| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Батцэрэн |
| Хэргийн индекс | 001/2018/0001/Э |
| Дугаар | 241 |
| Огноо | 2018-05-28 |
| Зүйл хэсэг | 17.3.1., 17.3.2.2., |
| Улсын яллагч | Ц.Бурмаа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 241
Э.А, М.М нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, иргэний хариуцагчийн төлөөлөгч Д.Намсрайжав, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Содончимэг, Д.Энхтунгалаг, хохирогч Т.Төгсчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 729 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 104 дүгээр магадлалтай, 2014250008252 дугаартай эрүүгийн хэргийг иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Намсрайжавын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
1.Монгол Улсын иргэн, 1984 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржигин овогт Э.А нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,
2.Монгол Улсын иргэн, 1989 оны 6 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржигин овогт М.М нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар прокуророос шүүгдэгч М.М-т Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож,
Шүүгдэгч Э.А-ыг бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 3 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас 62.050.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Төгсчулуунд, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Э.Ааас 44.000.000 төгрөг гаргуулж Б.Нямдоржид 16.000.000 төгрөг, Г.Ариунболдод 28.000.000 төгрөг тус тус олгох, иргэний хариуцагч “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 104 дүгээр магадлалаар 729 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.М-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, М.М-ыг цагаатгасугай” гэж,
2 дахь заалтыг “Прокуророос Э.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Э.А-ыг бусдад их хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагч “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Намсрайжав гаргасан гомдолдоо: “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 55 дугаар тогтоолын дагуу тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж ажилладаг. Бүртгэлийн мэргэжилтэн Б.Баярсайхан, Л.Оюунтунгалаг нарын буруутай үйлдлийг өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг үндэслэн прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон. Гэтэл нэгэнт өршөөлийн хуулийн дагуу уг хэрэгт буруугүй гэдгийг тогтоож тогтоол гаргасан байтал Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Авто тээврийн үндэсний төв”-ийг иргэний хариуцагчаар татаж 62.050.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль бус байна. Б.Баярсайхан, Л.Оюунтунгалаг нар бусдад хууль бус шилжилт хөдөлгөөн хийж хохирол учруулсан гэж үзэх аваас шүүгдэгч Э.А-ын бусдад зарсан 4 автомашины худалдах худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус юм. Залилангийн хэрэгт хохирсон Т.Төгсчулуун зарахаар зэхэж байсан 4 автомашины үнэ болох 62.050.000 төгрөгийн хохирлыг шүүхээр гаргуулж, худалдан авсан 4 иргэн тухайн автомашинаас ашиглаж байхад зөвхөн залилангийн гэмт хэрэгт өртсөн “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас 4 автомашины үнийг бүтэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 510 дугаар зүйлтэй илэрхий зөрчилдөж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан “Авто тээврийн үндэсний төв”-өөс гаргуулах 62.050.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөлөгч Д.Энхтунгалаг хэлсэн саналдаа: “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Иргэний хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдол нь хууль зүйн үндэслэлгүй. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй гэж өмгөөлөгч нарын зүгээс үзэж байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Мөн хуралдаанд шүүгдэгчийн өмгөлөгч Ч.Содончимэг хэлсэн саналдаа: “Д.Энхтунгалаг өмгөөлөгчтэй санал нэг байна” гэв.
Мөн шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүх Э.А-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна. Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын иргэний хариуцагчаас төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй байна. Иймд дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Иргэний хариуцагч “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Намсрайжавын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Э.А, М.М нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Шүүгдэгч Э.А, М.М нарт холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулжээ.
Шүүх тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.А нь Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Да хүрээ” зах дээр:
- 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хохирогч Б.Нямдоржийн эзэмшлийн “Тoyota Allion” загварын, улсын дугаар гэрчилгээ аваагүй автомашиныг зарж өгнө гэж хуурч мэхлэх аргаар авч, 18 сая төгрөгийн хохирол учруулсан,
- 2014 оны 11 дүгээр сараас 2015 оны 12 дугаар сарын 15-ны хооронд хохирогч Ч.Туулаас 600.000 төгрөгийн сэлбэг хэрэгсэл, бэлэн 4.500.000 төгрөгийг зээл нэрийдлээр итгэл эвдэх аргаар авч, 5.100.000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2014 оны 11 дүгээр сард хохирогч З.Санчирын эзэмшлийн улсын дугаар, гэрчилгээ аваагүй, “Toyota Crown” загварын автомашиныг зарж өгье гэж хуурч мэхлэх аргаар авч, 12 сая төгрөгийн хохирол учруулсан,
- 2014 оны 11 дүгээр сард хохирогч З.Санчирын эзэмшлийн улсын дугаар, гэрчилгээ аваагүй “Toyota Crown” загварын автомашиныг хохирогч Д.Энхбаатарт өөрийн автомашин гэж хэлж хуурч мэхлэн 5 сая төгрөгийн барьцаанд тавьж, 5 сая төгрөгийн хохирол учруулсан,
- 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хохирогч Б.Төгсчулууны эзэмшлийн “Toyota Mark Х” загварын 15 сая төгрөгийн үнэ бүхий автомашиныг, 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Toyota Mark Х” загварын 16.2 сая төгрөгийн үнэ бүхий автомашиныг, 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “Toyota Prius 30” загварын 16.5 сая төгрөгийн үнэ бүхий автомашиныг, мөн “Toyota Mark X-O” загварын 15.2 сая төгрөгийн үнэ бүхий автомашинуудыг зарж өгье гэж итгэл эвдэх аргаар залилан мэхлэж авч, Б.Төгсчулуунд нийт 62.550.000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Д.Батчимэгийн эзэмшлийн 81-82 УНЛ улсын дугаартай, “Toyota Prado” загварын тээврийн хэрэгслийг ашиглан хохирогч Г.Ариунболдоос 28.000.000 төгрөгийг хуурч мэхлэх аргаар залилан авсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн ба шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтууд нь хуульд заасан шаардлагыг бүрэн хангасан байна гэж үзэв.
Шүүх Э.А-ын үйлдсэн залилан мэхлэх нэг төрлийн хэд хэдэн гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар нэгтгэн зүйлчилж, 3 жил хорих ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдал, бусдад учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон гэж дүгнэв.
Э.А нь хохирогч Г.Ариунболдоос 28.000.000 төгрөг авсны дараа буюу бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэрэг үйлдэгдэж төгссөний дараа М.М нь Э.Аын гуйсны дагуу хохирогч Г.Ариунболдод уг автомашиныг өөрийн эзэмшлийн автомашин гэж хэлсэн нь залилах гэмт хэргийн шинжгүй гэж хоёр шатны шүүх үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, М.М-т холбогдох 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Харин шүүх албан үүрэгтээ хайнга хандаж, шүүгдэгч Э.А-ын гуйсны дагуу хохирогч Б.Төгсчулууны эзэмшлийн 4 автомашиныг бусдад хууль бусаар шилжүүлсэн “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ийн бүртгэлийн мэргэжилтэн Л.Оюунтунгалаг, Б.Баярсайхан нарын гэм буруу тогтоогдсон, тэдгээр нь гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан прокуророос яллагдагч Л.Оюунтунгалаг, Б.Баярсайхан нарт холбогдох Эрүүгийн хуулийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгосон хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг /4хх-42,46/ харгалзан Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт иргэний хариуцагчаар тогтоогдсон, ажил олгогч “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас 62.050.000 төгрөгийг эхний ээлжинд гаргуулж, хохирогч Б.Төгсчулуунд олгохоор шийдвэрлэсэн нь зөв байна.
Иймд иргэний хариуцагч “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас 62.050.000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Төгсчулуунд олгуулах шийдвэрийг хэрэгсэхгүй болгуулах тухай иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Намсрайжавын гаргасан гомдлыг хүлээж авах боломжгүй гэж үзэв.
Харин шүүх иргэний хариуцагч “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас гаргуулахаар шийдвэрлэсэн 62.050.000 төгрөгийг шүүгдэгч Э.А-аас гаргуулах тухай асуудлыг эрүүгийн хэрэгтэй нь хамтруулан нэг мөр шийдвэрлээгүй орхигдуулсан нь буруу байх тул энэ талаар шийтгэх тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 729 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтад “шүүгдэгч Э.А-аас 62.050.000 төгрөг гаргуулж, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т олгосугай” гэсэн нэмэлт оруулж, шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 104 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, иргэний хариуцагч “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Намсрайжавын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ С.БАТДЭЛГЭР
Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН