| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2021/00504/И |
| Дугаар | 133/ШШ2022/00093 |
| Огноо | 2022-01-18 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 133/ШШ2022/00093
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 4 дүгээр багт оршин суух, А-ийн Н-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 4 дүгээр багт оршин суух, Б-ын Э-т холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Н, хариуцагч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие А овогтой Н нь 1984 онд Говь-Алтай аймгийн Хөхморьт сумд төрсөн. Нөхөр болох Б.Э-тай 2002 онд айл болсон. 2004 оны 05 дугаар сарын 06-ны өдөр том хүү Э.Г, 2007 онд дунд хүү Э.Г, 2012 онд бага хүү Э.Г нарыгаа тус тус гаргасан. Эхний жилүүдэд гэр бүл болоод сайхан амьдарч байсан боловч сүүлрүүгээ ааш нь өөрчлөгдөж агсам согтуу тавиад авгай хүүхэн хөөцөлддөг болсон. Гэртээ шөнө дөлөөр орж ирнэ. Ам хэлээр доромжлон зодож дарамтлах нь бүр наад захын асуудал болсон. Гурван хүү маань ч сэтгэл санааны гүн хямралтай болоод зогсохгүй миний бие нэлээд өвддөг болсон. Ах, эгч, аав, ээж нь бүгд мэднэ. Цагдаад хүртэл хэлж, тухайн үед нь арга хэмжээ авч байсан боловч засраагүй. Одоо өөр хүнтэй болж байгаа юм байна лээ. Аав, ээж нь бүгд мэднэ, ах эгч нь хүртэл бид хоёрыг салахыг хүсэж байгаа. Одоо миний бие өвчин шаналал их байгаа, мөн хүүхдүүдийн сэтгэл санааны байдал тогтворгүй болж ааш зан нь өөрчлөгдөж байна. Иймд миний энэ байдлыг харгалзан үзэж гэрлэлтийг минь цуцалж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Нэхэмжлэгч нь Б.Э, А.Н нарын 0033634 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Э.Г, Э.Г, Э.Г нарын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 201 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэргийг нотлох баримтаар ирүүлжээ. Хариуцагч нь хариу тайлбар ирүүлсэн бөгөөд нотлох баримт хавсаргаж ирүүлээгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч А.Н нь хариуцагч Б.Э-т холбогдуулан гэрлэлт цуцлуудж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Нэхэмжлэгч А.Н, хариуцагч Б.Э нар нь 2005 оны 08 дугаар сарын 06-ны өдөр гэр бүл болж, 2006 оны 03 дугаар сарын 21-ний өдөр эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар, 0033634 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр тогтоогдож байна.
Тэдний дундаас 2004 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Эрхэмбаярын Гантогтох, 2007 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Э-ын Г, 2012 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Э-ын Г нар төрсөн болох нь төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар болон зохигчдын тайлбараар тус тус тогтоогдож байна.
Зохигчид хоорондоо таарч тохироогүйн улмаас тусдаа амьдарч байгаа гэх бөгөөд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан байх боловч амжилтгүй болсон болох нь Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 201 дугаартай тэмдэглэлээр тогтоогдож байна. Мөн гэрлэгчид хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүсч байх бөгөөд тусдаа амьдарч байгаа, мөн хариуцагч Б.Э нь ...би одоо шинэ амьдрал зохионо... гэж тайлбарлаж байх тул эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Зохигчид тусдаа амьдарсан хугацаанд гэр бүлийн насанд хүрээгүй гишүүд болох Э.Г, Э.Г, Э.Г нар нь эхийн асрамжид байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож, хариуцагч хүүхдийн асрамжийн талаар маргаагүй эхийн асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрсөн тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар гэрлэгчид хүүхдийн асрамжийн талаар тохиролцоогүй, гэрлэгчид тусдаа амьдарсан хугацаанд хүүхэд эхийнхээ асрамжид байсан нөхцөл байдал, түүний нас, эцэг эхийн халамж, оролцоо, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг харгалзан 2004 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Э-ын Г, 2007 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Э-ын Г, 2012 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Эрын Г нарыг эх А.Н-ын асрамжид үлдээхээр шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй боловч хүүхдийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс мөн Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүснэ, 26 дугаар зүйлийн 26.2.2-т хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй, 25 дугаар зүйлийн 25.3-т хүүхдийн ашиг сонирхлыг хамгаалах үүргийг эцэг, эх хүлээнэ гэж тус тус заасан бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэжээн тэтгэх үүрэгтэй 2004 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Эрхэмбаярын Гантогтох, 2007 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Э-ын Г, 2012 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Э-ын Г нарт хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Б.Э-аар тэжээн тэтгүүлэх нь үндэслэлтэй байна.
Учир нь гэрлэгчдийн гэрлэлтийг шүүх цуцалсан ч гэрлэгчдийн хүүхдийн эрх, ашиг сонирхолыг хамгаалах, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, эцэг, эх байх үүрэг хэвээр хадгалагддаг тул шүүх хүүхдийн тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр тогтоох ёстой бөгөөд хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн хариуцагчийг тэтгэлэг төлөхөөс чөлөөлөх үндэслэлгүйг тэмдэглэх нь зүйтэй байна.
Шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүүхдийг нэгнийх нь асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа боловч эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ болохыг дурдах нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Э-аас 1 жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлэгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 146.702 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагад нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Н-ад олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгийг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Б овогт Б-ын Э, С овогт А-ийн Н нарын Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 2006 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаарт бүртгэгдсэн гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2004 оны 05 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү Э.Г, 2007 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, хүү Э.Г, 2012 оны 07 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, хүү Э.Г нарыг эх А-ийн Н-ын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хүү Э-ын Г-ийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний 50 хувиар, хүү Э-ын -ыг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, хүү Э-ын Г-ыг суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б овогт Б-ын Э-аас тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Нэхэмжлэгч А.Н нь амьдарч байгаа гэрийг авахаар тохиролцсоноор хариуцагч Б.Эаас эд хөрөнгө нэхэмжлээгүй, маргаангүй гэсэн болохыг дурдсугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх А.Н-ад даалгасугай.
6. Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч Б.Эрхэмбаяр нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг зориулалтын дагуу зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Н нь хариуцагч Б.Э-ыг эцгийн хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг мэдэгдсүгэй.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Э-аас 1 жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлэгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 146.702 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагад нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Н-д олгосугай.
9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар уг шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдэсүгэй.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН