Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2026 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2026/00050

 

 

   Б.Б-ын нэхэмжлэлтэй

    иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Баярмаа, Э.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 191/ШШ2025/04722 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 210/МА2025/01994 дүгээр магадлалтай,

Б.Б-ын нэхэмжлэлтэй

О.Б-д холбогдох

Сүхбаатар дүүрэг, ***  тоот хаягт байрлах, 121 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн  хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оросоо нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оросоо, хариуцагч О.Б, хариуцагчийн өмгөөлөгч Н.Оролжмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч О.Б-д холбогдуулан Сүхбаатар дүүрэг, ***  тоот хаягт байрлах, 121 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг  хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргаж, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 191/ШШ2025/04722 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-2203*** дугаартай, Сүхбаатар дүүрэг, *** тоот хаягт байрлах, 121 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч О.Б-ын хууль бус эзэмшлээс  чөлөөлүүлэх тухай Б.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 175,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 175,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 210/МА2025/01994 дүгээр магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 191/ШШ2025/04722 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,  хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оросоо нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.4-д заасны дагуу дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч Б.Б би маргаан бүхий хувийн сууцны хууль ёсны өмчлөгч бөгөөд хариуцагч нь уг орон сууцыг 2013 онд зээлээр худалдан авч, тэр цагаас хойш амьдарч байгаа болно. О.Б нь тухайн үед байрны урьдчилгаанд 150,000,000 төгрөгийг төлж, үлдэгдлийг төлөөгүй өнөөдрийг хүрсэн.  Талууд өмнө нь хэд хэдэн гэрээ байгуулсан боловч үр дүнд хүрээгүй, хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсан бөгөөд хариуцагч маргаагүй, байрны үндсэн төлбөрөө төлж байраа авахгүй бол төлсөн төлбөрийг түрээсийн төлбөрт тооцох талаар гэрээнд заасан. Талууд гэрээ хийхдээ хоёр нөхцөл, хэлбэртэй гэрээ хийснийг давж заалдах шатны шүүх анхаараагүй. Анхан шатны шүүх хэрэг маргааны үйл баримтыг зөв үнэлж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан хариуцагчийг маргаан бүхий байрны хууль бус эзэмшигч гэж үндэслэл бүхий дүгнэлт хийн шийдвэрлэсэн.

Гэтэл давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтыг буруу дүгнэж, хариуцагчийн удаа дараа байрны үлдэгдэл төлбөрөө төлнө гээд төлөхгүй олон жил өмчлөгчийг хохироож байгаа хууль бус үйлдлийг харгалзаж үзээгүй, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасан өмчлөгч хөрөнгөө бусдын хууль буус эзэмшлээс шаардах эрхтэй гэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, тохиролцсон хугацаандаа мөнгөө төлөөгүй хариуцагчийг шударга эзэмшигч гэж дүгнэж, анхан шатны шүүхээс зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн. Хариуцагч өмнө байсан гэрээний талаар нэхэмжлэлийн сөрөг шаардлага гаргаагүй бөгөөд уг эрх нь хэзээд нээлттэй. Талууд өмнө нь ямар нэгэн гэрээ хэлцэлтэй байсан гэдэг нь өмчлөгч эрхээ эдлэхэд саад болох, өмчлөгчийн эрхийг хязгаарлах үндэслэл биш, хариуцагч нь маргааны өмнө байсан гэрээний талаар сөрөг шаардлага гаргаагүй байхад хариуцагчийг заавал мэтгэлцэх ёстой гэж үзэж, нэхэмжлэгчийг буруутгах үндэсгүй. Иймд давж заалдах шатны магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 001/ШХТ2026/00090 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оросоо нарын гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.

ХЯНАВАЛ

6. Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оросоо нарын гомдлын зарим хэсгийг хангах үндэслэл тогтоогдов.

7. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч О.Б-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, шаардлагын үндэслэлээ “... 2013 онд гэрээ байгуулж, орон сууцыг хариуцагч О.Б-ын эзэмшилд шилжүүлсэн ... сууцыг 272,250,000 төгрөгөөр худалдахаар 2019 онд бичгээр байгуулсан гэрээнд заасан. ... худалдан авагч урьдчилгаа 150,000,000 төгрөг төлөөд үлдэгдэл 122,250,000 төгрөгийг төлөөгүй өнөөдрийг хүрсэн тул ... гэрээнээс татгалзсан ... өмчлөлийн эд хөрөнгөөс албадан чөлөөлүүлэх үндэслэлтэй.гэж тайлбарласан.

8. Хариуцагч О.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “... нэхэмжлэгч сууцаа банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавиад байсан тул энэ үйлдлийг зогсоох зорилгоор 2019.08.19-ний өдөр зээлээр худалдах-худалдан авах гэрээгээ бичгээр байгуулсан. Гэрээ хүчин төгөлдөр, аль аль талаасаа гэрээнээс татгалзах талаар амаар болон бичгээр санал гаргаагүй. Талуудын хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээнээс үүдэж нэхэмжлэгч нь өөрийн хүсэлтээр хууль ёсны дагуу орон сууцыг худалдах зорилгоор миний өмчлөлд шилжүүлсэн байхад хууль бус гэж үзэх боломжгүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнээс татгалзаж байгаа бол өгсөн авсан зүйлээ харилцан буцаах ёстой. Зээлээр худалдах-худалдан авах гэрээний онцлог нь өөрөө сайн дураар эзэмшлийг урьдчилан шилжүүлдэг. Төлбөрийг дараа төлбөрт байдлаар талууд харилцан тохиролцож байгуулсан бөгөөд гэрээ хүчин төгөлдөр. Нэхэмжлэгч талаас гэрээ хүчин төгөлдөр бус гэж тооцуулах эсхүл гэрээнээс татгалзах шаардлага гаргаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Шийдвэрийн үндэслэлдээ “... нэхэмжлэгч Б.Б нь маргаан бүхий орон сууц өмчлөгч, хариуцагч О.Б 2013 оноос хойш сууцыг эзэмшилдээ шилжүүлж амьдарч байгаа болох нь тус тус баримтаар тогтоогдсон. Б.Б болон О.Б нарын хооронд 2019.08.19-ний өдөр зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, хувийн сууцыг 181,500 ам.доллар буюу 272,250,000 төгрөгөөр зээлээр худалдахаар тохиролцсон. Гэрээний дагуу урьдчилгаа 150,000,000 төгрөгийг төлсөн. Ам.долларын зөрүү 3,105,000 төгрөгийг хасч үлдэх 119,145,000 төгрөгийг 2 хувааж буюу 2019.12.31-ний өдөр 40,000,000 төгрөг, 2020.12.31-ний өдөр 79,145,000 төгрөгийг тус тус  төлөх үүрэг хүлээсэн боловч төлбөр тооцоо дууссан талаарх баримт байхгүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардах эрхтэй.” гэж дүгнэсэн. 

10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэсэн. Магадлалд “... Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах ажиллагаа хийгээгүй, талуудыг мэтгэлцүүлэлгүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д нийцээгүй. Талууд 2013 онд хувийн сууцыг худалдаж худалдан авахаар тохирч О.Б-ын эзэмшилд шилжүүлсэн ч хожим 2019.08.19-ний өдөр зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Гэтэл өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр өмчлөлийн зүйлд хууль бусаар амьдарч байгаа үндэслэлээр нэхэмжлэл гаргасныг болон гэрээнээс татгалзсан эсэх, эсхүл гэрээ хүчин төгөлдөр бус учир хариуцагчийн эзэмшил хууль бус гэж үзэж байгаагийн аль нь болох талаар анхан шатны шүүх тодруулаагүй, талуудыг мэтгэлцүүлээгүй, үйл баримтыг тогтоосон нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад хэргийг шийдсэн нь буруу.”  гэжээ.

11. Зохигчийн хооронд гэрээний үлдэгдэл төлбөрөө төлөөгүй үндэслэлээр гэрээнээс татгалзаж, орон сууцны эзэмшлийг буцаан шаардсантай холбоотой маргаан үүсэж, анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй, талууд хэрэгт ач холбогдол бүхий үйл баримт, нэхэмжлэлийн үндэслэлийн талаар хангалттай мэтгэлцээгүй үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байна.

Хоёр шатны шүүхийн дээрх шийдэлд нэхэмжлэгч талаас хяналтын журмаар гомдол гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлд нийцсэн гэж үзэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүллээ.

12. Нэхэмжлэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Оросоо нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо анхан болон давж заалдах шатны шүүхийн ажиллагааны явцад мэтгэлцэж байсан тухайн агуулгаар хариуцагчийн эзэмшлээс орон сууцыг гаргуулах шаардлагын үндэслэлээ тодорхойлсон байх ба анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчийн хооронд энэ хүрээнд мэтгэлцээн өрнөсөн гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх магадлалдаа зохигчийн хэн аль нь гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан үндэслэлээр орон сууцны эзэмшлийг буцаан шаардсан гэж үзсэн атлаа нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, зөрчилтэй болжээ. Иймд давж заалдах шатны шүүхийн тус магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасантай нийцээгүй байх тул магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж заалдах шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаах нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 210/МА2025/01994 дүгээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж заалдах шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаасугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Б.Б нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025.12.09-ний өдөр 175,000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.БАТЧИМЭГ

                      ШҮҮГЧИД                                                 Н.БАЯРМАА

                                                                                        Э.ЗОЛЗАЯА

                                                                                        Б.УНДРАХ

                                                                                         Х.ЭРДЭНЭСУВД