Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 51

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2017/0058/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "Б" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга:                           Н.Болор-Уянга,

Улсын яллагч:                                           Д.Энх-Амар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч:                         Д.Оюунцэцэг

Шүүгдэгч:                                                    Б.Баяртөгс нарыг оролцуулан

Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Баяртөгсөд холбогдох 201723000020 тоот эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд 1977 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот баг хөдөө хэсэг гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй Бишрэлт овогт Бадарчингийн Баяртөгс /РД: СУ77011675/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар / яллах дүгнэлтэнд дурдсанаар /

Шүүгдэгч Б.Баяртөгс нь давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр 2016 оны 12 дугаар сард, 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрүүдэд иргэн Б.Баярсайханы өмчлөлийн хонгор зүсмийн зүүн талын гуян дээрээ онгин тамгатай их насны морийг унаж ашиглан Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн нутаг “Түмэн” гэх газраас иргэн Х.Хосбаярын өмчлөлийн хонь, ямаан сүргээс эм хонь 19, хуц 1, хурга 12, ямаа 13, ишиг 8 буюу нийт 53 тооны бог мал хулгайлж 4.236.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Э.Хосбаярын мөрдөн байцаалтад өгсөн: ... Би 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өглөө содон зүс бүхий мал дутсан тул бүртгэхэд 53 тооны хонь, ямаа дутсан. Тэгээд хулгайд алдсанаа мэдсэн. ... Тэгтэл Баяртөгс гэгч нь манай малаас 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 22 тооны хонь ямаа хулгайлан авч Батхуяг гэх айлд авчирч тавьсан байна гэдгийг Туулайхүүгээс мэдсэн. Өмнө нь 2016 оны 12 дугаар сарын дундуур 20 тооны хонь, ямааг бас Батхуягын гэрт аваачиж тавьсан байсан. Би 32 тооны хонь, 21 тооны ямаа алдсан. 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр малаа хулгайд алдсан. Яг Баяртөгс хэдэн тооны хонь ямаа хулгайлсан гэдгийг хараагүй учир хэлж мэдэхгүй байна. Гомдол санал байхгүй, нэхэмжлэхгүй зүйлгүй гэсэн мэдүүлэг. /хх-ийн 31хуу/

Гэрч П.Ичинноровын мөрдөн байцаалтад өгсөн: “... Б.Баяртөгс нь 2017 оны 01 дүгээр сарын 06-наас 08-ны өдрүүдэд малаа бэлчээрт гаргаагүй гэдгийг би харсан. Ямар шалтгаанаар бэлчээрт гаргаагүй гэдгийг нь мэдэхгүй. ...” гэх мэдүүлэг. /хх-ийн 32хуу/

Гэрч Ж.Туулайхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 12 цагийн орчим Баяртөгс манай гэрт ирээд намайг хөдөө хүргээд өгөөч бензин хийж өгье гэсэн юм. ... Хэдэн малаа айл дээр тавьж байгаа юм. Зөөж өгөөч бензин хийж өгөөд хөлсөнд нь нэг ямаа өгье гэж хэлэхээр нь би тэгье гэж хэлээд гэрт хүргэж өгчихөөд орой 16 цагийн орчимд буцаад очсон. Тэгтэл 2 дахь удаа явсан болсон гэж хэлээд 2 удаа нийт 12 хонь, 10 ямаа ачиж Батхуяг гэдэг айлын малд аваачиж тавьсан. Нийт 30.000 төгрөгөөр бензин хийлгүүлж 1 хязаалан ямаа хөлсөнд нь авсан. Би хулгайн мал гэж мэдээгүй. Надад хулгайн мал гэж хэлээгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 33-34хуу/

Гэрч Д.Батхуягийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2016 оны 12 дугаар сарын дундуур 10 хонь, 10 ямаа ачиж ирсэн. Эхнэр салаад явсан. Манай тэнд зудтай байгаа учир хэдэн мал танайд тавьчихая гээд гуйгаад байхаар нь зөвшөөрсөн. Тухайн үед цагаан өнгийн портероор ачиж ирсэн. Дараа нь 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хар өнгийн суудлын тэргээр 2 удаа 10 ямаа, 12 хонь авч ирсэн. Нийт 22 хонь 20 ямаа авч ирсэн. Нийт 42 тооны хонь, ямаа авч ирсэн. 2017 оны 01 дүгээр сарын эхээр манай малаас 1 борлон өгөөд бүдүүн ямаа аваад өөрийн малаас 1 хонь аваад явсан. Нийт 2 тооны бог мал авсан. Хаана хэнд авч явсан хонь, ямаа хоёроо өгсөн талаар мэдэх зүй байхгүй ...” гэх мэдүүлэг. /хх-ийн 35-36хуу/

С.Соёл-Эрдэний мөрдөн байцаалтад өгсөн: “... 2016 оны 12 дугаар сарын дундуур Баяртөгс манайд ирээд манай хүүхдүүдийн хонь, ямаа байдаг юм. Тэрийг айлд аваачиж тавих гэсэн юм гээд гуйгаад байхаар нь зөвшөөрөөд нэг удаа явж 10 хонь 10 ямаа тээвэрлэж Батхуяг гэх айлд хүргэж өгсөн. Нийт 20.000 төгрөгөнд бензин хийлгүүлж 1 шүдлэн насны хар зүсмийн ямаа хөлсөнд нь авсан. Би хулгайн мал гэдгийг мэдээгүй. Надад хулгайн мал гэж хэлээгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 37-38хуу/

Хэрэг учралын газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт. /хх-ийн 6-8хуу/

Малын үнэлгээ /хх-ийн 37-39хуу/

Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт, үнэлгээ /хх-ийн 22-25хуу/

Хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 19хуу/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 20хуу/ зэрэг болно.

Шүүгдэгч Б.Баяртөгс нь давтан үйлдлээр 2016 оны 12 дугаар сард, 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрүүдэд иргэн Б.Баярсайханы өмчлөлийн хонгор зүсмийн зүүн талын гуян дээрээ онгин тамгатай их насны морийг унаж ашиглан Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн нутаг “Түмэн” гэх газраас иргэн Х.Хосбаярын өмчлөлийн хонь, ямаан сүргээс эм хонь 19, хуц 1, хурга 12, ямаа 13, ишиг 8 буюу нийт 53 тооны бог мал хулгайлж 4.236.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэрэг учралын газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт, үнэлгээ, хураан авах тогтоол, тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Иймд аймгийн Прокурорын газраас Б.Баяртөгсөд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн байдал, гэмт хэргээ сайн дураар хүлээн мэдүүлсэн болон гэмт хэрэгтээ гэмшсэн зэрэг байдлуудыг нь харгалзан үзлээ.

Хавтаст хэргийн 97 дугаар хуудсанд “... Б.Баяртөгс нь Э.Хосбаяр надад учруулсан хохирол болох 53 тооны хонь ямааг бүрэн гүйцэд төлж барагдуулсан, дахин төлүүлэх зүйлгүй, гомдол санал байхгүй...” гэх баримтыг хохирогч Э.Хосбаяр нотариатаар батлууж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй байна.

Хэрэгт хонгор зүсмийн зүүн талын гуян дээрээ онгин тамгатай их насны морийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн  эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ  НЬ :

1. Шүүгдэгч Бишрэлт овогт Бадарчингийн Баяртөгсийг давтан үйлдлээр бусдын олон тооны малыг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баяртөгсөөс 250.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж 02 жил хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баяртөгсөд оногдуулсан 02 жил хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрдөн байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн  эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хонгор зүсмийн зүүн талын гуян дээрээ онгин тамгатай их насны морийг эзэмшигч Б.Барссайханд буцаан олгосугай.

5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдоогүй, түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай. 

6. Энэ өдрөөс эхлэн шүүгдэгчид авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

 7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Баяртөгсөд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ц.МӨНХТУЛГА