Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 52

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2017/0040/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга:                                   Д.Мөнхцэцэг,

Улсын яллагч:                                                   Я.Сансар

Иргэний нэхэмжлэгч                                       Г.Мөнх-Эрдэнэ

Шүүгдэгчийн өмгөөлөгч:                                М.Цэнгүүн

Шүүгдэгч:                                                           Д.Жаргал нарыг оролцуулан

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Жаргалд холбогдох 201523000311 тоот эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Хэнтий аймгийн Биндэр суманд 1973 оны 05 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Биндэр сумын 3 дугаар баг Баянголд оршин суух Багш нар овогт Дашбалбарын Жаргал /РД: СЖ73050639/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар / яллах дүгнэлтэнд дурдсанаар /

Шүүгдэгч Д.Жаргал нь 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр сумын “Өндөр манхан” гэдэг газраас ховор ан амьтан болох халиун бугын эврийг бусдад худалдан байгаль орчинд 15.930.000 төгрөгийн экологи эдийн засгийн бодит хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

               Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл. /хх-ийн 35-37хуу/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл. /хх-ийн 44-49хуу/

Бугын арьсанд үзлэг хийсэн тэмдэглэл. /хх-ийн 102хуу/

Галт зэвсэгт үзлэг хийсэн тэмдэглэ. /хх-ийн 103хуу/

Хохирогч А.Баясгалангийн мөрдөн байцаалтад өгсөн: ... Хэнтий аймагт 2015 онд ахуйн зориулалтаар халиун буга агнах зөвшөөрөл олгоогүй. 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаар тогтоолоор халиун буганы экологи эдийн засгийн үнэлгээг эр нь 6.600.000, эм нь 7.500.000 төгрөгөөр тогтоосон байгаа  гэсэн мэдүүлэг. /2хх-ийн 27хуу/

Гэрч Ш.Батзоригийн мөрдөн байцаалтад өгсөн: ... Сумын төвд Жаргалынд очоод бүгд цай унд ууж, өөрсдийнх нь хийсэн загасны консерь идсэн. Тэр үед Батзаяа Жаргалаас гахайн мах авна гэж ярьж байсан. Бид нар Жаргалын гэрт байх үед Батзаяа, Жаргал 2 гэрээс гараад уулзаад байсан. Би болон манайхан юу аваад ачсаныг нь мэдэхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 111-113хуу/

Гэрч О.Хашхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: ... хөдөөний айлд цай хоол хийж идсэн. Тэгээд тэднийхээс гарч замаараа Биндэрийн колонкоос бензин аваад Улаанбаатар хот руу хөдөлсөн. Тэгээд Багануурын цагдаа дээр цагдаа нар зогсоосон. Тэр цагдаа арын хаалга онгойлго гэж шалгаад, дараа нь Батзаяагийн машинаас ... бугын эвэр, гахайн мах, чонын арьс зэрэг зүйл гарч ирсэн гэсэн гэсэн мэдүүлэг. /хх-ийн 114-115хуу/

Гэрч Х.Баярсайханы мөрдөн байцаалтад өгсөн: ... нөгөө хөдөөний айлд цай ууж идчихээд Улаанбаатар хот руу хөдөлсөн. ... Багануурын цагдаа нар зогсоосон байсан. Тэгээд Батзаяагийн машинаас бугын эвэр, гахайн мах, чонын арьс зэрэг зүйлс гарч ирсэн гэсэн. Бид нар юу ч мэдээгүй хаанаас ачсан юм гэхэд Батзаяа дуугарахгүй байсан гэсэн мэдүүлэг. /хх-ийн 116-117хуу/

Гэрч Б.Наранбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: ... Биндэрт 1 айлд ороод цай уугаад цаашаа гол руу загас барихаар хөдөлсөн. ... нөгөө хөдөөний айлд цай хоол хийж идэж байсан ... Тэгээд гарч ирээд Улаанбаатар хот руу хөдөлсөн. Тэгээд Багануурын цагдаа дээр цагдаа нар зогсоосон. Шалгаад Батзаяагийн машинаас буюу 31-37 УБҮ дугаартай хар өнгийн Ланд-200 маркийн машинаас бугын эвэр, гахайн мах, чонын арьс зэрэг зүйлс гарч ирсэн гэсэн мэдүүлэг. /хх-ийн 118-119хуу/

Б.Батзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн: ... 2015 оны 10 сарын 25-ны өдөр Амраатай уулзах зорилгоор найз Батзориг, жолооч Үүрийнцолмонгийн хамт Биндэр сум явсан. Биндэрт 12 цаг өнгөрч очоод шууд Жаргалынд очсон. ... Жаргалынд цай ууж, хоол идэж байтал Жаргал намайг дуудаад эхлээд зэрлэг гахайн хаа гуя 2 байна, 1 кг-ийг нь 13000 төгрөгөөр худалдаж аваач гэсэн. 40 орчим кг байгаа 500.000 төгрөгөөр өгье гэхээр нь зөвшөөрсөн юм. ... тэгтэл Жаргал ангийн өөр юм байна сонирхох уу гээд бугын том эвэр, чоны маш том арьс надад үзүүлсэн. Бугын эврийг байгалаас олсон гэж хэлсэн. Чонын арьс нь хатсан хуучин арьс байсан. ... энэ бугийн эвэр нь дагзтайгаа хамт салаагүй байсан. ... тэгээд би жолооч Үүрийнцолмонг дуудаж Жаргалтай хамт тэр хоёр бүгдийг нь машины арын багажинд ачсан гэсэн мэдүүлэг. /хх-ийн 187-189хуу/

Д.Үүрийнцолмонгийн мөрдөн байцаалтад өгсөн: ...машиндаа сууж байтал Батзая захирал нөгөө Биндэрийн ах хоёр гарч ирээд юм зөө гэхээр нь машин руу бугын 2 ширхэг эвэр байснаас нэг эвэр нь толгойныхоо дагзтай нь салаагүй, нөгөөдөх нь дагзгүй 2 тусдаа эвэртэй байсан. Бор гөрөөсний дагзтай эвэр, 3 ширхэг чонын арьс, үстэйгээ хаа гуяар нь салгасан 2 хэсэг зэрлэг гахайн мах зэргийг ачаад машиндаа суутал захирал тэд нар ирээд машинд сууцгаагаад явсан. Багануур орохын наана Хэрлэн гүүрэн дээр цагдаа нар зогсоогоод шалгаад Хэнтий аймгийн Цагдаа дээр авч ирсэн гэсэн мэдүүлэг. /хх-ийн 202-203хуу/

Шинжлэх ухааны академи, ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 05 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: ... Шинжилгээнд ирүүлсэн дагзны ястай, 2 салаа бүхий амьтны гаралтай эвэр нь Бугын овгийн Бугын төрөлд хамаарах Халиун бугын дагз бүхий эвэр мөн болно. Шинжилгээнд ирүүлсэн нэг талдаа 6 салаа бүхий амьтны гаралтай эвэр нь Бугын овгийн Бугын төрөлд хамаарах Халиун бугын эвэр мөн болно ... гэх дүгнэлт. /хх-ийн 161-165хуу/

2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн шинжээч Г.Цогтжаргалыг байцаасан тэмдэглэлд: ... Манайд бугын овгийн 2 төрөл байдаг тэр нь халиун буга, цаа бугын төрөл юм. Цааш нь төрөл дотроо халиун бугын нэг зүйл л байна энэ халиун бугын зүйл нь манай амьтны тухай хуульд зааснаар ховор амьтанд тооцсон. ...Халиун буганы эвэр нь манай оронд тархсан бусад эвэр бүхий амьтдаас ялгарах онцлог нь гэвэл цусан эвэр үүсэж байж ясждаг олон салаа бүхий эвэртэй байдгаараа онцлогтой гэсэн тэмдэглэл. /2хх-ийн 28хуу/

Шинжлэх ухааны академи, ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 09 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: ... Шинжилгээнд ирүүлсэн 84 см урттай нэг талдаа 5 салаатай 2 салаа дагзны ястайгаа байгаа халиун бугын эврийг гадны нөлөөгөөр буюу хөрөөдөж тасдаж авсан байна. Шинжилгээнд ирүүлсэн 92 см урттай, нэг талдаа 6 салаа халиун бугын хос эврийг гадны нөлөөтэй буюу хөрөөгөөр тойруулан хөрөөдөж авсан байна. Шинжилгээнд ирүүлсэн халиун бугын эврийг тасдаж авсан цаг хугацааг тогтоох боломжгүй болно гэх мэдүүлэг. /2хх-ийн 32-36хуу/

Шүүгдэгч Д.Жаргалын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... Би 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гэрээсээ гахай агнахаар гарсан. Тэгээд Биндэр сумаас хойшоо байдаг “Гутай” гэх газарт очоод нэг зэрлэг гахай буудаж агнасан. Тэгээд тэндээ хоноод маргааш нь сумын төврүү харьж явахдаа “Өндөр манхан” гэдэг газар нэг халиун буга хадан цохионоос унаад үхсэн байдалтай байгааг олсон. Тэгээд би тэр буганы эврийг сүхээр цавчаад, дагзаар нь салгаад авсан юм.  Тэгээд гэртээ хариад байж байхад 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотоос Б.Батзаяа хоёр машинтай, хүмүүстэй ирсэн. ... Маргааш нь Батзаяаг буцах болоход би гахайн махаа 5.600.000 төгрөгөөр, хээрээс олсон шинэ, хуучин хоёр бугийн эврээ 100000 төгрөгөөр, ... зарсан. Нийт 760.000 төгрөг Б.Батзаяагаас авсан. ... нөгөө хуучин эврээ 2014 онд “Сэрүүн галтай” гэдэг газар жимсэнд явж байгаад олсон. ... гэх мэдүүлэг зэрэг болно.

Шүүгдэгч Д.Жаргал нь 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр суманд ховор ан амьтан болох халиун бугын эврийг бусдад худалдан борлуулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл бугын арьсанд үзлэг хийсэн тэмдэглэл, галт зэвсэгт үзлэг хийсэн тэмдэглэл, дээрх хохирогч, гэрч, шинжээч нарын мэдүүлэг болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Прокурор ... ховор ан амьтан болох халиун бугын эврийг бусдад худалдан борлуулсан гэж яллах дүгнэлт үйлдсэн байх ба яллах дүгнэлтэд бусад гахайн мах, чонын арьс зэргийг тусгаагүй тул эдгээр амьтдын экологи эдийн засгийн үнэлгээг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

Экологи эдийн засгийн үнэлгээг гаргуулахад тухайн ховор ан амьтанг агнасан байхыг шаарддаг ба шүүгдэгчийн үйлдэл нь ховор амьтаны түүхий эдийн зүйлийг бусдад худалдан борлуулсан үйлдэл байх тул иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт үйлдэлдээ чинь санаанаасаа гэмшсэн зэрэг байдлуудыг нь харгалзан үзээд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

 Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ  НЬ :

1. Шүүгдэгч Багш  нар овогт Дашбалбарын Жаргалыг ан агнуурын тухай хууль тогтоомж зөрчиж ховор ан амьтаны түүхий эдийн зүйлийг худалдах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Жаргалд 1 /нэг/ жил хорих ял оногдуулсугай.

       3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 84 см урттай, нэг талдаа 5 салаатай, 2 салаа бүхий дагзны ястай халиун бугын эвэр, 92 см урттай, нэг талдаа 6 салаалсан халиун бугын 2 салаа эвэр зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Чех улсад үйлдвэрлэсэн ТОЗ-8 маркийн №7052419138 гол төмрийн дугаартай, №19139 замагны дугаартай гар хийцийн бууг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт шилжүүлсүгэй.

       4. Хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.

            5. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4, 61.5-т зааснаар шүүгдэгч Д.Жаргалд оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавиж ажиллахыг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

       6. Иргэний нэхэмжлэгчийн 15.930.000 /арван таван сая есөн зуун гучин мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Жаргалд батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ц.МӨНХТУЛГА