Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 2024/ШЦТ/216

 

     

 

       

 

 

 

 

  2024       09         23                                     2024/ШЦТ/216

 

  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзул,

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Дашням,

Иргэний хариуцагчийн төлөөлөгч Д.Ч,

Шинжээч Д.Б,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Э,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч А.Б /цахимаар/,

Шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Ж.Х,

Шүүгдэгч Л.Э, түүний өмгөөлөгч З.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Д, Л.Э нарт холбогдох эрүүгийн 2319002150027 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, Б.Д

Монгол улсын иргэн, Л.Э.

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Д нь Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцааны компанийн Дорноговь цахилгаан түгээх сүлжээ салбарт засварын мастераар 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын ... тоот хашаанд тулгуур мод буулгах ажлыг хийж гүйцэтгэж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7 дахь заалт “...өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх” Эрчим хүчний сайдын 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 101 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 188 дугаар заалт “Нарядаар ажил гүйцэтгэхэд доор дурдсан дарааллаар зааварчилгаа өгнө” болон Монгол Улсын MNS 4969:2000 стандартын 4 дүгээр зүйлийн 4.16 дахь заалт “Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө” гэж заасныг тус тус зөрчиж хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгааг ажил эхлэхийн өмнө бичгээр өгөлгүйгээр тус компанийн засварын монтёр Э.Бгаар ажил үүрэг гүйцэтгүүлсний улмаас Э.Б нь цахилгаан тулгуур модонд цохиулж гавал тархины гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд орж амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон,

Яллагдагч Л.Э нь Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцааны компанийн Дорноговь цахилгаан түгээх сүлжээ салбарт засварын краны оператораар 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын ... тоот хашаанд тулгуур мод буулгах ажлыг хийж гүйцэтгэж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1 дэх заалт “...хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх”, 18.2.2 дахь заалт “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдсан байх, хуульд тусгайлан заасан бол шалгалт өгсөн, аюулгүй ажиллагааны зааварчилга авсан байх”, 18.2.7 дахь заалт “өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх”, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 211 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Манипуляторт краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 5.5.10 дахь заалт “Манипуляторт кранаар ачааг аюул, осолгүй шилжүүлэхийн тулд эзэмшигч ба ашиглагч байгууллагууд дараах шаардлагыг хангасан байвал зохино” гэж заасны ж хэсэг “ачаан дор хүмүүс байхад дээгүүр нь өргөж, шилжүүлэхийг хориглоно. Ачааг шалнаас 1000 мм-ээс ихгүй өндөрт өргөж эсвэл буулгаж байх үед оосорлогч түүний дэргэд байхыг зөвшөөрөх”, и хэсэг “ачаа ба оосорлох хэрэгслийг хэвтээ чиглэлд шилжүүлэхдээ урьдчилан замд тохиолдох саадаас дээш 500 мм өндөрт өргөх”, 5.5.1 дэх заалт “Манипуляторт краныг ажиллаж байхад хориглох зүйлс”-ийн а хэсэг “ажиллаж байгаа манипуляторт краны ойролцоо хүн байх”, 6 хэсэг “тогтворгүй байрлалтай оосорлогдсон ачааг шилжүүлэх” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас краны дэргэд байсан тус компанийн засварын монтёр Э.Б нь цахилгааны тулгуур модонд цохиулж гавал тархины гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд орж амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Дын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...06 дугаар сарын 25-ны үдээс хойш ерөнхий инженер надтай утсаар яриад маргааш өглөөнөөс хуучин модон тулгууруудаа буулгах уу гээд ярьсан. Тэгье гээд би бригадын гишүүдтэй бүгдтэй нь утсаар яриад маргааш өглөө 5 цагт хэдүүлээ ажилдаа гаръя гэж тохиролцоод өглөө бүгдээрээ 5 цагт ирсэн. 5 цагт ирээд бид нар буулгах шаардлагатай багаж хэрэгсэл юмнуудаа бэлдээд хүлээж байсан. Тэгээд бид нар зааварчилгааныхаа журналыг хайгаад олоогүй. Бид хэд тэрний 5 дахь өдөр шөнө 22 цагийн үед Өргөний 35-ын шугам тасраад бид нар бүгдээрээ шөнөжин ажиллаад маргааш хагас сайных нь өдөр 01 цаг хүртэл ажиллаад бүгдээрээ ажил дээр ирээд бууцгаасан. Явахдаа бид нар манай өрөөний үүдний сандал дээр тухайлсан зааварчилгааны журналыг орхисон байсныг сахиул авсан байсан. Тэрийг сүүлд нь бид нар мэдсэн. Тэгээд өглөө 5 цагт цуглаад ажилд гарах гээд хүлээж байхад талийгаач нэлээн хоцорч байгаад ирсэн. Талийгаачийг ирэнгүүт нь бид нар хоорондоо амаар зааварчилгаагаа өгөлцөж авалцаад наряд дээр гарын үсгээ зураад бүгд ажилдаа орсон. Бид нар ажлаа нэлээн явуулж байгаад 8 дөхөж байх үед бид нар өмнөх тулгуур дээр бүгдээрээ байрлаж зогсож байхад хойд айлын хашааны хүн бид нарт цай авчирч өгөөд хүйтэн цай ууцгааж байгаад ажлаа ярьцгаагаад би Гыг хойшоогоо яв гээд хэлсэн. Тэгээд талийгаач тэр тулгуурын хойд талын тулгуур дээр утас буулгах ажлууд хийж байсан. Өмнө нь дандаа түрүүлээд утаснуудыг нь буулгаад шалдан шон буулгах ажлыг хийж явж байсан. Тэрний хойд талын шон дээр байж байхдаа бид хэдийн бөөндөө байдаг цуглардаг өмнөх шон дээр бөөндөө байхад над руу утсаар залгаад энд холбооны кабель байна яах вэ гээд асуухаар нь би очиж үзье гээд юмнуудаа үлдээгээд би хойшоо явж үзье Г чи хойшоогоо яв, М урд талаас утсаа авхуул гэж зааварчилгаагаа өгөөд бүгд ажилдаа гарцгаагаад би хойд талын гудмаар нь холбооны шугамыг үзээд явж байхад над руу М утсаар залгаад Б тулгуурт дарагдчихлаа гэсэн би тэр дороо давхиж очоод л түргэн дуудаад удирдлагуудаа дуудсан...” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Л.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэр өдөр талийгаач оосорлож өгчхөөд холдсон. Би ачаагаа өргөөд дээрээ тавихад ачаа мултарсан. Би талийгаач руу холдоорой гэж хашхирсан...” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Эийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Ярих зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг,

 

Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Ийм асуудал үүсээд байгууллага хамт олноороо маш их харамсаж байгаа. Сайншанд сумын Замын-Үүд сумдад Дэлхийн банкны төсөл хэрэгжээд 04 киловольт 10 киловольтын агаарын шугамуудыг шинэчлэх ажил 100 хувь хийгдсэн. Үүнтэй холбоотой 1972 оноос хойш ашиглагдаж байсан хуучин шугам буюу модон тулгууртай, хөнгөн цагаан утастай шугамуудыг хураах ажлыг эхлүүлсэн байсан. Энэ ажил зөвхөн тухайн өдөр хийгдээгүй бүтэн жилийн хугацаанд буюу 2022 онд хийгдсэнд Ковидтой холбоотой зогсоод 2023 он яваад өнөөдрийг хүртэл хураагдаж дуусаагүй байгаа ажил. Газар дээр нь байгаагүй учраас юу болсон талаар зөвхөн мэдүүлэг, осол судалсан акт, эдгээртэй танилцсан хүрээнд мэдээлэлтэй байгаа. Сая яригдсан зүйлүүд дээр санал зөрж байгаа зүйл алга байна. Байгууллагын зүгээс осолдогчийн ар гэрт боломжийнхоо хэрээр хууль тогтоомжийн хүрээнд тусламж дэмжлэг үзүүлж байгаа. Гэхдээ ажилтны амь насыг нөхөх хэмжээний тусламж дэмжлэг хаа ч байхгүйг ойлгож байна. Миний бие 27 жил ажиллаж байгаа. Үүнээс 13 жилийг Б.Дтай адилхан засварын мастер гэдэг ажлыг гүйцэтгэж байсан. Ямарваа ажлыг гүйцэтгэхэд бригадын гишүүн бүрийн хариуцлага, оролцоо, ажилдаа хандах хандлага хамгийн чухал байдаг. Тухайн үед ажлын объём эзлэхүүн бага, бригадын бүрэлдэхүүн тийм олон биш учраас нэмэлтээр наряд дээр хянагчийг томилоогүй, ажиглагчийг ажлын удирдагч, гүйцэтгэгч бригадын гишүүд шат шатандаа өөр өөрсдийн зүгээс хяналтаа тавиад явах ёстой. Аваар осол, эрсдэл учирсан тохиолдолд бригадын гишүүн хүн болгон ажлыг шууд зогсоох ийм үүрэгтэй, эрхтэй байдаг. Өнөөдөр ажлын удирдагч, операторын жолооч 2-ын хариуцлагыг ярьж байгаа. Ер нь бригадын гишүүн болгон осолдогч ч ялгаагүй бүгд хариуцлага алдсан. Бригадын гишүүн хүн хэдийгээр ажилтан хүн ч гэсэн зааварчилгаа өгөөгүй тохиолдолд ажилд гарахгүй гэж хэлэх эрх нь ажилтан хүнд өөрт нь байдаг. Заавал инженер техникийн ажилтан, аюулгүй байдал талыг хариуцах хууль эрх зүй байхгүй. Өнөөдөр эрчим хүчний байгууллагуудад ажиллаж байгаа бүхий л 20 ажилтнууд зохих шатны сургалтад хамрагддаг. Энийгээ баталгаажуулж шат шатны шалгалт өгдөг. Жил болгон мэдлэгээ баталгаажуулж сургалтад хамрагддаг. Мөн эрхийн шалгалтаа авдаг. Энийгээ мэргэжлийн үнэмлэх юмнууд дээр баталгаажуулагдаад шалгалтын протоколоор үйлдээд явдаг байгаа. Ер нь бэлтгэгдсэн боловсон хүчнүүд тухайн үедээ бүгдээрээ л хариуцлага алдсан ийм л асуудал болсон гэж үзэж байгаа. Компани байгууллагын зүгээс өнөөдрийн хурлын шийдвэр яаж гарах тэрний дагуу явна. Бид бүхэн өнөөдөр хэрэгжиж байгаа хуулийнхаа хүрээнд олгогдох ёстой тэтгэмж юмнуудаа бүгдийг нь үйлдээд явж байгаа. Дээрээс нь байгууллага хамт олон, манай хамт олны нэг гишүүн, энд байгаа улсууд ч бас бидний нэг гишүүн. 1 талд нь гарах асуудал байхгүй. Нэгэн халуун ам бүлийн улсууд, хамт олны дунд тусламж дэмжлэг, хандивын аян зэрэг явагдсан. Мөн ялгаагүй хамт олны сэтгэл санаанаас авхуулаад бүгдээрээ хүнд байна гэж харж байгаа. Өнөөдрийг гэхгүй хойшид ч эдгэхгүй сорвитой үлдэж байна...” гэсэн мэдүүлэг,

 

Шинжээч Д.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ШТ/2023/05 шинжээчийн дүгнэлтийг цагдаагийн мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч Х.Бийн тогтоолыг үндэслэн гаргасан байгаа. Мөрдөгч маань үндсэндээ 12 асуулттай. Тэгээд хэргийн материал өгөгдсөн байгаа. Энэ дээр 12 асуултын дагуу хэргийн материалыг шинжлэн судалж гаргасан байгаа. Тухайн дүгнэлт гаргаж байх үед 3 хавтас хэрэг байгаагүй. 1 хавтаст хэрэг надад өгч дүгнэт гаргуулж байсан. Мөн нэмэлтээр 11 дүгээр сарын 22-ны өдөр гээд өгсөн. Өмнөх дээрээ зүйл заалтыг аль нь зөрччихсөн юм бэ? гэсэн асуулттай дүгнэлтийг гаргуулсан байгаа. 3 асуулттай дүгнэлтийг оруулсан. 2023/12 гэсэн тоотын дүгнэлтийг сая уншсан гэсэн учраас товчхон танилцуулчихъя...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2319002150027 дугаартай хэргээс:                                         

Гэрч Г.Оын “...би нүхээ булах гээд буруу хараад сууж байтал кранист Л.Э “Холдоорой” гээд хашхирсан. Тэгээд би эргээд хартал кранаараа өргөсөн байсан тулгуур мод савалтандаа талийгаач Э.Бгийн толгой хэсэгт цохиж Э.Б тэр дороо газарт унасан. Тэгээд би гүйгээд очтол талийгаач Э.Б доошоо хараад уначихсан толгойн дагз хэсгээс нь цус гарч байсан. Тэгээд би толгойных нь шархыг дараа байж байтал Г, М нар ирсэн. Би тэр хоёрт хандан “Хурдан түргэн дууд. Эмнэлэг дууд” гэж хэлсэн. Тэгтэл мастер Д ирээд дахин түргэн дуудсан. Удалгүй түргэн ирж Э.Бгийн биеийг үзээд дээш харуулаад “Нас барсан байна” гэж хэлсэн... 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр би болон манай засварын хэсгийн ажилчид бүгдээрээ аюулгүй ажиллагааны зааварчилгаа аваагүй. Учир нь зааварчилгааны журналыг хайгаад олдохгүй байсан. Тэгээд бид нар шууд ажилдаа гарсан... Тухайн зааварчилгааг засварын хэсгийн мастер Б.Д надад өгч би бригадын бусад гишүүдэд уг зааварчилгааг өгөх ёстой байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 25-26 дугаар тал),

Гэрч Г.Мийн “...2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр би болон манай засварын хэсгийн ажилчид бүгдээрээ аюулгүй ажиллагааны зааварчилга аваагүй. Учир нь зааварчилгааны журналыг хайгаад олдохгүй байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 32 дугаар тал),

Гэрч О.Гын “... Би болон манай бригад ажилд гарахдаа аюулгүй ажиллагааны зааварчилгаа аваагүй. Зааварчилгаа дээр гарын үсэг зураагүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 40-41 дүгээр тал).

Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 02/049 дугаартай “... Амь хохирогч Э.Б нь гавал тархины гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ...” гэсэн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 53-54 дүгээр тал),

Шинжээчийн ШД/2023-12 дугаартай “...засварын хэсгийн мастер Б.Д... Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7... Эрчим хүчний сайдын 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 101 дүгээр тушаалаар батлагдсан “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”-н 188 дугаар заалтыг, Монгол улсын MNS 4969:2000 стандартын 4 дүгээр зүйлийн 4.16 дахь заалтыг... краны оператор Л.Э... Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1... 18.2.2...18.2.7... Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын “Манипуляторт краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 5.5.10... тус тус зөрчсөн нь осол гарахад нөлөөлсөн байна гэж үзэж байна...” гэсэн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 109-112 дугаар тал),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 6-10 дугаар тал),

Техникийн шинжээчийн 71 дугаартай “... дугаартай цагаан өнгийн HOWO ZZ1257 маркийн авто кран нь... осол болоход нөлөөлөх хүчин зүйл байхгүй...” гэсэн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 195 дугаар тал)

Аюулгүй ажиллагааны наряд/1-р хх 117-119-рт/,

Тухайлсан зааварчилгааны журнал/1-р хх 165-235/,

Ажлын байрны тодорхойлолт/2-р хх 19-22, 216-219-рт/,

Үйлдвэрлэлийн ослын акт,

Хохирлын баримтууд, шүүгдэгч нарын хувийн байдлын талаарх болон бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Д, Л.Э нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хэргийн нөхцөл байдлыг тодорхойлон дүгнэвэл:

 

Амь хохирогч Э.Б нь 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг Мааньзавын 431 тоот хашаанд тулгуур мод буулгах ажлыг хийж, албан үүргээ гүйцэтгэж байхдаа цахилгааны тулгуур модонд цохиулж гавал тархины гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас барсан нөхцөл байдал болжээ.

 

Амь хохирогч Э.Б нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа нас барсан болох нь:

Гэрч Г.Оын “...би нүхээ булах гээд буруу хараад сууж байтал кранист Л.Э “Холдоорой” гээд хашхирсан. Тэгээд би эргээд хартал кранаараа өргөсөн байсан тулгуур мод савалтандаа талийгаач Э.Бгийн толгой хэсэгт цохиж Э.Б тэр дороо газарт унасан. Тэгээд би гүйгээд очтол талийгаач Э.Б доошоо хараад уначихсан толгойн дагз хэсгээс нь цус гарч байсан. Тэгээд би толгойных нь шархыг дараа байж байтал Г, М нар ирсэн. Би тэр хоёрт хандан “Хурдан түргэн дууд. Эмнэлэг дууд” гэж хэлсэн. Тэгтэл мастер Д ирээд дахин түргэн дуудсан. Удалгүй түргэн ирж Э.Бгийн биеийг үзээд дээш харуулаад “Нас барсан байна” гэж хэлсэн... 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр би болон манай засварын хэсгийн ажилчид бүгдээрээ аюулгүй ажиллагааны зааварчилгаа аваагүй. Учир нь зааварчилгааны журналыг хайгаад олдохгүй байсан. Тэгээд бид нар шууд ажилдаа гарсан... Тухайн зааварчилгааг засварын хэсгийн мастер Б.Д надад өгч би бригадын бусад гишүүдэд уг зааварчилгааг өгөх ёстой байсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Г.Мийн “...талийгаач Бкраны хажууд доош хараад хэвтчихсэн толгой хэсгээс нь цус гоожчихсон газарт хэвтэж байсан...2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр би болон манай засварын хэсгийн ажилчид бүгдээрээ аюулгүй ажиллагааны зааварчилга аваагүй. Учир нь зааварчилгааны журналыг хайгаад олдохгүй байсан...” гэх мэдүүлэг,

Гэрч О.Гын “...Би болон манай бригад ажилд гарахдаа аюулгүй ажиллагааны зааварчилгаа аваагүй. Зааварчилгаа дээр гарын үсэг зураагүй... Талийгаач Б хөдөлмөр хамгааллын хувцастай байсан гэхдээ толгойдоо каск байхгүй байсан...” гэх мэдүүлэг,

Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 02/049 дугаартай “... Амь хохирогч Э.Б нь гавал тархины гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ...” гэсэн дүгнэлт,

Шинжээчийн ШД/2023-12 дугаартай “...засварын хэсгийн мастер Б.Д... Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7... Эрчим хүчний сайдын 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 101 дүгээр тушаалаар батлагдсан “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”-н 188 дугаар заалтыг, Монгол улсын MNS 4969:2000 стандартын 4 дүгээр зүйлийн 4.16 дахь заалтыг... краны оператор Л.Э... Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1... 18.2.2...18.2.7... Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын “Манипуляторт краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 5.5.10... тус тус зөрчсөн нь осол гарахад нөлөөлсөн байна гэж үзэж байна...” гэсэн дүгнэлт,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

Техникийн шинжээчийн 71 дугаартай “...7... дугаартай цагаан өнгийн HOWO ZZ1257 маркийн авто кран нь... осол болоход нөлөөлөх хүчин зүйл байхгүй...” гэсэн дүгнэлт,

Аюулгүй ажиллагааны наряд, Тухайлсан зааварчилгааны журнал, Ажлын байрны тодорхойлолт, Үйлдвэрлэлийн ослын акт, зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэгт тооцдог.

Хүний амь нас, эрүүл мэндийг болзошгүй аюул, ослоос хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилго бүхий хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон дүрэм, журам нь дээрх гэмт хэргийн иш татсан диспозиц шинжид хамаарах бөгөөд эдгээрийг сахин хангуулах үүрэг хүлээсэн этгээд үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй, үүний улмаас хүний амь нас хохирсон үр дагавар, тэдгээрийн хоорондын шалтгаант холбоо зэргээр тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлдог.

Хууль тогтоомжоор, эсхүл эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг хэрэгжүүлэх ажлыг шууд хариуцсан ажилтан энэ гэмт хэргийн субъект болох ба түүний “... хүлээсэн үүргээ биелүүлээгүй ...” гэдэгт албан үүргээ огт биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй эс үйлдэхүйн аль аль нь хамаарна.

 

Шүүгдэгч Б.Д нь Багануур Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ий Дорноговь Цахилгаан түгээх салбарт засварын мастераар, шүүгдэгч Л.Э нь жолооч, операторичоор, амь хохирогч Э.Б нь засварын монтёроор тус тус ажилладаг байсан.

 

Шүүгдэгч Б.Дын тухайд:

 

Ажлын байрны тодорхойлолтоор шүүгдэгч Б.Д нь Засварын монтёруудыг хариуцан ажилладаг бөгөөд “Салбарын их засвар, ТЗБАХ, урсгал засварын хүрээнд төлөвлөгдсөн ажлуудыг хэсгийн хэмжээнд сар бүр төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэх, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүү ахуйн тухай хууль, тогтоомж, ААД, ТАД болон ЭХ-ний хууль дүрмийг сахин ажиллаж, аваар саатлыг устгах, хэвийн ажиллагааг хангах ажлыг зохион байгуулах, засварын ажилд хамгийн бага зардал гарган үр дүнтэй ажиллах” зорилгын хүрээнд ажил үүргээ гүйцэтгэдэг бөгөөд түүний дотор өөрийн шууд харьяалан удирдагдах ажилтан бүрийг нэг бүрийг хамгаалах хэрэгсэл, ажлын тусгай хувцсыг ажлын байранд өмсгөж хэвшүүлэх ажлын өдөр тутамдаа хяналт тавьж, ажиллах үүрэгтэй байжээ.

 

Амь хохирогч Э.Б нь шүүгдэгч Б.Дын шууд удирдлага дор засварын монтёроор ажилладаг байсан байна.

 

Хэрэгт авагдсан 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр олгогдсон аюулгүй ажиллагааны 163 дугаартай нарядаар цахилгааны тулгуур шон буулгах ажлын томилгоог наряд олгогч Б.Бгийн зүгээс өгсөн байна. Үүнд: Ажлын удирдагчаар Б.Д, Ажлын хариуцлагатай гүйцэтгэгч Г.О, Ажилд оруулагчаар Г.О,  бригадын бүрэлдэхүүнд Оосорлогчоор О.Г, дохиочноор Б.Б, Г.М, Л.Э/Хово краны машинчаар/ тус тус томилсон бөгөөд 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр тус ажлыг эхлүүлсэн байна. /1-р хх 117-120-рт/,

 

Тус томилгооны нарядын бүртгэлээр тухайлсан зааварчилгааг Наряд олгогчоос ажлын удирдагч Б.Д, ажлын хариуцлагатай гүйцэтгэгч Г.О нарт  зааварчилгааг өгч Ажлын удирдагчаас ажлын хариуцлагатай гүйцэтгэгч Г.От тус тус зааварчилгааг өгч албажуулжээ.

 

Мөн тус аюулгүй ажиллагааны нарядаар шүүгдэгч Б.Дт тусгай заалтаар Өргөх машин механизмын аюулгүй ажиллагааг хариуцуулан үүрэгжүүлжээ.

 

Дээрх томилгооноос үзэхэд шүүгдэгч Б.Дт цахилгааны шонгийн мод буулгах ажлын удирдагчаар, мөн тусгай заалтаар өргөх машин механизмын аюулгүй ажиллагааг тус тус давхар хариуцан хяналт тавихаар байна.

 

Эрчим хүчний сайдын 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 101 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 78 дугаарт Цахилгаан байгууламжид гүйцэтгэх ажлын аюулгүй байдлыг дараах ажилтан нар хариуцна:

  • Ажил олгогч
  • Наряд олгогч, шийдвэр өгөгч, ажлын даалгавар өгөгч;
  • Ажлын удирдагч;
  • Ажлын байр бэлтгэх ба ажилд оруулах зөвшөөрөл олгогч (цаашид зөвшөөрөл олгогч гэх);
  • Ажлын байр бэлтгэгч;
  • Ажилд оруулагч;
  • Ажлын хариуцлагатай гүйцэтгэгч (цаашид ажил гүйцэтгэгч гэх);
  • Ажиглагч (Хянагч);
  • Бригадын гишүүн гэж эрэмбэлсэн байна.

 

Мөн дүрмийн 85 дугаарт “Ажлын удирдагч нь нарядад заасан аюулгүй байдлыг хангах бүх арга хэмжээний биелэлт, тэдгээрийн бүрэн хангалттай болсон эсэх, ажлыг аюулгүй гүйцэтгэх зохион байгуулалт болон ажил гүйцэтгэгчид тухайлсан зааварчилгаа өгөх, ажил гүйцэтгэгчээс бригадын гишүүдэд тухайлсан зааварчилгаа өгсөн эсэхийг тус тус хариуцна”,

86 дугаарт “Ажлыг ажил удирдагчийн тасралтгүй хяналтан дор гүйцэтгэх шаардлагатай бол наряд олгогч нь нарядын “Тусгай заалт” мөрөнд энэ тухай бичих ёстой”,

186 дугаарт “Ажил эхлэхийн өмнө тухайн ажлыг аюулгүй гүйцэтгэх талаар аюулгүй ажиллагаа хариуцагч нар нь наряд олгогчоос бригадын гишүүд хүртэл шат дараалан тухайлсан зааварчилгаа өгнө”,

187 дугаарт “Тухайлсан зааварчилгаа өгөхгүйгээр ажилд оруулахыг хатуу хориглоно”,

199 дүгээрт “Ажлын удирдагч, ажил гүйцэтгэгч, ажиглагч нь зөвхөн хяналт тавих үүрэгтэй бөгөөд ажил гүйцэтгэхийг хориглоно” гэж тус тус заажээ.

 

Мөн тус журамтай холбогдуулан батлагдсан Монгол Улсын MNS 4969:2000 стандартын 4 дүгээр зүйлийн 4.16 дахь заалт “Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө” гэж заасан.

 

Дээр журмын холбогдох заалтуудаас дүгнэхэд ажлын удирдагчаар томилогдсон шүүгдэгч Б.Дын хяналт дор ажил эхлэхээс дуусах хүртэлх бүх ажиллагаа явагдах ёстой, бөгөөд түүний эзгүйд ямар нэгэн ажлыг гүйцэтгэхээргүй байхад краны ачаа өргөх ажилд нүдээр хяналт тавилгүйгээр холбооны шугам шалгахаар явсан хойгуур тус осол болсон байна.

 

Өөрөөр хэлбэл ажилчдыг ажлаа эхлэх үед нарядад заасан аюулгүй байдлыг хангах бүх арга хэмжээний биелэлт, тэдгээрийн бүрэн хангалттай болсон эсэх, ажлыг аюулгүй гүйцэтгэх зохион байгуулалт болон ажил гүйцэтгэгчид тухайлсан зааварчилгаа өгөх, ажил гүйцэтгэгчээс бригадын гишүүдэд тухайлсан зааварчилгаа бичгээр өгсөн эсэхэд хяналтаа тавьж, нүдээр харж тус ажилд хяналт тавьж, аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий этгээд байна.

 

Шүүгдэгч Б.Д нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан Эрчим хүчний сайдын 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 101 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм, Монгол Улсын MNS 4969:2000 стандартын дээр дурдсан холбогдох заалтуудыг, мөн амь хохирогчийн өдөр тутамдаа хамгаалалтын хувцас хэрэглэлийг өмсгөж хэвшүүлэх, мөн тус ажлын өөрийн байнгын хяналт дор хийлгэх ажлын байрны тодорхойлолтод заагдсан үүргийг тус тус зөрчсөн байна.

 

Шүүгдэгч Л.Эын тухайд:

 

Ажлын байрны тодорхойлолтоор “Байгууллагын авто техникийн бэлэн байдал, засвар үйлчилгээнд хяналт тавьж, гэмтэл сааталгүй ажиллуулах, авто техникийн бичиг баримт хөтлөх, зохион байгуулж ажиллах зорилгын хүрээнд ажлын байрандаа болзошгүй аваар ослоос урьдчилан сэргийлж бие биедээ байнгын хяналт тавьж ажиллах чиг үүрэгтэй байна.

 

2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр олгогдсон аюулгүй ажиллагааны 163 дугаартай нарядаар цахилгааны тулгуур шон буулгах ажлын томилгоогоор...бригадын бүрэлдэхүүнд Л.Э /Хово краны машинчаар/ томилогдсон бөгөөд 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр тус ажлыг эхлүүлсэн байна.

 

Тус томилгооны тусгай заалтын хүрээнд шүүгдэгч Л.Э нь ажлын удирдагч Б.Дын байнгын хяналт дор цахилгааны шон буулгах, өргөх, ачих зэрэг ажил үүргийг гүйцэтгэх ёстой байсан бөгөөд тус томилгоогоор оосорлогчоор  О.Г гэх хүн томилогдон байхад амь хохирогч Э.Баар оосорлуулж өргөх  хөдөлгөөнийг хийсэн байна.

 

Манипуляторт кранаар ажил гүйцэтгэх үедээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болоод түүнд нийцүүлэн гаргасан Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын “Манипуляторт краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн холбогдох заалтуудыг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр бүх аж ахуйн нэгж байгууллагууд чанд мөрдөж ажиллах үүрэгтэй.

 

Тус дүрмийн 5.5.10 дугаар зүйлийн Манипуляторт кранаар ачааг аюул, осолгүй шилжүүлэхийн тулд эзэмшигч ба ашиглагч байгууллагууд дараах шаардлагыг хангасан байвал зохино. Үүнд:

ж-д “ачаан дор хүмүүс байхад дээгүүр нь өргөж, шилжүүлэхийг хориглоно. Ачааг шалнаас 1000 мм-ээс ихгүй өндөрт өргөж эсвэл буулгаж байх үед, оосорлогч түүний дэргэд байхыг зөвшөөрөх” гэж,

и -д “ачаа ба оосорлох хэрэгслийг хэвтээ чиглэлд шилжүүлэхдээ урьдчилан замд тохиолдох саадаас дээш 500 мм өндөрт өргөх” гэж,

о) “ачааг урьдчилан 200-300 мм-ээс ихгүй өндөрт өргөж, оосорлолт болон тоормосын найдвартай ажиллагааг шалгах” гэж,

5.5.11-д Манипуляторт краныг ажиллаж байхад хориглох зүйлс. Үүнд:

а) “ажиллаж байгаа манипуляторт краны ойролцоо хүн байх”;

б) “тогтворгүй байрлалтай оосорлогдсон ачааг шилжүүлэх” гэж хориглосон заалтуудыг тус тус зөрчсөн байна.


          Өөрөөр хэлбэл шүүгдэгч Л.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогч Э.Бгаар оосорлогоог хийлгэж, түүний дохиогоор өргөсөн гэх бөгөөд цахилгааны шонг машины тэвшин дээр гаргаж тавихдаа гарзаас 2 метр орчим өргөх үед оосорлогоо мултарч улмаар амь хохирогчийг холд гэж орилсон гэж мэдүүлсэн.

 

Амь хохирогч нь өргөж буй шон болон краны ойролцоо байсан болох нь шүүгдэгч Л.Эын мэдүүлэг болоод тухайн үед байсан гэрч Г.Оын “...би нүхээ булах гээд буруу хараад сууж байтал кранист Л.Э “Холдоорой” гээд хашхирсан. Тэгээд би эргээд хартал кранаараа өргөсөн байсан тулгуур мод савалтандаа талийгаач Э.Бийн толгой хэсэгт цохиж Э.Б тэр дороо газарт унасан...2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр би болон манай засварын хэсгийн ажилчид бүгдээрээ аюулгүй ажиллагааны зааварчилгаа аваагүй. Учир нь зааварчилгааны журналыг хайгаад олдохгүй байсан. Тэгээд бид нар шууд ажилдаа гарсан... Тухайн зааварчилгааг засварын хэсгийн мастер Б.Д надад өгч би бригадын бусад гишүүдэд уг зааварчилгааг өгөх ёстой байсан...” гэх мэдүүлэг,

 Гэрч Г.Мийн “...талийгаач Б краны хажууд доош хараад хэвтчихсэн толгой хэсгээс нь цус гоожчихсон газарт хэвтэж байсан...2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр би болон манай засварын хэсгийн ажилчид бүгдээрээ аюулгүй ажиллагааны зааварчилга аваагүй. Учир нь зааварчилгааны журналыг хайгаад олдохгүй байсан...” гэх мэдүүлэг,

Гэрч О.Гын “...Би болон манай бригад ажилд гарахдаа аюулгүй ажиллагааны зааварчилгаа аваагүй. Зааварчилгаа дээр гарын үсэг зураагүй... Талийгаач Б хөдөлмөр хамгааллын хувцастай байсан гэхдээ толгойдоо каск байхгүй байсан...” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Л.Эын зүгээс уг нөхцөл байдалтай маргаагүй.

 

Ингэснээр дээр дурдсан нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч Л.Э нь цахилгааны тулгуур шонг газраас өргөж машины тэвшин дээр тавих ажлыг гүйцэтгэхдээ ажлын удирдагч Б.Дын хяналт дор гүйцэтгэлгүйгээр “Ачааг шалнаас 1000 мм-ээс ихгүй өндөрт өргөж эсвэл буулгаж байх үед, оосорлогч түүний дэргэд байхыг зөвшөөрөхөөр гэсэн дүрмийн заалтыг болон дээр дурдсан бусад холбогдох заалтуудыг чанд биелүүлэлгүй зөрчсөн байна.

 

Шүүгдэгч Л.Эын жолоодож байсан ... улсын дугаартай өргөх машин механизм буюу манипуляторт кран нь 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр магадлагдсан бөгөөд Техникийн шинжээчийн 71 дугаартай “...7... дугаартай цагаан өнгийн HOWO ZZ1257 маркийн авто кран нь... осол болоход нөлөөлөх хүчин зүйл байхгүй...” гэсэн дүгнэлтээр тус осол болоход техникийн зүгээс нөлөөлсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Тиймээс шүүгдэгч Б.Дын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7 дахь заалт “...өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх” Эрчим хүчний сайдын 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 101 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн

-85 дугаарт “Ажлын удирдагч нь нарядад заасан аюулгүй байдлыг хангах бүх арга хэмжээний биелэлт, тэдгээрийн бүрэн хангалттай болсон эсэх, ажлыг аюулгүй гүйцэтгэх зохион байгуулалт болон ажил гүйцэтгэгчид тухайлсан зааварчилгаа өгөх, ажил гүйцэтгэгчээс бригадын гишүүдэд тухайлсан зааварчилгаа өгсөн эсэхийг тус тус хариуцна”,

-86 дугаарт “Ажлыг ажил удирдагчийн тасралтгүй хяналтан дор гүйцэтгэх шаардлагатай бол наряд олгогч нь нарядын “Тусгай заалт” мөрөнд энэ тухай бичих ёстой”,

-186 дугаарт “Ажил эхлэхийн өмнө тухайн ажлыг аюулгүй гүйцэтгэх талаар аюулгүй ажиллагаа хариуцагч нар нь наряд олгогчоос бригадын гишүүд хүртэл шат дараалан тухайлсан зааварчилгаа өгнө”,

-187 дугаарт “Тухайлсан зааварчилгаа өгөхгүйгээр ажилд оруулахыг хатуу хориглоно”,

-188 дугаарт “Нарядаар ажил гүйцэтгэхэд доор дурдсан дарааллаар зааварчилгаа өгнө”

-199 дүгээрт “Ажлын удирдагч, ажил гүйцэтгэгч, ажиглагч нь зөвхөн хяналт тавих үүрэгтэй бөгөөд ажил гүйцэтгэхийг хориглоно” гэх заалт болон Монгол Улсын MNS 4969:2000 стандартын 4 дүгээр зүйлийн 4.16 дахь заалт “Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас,

Шүүгдэгч Л.Эын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1 дэх заалт “...хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх”, 18.2.2 дахь заалт “... аюулгүй ажиллагааны зааварчилгаа авсан байх...”, 18.2.7 дахь заалт “өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх”, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 211 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Манипуляторт краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 5.5.10 дахь заалт “Манипуляторт кранаар ачааг аюул, осолгүй шилжүүлэхийн тулд эзэмшигч ба ашиглагч байгууллагууд дараах шаардлагыг хангасан байвал зохино” гэж заасны ж хэсэг “ачаан дор хүмүүс байхад дээгүүр нь өргөж, шилжүүлэхийг хориглоно. Ачааг шалнаас 1000 мм-ээс ихгүй өндөрт өргөж эсвэл буулгаж байх үед оосорлогч түүний дэргэд байхыг зөвшөөрөх”, и хэсэг “ачаа ба оосорлох хэрэгслийг хэвтээ чиглэлд шилжүүлэхдээ урьдчилан замд тохиолдох саадаас дээш 500 мм өндөрт өргөх”, о) ачааг урьдчилан 200-300 мм-ээс ихгүй өндөрт өргөж, оосорлолт болон тоормосын найдвартай ажиллагааг шалгах; 5.5.11 дэх заалт “Манипуляторт краныг ажиллаж байхад хориглох зүйлс”-ийн а хэсэг “ажиллаж байгаа манипуляторт краны ойролцоо хүн байх”, б хэсэг “тогтворгүй байрлалтай оосорлогдсон ачааг шилжүүлэх” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас краны дэргэд байсан тус засварын монтёр Э.Б нь цахилгааны тулгуур модонд цохиулж гавал тархины гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас барсантай шууд шалтгаант холбоотой байна.

 

Улсын яллагчийн яллаж буй нотолгооны гол нотлох баримт болох Шинжээчийн ШД/2023-12 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч нарыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, түүнд холбогдох дүрэм, стандартыг зөрчсөн байна гэх холбогдох заалтуудыг шүүхийн зүгээс хянан шалгахад заавал техникийн тусгай мэдлэг шаардахгүй бөгөөд шүүгдэгч, хохирогч нарын гүйцэтгэж байсан ажил үүрэгтэй нь холбоотой захиргааны хэм хэмжээний актын бүртгэлд бүртгэгдсэн дүрэм, стандартыг хууль зүйн задлан шинжилгээний аргаар тайлбарлан хэрэглэж, шинжээчийн дүгнэлтэд тусгагдаагүй зарим холбогдох заалтуудыг хэргийн нөхцөл байдал болоод шүүхийн хэлэлцүүлэгт нэмэлтээр тайлбарласан шинжээчийн мэдүүлэг, бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэлт хийж шийдвэр гаргасан болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан мөн хуулийн 16. дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоон ял шийтгэж, эсхүл цагаатгаснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго хангагддаг тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” хэмээн тодорхой заажээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч нарын дээрх үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэргээр зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон гэж шүүх дүгнэв.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч Б.Д, Л.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Эын өмгөөлөгч З.Алтанцэцэгийн зүгээс “хэргийг хэрэгсэхгүй болгох”, шүүгдэгч Б.Дын өмгөөлөгч Ж.Хүдэрчулууны зүгээс “шүүгдэгчийг цагаатгах” байр суурьтай оролцсон бөгөөд шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын гаргасан тайлбар үндэслэлүүд нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болоод шинжээчийн тайлбар мэдүүлэг бусад нотлох баримтуудаар няцаагдаж байх тул тэдний хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгах хүсэлтүүдийг тус тус хангах үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.

 

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулууны зүгээс цагаатгах үндэслэлээ Аюулгүй ажиллагааны нарядаар Г.О нь ажилд оруулагчаар томилогдсон учраас тухайлсан зааварчилгааг Б.Д бус Г.О өгөх ёстой, энэ нь Эрчим хүчний сайдын 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 101 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 188 дугаар заалтад заасан дарааллыг зөрчсөн гэж маргадаг.

 

Гэвч хэдийгээр 163 дугаартай аюулгүй ажиллагааны наряд буюу томилгоогоор тухайн үед удирдах албан тушаалтнуудаас ганцхан засварын мастер Б.Дыг ажлын удирдагчаар томилсон бөгөөд түүний шууд удирдлага дор засварын монтёр Г.О, Э.Б, Г.М, О.Г нар нь ажилладаг бөгөөд тусгай заалтаар краны оператор Л.Э нь томилогдсон.

 

Хэдийгээр засварын монтёр Г.О нь тус томилгоогоор ажлын хариуцлагатай гүйцэтгэгч, ажилд оруулагч зэрэг аюулгүй ажиллагааг хариуцагчаар хавсран томилогдсон боловч түүний эрхэлж буй албан тушаал, эрэмбэ, мөн тухайн үеийн нөхцөл байдал, түүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайлсан зааварчилгааг засварын хэсгийн мастер Б.Д надад өгч би бригадын бусад гишүүдэд уг зааварчилгааг өгөх ёстой...” гэх мэдүүлэг, шинжээч Д.Бийн “...Б.Д нь ажлын удирдагчийн хувьд ажилд оруулагчид, ажилд оруулагч, хариуцлагатай гүйцэтгэгч нь бусад гишүүдэд тус тус тухайлсан зааварчилгааг өгнө...” гэх мэдүүлэг зэргээр өмгөөлөгчийн мэтгэлцэж буй үндэслэл няцаагдаж байна.

 

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарлах замаар хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн байж болзошгүй, эсхүл сөргөөр нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

   Хохирол төлбөрийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж заасан.

 

   Гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь гэмт хэргийн хохиролд тооцогдох бөгөөд амь хохирогчийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөр зэрэг нь хохирол учирсны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тус тус тооцогдох юм.  

 

   Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн “хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлд тус тус зааж хуульчилсан.

 

Хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Эээс:

-Оршуулгын зардалд 19.921.120 төгрөгийг,

-Сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд заасан хэмжээгээр,

-Амь хохирогчийн цалингийн зээлийг төлсөн 12.898.269,45, төлөгдөөгүй Lend.mn аппликейшний зээл 297.200, Мобиком аппликейшний зээл 1.014.493,93 төгрөгийг тус тус,

-Тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү,

-Өмгөөллийн хөлс 3.000.000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилсэн.

 

Шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс нэхэмжилсэн нэхэмжлэлүүдэд гэмт хэргийн улмаас шууд болон шууд бусаар учирсан хохирол, хор уршигт хамааралтай эсэхийг шалгаж, дараах байдлаар шийдвэрлэлээ.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”,

508.1-д “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй”,

508.3-д “Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна” гэж тус тус заасан.

 

А. Оршуулгын зардлын тухайд:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс оршуулгын зардалд нэхэмжилсэн 19.921.120 төгрөгийг бүхэлд нь хангаж, иргэний хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Хэдийгээр шүүгдэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэгийн зүгээс зарим баримтууд нь оршуулгын зардалд зарцуулагдаагүй, үнийн дүн тодорхойгүй зэрэг үндэслэлээр хохирлын баримтуудыг үнэлэх боломжгүй гэж тайлбарласан ч шүүхийн зүгээс оршуулгын зардалд баримтаар гаргаж өгсөн зардлуудаа нэг бүрчлэн жагсаалтаар үйлдэж ирүүлсэн амь хохирогчийн оршуулгын уламжлалт зан үйл болоод тухайн үеийн ар гэрийнхний сэтгэл зүй, гэнэтийн цочролын улмаас биеийн эрүүл мэндийн тогтворгүй байдлыг хэвийн байдалд оруулахад зарцуулагдсан  эмийн болон бусад зардал гэж үзэн бүхэлд нь хангах нь зүйтэй гэж дүгнэсэн болно.

 Мөн тус хэрэг нь 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд хэрэгт үйлдэгдсэнээс хойш бүтэн нэг жил 3 сар орчим хугацаа өнгөрсөн тул зарим баримтууд үнийн дүн болоод авсан эд зүйлс харагдахгүй байгаа хэдий ч тус баримтуудыг анх бүрдүүлэхдээ нэг бүрчлэн жагсаалт үйлдсэн байх тул шүүх тус жагсаалтыг үндэслэн хохирлын хэмжээг тодорхойлсон болно.

Б. Зээлийн төлбөрийн тухайд

Амь хохирогч нь амьд байх үедээ өөрийн цалинг барьцаалж цалингийн зээл авсан байх бөгөөд цалингийн зээл нь иргэний эрх зүйн харилцааны маргаан болдог хэдий ч түүний авсан цалингийн зээлийн гэрээнд/2-р хх 93-95-рт/ хамтран үүрэг гүйцэтгэгчээр түүний ээж болох хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон С.Э нь гарын үсэг зурсан байна.

 

          Тус зээлийн гэрээний үүргийг амь хохирогч Э.Б нь цалингаасаа хуваарийн дагуу төлдөг, тухайн зээлийг гэр бүлийн хэрэгцээнд зарцуулсан гэж тайлбарлах бөгөөд үндсэн зээлдэгч нас барснаас тухайн зээлийн гэрээний үүрэг хамтран үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрх зүйн үр дагаврыг бий болгож, улмаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Э нь өөртөө авч ашиглаагүй, төлөвлөгдөөгүй зээлийн төлбөрийг төлж барагдуулсан байх тул үүнийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг гэж үзэн мөн адил иргэний хариуцагчаас гаргуулах олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

          Харин амь хохирогчийн ганцаарчлан авсан Lend.mn аппликейшний зээлийн үлдэгдэл 297.200 төгрөг, Мобиком аппликейшний зээлийн үлдэгдэл 1.014.493,93 төгрөг нь зээлдэгч нас барснаас зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон тул түүнийг гаргуулах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

          В. Сэтгэцэд учирсан гэм хорын тухайд: 

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс Сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд заасан хэмжээгээр гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд шүүх уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэсэн.

          Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т “Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр төлөхөөр зохицуулсан байсан бөгөөд Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар уг заалтыг  “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэж өөрчилсөн, харин уг заалтыг буцаан хэрэглэх талаар заагаагүй учир  мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар буцаан хэрэглэхгүй.

          Хууль тогтоогчоос сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой шинээр зохицуулсан хэм хэмжээг буцаан хэрэглэх талаар Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуульд заагаагүй тул эдгээр заалтыг 2023.07.01-ний өдрөөс хойш болж өнгөрсөн үйл явдал буюу үүссэн эрх зүйн харилцаанд хэрэглэнэ.

            Гэвч тус гэмт хэрэг нь Иргэний хуулийн 511 дүгээр зүйл мөрдөгдөж эхлэхээс өмнө буюу 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр үйлдэгдсэн учир Иргэний хуулийг буцаан хэрэглэх боломжгүй тул тус нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэсэн болно.

          Г. Тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүний тухайд:

          Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2-т “Гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд, хохирогчийг нас барсны дараа төрсөн хүүхэд тус тус, түүнчлэн нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин хөлс орлогогүй эцэг, эх, нөхөр /эхнэр/-ийн аль нэг нь авах эрхтэй” гэж хуульчилсан.        

          Амь хохирогч Э.Б нь Б.Цтэй хамтран амьдарч байх хугацаандаа 2020 оны 04 дүгээр сарын 13-нд Б.А гэх охинтой болж улмаар 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгосон.

          Гэвч охин Б.А нь аавтайгаа хамт амьдардаггүй, ээж Б.Цгээ хамт амьдардаг байсан байх бөгөөд амь хохирогч нь Дорноговь аймгийн Сайншанд сумын ...тоотод ээж, 4 дүү нарын хамт ам бүл зургуулаа амьдардаг байсан болох нь багийн засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.

          Амь хохирогч Э.Б нь айлын том хүүхэд бөгөөд гэрээсээ ажил хөдөлмөр эрхэлж, ар гэрээ авч явдаг, мөн амь хохирогчийн охин Б.А нь ээж, аав хоёрынхоо дунд ирж очин тэдний хайр халамжид өсөж байсан байна.

Тиймээс түүнтэй хамт амьдарч байсан гэр бүлийн гишүүд нь гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй бөгөөд түүний ээж, төрсөн дүү нарын тухайд Э.Бийн асрамжид байнгын байдаг байсан эсэх, мөн хөдөлмөрийн чадвартай, төлбөр авах эрхтэй, эрхгүй зэргийг тогтоосон нотлох баримт хэрэгт авагдаагүй, шүүх уг үндэслэлд дүгнэлт өгөх боломжгүй байх тул тус нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Д. Өмгөөллийн хөлсний тухайд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, өмгөөлөгчид төлөх зардлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд оруулан тооцохоор хуульчилсан хэдий ч уг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зардал нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолоор батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцож, санхүүжүүлэх журамд зааснаар “...төлбөрийн чадваргүй хохирогч, ….өмгөөлөгчийн өмгөөллийн хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр гаргахаар...” зохицуулсан.

Хэрэгт авагдсан баримтаар амь хохирогч нь ажил хөдөлмөр эрхэлж, гэр бүлээ тэжээн тэтгэж авч явдаг бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Э нь  Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолтоор амьжиргааны төвшингийн босго шугамаас доогуур төвшинд хамаардаг, төлбөрийн чадваргүй болох нь тогтоогдож байх тул 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн өмгөөлөгч А.Баттуяатай байгуулсан Хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээний 2 дахь хэсгийн 2.1-т заасан хэмжээгээр буюу 3.000.000 төгрөгөөр тооцон, шүүгдэгч тус бүрээс 1.500.000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Эт олгож шийдвэрлэлээ.

Дээрх хохирлын асуудлыг нэгтгэн дүгнэвэл гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн нөхөн төлбөрт тооцон амь хохирогчийг оршуулах зан үйлтэй холбоотой гарсан зардалд 19.921.120 төгрөг, зээлийн төлбөрт төлсөн 12.898.269.45 төгрөг нийт 32.819.389.45 төгрөгийг иргэний хариуцагч Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компаниас гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Эт олгож, сэтгэцэд учирсан гэм хорын хохирол, зээлийн төлбөр 1.311.693.93 төгрөг тус тус хэрэгсэхгүй болгож , тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох хохирогчийн өмгөөлөгчийн хөлсөнд шүүгдэгч тус бүрээс 1.500.000 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Эт тус тус олгож шийдвэрлэсэн болно.

Иргэний хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар ямар нэгэн байдлаар маргаагүй бөгөөд шүүгдэгч нарын болон тэдний өмгөөлөгч нарын зүгээс шүүх хуралдааныг завсарлуулах санал хүсэлтийг гаргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

Мөн тус гэмт хэрэг нь шүүгдэгч нарын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм журмыг чанд биелүүлээгүй, ажилдаа хайхрамжгүй хандсан байдал, амь хохирогчийн хамгаалалтын хувцас хэрэглэлийг нэг бүрчлэн өмсөж хэвшээгүй, өргөж буй ачаанаас холдоогүй зэрэг нөхцөл байдлууд нь нөлөөлсөн байна.

 Эрүүгийн хариуцлагын  талаар:

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Д, Л.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тэдэнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

           Шүүгдэгч нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал болон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдоогүй бөгөөд тус гэмт хэргийг үйлдэгдэхэд хохирогчийн үйлдэл нөлөөлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 2 жил 6 сарын  хугацаагаар Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах,

Шүүгдэгч Б.Дын өмгөөлөгч Ж.Хүдэрчулуунаас “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан журмаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү, шүүгдэгч Л.Эын өмгөөлөгч З.Алтанцэцэгийн зүгээс “...Зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээгээр тэнсэж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргаж оролцсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон иргэний хариуцагчийн зүгээс эрүүгийн хариуцлага дээр ямар нэгэн санал гаргаагүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх зүйн зохицуулалтыг хэрэглэх үндсэн шалгуур нь Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэх үндсэн болзол шалгуурыг хангасан тохиолдолд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд хэрэглэх эсэхийг шийдвэрлэдэг. Түүнээс заавал хэрэглэх эрх зүйн зохицуулалт гэж ойлгохгүй.

Шүүгдэгч нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч болгоомжгүйгээр үйлдэгддэг тусгай зохицуулалттай гэмт хэрэг хэдий ч шүүгдэгч нарын зүгээс хохирол, хор уршиг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг бүрэн төлж барагдуулаагүй, тэдний өмгөөлөгч нарын зүгээс гэм буруу дээр маргаж оролцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх зүйн зохицуулалтыг шүүх хэрэглэх боломжгүй гэж дүгнэсэн болно.

Тиймээс шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д, Л.Э нарт тус бүрийг 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах шийтгэж, уг оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихыг хориглож, шүүхээс оногдуулсан ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж шийдвэрлэсэн болно.

Бусад асуудлаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Й овогт Бын Д, Л овогт Лийн Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д, Л.Э нарыг тус бүрийг 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихыг хориглож, шүүхээс оногдуулсан ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Шүүгдэгч нарт оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавих үүргийг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 508 дугаар зүйлийн 508.1, 2, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Эээс нэхэмжилсэн оршуулгын зардалд 19.921.120 төгрөг, зээлийн төлбөрт төлсөн 12.898.269.45 төгрөг, нийт 32.819.389.45 төгрөгийг иргэний хариуцагч Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компаниас гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Эт олгож, сэтгэцэд учирсан гэм хорын хохирол, зээлийн төлбөр 1.311.693.93 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг хэлэлцэхгүй орхисугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн хөлсөнд шүүгдэгч тус бүрээс 1.500.000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Дорноговь аймгийн Сайншанд сумын ... тоотод оршин суух, Т овогт Сын Э /РД:.../-т олгосугай.

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдав.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, иргэний хариуцагч нь иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.ОДБАЯР