отгонням нарын мэдүүлэг зөрүүтэй байх тул Цацралболд, Э.О нар хэдэн удаа, хаана зодолдсон болохыг,

Цацралболд Э.Огийн нүүр лүү дэвсэх үед Э.Б хаана байсан болохыг тогтоох,

хохирогч Э.О 2020-04-22-нд мотоцикльтой явж байгаад осол аваарт орсон эсэхийг шалгах,

хохирогч Э.О 2020.03.23-25-ны үед эсхүл 2020-04.22-нд хамар ясны хугарал гэмтэл авсан байх боломжтой эсэхийг шинжээчийн дүгнэлт гаргуулах,

Цацралболдын хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан шүүгчийн захирамжийг хэрэгт хавсаргах” гэжээ.

 

 Захирамжид дурдсан дээрх нөхцөл байдлыг “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх зайлшгүй шаардлагатай” гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Учир нь энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдохгүй байх ба анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хохирогч Э.О, гэрч Э.Э.Б, О.О нарыг оролцуулан мэдүүлгийг тодруулах боломжтой.

 

Өөрөөр хэлбэл мөрдөгчөөс хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүйн гадна анхан шатны шүүх, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүх хуралдаанд хохирогч, гэрч, шинжээч нарыг оролцуулах буюу хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар мөн шинжээчээс гаргасан дүгнэлтийнх нь талаар тайлбарлуулах, эсхүл тодруулах зорилгоор мэдүүлгийг нь авах, мөн шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгах асуудлыг шүүгчээс шийдвэрлэх боломжтой юм.    

 

Тиймээс анхан шатны шүүхээс нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх хуульд заасан шаардлагыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах, өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлтийг шинжлэн судалж, тухайн яллагдагчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг хянаж үнэлэн, хэргийн үйл баримтыг тогтоох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Харин прокуророос яллагдагч Б.Цын хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан шүүгчийн захирамжийг анхан шатны шүүхэд гаргаж өгч, хэрэгт хавсаргахыг магадлалд тэмдэглэж байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 39.6 дугаар зүйлийн 1, 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2020/ШЗ/193 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, прокурор Б.Мөнгөнтуяагийн эсэргүүцлийг хангасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 14.2, 14.3 дугаар зүйлд зааснаар яллагдагч Б.Цод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

 

                                                ШҮҮГЧИД                                   А.САЙНТӨГС

 

                                                                                                    Н.БОЛОРМАА