| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 181/2021/02048/и |
| Дугаар | 181/ШШ2022/00474 |
| Огноо | 2022-03-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 181/ШШ2022/00474
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, .. дугаар хороо, Цагдаагийн гудамж, Прогресс төв, .. давхарт, .. тоотод байрлах, “З..м” ХЗХ /РД:../-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, .. дүгээр хороо, бэнт .. айл гудамж, .. тоот хаягт оршин суух .. овогт Х.О /РД:.../-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 577,034.13 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т,
Хариуцагч Х.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхцацрал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Зуунтүм ХЗХ нь хариуцагч Х.О холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 577,034.13 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Хариуцагч Х.О нь “Зуун түм” ХЗХ-оос 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн хүсэлтээр 500,000 төгрөгийг 3 хувийн хүүтэй зээлж авсан. Нэг удаа төлөлт хийгээд зээлээс үлдсэн мөнгө нь 236,775 төгрөг, зээлийн хүү 340,059 төгрөг, нийт 577,034.13 төгрөгийг нэхэмжилж байна.
“Зуун түм” ХЗХ нь нийт гишүүнчлэлийн дундын хөрөнгө болгож 30,000 төгрөг авдаг, 90,000 төгрөг нь дундын хөрөнгө болгож авна гээд дүрэмдээ заасан байгаа. Х.О хадгаламждаа мөнгөтэй байвал хүү тооцогдоод явдаг, харин гишүүнчлэлээс гарах юм бол 90,000 төгрөгийг буцааж авч болдог. Уг зээлтэй 120,000 төгрөг нь огт хамааралгүй юм. 199,700 төгрөг төлөх ёстой гэж байгаа бол гишүүнчлэлээс гарах бол төлөх ёстой.
“Зуун түм” ХЗХ-ны 2017 оны 01 дүгээр сард авсан зээлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж бодож байгаа бол хөөн хэлэлцэх хугацаа сэргээгдсэн байх үндэслэлтэй. Х.Ог хэсгийн ахлагч байхад “Зуун түм” ХЗХ-ны удирдах хүмүүс 11 дүгээр хороонд 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр очиж хурал хийгээд зээлийн үлдэгдэл болон төлөх үнийн дүн зэрэг материалтай танилцуулсан байсан. Хариуцагч Х.О сарын сүүлээр 100,000 төгрөгөөр төлөөд дуусгана гэж хэлээд гараар бичээд өгсөн байсан. Тухайн үедээ “Зуун түм” ХЗХ-ны удирдах бүрэлдэхүүн очоод тэмдэглэл хөтлөөд баталгаа авсан байсан. Тиймээс хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна гэв.
2. Хариуцагч Х.О нэхэмжлэлээс 79,700 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч маргасан. Үүнд:
Би “Зуун түм” ХЗХ-оос 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 500,000 төгрөгийг зээлж авсан. Тухайн үед Г.Тэрбиш дарга надад эргэн төлөлтийн график гаргаж өгсөн. “Зуун түм” ХЗХ-ны гишүүнд 1,2-1,8 хувийн хүүтэй зээл олгодог байсан, сүүлд 3 хувиар бодсон байна. Надад 529,700 төгрөг гэж хэлж байсан, энэ мөнгөнөөс 330,000 төгрөгийг төлсөн ба одоо 199,700 төгрөгийг төлөх ёстой байсныг би төлөөгүй. Тухайн үед би “Зуун түм” ХЗХ-д гишүүнчлэлээр элсээд 120,000 төгрөг цувуулаад хуримтлал үүсгэх гээд өгч байсан. Би “Зуун түм” ХЗХ-ны хуралд нэг удаа сууж байсан. Ямар шийдвэрээр сүүлд 3 хувь болсныг мэдэхгүй байна. Одоо 199,700 төгрөгийн зээлийн үлдэгдлээс гишүүнчлэлд элссэн 120,000 төгрөгийг хасаад 79,700 төгрөгийг төлөх ёстой гэж бодож байна.
Тухайн үед Г.Тэрбиш дарга руу “Би эмнэлэгт бие муу, сэхээнд байж байгаад гарч ирлээ, та зээлийн хүүг зогсоож өгнө үү” гэж хэлэхэд зөвшөөрөөгүй. “Зуун түм” ХЗХ-ны мөнгө өсөөд, гишүүнчлэлийн мөнгө нь өсдөггүй. 5 жилийн хугацаанд гишүүнчлэлийн мөнгөний ашгаас хуваарилсан зүйл байхгүй. Би Г.Нямбаатар гээд даргатай нь уулзах хүсэлт гаргасан боловч надтай уулзаагүй гэв. Тухайн үед Г.Нямбаатар гуай бид нараас шаардаж байсан. Би тухайн үед ажилтай байгаад төлье гэж бодож байсан. Одоо би ажилгүй, тэтгэвэр авдаггүй, хоёр өнчин хүүхдээрээ тэжээн тэтгүүлээд явж байна. Би 79,700 төгрөгийг л төлөх боломжтой байна гэв.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 17,962 төгрөг төлсөн баримт, “Зуун түм” ХЗХ-оос Д.Түвшинд олгосон итгэмжлэл, “Зуун түм” ХЗХ-ны хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Х.О-ийн зээлийн тооцоо, Х.О-ийн зээл хүссэн өргөдөл, мөнгө олгохыг хүссэн өргөдөл, бэлэн мөнгөний зарлагын баримт, Х.О-ийн иргэний үнэмлэхний хуулбар, “Зуун түм” ХЗХ-ны тайлбар, Х.О-с гишүүний хураамж 20,000 төгрөг төлсөн баримт, “Зуун түм” ХЗХ-ны Тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлын “Шинээр гишүүн элсүүлэх тухай” тогтоол, хурлын тэмдэглэл, “Зуун түм” ХЗХ-ны Тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлын “Шуурхай зээл олгох тухай” тогтоол, хурлын тэмдэглэл, 3 хувийн хүүтэй зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийн хуваарь, “Зуун түм” ХЗХ-ны гүйцэтгэх захирал асан Г.Тэрбишийн тайлбар, “Зуун түм” ХЗХ-ны ажилтан Г.Тэрбишийн тайлбар, “Зуун түм” ХЗХ-ны хурлын тэмдэглэл, Х.О-ийн “ХЗХ-нд гаргасан хүсэлт, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №36 тоот Зээлийн гэрээ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
Хариуцагчаас хариу тайлбар, зээлийн эргэн төлөлт 200,000 төгрөг төлсөн Голомт банкны орлогын мэдүүлэг зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
Хариуцагчийн хүсэлтээр 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №36 тоот Зээлийн гэрээний зээлдэгч хэсэгт зурагдсан Х.О гэх гарын үсэгт шинжээч томилсон, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 199 дугаар шинжээчийн дүгнэлтийг шүүхийн журмаар бүрдүүлсэн.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “Зуун түм” ХЗХ-ны хариуцагч ХХ.О-аас 577,034.13 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс 200,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 377,034.13 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч “Зуун түм” ХЗХ нь шаардах эрхийн үндэслэлээ “Х.О-тай зээлийн гэрээ байгуулсан, гэрээний үүргээ биелүүлэхгүй 577,034.13 төгрөгийн үлдэгдэлтэй тул гэрээний дагуу шаардах эрхтэй” гэж тодорхойлов.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
“2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн зээлийн гэрээнд би гарын үсэг зураагүй. Гэхдээ 500,000 төгрөгийг зээлж авсан нь үнэн, 529,700 төгрөг төлөхөөс 330,000 төгрөгийг төлсөн. Одоо 199,700 төгрөгийг төлөх ёстойгоос хуримтлалын 120,000 төгрөгийг хасаад 79,700 төгрөгийг төлнө. Үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарлав.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д Хадгаламж, зээлийн хоршоо нь энэ хууль болон хадгаламж, зээлийн хоршооны дүрэм, зээлийн үйл ажиллагааны журамд заасны дагуу зөвхөн гишүүддээ зээл олгож болно гэж заасан бөгөөд Х.О нь “Зуун түм” ХЗХ-ны гишүүнээр 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр элсэж орсон болох нь “Зуун түм” ХЗХ-ны Тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлын тогтоол, тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх24-25/
“Зуун түм” ХЗХ нь Х.О-тай 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №36 тоот Зээлийн гэрээ байгуулан, 500,000 төгрөг олгосон гэж зээлийн гэрээний үүрэгт 577,034.13 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд хариуцагч Х.О нь уг гэрээнд зурагдсан гарын үсэг минийх биш гэж маргаж, шүүхэд шинжээч томилуулах хүсэлт гаргасан.
Хариуцагчийн хүсэлтийн дагуу шүүх гарын үсгийн шинжилгээ хийлгэж, шинжээчийн дүгнэлт гаргуулахаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг томилсон. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 199 дугаар шинжээчийн дүгнэлтээр “...2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №36 тоот зээлийн гэрээний зээлдэгч гишүүн Х.О гэсэнд зурагдсан гарын үсэг нь Х.О гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна” гэж тогтоосон. /хх78-87/
“Зуун түм” ХЗХ нь 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Х.О500,000 төгрөгийг олгосон болох нь хэрэгт авагдсан бэлэн мөнгөний зарлагын баримтаар тогтоогдож байна. /хх9/
Х.О нь ХЗХ-нд 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 130,000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 200,000 төгрөгийг тус тус төлсөн болох нь зохигчдын тайлбар, Х.О зээлийн тооцоо гэх баримтаар тогтоогдож байна. /хх5, 21/
Хариуцагч Х.О нь ХЗХ-нд 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр “Хишигдорж овогтой Одбаясгалан би хадгаламж зээлийн хоршооноос авсан мөнгөн үлдэгдлийг цалин буухаар сар бүрийн 25-нд 100,000 төгрөгөөр төлөлт хийж дуусгана” гэх баталгаа бичжээ. /хх53/
5. Зохигчид Х.О “Зуун түм” ХЗХ-ны гишүүнээр элссэн, 500,000 төгрөгийн зээл авсан, уг зээлээс 230,000 төгрөг төлсөн үйл баримтад маргаагүй. Харин зохигчдын хооронд бичгээр зээлийн гэрээ байгуулсан эсэх, уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь хүү шаардах эрхтэй эсэх, хариуцагч гэрээний үүрэгт хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй эсэх нь маргааны зүйл байна.
6. Нэхэмжлэгч “Зуун түм” ХЗХ нь Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т “Хадгаламж, зээлийн хоршоо нь энэ хууль болон хадгаламж, зээлийн хоршооны дүрэм, зээлийн үйл ажиллагааны журамд заасны дагуу зөвхөн гишүүддээ зээл олгож болно.” заасны дагуу хоршооны гишүүн ХХ.Од 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 500,000 төгрөгийн зээл олгосон, хариуцагч зээл авсныг хүлээн зөвшөөрсөн тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.4-т банкнаас бусад этгээд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэхдээ тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэхийг, Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т хадгаламж зээлийн хоршоо нь хадгаламж, зээлийн үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөл, хуульд нийцүүлэн баталсан дүрэм, журам, нөхцөл шаардлагын үндсэн дээр эрхлэхийг тус тус заасан.
Хадгаламж зээлийн хоршооны зээлийн үйл ажиллагаа Иргэний хуулийн 44 дүгээр бүлгийн 2 дугаар дэд бүлэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар зохицуулагдана.
Хэрэгт “Зуун түм” ХЗХ-ны улсын бүртгэлийн гэрчилгээ авагдсан байх бөгөөд тухайн хоршоо нь улсын бүртгэлд хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхлэхээр бүртгүүлсэн нь хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх үндэслэл болохгүй ба өөр баримт хэрэгт авагдаагүй тул тус хоршоо нь зээлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулсан гэж үзэхгүй.
Хэдийгээр хариуцагч Х.О нь “Зуун түм” ХЗХ-оос 500,000 төгрөгийг зээлж авсан үйл баримтын талаар маргаагүй боловч хүү тохирсон зээлийн гэрээг бичгээр байгуулсан эсэхэд буюу зээлийн гэрээнд зурагдсан гарын үсэг минийх биш гэж маргасан. Хариуцагчийн хүсэлтийн дагуу хэрэгт авагдсан 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №36 тоот Зээлийн гэрээний зээлдэгч хэсэгт зурагдсан Х.Огэх гарын үсэг нь хариуцагч Х.О гарын үсэгтэй тохирохгүй болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 199 дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3.-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана.” заасны дагуу нэхэмжлэгч “Зуун түм” ХЗХ нь хариуцагч Х.О хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулаагүйн улмаас нэхэмжлэгч нь гэрчээр нотлох эрхээ алдсан байна. Иймд нэхэмжлэгч “Зуун түм” ХЗХ нь хариуцагч Х.Озээлийн хүү шаардах эрхгүй.
Хэрэгт авагдсан, 3 хувийн хүүтэй зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу Х.О нь 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд үндсэн зээл 500,000 төгрөг, зээлийн хүү 30,000 төгрөг, нийт 530,000 төгрөгийг төлөхөөр тохиролцож, Х.О гарын үсэг зурсан болох нь тогтоогдож байна.
Дээрх хуваарийн дагуу Х.О нь 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр зээлийг төлж дуусахаар харилцан тохиролцсон боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс ХЗХ-нд мөн өдрөөс уг зээлийн төлбөрийг шаардах эрх үүссэн гэж үзнэ.
Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар шаардах эрх үүссэн үеэс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолох бөгөөд мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар, мөн хуулийн 79.1-д үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдахаар тус тус зохицуулсан.
Зээлдэгч Х.О нь “Зуун түм” ХЗХ-ны зээлийн төлбөрийг төлөхөөр 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр бичгээр баталгаа гаргасан байх тул шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7-д зааснаар дахин шинээр тоологдоно. Иймд хөөн хэлэлцэх 3 жилийн хугацааг 2017 оны 04 дүгээс сарын 20-ны өдрөөс эхлэн тоолоход 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр дуусах боловч Х.Одбаясгалан нь 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр баталгаа бичиж өгснөөр мөн өдрөөс эхлэн 3 жилийн хугацааг шинээр тоолно.
Иймд Х.О нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр зээлийн төлбөрийг гүйцэтгэхээс татгалзах эрхгүй.
Хариуцагч Х.О нь ХЗХ-нд 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 130,000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 200,000 төгрөг, нийт 330,000 төгрөг төлснийг “Зуун түм” ХЗХ нь үндсэн зээлд 263,025 төгрөг, зээлийн хүүд 66,975 төгрөгийг суутгасан болох нь тогтоогдож байна. /хх5/
Зээлийн хүү төлөх талаар бичгээр гэрээ байгуулаагүй хэдий ч хариуцагч түүний төлсөн төлбөрөөс зээлийн хүүд 30,000 төгрөг суутгасныг хүлээн зөвшөөрсөн тул зээлийн хүүд төлсөн төлбөрийг зээлийн үүргээс хасч тооцох боломжгүй.
Хариуцагч Х.О нь ХЗХ-нд хуримтлуулсан 120,000 төгрөгийг төлөх ёстой төлбөрөөс хасуулах үндэслэлтэй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
Иймд хариуцагч Х.Ос төлөхийг зөвшөөрсөн 530,000 төгрөгөөс төлсөн 330,000 төгрөгийг хасч, үлдэх 200,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХЗХ-нд олгохоор шийдвэрлэв.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,962 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 6650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.О-аас 200,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХЗХ-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 377,034.13 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,962 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 6650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ