Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 02430

 

Б.М-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2018/02758 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.М-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Э, Э.О нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 194 612 765 төгрөг гаргуулах, үүрэг дуусгавар болсон хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Х, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Ц нар оролцов.

Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагч М.Э, Э.О нартай 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 200 000 000 төгрөгийг, сарын 1,5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 60б байрны 4 тоот хаягт байрлах 173 м.кв талбайтай орон сууцыг гараашийн хамт барьцаалсан. Уг гэрээг нотариатаар гэрчлүүлж, бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Энэ өдрөөс хойш хариуцагч М.Э 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд 22 507 000 төгрөгийг төлсөн, энэ талаар маргахгүй. 

Хариуцагч нар 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдөр үндсэн зээл 200 000 000 төгрөг, 6 сарын хүү 18 000 000 төгрөг, нийт 218 000 000 төгрөг төлөх ёстой байсан. Гэтэл 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хооронд 5 удаа хүүнд 9 150 000 төгрөг төлсөн. Зээлийн хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувиар бодож алданги төлөх үүрэг хүлээсэн. Хариуцагч нар 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн төлөгдөөгүй үлдэгдэл 208 850 000 төгрөгийн хоногийн алданги 1 044 250 төгрөг болох бөгөөд 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл 62 хоног хугацаа хэтрүүлсний алданги /1 044 250 төгөрг *62 хоног/ 64 743 500 төгрөг дээр үндсэн үүрэг 208 850 000 төгрөгийг нэмж нийт 273 593 500 төгрөг болно. Үүнээс 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр төлсөн 111 650 000 төгрөгийг хасахад 161 943 500 төгрөг болно. Уг  мөнгөний хоногийн алданги 809 717,5 төгрөг бөгөөд 38 хоногоор бодоход 32 669 265 төгрөг дээр үндсэн зээлийн үлдэгдэл 161 943 500 төгрөг, нийт 194 612 765 төгрөгийг нэхэмжилнэ.

2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг дуусаагүй байхад М.Э нь “...миний дүү М.С нь банкнаас нэг тэрбум төгрөгийн зээл авах гэж байгаа. Түүнийг авахад барьцаа хөрөнгө хэрэгтэй байгаа тул энэ байрыг барьцаанаас түр суллаад өгөөч. Тэр зээлийг аваад мөнгийг чинь өгнө” гэж хэлсэн. Ингээд бид харилцан тохироод 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 1 065 000 юанийн зээлийн гэрээ хийсэн. Тодруулбал, М.Э 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 90 000 000 төгрөг, М.С 180 000 000 төгрөг төлөхөөс эдгээрийг нийлүүлээд 1 065 000 юанийн зээлийн гэрээг байгуулсан бөгөөд 1 065 000 юанийг шилжүүлээгүй. М.Э тэрбум төгрөгийн зээл аваад зээлсэн мөнгөө буцаан төлнө гэж итгээд, түүнд хууран мэхлэгдээд 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр “Үүрэг дуусгавар болсон тухай” хэлцэл хийсэн болно. Хариуцагч М.Э-ын дүү М.С 1 000 000 000 төгрөгийн зээлийг банкнаас авсан боловч надаас авсан зээлээ төлөөгүй, намайг мэхэлсэн. Иймд Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Үүрэг дуусгавар болсон тухай” хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр М.Э түүний хүү Э.О нар нэхэмжлэгч Б.М-тай зээлийн гэрээ байгуулсан. Гэхдээ уг гэрээний дагуу 200 000 000 төгрөг аваагүй, 110 000 000 төгрөг авсан. 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 110 000 000 төгрөгийг хүүгийн хамт буцааж төлсөн. Тодруулбал, 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 09 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл нийт 122 507 000 төгрөгийг хариуцагч М.Э-аас төлсөн, энэ талаар маргахгүй.

Харин 110 000 000 төгрөгийн 1,5 хувийн хүү 1 650 000 төгрөг болох бөгөөд 6 сарын хүү 9 900 000 төгрөг дээр үндсэн зээл 110 000 000 төгрөгийг нэмэхэд 119 900 000 төгрөг болно. Уг мөнгөнөөс 122 507 000 төгрөгийг хасч 2 607 000 төгрөг болно. Бид 2 607 000 төгрөгийг алдангид төлсөн гэж үзэж байгаа. Хэргийн 10 дугаар хуудасны ард буюу 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн барьцааны гэрээний 8 дугаар зүйлд нэмэлт нөхцөл гэсэн заалтанд “...9 дүгээр сарын 04-ний өдөр 110 000 000 төгрөг буцаан олгосон” гэсэн бичилт байдаг. Нэхэмжлэгч Б.М өөрөө энэ бичилтийн дор мөнгийг авсан гэж гарын үсгээ зурсан. 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 15 000 000 төгрөг, 96 650 000 төгрөг, нийт 111 650 000 төгрөгийг Б.М дансаар хүлээн авсан. 96 650 000 төгрөгийг М.Э-ын дүү н.Ө шилжүүлсэн. 111 650 000 төгрөг авсан боловч талууд тохироод 110 000 000 буцаан олгосон гэж гарын үсгээ зурцгаасан. Ингээд 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний дагуу зээлж авсан мөнгөө бүрэн төлсөн.

Түүнчлэн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.4-т банкнаас бусад этгээд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх гэж байгаа бол тусгай зөвшөөрөл авах ёстой талаар заасан байгаа. Гэтэл нэхэмжлэгч Б.М тусгай зөвшөөрөлгүй атлаа бусдаас хууль бусаар мөнгө хүүлэх ажиллагааг байнга эрхэлж байгаа нь түүний дансны хуулга, тайлбараар нотлогдож байна. Иймд 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хариуцагч нартай байгуулсан гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн буюу анхнаасаа хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх боломжтой. 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх боломжтой. Талууд энэхүү зээлийн гэрээг 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 1 065 000 юанийн зээлийн гэрээ мэтээр өөрчилж сунгасан. Улмаар энэ юанийн зээлийн гэрээний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийг шүүх хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Өөрсдөө үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж явсаар 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний үүргээ шаардах хугацаа өнгөрсөн. 

Нэхэмжлэгчийн 2 дах буюу 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Үүрэг дуусгавар болсон тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай” шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон учраас барьцааны гэрээг талууд харилцан тохирч дуусгавар болгосон. М.Э-ын дүү М.С-ын 1 000 000 000 төгрөгийн зээлийн барьцаанд уг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан зүйлгүй. М.Э Б.М-г хууран мэхлээд үл хөдлөх эд хөрөнгөө барьцаанаас суллаагүй болно. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 60б байрны 4 тоот үл хөдлөх эд хөрөнгө үүргийн барьцаанд байгаа болох нь харагдаж байгаа гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч М.Э, Э.О нараас 77 493 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 117 119 765 төгрөгт холбогдох хэсгийг болон 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн “Үүрэг дуусгавар болсон тухай” хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 201 214 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Э, Э.О нараас 545 415 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.М-д  олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.М, түүний өмгөөлөгч М.Х нар давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэлийн 194 612 765 төгрөг гаргуулах шаардлагын хувьд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасныг буруу тайлбарлан, хэрэглэсэн. Анхан шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай талаас нь дүгнэх ёстой. Гэтэл тухайн хэргийн зохигчдод хамааралгүй өөрийн хүмүүст холбогдох баримтыг тухайн хэргийн нотлох баримт болгон үнэлсэн нь буруу. Нэхэмжлэгчийн хувьд удаа дараа зээл олгож ашиг олоогүй. Харин ч нэхэмжлэгч өөрөө хариуцагчид байгаа мөнгөө залилуулан хохирсон. Гэтэл шүүх хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжүүлсэн шийдвэр гаргалаа. Шүүхийн үндсэн үүрэг нь зөрчигдсөн эрхийг сэргээж, хамгаалах явдал. Гэтэл нэхэмжлэгчийг улам хохироолоо. Хүү гэдэг нь мөнгийг хэрэглэсний хариу төлбөр, анз нь хугацаа хэтрүүлсний төлөө тооцож буй хариуцлага юм. Нэг удаагийн иргэд хоорондын бага хүүтэй зээлийг банкны үйл ажиллагаа явуулахтай хутган материаллаг хуулийг буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар “Талууд хуулийн хүрээнд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн асуудлыг өөрсдөө тодорхойлон байгуулсан гэрээг буруу дүгнэж диспозтив зарчмыг зөрчсөнөөс гадна хариуцагч нь хугацаа сунгуулах, хугацаагаа хэтрүүлэн нэхэмжлэгчийн мөнгөн хөрөнгийг үнэгүй ашиглаж болно гэсэн агуулгатай шийдвэрийг шүүх гаргаж, хэргийн хүрээнээс хальж өөр бусдад холбогдох хамааралгүй баримтыг хамааруулан дүгнэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэж зохигчдын хоорондын үндсэн маргааны талаар дүгнэлт хийлгүй орхигдуулсан.

Хэргийн агуулгыг зөв шийдвэрлээгүй, зөрчигдсөн эрхийг сэргээж, хамгаалж чадаагүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн үндсэн зарчмуудыг зөрчсөн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Иргэний хуулийн зохих зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч М.Э, Э.О нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 194 612 765 төгрөг гаргуулах, 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Үүрэг дуусгавар болсон тухай” хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Талуудын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу 200 000 000 төгрөгийг, сарын 1.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлэхээр тохиролцож, мөн өдөр байгуулагдсан барьцааны гэрээгээр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж 60б байрны 4 тоот, 173 м.кв талбайтай, орон сууцыг гараашийн хамт 360 000 000 төгрөгөөр үнэлэн барьцаалсан, хариуцагч нь  2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд 8 удаагийн төлөлтөөр нийт 122 507 000 төгрөг төлсөн, 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр “Үүрэг дуусгавар болсон тухай” хэлцэл байгуулагдсан үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй. / х.х-ийн, 5, 7-13 дугаар тал/ 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу иргэд хоорондоо харилцан тохиролцож, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан журмын дагуу мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх замаар зээлийн гэрээ байгуулагдах учиртай. Талууд зээлийн гэрээг байгуулахдаа хэлэлцэн хүү тохиролцож, хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагыг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282,1 282.3 дах хэсэгт зохицуулсан.

Анхан шатны шүүх Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.4-д ”банкнаас бусад этгээд хадгаламж, зээлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх” талаарх заалт болон  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.8 дах хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Б.М нь зээлийн үйл ажиллагааг байнга эрхэлдэг этгээд гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд Голомт банкны дансны хуулгаар орлого, зарлагын баримт, тэрээр “ойр дотны хүмүүс төрөл садангийн хүмүүсээс орж ирсэн мөнгө байгаа” гэх түүний тайлбараас банк, зээлийн үйлчилгээ эрхлэх эрх бүхий этгээд буюу Иргэний хуулийн 451 дэх хэсэгт заасан зээл олгох үйл ажиллагааг тогтмол эрхэлдэг этгээд гэж үзэх боломжгүй тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль хэрэглээний хувьд оновчгүй болжээ. Түүнчлэн зээлийн хүүгийн хэмжээ хэт өндөр гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй.

Иймд 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Уг гэрээнд сарын 1,5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, хугацаа хэтэрвэл хоног тутамд алданги төлөхөөр тодорхой заан тохиролцохдоо Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээг чөлөөтэй байгуулсан гэж үзнэ.

Талууд зээлийн гэрээний дагуу 200 000 000 төгрөг эсвэл 110 000 000 төгрөг авсан талаар маргаантай байна.

Хэргийн материалд зээлийн гэрээний дагуу 200 000 000 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлэн, хүлээлгэн өгсөн талаар эргэлзээгүй дүгнэж болохоор бичгийн баримт авагдаагүй. Уг 200 000 000 төгрөгтэй холбоотой талуудын тайлбар, өмнө нь шүүхэд өөр нэхэмжлэлийн талаар мэтгэлцэх үедээ уг нөхцөл байдлын талаар шүүхэд гаргаж байсан тайлбарууд нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2017/02786 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 43 дугаар магадлал зэрэг хүчин төгөлдөр шийдвэрүүдэд заагдсан. /1 х.х-ийн 80-86 дугаар тал/

Зээлийн гэрээг сунгасан гэх бичилт бүхий 1 дүгээр хавтаст хэргийн 11-13 дугаар талд авагдсан баримтад зээлдэгч тал гэсэн хэсэгт хариуцагч М.Э, Э.О нар гарын үсэг зурсан байна. Энэхүү баримтад бичсэнээс үзэхэд талууд 200 000 000 төгрөгийг юаньд шилжүүлэх талаар хүсэл зоригоо илэрхийлсэн бичилтүүдийг удаа дараа хийж байсан, барьцааны гэрээнд гарын үсэг зурж, дараа нь уг гэрээг сунгасан бичиг баримт үйлдсэн байна. Хариуцагч нарын хэн аль нь эрх зүйн бүрэн чадамжтай этгээдүүд учир 200 000 000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүссэн гэх байдлыг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан эдгээр нотлох баримтуудыг харьцуулан үзэж, хариуцагч нар 200 000 000 төгрөгийн зээлийн гэрээг нэхэмжлэгчтэй байгуулсан, үүрэг үүссэн гэж дүгнэх үндэслэлтэй.

Анхан шатны шүүх зээлийн гэрээг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж хууль хэрэглээний хувьд буруу дүгнэлт хийсэн боловч нэхэмжлэгчээс 200 000 000 төгрөгийг шилжүүлсэн, 200 000 000 төгрөгийг М.Э хүлээж авсан гэх үйл баримтын талаар хийсэн дүгнэлтэд хариуцагч талаас давж заалдах гомдол гаргаагүй. Иймд 200 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэж, уг гэрээний дагуу 6 сарын хүү тооцоход 18 000 000 төгрөг болно.

Харин 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээг 6 сараар хугацааг сунгахдаа 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр барьцаат зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээний /1 хх-ийн 11 дэх тал/ баримт хэрэгт авагдсан бөгөөд Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.7 дах хэсэгт “хугацааг сунгах тохиолдолд хугацаа дууссан үеэс шинэ хугацааг тоолно” гэж зааснаар тухайн гэрээний хугацааг дууссан өдрөөс сунгагдсанд тооцохоор байна. Өөрөөр хэлбэл, 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан байхад, 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гэрээний хугацааг сунгах талаар нөхөж гэрээ байгуулагдсан байна. Иймд дээрх 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн гэрээний дагуу зээлийн хүүг үргэлжлүүлэн тооцох боломжгүй.

Тиймээс үндсэн зээл 200 000 000 төгрөг, зээлийн хүү 18 000 000 төгрөг, нийт 218 000 000 төгрөгийн үүрэг үүссэн гэж үзнэ. Талууд 122 507 000 төгрөгийг төлөгдсөн талаар маргаагүй, анхан шатны шүүхийн дүгнэлтийн талаар талуудын хэн аль нь давж заалдах гомдол гаргаагүй. Ийм учраас уг үйл баримтыг нотлогдсон гэж үзээд үндсэн үүрэг 218 000 000 төгрөгөөс төлөгдсөн 122 507 000 төгрөгийг хасч 95 493 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлэх бөгөөд нэхэмжлэгч нь зээл, хүүгийн үлдэгдэл 161 943 500 төгрөг, алданги 32 669 265 төгрөг гэж тодорхойлсоны дагуу алдангийг гаргуулахаар шийдвэрлэсэн болно. Учир нь: зээлийн үндсэн үүрэг 95 493 000 төгрөгөөс хуульд заасны дагуу бичгээр тохиролцсон тохиролцооны дагуу алданги тооцоход Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас анз хэтэрч болохгүй гэж заасан болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ заасан 32 669 265 төгрөгөөс илүү гарч байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд алдангийг 32 669 265 төгрөгөөр тодорхойлж, нийт 128 162 265 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Үүрэг дуусгавар болгох тухай” хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ. Өөрөөр хэлбэл, 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн хэлцэлтэй холбоотойгоор үүрэг дуусгавар болсон байх бөгөөд  талуудын хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлэн хийгдсэн энэ хэлцлийг хуурч мэхэлсэн гэх үндэслэлээр хүчин төгөлдөр бусд тооцох боломжгүй юм. Хэлцэл хийх зорилгоор бусдыг хуурч мэхэлсэн  гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх заалтыг зөв хэрэглэсэн гэж үзнэ.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2018/02758 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...56 дугаар зүйлийн 56.5” гэснийг “...281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6...” гэж, “...77 493 000...” гэснийг “...128 162 165...” гэж, ”...117 119 765...” гэснийг “...66 450 600...” гэж, 2 дах заалтад “...545 415...” гэснийг “...798 761...” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 747 549 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               ШҮҮГЧИД                                            Д.ЦОГТСАЙХАН

                                                                                                            Д.БАЙГАЛМАА