Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 020/2014/0226/з |
Дугаар | 221/МА2017/0136 |
Огноо | 2017-02-15 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 221/МА2017/0136
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Нинжгаваа, Б.Энхзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сангижанцан, Ц.Тогосмаа нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 937 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Бужгар-Орд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын ахлах байцаагч Ц.Хандаа, татварын улсын байцаагч Д.Мэндбаяр нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 937 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 12 дугаар зүйлийн 12.1, 74 дүгээр зүйлийн 74.1.3, 74.1.4, 74.2, 74.3 Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.21, 47 дугаар зүйлийн 47.1, 47.2, 47.2.1, 47.2.3, 47.3, 47.3.2, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Бужгар-Орд” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, татварын улсын байцаагч Ц.Хандаа, Д.Мэндбаяр нарын 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 210266 дугаар актаар “Бужгар-Орд” ХХК-аар төлүүлэхээр тогтоосон төлбөрөөс 46,682.0 мянган төгрөгийн торгууль, 12,359.8 мянган төгрөгийн алданги, нийт 59,041.8 мянган төгрөгийн төлбөрийг өршөөн хэлтрүүлж, төлбөрийн хэмжээг 155,605.5 мянган төгрөгөөр тогтоож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 937 дугаар шийдвэр нь Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйл, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийг тус тус буруу тайлбарлаж, Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 28 дугаар зүйлийн 28.1.3, 29 дүгээр зүйлийн 29.1.8-ыг тус тус зөрчсөн бөгөөд хуульд заагаагүй эрхийг эдлэж, хуулиас давуулж татвар тогтоосон Засгийн газрын тогтоолыг баримтлан татварын төлбөр ногдуулсан захиргааны акт болох Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын ахлах байцаагч Ц.Хандаа, татварын улсын байцаагч Д.Мэндбаяр нарын 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 210266 тоот актыг “хууль ёсны” гэж үзсэнээрээ “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг зөрчсөн тул өмгөөлөгч Б.Энхзаяа миний бие өөрийн үйлчлүүлэгч “Бужгар-Орд” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 937 дугаар шийдвэрээ гаргахдаа Татварын ерөнхий хуулийн болон Ашигт малтмалын тухай хуулийн 47, 48 дугаар зүйлүүдийн холбогдох заалтуудыг үндэслэлээ болгосон ба ингэх явцдаа хуулийн дээрх заалтуудыг буруу тайлбарласан гэж үзэж байна.
Захиргааны хэргийн анхан шатны шүүх “ашигт малтмалын олборлолт” гэж чухам юуг хэлэх, түүнийг олборлоход хуулийн ямар шаардлага, нөхцөл, журам байдаг, тэр нь мөрдөгдөөгүй бол хэрхэх талаар төдийгүй ер нь Ашигт малтмалын “нөөц ашигласны төлбөр” гэж юуг ойлгохгүй байгаа нь, өөрөөр хэлбэл энэ татварын талаарх ойлголт нь хуулиас тэс өөрөөр байгаа нь шийдвэрээс нь харагдаж байна. Тухайлбал “Уулын ажлын төлөвлөгөө, тайлан” батлуулаагүй бол хэзээ ч ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагаа явуулах боломжгүй, хэрэв явуулсан бол ямар хариуцлага хүлээх талаарх хууль, хууль тогтоомжийн зохицуулалтын талаарх ойлголт дулимаг байна гэсэн үг.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн бусдаас жонш худалдан авснаа нотолж, үнийг төлсөн банкны дансны хуулга, автомашин пүүлсэн баримтуудыг жоншийг “...бусдаас худалдан авсныг шууд нотлохгүй...”, “Бужгар-Орд” ХХК-ийн 2012 оны бэлэн мөнгөний зарлагын баримтууд нь “...өөр бусад баримтаар давхар нотлогдохгүй байна...” гэсэн сонин дүгнэлт хийсэнд гайхаж байна. Ер нь бид олборлолт хийгээгүй гэдгээ хангалттай хэмжээнд нотолсон, тэр нь хавтаст хэрэгт авагдсан олон баримтаас харагдана гэж үзэж байгаа.
Анхан шатны шүүх шийдвэрийнхээ нэг үндэслэлийг Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалтыг болгожээ. Уг зүйлийн бусад заалтыг хэрэглэх юм бол Монгол Улсын Засгийн газар экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн нэр зарлах эрхээ хэтрүүлж, тухайн бүтээгдэхүүний Монгол банкны болон зах зээлийн үнийн эх сурвалжийг зарласан гэдэг нь тодорхой харагдах ёстой. Нэгэнт Засгийн газарт хуулиар “биржийн нэр” зарлах эрх олгосон. Жоншны төрлийн бүтээгдэхүүний жишиг үнийг тодорхойлох бирж байхгүй тохиолдолд анхан шатны шүүхийн үндэслэлээ болгоод байгаа Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.3-т зааснаар “...мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн...” татвар тооцох үнэлгээг гаргаж ирэх ёстой. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн “мэдүүлсэн” буюу татварын тайлангаар тодорхойлоод өгчихсөн “...борлуулалтын орлого...”, түүнийг нотолсон “гэрээний үнэ” байсаар байхад хуульд заасан эрхээ хэтрүүлж гаргасан Засгийн газрын тогтоолыг үндэслэсэн захиргааны актыг хууль ёсны гэж үзээд байгааг ойлгохгүй байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 937 дугаар шийдвэр, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын ахлах байцаагч Ц.Хандаа, татварын улсын байцаагч Д.Мэндбаяр нарын 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 210266 тоот актыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нотлох үүргээ бүрэн хэрэгжүүлж, хангалттай нотлох баримт цуглуулж, түүндээ үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянасан болохыг дурдах нь зүйтэй.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын ахлах байцаагч Ц.Хандаа, татварын улсын байцаагч Д.Мэндбаяр нар нь “Бужгар-Орд” ХХК-ийн 2012 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ногдуулалт, төлөлтийн байдлыг Татварын ерөнхий газрын даргын баталсан 2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн удирдамжийн дагуу шалгаж, Татварын улсын байцаагчийн 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 210266 актаар тус компанийг экспортод гаргасан жоншны Ашигт малтмал нөөц ашигласны төлбөрийн тайланд биет хэмжээ болон үнийг дутуу тайлагнаж орлого бууруулсан гэсэн үндэслэлээр 2,042,349.5 мянган төгрөгийн зөрчилд 155,605.5 мянган төгрөгийн нөхөн татвар, 46,682.0 мянган төгрөгийн торгууль, 12,359.8 мянган төгрөгийн алданги, нийт 214,647.3 мянган төгрөгийг төлүүлэхээр тогтоосон байна.
Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүнчлэн давж заалдах шатны шүүхэд “Бужгар-Орд” ХХК нь уурхайн эдэлбэрээс жонш шууд олборлоогүй, бичил уурхай эрхлэгчдээс боловсруулсан бүтээгдэхүүн худалдан авч борлуулсан учир уул уурхайн бүтээгдэхүүнийг дамжуулан шууд бус борлуулалтын орлогоос ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үндэслэлгүй, металлургийн бүхэллэг жонш /баяжмал/-д тооцох үндэслэлийг үл харгалзан хүдрийн ангилалд оруулан манай экспортолсон бүтээгдэхүүнийг хүдрийн ангилалд оруулж татвар ногдуулсан нь хууль бус, экспортод гаргасан жоншны гэрээний үнийг үндэслэж 2012 онд 48 сая төгрөгийн ашигт малтмал ашигласны төлбөр /ашигт малтмал нөөц ашигласны төлбөр/-ийг орон нутгийн төсөвт төлсөн байхад гэрээний бус жишиг үнэ гэх хийсвэр үнээр тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулсан нь үндэслэлгүй гэж маргаж байна.
Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “татварын хууль тогтоомжийн дагуу ашигт малтмалын нөөц ашигласнаас татвар төлөх үүрэг хүлээсэн хуулийн этгээд татвар төлөгч байна”, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.21-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрх авсан, эсхүл түүнийг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу шилжүүлэн авсан хуулийн этгээдийг”, 47 дугаар зүйлийн 47.1-д “ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч байгууллага нь өөрийн уурхайн эдэлбэрээс олборлолт хийгээгүй болох нь мөн экспортолсон жоншийг бусдаас худалдан авсан болох нь тогтоогдоогүй байна.
Иймд анхан шатны шүүх ““Бужгар-Орд” ХХК-ийн хувьд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл буюу жоншны ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг, тухайн талбайд малталт хийж нүх ухсан, “Бужгар-Орд” ХХК-ийн Дорноговь аймгийн Айраг сумын нутаг, “Нэргүй толгой” нэртэй газарт олборлолт явуулсан эсэх талаарх Дорноговь аймгийн Айраг сумын Засаг даргын болон байгаль орчны улсын байцаагчийн тодорхойлолтууд нь хоорондоо зөрүүтэй, тус компанийн захирал Г.Отгонбаяр нь татварын улсын байцаагчид өгсөн ярилцлагадаа Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн дагуу жонш олборлож ОХУ-д борлуулдаг гэж тайлбарлаж байсан зэргийг үндэслэн олборлолт явуулж, жонш борлуулсан” гэж дүгнэсэн нь буруу биш байна.
Нэхэмжлэгч хуулийн этгээд давж заалдах гомдолдоо дурдсан “Захиргааны хэргийн анхан шатны шүүх “ашигт малтмалын олборлолт” гэж чухам юуг хэлэх, түүнийг олборлоход хуулийн ямар шаардлага, нөхцөл, журам байдаг, тэр нь мөрдөгдөөгүй бол хэрхэх талаар төдийгүй ер нь Ашигт малтмалын “нөөц ашигласны төлбөр” гэж юуг ойлгохгүй байгаа нь, өөрөөр хэлбэл энэ татварын талаарх ойлголт нь хуулиас тэс өөрөөр байгаа нь шийдвэрээс нь харагдаж байна. Тухайлбал “Уулын ажлын төлөвлөгөө, тайлан” батлуулаагүй бол хэзээ ч ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагаа явуулах боломжгүй, хэрэв явуулсан бол ямар хариуцлага хүлээх талаарх хууль, хууль тогтоомжийн зохицуулалтын талаарх ойлголт дулимаг байна гэсэн үг” гэсэн үндэслэлийг хүлээн авах боломжгүй.
Учир нь экспортолсон жонш нь тогтоогдож байгаа боловч түүнийг бусдаас худалдан авсан болох нь баримтаар тогтоогдоогүй байна. Хавтаст хэрэгт тус компанийн “Дунфанлунма” ХХК, “Эжунмэн” ХХК-аас жонш худалдан авах гэрээнүүд ирүүлсэн хэдий ч гэрээнүүд нь хугацааны хувьд 2010 оныг хамарч байх ба сунгасан эсэх баримтыг шүүхэд ирүүлээгүй тул 2012 онд дээрх компаниудаас жонш худалдан авсан гэж үзэхээргүй байжээ. Нөгөө талаар “Дунфанлунма” ХХК, “Эжунмэн” ХХК нь уг гэрээгээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх талаар тохиролцоогүй, үүрэг хүлээгээгүй байх тул “Бужгар-Орд” ХХК-ийг ашигт малтмал ашигласны төлбөрийг төлөх үүрэгтэй хуулийн этгээд мөн гэж үзэхээр байна. Учир нь гэрээний аль ч тал ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөхгүй, хохирол учруулахаар байна.
Түүнчлэн нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаачлан “уулын ажлын төлөвлөгөө батлуулаагүй тул ... төлбөр төлөхгүй” гэж үзэх үндэслэлгүй. Энэ байдлыг нэхэмжлэгч талаас манайх уулын ажлын төлөвлөгөө батлуулаагүй, иймд олборлолт явуулсан нь нотлогдохгүй /олборлолт явуулаагүй/, олборлолт явуулсан нь нотлогдохгүй тул ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөхгүй гэсэн агуулгаар тайлбарлаж байна. Гэтэл тухайн хуулийн этгээд жонш экспортолсон болох нь тогтоогдмогц “бусдаас худалдан авсан юмаа” гэсэн тайлбар хэлж маргаж байна.
Татварын улсын байцаагч тухайн компани хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хэрхэн сахисан эсэх, уулын ажлын төлөвлөгөө батлуулсан эсэх, нөхөн сэргээлт явуулсан эсэх зэргийг шалгах эрх хэмжээгүй, иймд тухайн татвар төлөгчийн экспортолсон жоншны тухайн баримтыг үндэслэн, бусдаас худалдан авсан тухай баримтыг шалгаж, тогтоогдоогүй тул “олборлолт явуулсан” гэж дүгнэсэн нь буруу биш.
Давж заалдах шатны шүүхээс “Маргаан бүхий актыг гаргахдаа Хятадын хайлуур жоншны бүтээгдэхүүний FOB үнийн эх сурвалжийг баримтлан тус компанийн экспортод гаргасан хайлуур жоншны зах зээлийн жишиг үнийг тодорхойлж, дээрх хууль тогтоомжийн дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулсныг буруутгах үндэслэлгүй байна. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ...худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ...төлнө”, 47.2-т “Энэ хуулийн 47.1-д заасан борлуулалтын үнэлгээг дараах журмаар тооцно”, 47.2.1-д “экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан”, 47.2.3-д “...гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн” гэж тус тус заасан байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-д “...ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах аргачлалыг Засгийн газар батлахаар”, 47.12-т экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан зарлах эрхийг Засгийн газарт олгосон байх бөгөөд Монгол улсын Засгийн газрын 2007 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “Биржийн нэр зарлах тухай” 88 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар хайлуур жоншны зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг Хятадын хайлуур жоншны бүтээгдэхүүний FOB үнэ /www.indmin.com/ гэж зарлажээ. Энэ үнэ нь 2012 онд 137-185,43 ам долларын хооронд хэлбэлзэж байсан нь хариуцагчийн тооцоолол, гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийсэн барааны мэдээлэл, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “Засгийн газрын 2012 онд гарсан жишиг үнийн мэдээлэл надад байна. Тэр үед 75-тай жонш 135 доллар байгаа юм” гэсэн тайлбараар тус тус тогтоогдож байна” гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэл бүхий болжээ гэж үзэв.
Өөрөөр хэлбэл, хуулийн дээрх зохицуулалт нь тухайн бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг тогтоох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн борлуулалтын орлогыг үндэслэх агуулгатай төдийгүй төрийн эрх бүхий байгууллагаас “хайлуур жонш”-ыг олон улсын зах зээлийн жишиг үнийн эх сурвалжийг зарласан байхад нэхэмжлэгчээс жишиг үнээр ашигт малтмал нөөц ашигласны төлбөр төлөх нь бидэнд ашиггүй тул ашигт малтмал нөөц ашигласны төлбөрийг гэрээний үнэ болох 95 ам.доллараар тооцож ногдуулах ёстой байсан гэж маргаж байгаа нь үндэслэлгүй, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Ашигт малтмал нөөц ашигласны төлбөр гэдэг нь тухайн компани хэр ашигтай ажиллаж байна вэ гэдгээс хамааралгүйгээр ашигт малтмалын нөөцийг компанид ашиглуулсны төлөө авч байгаа төлбөр юм” гэсэн тайлбар үндэслэлтэй.
Түүнчлэн анхан шатны шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3, 47.3.2, Монгол улсын Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал”-ын “Хоёр” зүйлийн 2.2.6, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйл зэрэг тухайн маргаанд хамааралтай хуулийн зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 937 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР