Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 109/ШШ2022/0020

 

 

 

 

 

 

 

                                        109/ШШ2022/0020

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Түвшинтулга даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч:М.Б  

Хариуцагч: Архангай аймгийн Засаг дарга

Гуравдагч этгээд: С.Бнарын хоорондын “Архангай аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн А/104 дүгээр захирамжийн иргэн С.Бд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн 204м2 хэмжээтэй газраас 62.05м2 газрыг эзэмших хэсгийг хүчингүй болгуулахшаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д , нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.У , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М.Б  нь Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан “Архангай аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн А/104 дүгээр захирамжийн иргэн С.Бд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн 204м2 хэмжээтэй газраас 62.05м2 газрыг эзэмших хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

2. Нэхэмжлэгч М.Б  нь 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг Хуучин ахуй үйлчилгээний барилгын 1 дүгээр давхрын зүүн өнцөгт үйлчилгээний зориулалттай 35,75м2 талбайтай 1 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлж, 000157847 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авчээ. Улмаар Архангай аймгийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/95 дугаар захирамжаар 776м2 хэмжээтэй газрыг Г.Дэмид жанжны гудамж 1, 101б /хуучнаар дээд ахуйн үйлчилгээ/ гэх байршил бүхий газарт үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай авсны дотор 000157847 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ бүхий 35.75м2 үл хөдлөх эд хөрөнгийн газар багтжээ. /х.х.-н 78-79, 87/

3. Ийнхүү өөрийн өмчлөх эрх бүхий үл хөдлөх эд хөрөнгийг нэгтгэн газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулахаар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хандахад, 2022 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 19 дүгээр албан бичгээр иргэн С.Бгийн газартай давхцалтай талаар мэдэгджээ. Улмаар нэхэмжлэгч М.Б гаас Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан  “Архангай аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн А/104 дүгээр захирамжийн иргэн С.Бд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн 204м2 хэмжээтэй газраас 79м2 газрыг эзэмших хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, шүүхэд маргаан үүсгэжээ.  

4. Нэхэмжлэгч М.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Б  миний бие Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг Хуучин ахуйн үйлчилгээний барилгын 1 дүгээр давхрын зүүн өнцөгт 35,75м2 талбай бүхий 1 өрөөг өмчилдөг. Уг үл хөдлөх хөрөнгийг 2012 онд Ш.Даваадулам гэдэг хүнээс худалдан авсан, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000157847 дугаартай гэрчилгээтэй.

2018 онд сүүлийн худалдаж авсан байсан 6 үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг эзэмших эрхээ баталгаажуулахаар Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хандаж, Архангай аймгийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/95 дугаартай захирамжаар газар эзэмших эрхийг маань баталгаажуулсан юм. Уг захирамжаар үл хөдлөх эд хөрөнгийн 000157847 дугаар бүхий гэрчилгээтэй, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг Хуучин ахуйн үйлчилгээний барилгын 1 дүгээр  давхрын зүүн өнцөгт байрлах 35,75 м2 талбай бүхий 1 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг эзэмших эрхийг хамтад нь баталгаажуулсан.

Газар эзэмших нэгдсэн гэрчилгээ гаргуулахаар хандаж, үүний дагуу аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын холбогдох албан тушаалтнуудтай уулзах үед иргэн С.Бнь нийтийн эзэмшлийн талбай /коридор/, тухай барилгын 00-ын зориулалттай өрөөг нийтээрээ эзэмших ёстой байхад газрын эзэмших эрхийг гаргуулан авч, коридор, 00-ын өрөөний үүд хаалгыг хааж коридороор зорчих ашиглах боломжгүй болгосон байсныг мэдэж авсан. Мөн миний өмчлөлтэй 1 давхрын 35,75 м2 талбайтай өрөөний хаалгыг коридор талаасаа хааж битүүлсэн нь тус барилгын 1 дүгээр давхрын урд хэсгийн коридороор чөлөөтэй зорчих, өөрийн өмч хөрөнгөө чөлөөтэй эзэмшиж, ашиглах боломжгүй болгож байна.

Миний гаргасан өргөдлийн хариуг 2022 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр 19 тоот албан бичгээр ирүүлсэн. Уг албан бичигт иргэн С.Бд аймгийн Засаг даргын 2015 оны А/104 дугаартай захирамжаар 204м2 газрыг эзэмшүүлсэн байна. С.Бнь тухайн ахуйн үйлчилгээний барилгын урд талд “Гэгээн наран” гэдэг дэлгүүр ажиллуулдаг бөгөөд нэг дүгээр давхарт уг “Гэгээн наран” дэлгүүрийн өрөө 105м2 талбайтай, түүний ард талд байх хуучин пендляторын буюу хуучнаар агааржуулалтын өрөө 20м2 талбайтай өрөөг эзэмшиж байгаа гэж бодож байгаа бөгөөд уг үл хөдлөх хөрөнгийн доорх 125м2 газруудыг л эзэмших эрхтэй гэж үзэж байгаа. Өмч хувьчлахдаа зөвхөн өрөөнүүдийг ажиллаж байсан ажилчдад хувьчилсан болохоос нийтийн эзэмшлийн талбайг хувьчлаагүй.

Иймд Архангай аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн А/104 дүгээр захирамжийн иргэн С.Бд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн 204м2 хэмжээтэй газраас 62.05м2 газрыг эзэмших хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.У  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М.Б  нь Архангай аймгийн хуучин ахуй үйлчилгээний газарт холбогдох өмчлөгч нараас үл хөдлөх эд хөрөнгийг тухай тухай үед нь худалдаж авсан байдаг. 2012 онд Ш.А гэх хүнээс Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг ахуй үйлчилгээний барилгын 1 дүгээр давхрын зүүн талын өнцгийн 35.75 метр квадрат талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авсан. Хамгийн сүүлд 1 давхрын 3 өрөө байрыг Ж гэх хүнээс худалдаж авчхаад нэгдсэн газар эзэмших эрхийн гэрчилгээг авъя гээд 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хүсэлт тавьсан. Үүний дагуу Архангай аймгийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр А/95 дугаартай захирамж гарсан. Газар эзэмших захирамжийн хавсралт нь бидний маргаж буй газрын хэмжээ болох 35.75м2 газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. 2021 оны 9 дүгээр сард газрын кадастрын зураглалд 45.75 метр квадрат ороогүй байгаа асуудал яригддаг. 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газарт өргөдөл гаргаж хандсан байдаг. Гэрээний дагуу өмчлөгч болсон байтал яагаад хассан гэдэг агуулгатай өргөдөл гаргасан. Гэтэл таны авсан газар давхцалтай байна гэдэг. Давхцалтай эсэхийг тодруулахаар өргөдөл гаргасан. Тэгсэн 2022 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Архангай аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газраас иргэн Б.Бд хариу өгсөн. Хариундаа С.Бд тухайн үеийн гар зургийг үндэслэн эзэмшүүлсэн байна гэдэг, аймгийн Засаг даргын 2015 оны А/104 дугаартай захирамжаар 204 метр квадрат газрын эзэмшүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл таны өмчлөлийн газрыг өмнө нь өөр хүнд эзэмшүүлэх шийдвэр гарсан байна гэсэн хариу ирүүлсэн.

Ингээд иргэн С.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргах болсон. Яагаад энэ нэхэмжлэлийг гаргаж байгаа гэхээр М.Б гийн өмчилсөн үл хөдлөх хөрөнгийн доод газрыг Бд 2015 онд эзэмшүүлсэн байдаг. С.Бд газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа бусдын ашиглаж эзэмшиж байгаа газрыг судлахгүйгээр 2015 онд гаргасан өргөдөл мөн 00091430 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, гар зураг зэрэг эдгээр нөхцөлүүдийг үндэслэн 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 204 метр квадрат газар эзэмших эрхийг олгохдоо М.Б гийн эзэмшлийн газрыг С.Бд эзэмшүүлэхээр шийдвэр гаргаж байгаа нь Газрын тухай хуульд заасан бусдын эзэмшил ашиглалтад байгаа газартай давхцуулан олгохгүй гэснийг зөрчиж байна. Бидний зүгээс тухайн үл хөдлөх хөрөнгийг чөлөөтэй эзэмшиж ашиглаж захиран зарцуулах эрхтэй байдаг. Гэтэл өөр хүний эзэмшилд олгосноороо хэрвээ тэр хүн миний эзэмшлийн газраа энэ үл хөдлөх хөрөнгөө чөлөөлж өг гэвэл нөгөө өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсэж байгаа. Хэдийгээр өмчлөх эрх нь тусдаа олгогдох газрын харилцааны асуудал хуулийн хүрээнд шийдвэрлэгдэх боловч С.Бд газар эзэмшүүлэхдээ хууль бус газар олгосон байна.

С.Бд 35.75м2 газар болон “Гэгээн наран” дэлгүүрийн арын коридор эзэмшүүлсэн асуудал анхнаасаа хууль зөрчиж олгогдсон байна. Яагаад ингэж үзэж байна вэ гэхээр С.Бгийн холбогдох хувийн хэрэгт цэнхэр өнгөтэй газар эзэмших эрхийн гэрчилгээ авагдсан байдаг. 0218000424 дугаартай эрхийн гэрчилгээ авагдсан. Энэ гэрчилгээг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг дарга Даш гэх хүн 2001 оны 2 дугаар сарын 22-ны өдөр олгож гэрчилгээнд гарын үсэг зурсан байдаг. Энэ 594м2 газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн. 1994 оны Газрын тухай хуульд газар эзэмшүүлэх шийдвэр гарсны дагуу газар эзэмших гэрээг сумын Засаг даргаас томилсон этгээд бичиж олгож сумын Засаг дарга шийдвэр гаргах эрхтэй. Засаг дарга өөрөө шийдвэрээ гаргаагүй хирнээ газрын гэрчилгээг өөрөө бичиж олгосон гэж үзэж байна. Хоёрдугаарт инженерийн шугам сүлжээ бүхий газар байгаа. Үүнийг аймгийн Засаг дарга олгох ёстой байсан гэж үзэж байгаа. Илт хууль бус нөхцөл байдал харагдаж байгаа. Гэхдээ бид энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Гэхдээ 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн  А/104 дугаартай захирамжийг үндэслэсэн гэж ойлгож байгаа юм.  Ингэж олгохдоо газрын суурь судалгааг хийх очиж харах үзэх хэмжих хөрш хүмүүстэй нь уулзах координатын цэгүүдийг тодорхой болгох ажиллагааг захиргааны байгууллага гүйцэтгээгүйгээс болж бусдын өмчлөлийн газрыг С.Бгэх хүнд 2015 онд эзэмшүүлсэн шийдвэр гаргажээ. Энэ шийдвэр гарсныг 2022 оны 01 дүгээр сард мэдэж шүүхэд хандах шаардлага бий болсон. Манай зүгээс юу гэж үзэж байна вэ гэхээр бусдын өмчлөлд байгаа газрыг олгосон байна. Ингэж олгохдоо анх гаргаж өгч буй баримтууд нь үндэслэлгүй байсан байна. Хууль ёсны дагуу эзэмших эрх байхгүй байхад эзэмшүүлсэн нөхцөл байна. Нийтээр эзэмших ёстой газрыг хааснаас болж үл хөдлөх эд хөрөнгөө чөлөөтэй ашиглаж, орж гарч чадахгүй нөхцөл үүсэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлтэй байна гэв.

6. Хариуцагч Архангай аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Архангай аймгийн Засаг даргын 2015 оны А/105 дугаартай захирамжаар иргэн С.Бд үйлчилгээний зориулалттай 204м2 газрыг эзэмшүүлжээ. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэх газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг хуульчилсан байна. Маргаан бүхий нэхэмжлэгчийн өмчлөлийн эд хөрөнгийн доорх 35.75м.кв газар нь тухай үед бусдын эзэмшил, ашиглалтад байгаагүй, нэхэмжлэгч сүүлд буюу 2018 онд газар эзэмших эрхийг баталгаажуулсан байна. Мөн нэхэмжлэгч нийтийн эзэмшлийн талбай бүхий эд хөрөнгийн доорх 43.25м2 талбайг эзэмшүүлэн нь хууль бус гэж үзсэн байна. Энэхүү талбай нь нийтийн эзэмшилд хамаарах эсэх, маргаан бүхий захирамжаар эзэмшүүлсэн талбайд хамаарч байгаа талаарх асуудлыг шүүхийн журмаар шалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.

7. Гуравдагч этгээд С.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. “Гэгээн наран” ХХК-ийн гутлын тасгийн 9 өрөө /Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт хуучин ахуйн үйлчилгээний байранд байрлах/ нь Сэргээн босголт банкны өрөнд Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хураагдсан байсан. С.Б миний бие 2000 оны 5 сард Архангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт хуучин ахуйн үйлчилгээний 1 давхрын гутлын тасгийн 3 өрөөг коридор, 00-н өрөөний хамт, эдгээр 3 өрөө, коридор, 00-н доорх газар болон хуучин ахуй үйлчилгээний байрны урд талбайн газартай хамт худалдаж авсан. Уг 3 өрөө болон түүний доорх газар нэхэмжлэгч М.Б гийн нэхэмжлэлдээ дурдсан 35,75м2 талбай бүхий 1 өрөө болон түүний доорх газар орж байсан.  Үүний дараа 2001 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 021800424 тоот газар эзэмших гэрчилгээгээр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэр хуучин ахуйн үйлчилгээний байранд болон түүний урд талбайд 594м2 газрыг С.Б надад эзэмшүүлэхээр олгосон. Миний бие уг 594 м2 газраа 2001 оноос 2015 он хүртэл эзэмшиж байгаад газар эзэмших эрхийн хугацаа дуусч, хугацаагаа сунгуулахаар аймгийн Засаг даргад хандахад миний эзэмших газрын хэмжээг хасч надад 204м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгосон. Ингэж 204м2 газрыг надад олгохдоо нэхэмжлэгч М.Б гийн нэхэмжлэлдээ дурдсан 35,75 м2 талбай бүхий газартай давхцалгүйгээр олгосон. Надад олгосон 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн газрын байршлын кадастрын зурагт хуучин ахуйн үйлчилгээний барилгын 1 дүгээр давхрын зүүн талын урд өнцөгт байрлах 35,75м2 талбай бүхий газар нь миний эзэмшиж байгаа 204 м2 газарт хамааралгүй тусдаа болох нь илэрхий харагдаж байгаа.

2018 онд 35,75м2 талбай бүхий 1 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг хэн нэгэн эзэмшээгүй, хэн нэгний газартай давхалцалгүй байсан учраас М.Б гийн газар эзэмших эрхийг Архангай аймгийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/95 дугаар захирамжаар баталгаажуулсан гэж бодож байна. Гэтэл аймгийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/95 дугаар захирамжаар баталгаажуулсан гэх газраа С.Бминий Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн А/104 тоот захирамжаар эзэмшиж байгаа 204 м2 газартай давхцсан гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Тус шүүхэд иргэн М.Б гаас Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан “Архангай аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн А/104 дүгээр захирамжийн иргэн С.Бд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн 204м2 хэмжээтэй газраас 79м2 газрыг эзэмших хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Архангай аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн А/104 дүгээр захирамжийн иргэн С.Бд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн 204м2 хэмжээтэй газраас 62.05м2 газрыг эзэмших хэсгийг хүчингүй болгуулах” гэж тодруулж, өөрчилсөн байна.

 

2. Нэхэмжлэгчээс маргаж буй 62.05м2 газар нь М.Б гийн үл хөдлөх эд хөрөнгө эзэмшиж буй 35.75м2 газар, үлдсэн 26.3м2 газар нь коридор байрлаж буй газар хамаарна гэж тайлбарлаж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5. дахь хэсэгт “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж заасан бөгөөд шүүх нэхэмжлэгчийн өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

3. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ. Учир нь:

Нэхэмжлэгч М.Б гийн газар эзэмших эрхийн тухайд,

4. Нэхэмжлэгч М.Б  нь 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдөр иргэн Ш.Адъяадуламаас Архангай аймгийн Эрдэнэбулган сум, Хуучин ахуй үйлчилгээнд байрлах 35.75м2 1 өрөө бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр худалдан авах гэрээ байгуулжээ. /х.х-н 43/

5. Улмаар 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг Хуучин ахуй үйлчилгээний барилгын 1 дүгээр давхрын зүүн өнцөгт байрлах үйлчилгээний зориулалттай 35,75м2 талбайтай 1 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлж, 000157847 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байна. /х.х-н 87/

6. Ийнхүү Архангай аймгийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/95 дугаар захирамжаар 776м2 хэмжээтэй газрыг Г.Дэмид жанжны гудамж 1, 101б /хуучнаар дээд ахуйн үйлчилгээ/ гэх байршил бүхий газарт үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсний дотор 000157847 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ бүхий 35.75м2 үл хөдлөх эд хөрөнгийн доорх газар орсон байна /х.х.-н 78-79/

Гуравдагч этгээд С.Бгийн газар эзэмших эрхийн тухайд,

7. Иргэн Т.Халтар нь 2004 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 000105345 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгээр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төвд орших /хуучин ахуй үйлчилгээний барилга/ үйлчилгээний зориулалттай 516,25м2 талбайтай 5 өрөө барилгыг өмчилж Ү-011700203 дугаарт бүртгүүлж байжээ. /х.х-н 52/

8. 2009 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр иргэн Т.Халтар нь иргэн С.Бтэй  өөрийн өмчлөлийн Архангай аймаг Эрдэнэбулган сум, дээд ахуй үйлчилгээ хаягт байгаа үл хөдлөх эд хөрөнгөөс 105м2 хэмжээтэй 1 өрөө, 10.000.000 /арван сая/ төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг хариу төлбөргүйгээр бэлэглэх гэрээ байгуулжээ. /х.х-н 49/

9. Улмаар иргэн С.Бнь Архангай аймгийн Эрдэнэбулган сум 2 дугаар баг хуучин ахуй үйлчилгээний барилгын 1 давхрын урагш харсан хэсгийн зүүн жигүүрт үйлчилгээний зориулалттай 105м2 үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр 2009 оны 10 дугаар сарын 27-ны өдөр бүртгэгдэж, 000091430 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан байна. /х.х-н 53/

10. Ийнхүү Архангай аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн А/104 дүгээр захирамжийн хавсралтын 2 дугаарт зааснаар иргэн С.Бд 204м2 хэмжээтэй газрыг хуучин дээд ахуй үйлчилгээ гэх газарт үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай олгосны дотор 000091430 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй газар багтжээ. /х.х-н 70/

11. Нэхэмжлэгч М.Б  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “ ... миний эзэмшиж байгаа 35.75м2 хэмжээтэй үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг иргэн С.Бд давхцуулан эзэмшүүлсэн байна, би уг үл хөдлөх эд хөрөнгийг 2012 онд Ш.Адъяадулам гэх хүнээс худалдаж авахдаа доорх газартай нь авч, аймгийн Засаг даргын 2018 оны А/95 дугаар захирамжаар газар эзэмших эрх олгосон, ... мөн иргэн С.Бгийн эзэмшиж байгаа коридор нь нийтийн эзэмшлийн талбай бөгөөд түүнд эзэмшүүлсэн нь хууль бус байна ...” гэж тайлбарлаж байна.

12. Уг хэрэг маргааны тухайд, нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д зааснаар маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ. Хуулийн дээрх заалтын агуулгаас үзэхэд маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн буюу субьектив эрх нь зөрчигдсөн байхыг шаарддаг.

Өөрөөр хэлбэл, захиргааны актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны  сонирхол зөрчигдсөн байхыг шаардах бөгөөд “зөрчигдсөн” болох  нь тогтоогдсон тохиолдолд л шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасан шийдвэрийг буюу маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох шийдвэр гаргах боломжтой байдаг.

13. Уг хэргийн маргаан бүхий захиргааны актын тухайд, Архангай аймгийн Засаг дарга 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн А/104 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2 дахь заалт, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг тус тус үндэслэн аймгийн төвийн инженерийн шугам сүлжээ бүхий газарт газар эзэмшиж байгаа иргэний газрын хэмжээ, хугацаа, байршлыг хавсралтаар баталгаажуулж, эзэмших эрх нь баталгаажсан иргэний газарт хэмжилт зураглал үйлдэн, гэрээ байгуулан гэрчилгээ олгож, газрын улсын бүртгэлд бүртгэхийг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар /Ч.Отгонжаргал/-т даалгажээ. Энэхүү захирамжийн хавсралт 2 дугаарт иргэн С.Бд 204м2 хэмжээтэй, хуучин дээд ахуй үйлчилгээнд байршилтай үйлчилгээний зориулалттай газар тусгагджээ. /х.х-н 70/

14. Газрын тухай хуулийн 20  дугаар зүйлийн 20.2. дахь хэсэг Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 20.2.2.-т “газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах”, 2006 оны Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2. дахь хэсэгт “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.” гэж тус тус заасан байна.

15. Уг хэргийн гуравдагч этгээд С.Бгийн газар эзэмших эрхийг баталгаажуулсан Архангай аймгийн  Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн А/104 дүгээр захирамжийг гарахдаа газар эзэмших эрхтэй бусад этгээдийн газартай ямар нэг давхцалгүй, тодруулбал дээрх захирамжийг гарах үед нэхэмжлэгч М.Б гийн эзэмшиж байгаа 35.75м2 газартай давхцаагүй байсан бөгөөд бусдын газар эзэмших эрхийг бодитойгоор зөрчөөгүй, үүнээс үүдэлтэй хууль зүйн үр дагавар үүсгээгүй байна.

16. Нэгэнт нэхэмжлэгчийн газартай давхцалгүй, түүний эзэмших эрхийг маргаан бүхий актаар зөрчөөгүй нөхцөлд уг маргаан бүхий актыг анхнаасаа гаргах ёсгүй байсан анхнаасаа хууль зөрчиж газар эзэмших эрхтэй болсон, үл хөдлөх хөрөнгөтэй газрын эзэмшлийн асуудлыг хамт шийдвэрлээгүй зэрэг нь энэ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэгдэхгүй бөгөөд уг хэрэгт хамааралгүй байна.

17. Нэхэмжлэгч М.Б гийн хувьд нэхэмжлэлийн шаардлагад дурдаад буй Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг Хуучин ахуйн үйлчилгээний барилгын 1 дүгээр давхрын зүүн өнцөгт байрлах 35.75м2 талбай бүхий  1 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг 2012 онд Ш.Даваадулам гэдэг хүнээс худалдан авч, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000157847 дугаартай гэрчилгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг бусад 6 үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрын хамт баталгаажуулахаар Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдөр хандаж, улмаар 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн А/195 дугаартай захирамжаар   35.75м2 талбай бүхий 1 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг нэгтгэн баталгаажуулжээ.

          18. Дээрх үйл баримтаас үзэхэд иргэн С.Бгийн газар эзэмших эрхийг баталгаажуулсан Архангай аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай” А/104 дүгээр захирамж гарах тухайн цаг хугацаанд бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байсан болох нь тогтоогдож байна.

19. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн А/95 дугаартай захирамжаар /захирамжийн хавсралт .... гэж заасан/, 35.75м2 талбай бүхий 1 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг бусад газартай нэгтгэн эзэмших эрхээ авсан байх бөгөөд Архангай аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн А/104  дүгээр захирамж гарах үед нэхэмжлэгчийн зүгээс газар эзэмших эрхээ баталгаажуулсан, газрын давхцалтай, газар эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн зүйл байгаагүй байна.

20. Нэхэмжлэгч М.Б гийн маргаж буй 35.75м2 газрын тухайд, уг газрыг эзэмших эрх 2015 онд иргэн С.Бд анх үүссэн, тухайн цаг хугацаанд нэхэмжлэгч М.Б д нь уг газрыг эзэмших ашиглахтай холбоотой эрх зүйн харилцаа үүсээгүй байсан бөгөөд маргаан бүхий А/104 дүгээр захирамж нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3. дахь хэсэгт “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.” гэх хуулийн заалтад нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болжээ.  

Архангай аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн А/104 дүгээр захирамжийн иргэн С.Бд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн 204м2 хэмжээтэй газраас коридор байрлаж буй газар 26.3м2 газрыг эзэмших эрхийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд,

21. Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 331 дүгээр албан бичгийн хавсралтаар ирүүлсэн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөд хэмжилт хийсэн зургаас үзвэл нэхэмжлэгч М.Б гийн маргаж буй урт коридор байрлаж буй газар нь иргэн С.Бгийн эзэмшил газарт хамаарч байна. /х.х-н 112/

22. Нэхэмжлэгч М.Б гаас “ ... С.Бнь нийтийн эзэмшлийн талбай болох коридорыг нийтээрээ эзэмших ёстой байхад газрын эзэмших эрхийг гаргуулан авч, коридорын үүд хаалгыг хааж коридороор зорчих ашиглах боломжгүй болгосон ...” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлажээ.

23. Захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулдаг. Өөрөөр хэлбэл, нийтийн эзэмшлийн гэх коридорын доорх газрыг иргэн С.Бд эзэмшүүлсэн захиргааны байгууллагын үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэхэд л хууль зүйн дүгнэлт хийх боломжтой, харин нэхэмжлэгчийн маргаж буй коридор нь нийтийн эзэмшил мөн эсэх, нийтээр эзэмших ёстой байсан эсэх, иргэн С.Бтүүнийг эзэмших, ашиглах нөхцөлийг хаасан эсэх асуудал нь тус шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд хамааралгүй болно.

24. Уг хэргийн тухайд, иргэн С.Бд газар эзэмших эрх олгосон захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянуулахаар маргах боломжтой бөгөөд газрын харилцаатай холбоотой энэхүү асуудлыг Газрын тухай хуулиар нарийвчлан зохицуулсан. Тодруулбал, Газрын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.-д “Энэ хуулийн зорилт нь газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах болон түүнтэй холбогдсон бусад харилцааг зохицуулахад оршино.”, 3 дугаар зүйлийн 3.1. дэх хэсэг Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно: 3.1.9.-д "нийтийн эдэлбэрийн газар" гэж зохих журмын дагуу нийтээр ашиглахаар тогтоогдсон төрийн өмчийн газрыг., 5 дугаар зүйлийн 5.2. дахь хэсэгт “Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно.”, 6 дугаар зүйлийн 6.2. дахь хэсэг Хуульд өөрөөр заагаагүй бол дараахь газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана: 6.2.2.-т “хот, тосгон, бусад суурины нийтийн эдэлбэрийн газар”, 12 дугаар зүйлийн 12.2. дахь хэсэгт “Нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон, бусад суурины гудамж, талбай, зам,  нийтийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг газар хамаарна.” гэж тус тус заасан.

25. Харин нэхэмжлэгчийн маргаж буй 26.3м2 гэх коридор нь нийтийн эзэмшлийн талбай мөн эсэх, түүнийг нийтээр эзэмшиж байгаа эсэх нь тодорхойгүй бөгөөд уг хуучин ахуй үйлчилгээний барилга нь хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцад хамааралгүй, тухайн барилгын үл хөдлөх эд хөрөнгийг нь хэд хэдэн хэсгээр өөр өөр иргэд хувьчилж авсан, улмаар тэдгээр иргэдээс иргэн М.Б  худалдаж авсан, бодит байдалд нэхэмжлэгчийн маргаж буй коридорыг нийтийн эзэмшлийн талбай гэж үзэх боломжгүй, уг коридорыг иргэн С.Бхаасан, үүний улмаас нэхэмжлэгч М.Б  орж гарах боломжгүй болсон гэх нөхцөл шүүхийн үзлэгээр тогтоогдоогүй болно. /х.х-н 100-109/

26. Дээрх нөхцөлөөс үзвэл нэхэмжлэгч М.Б  нь маргаан бүхий А/104 дүгээр захирамжаар иргэн С.Бд олгосон газраас коридорын газарт хамаарах 26.3м2 газрыг ямар хууль зүйн үндэслэлээр хүчингүй болгуулахаар маргаж байгаа нь ойлгомжгүй, маргаж буй коридор нь нийтийн зориулалттай орон сууцны барилгын нийтээр болон дундын өмчлөлд хамааралгүй, шүүхэд гаргаж буй дээрх үндэслэлээр иргэн С.Бгийн 26.3м2 газрыг эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

27. Нөгөөтээгүүр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2. дахь хэсэгт “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй.” гэж зааснаар нийтийн эзэмшлийн талбай, орц гарц хаасантай холбоотой маргах, шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой.

28. Иймд шүүх дээр дурдсан хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14, 106.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.3.5-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Байгалмаагаас Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан  гаргасан “Архангай аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн А/104 дүгээр захирамжийн иргэн С.Бд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн 204м2 хэмжээтэй газраас 62.05м2 газрыг эзэмших хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ТҮВШИНТУЛГА