Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 133/ШШ2022/00155

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 133/ШШ2022/00155

Есөнбулаг сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн 24-03 тоотод оршин суух Ж овогтой Ж-ийн М-ын гаргасан нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн А-У-н э х с төрийн өмчит хувьцаат компанид холбогдох,

2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай нэхэмжлэлийг 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2022 оны 01 сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.М, түүний өмгөөлөгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.М шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Мт миний бие 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Говь-Алтай аймгийн А-У-н эрчим хүчний систем төрийн өмчит хувьцаат компанид диспетчерийн шуурхай үйлчилгээний ээлжийн инженерээр томилогдсон бөгөөд 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/20 дугаартай гүйцэтгэх захирлын тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдаж улмаар Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч А-Ун эрчим хүчний систем ТӨХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийн дагуу Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 11 дугаартай магадлалаар миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, намайг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь буюу А-Ун эрчим хүчний систем ТӨХК-д ээлжийн инженерийн ажилд эгүүлэн тогтоосон бөгөөд дээрх шүүхийн шийдвэрүүд нь хуулийн хүчин төгөлдөр болсон. Дээрх шүүхийн шийдвэрийг хариуцагч байгууллага нь одоог хүртэл биелүүлэхгүй байгаа бөгөөд миний хөдөлмөрлөх эрх ноцтойгоор зөрчигдөж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт ...Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно... гэж заасан. Иймд хариуцагч байгууллагаас анхан шатны шүүхийн шийдвэр гарсанаас хойшхи хугацааны буюу 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.М нь тус компанид диспетчерийн шуурхай үйлчилгээний ээлжийн инженерээр ажиллаж байгаад гүйцэтгэх захирлын 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/20 тушаалаар сахилгын зөрчлийг давтан гаргаж хөдөлмөрийн гэрээ, дотоод журмыг удаа дараа зөрчсөн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Улмаар тус шүүхэд нэхэмжлэл гаргаж Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 133/ШШ2021/00174 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 11 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. Хариуцагч талаас давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимд хяналтын гомдол гаргасан боловч хяналтын гомдлыг хэлэлцэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний хувьд Алтай-Улиастайн эрчим хүчний систем төрийн өмчит хувьцаат компанид 2021 оны 10 дугаар сард хуулийн зөвлөхийн орон тоонд ажилд орсон бөгөөд тухайн үед нэхэмжлэгчтэй холбоотой шүүхийн шийдвэрийг хэрхэн биелүүлэх талаар гүйцэтгэх захирал, дэд захирлын хэмжээнд яригдаж байсан. 2021 оны 12 дугаар сард үйлчилгээ, аж ахуй эрхэлсэн дэд захирал Б.Н-Ю ондоо багтаагаад Ж.М-ын шүүхийн асуудлыг шийдвэрлэчихмээр байна гээд өрөөндөө байхдаа миний хажууд ярьсан. Нэхэмжлэгч тухайн үед тодорхой хариулт өгөөгүй, дараа нь залгахад утсаа авахгүй байна гэж дэд захирал хэлсэн. Оны дараа бас ярьсан. Ирж уулз гэхээр нэхэмжлэгч ирж уулзаагүй байсан. Нэхэмжлэгчийн одоо ажиллаж байгаа ажлын байр нь манай ажлын байрнаас 50 метр зайтай байдаг. Шүүхийн асуудлаа шийдье гэхээр нэхэмжлэгч өөрөө санаачлага гаргадаггүй. Тухайн үед шүүхэд нэхэмжлэл гаргасан, цалин хөдөлмөрийн хөлсний талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж байгаа учраас хойшлуулж байсан юм байна гэж хариуцагчийн хувьд харж байна. 2 дугаар сарын 6, 7-ны үед дэд захирал Б.Н-Ю бид хоёр хамт байж байгаад дэд захирлын утаснаас Ж.М-ын утас руу залгахад авахгүй байсан. Дараа нь би өөрийн утаснаас залгахад авахгүй байсан. Дараа нь би өөрийн утаснаас залгахад Ж.Мөнхбат авч ярьсан. Түүнд ажилд томилсон тушаалыг чинь гаргана маргааш ирж уулз гэхэд хөдөө явж байна. Маргааш очоод уулзана гэсэн ч ирээгүй. Ажил олгогч 2022 оны 02 дугаар сарын 09-ний Б/19 дугаартай тушаалаараа Ж.М-ыг диспетчерийн шуурхай үйлчилгээний ээлжийн инженерээр томилсон шийдвэр гаргасан боловч нэхэмжлэгч ирээгүй. Нэхэмжлэгч 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр очиж ажилд томилогдсон тушаалаа хүлээн авсан боловч ажлын байрны зааварчилгаагаа авч ажилдаа очоогүй. Хариуцагчийн хувьд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж ажиллах бөгөөд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримтууд:

-Ж.М-ын 0822465 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

- Говь-Алтай аймгийн Алтай-Улиастайн эрчим хүчний систем төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/114 дугаартай Ж.М-ыг ажилд томилох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

- Говь-Алтай аймгийн Алтай-Улиастайн эрчим хүчний систем төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/20 дугаартай Ж.М-ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

-Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 133/ШШ2021/00174 дугаартай шүүхийн шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 11 дугаартай магадлалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

- Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 001/ШХТ2021/00652 дугаартай Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудыг ирүүлжээ.

Хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримтууд:

-Говь-Алтай аймгийн Алтай-Улиастайн эрчим хүчний систем төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/19 дугаартай Ж.М-ыг дагалдангаар ажиллуулах тухай тушаалын эх хувь, 2022 оны 02 сарын 11-ний өдрийн мэдэгдэл, диспетчерийн шуурхай үйлчилгээний ээлжийн инженерийн албан тушаалын тодорхойлолтыг эх хувиар нь зэрэг баримтуудыг ирүүлжээ.

Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 133/ШЗ2022/00468 дугаартай нотлох баримт гаргуулах тухай захирамжаар Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 110 дугаартай шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар, Говь-Алтай аймгийн Алтай-Улиастайн эрчим хүчний систем төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/19 дугаартай Ж.М-ыг дагалдангаар ажиллуулах тухай тушаалын хуулбар, 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн мэдэгдэлийн хуулбар, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэлийн хуулбар, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар зэрэг баримтыг ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлаад Говь-Алтай аймгийн Алтай-Улиастайн эрчим хүчний систем төрийн өмчит хувьцаат компанид холбогдох 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай нэхэмжлэгч Ж.М-ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Ж.М нь хариуцагч Говь-Алтай аймгийн Алтай-Улиастайн эрчим хүчний систем төрийн өмчит хувьцаат компанид холбогдуулан 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А нь нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэж маргажээ.

Нэхэмжлэгч Ж.М нь 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Говь-Алтай аймгийн Алтай-Улиастайн эрчим хүчний систем төрийн өмчит хувьцаат компанид диспетчерийн шуурхай үйлчилгээний ээлжийн инженерээр томилогдсон бөгөөд 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/20 дугаартай гүйцэтгэх захирлын тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, улмаар Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч Говь-Алтай аймгийн Алтай-Улиастайн эрчим хүчний систем төрийн өмчит хувьцаат компанид холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаснаар Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 11 дугаартай магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь буюу Говь-Алтай аймгийн Алтай-Улиастайн эрчим хүчний систем төрийн өмчит хувьцаат компанид ээлжийн инженерийн ажилд эгүүлэн тогтоож, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан тул дээрх Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 11 дүгээр магадлалаар тогтоогдсон үйл баримтын талаар шүүх дахин нотлохгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан байх ба ажилгүй байсан бүх хугацаа гэдэгт ажилтныг ажлаас халах тухай ажил олгогчийн шийдвэр гарснаас хойш түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаа орохоос гадна шүүхийн шийдвэр гарснаас хойш уг шийдвэрийг биелүүлэх хүртэлх хугацаа мөн хамааралтай болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-т зааснаар мэдэгдлийг хүлээн авсан ажил олгогч урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, тухайн ажилтныг эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосноор гүйцэтгэх баримт бичгийн шаардлага биелэгдсэнд тооцогддог тул ажилтны ажилгүй байсан хугацаа түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарснаар бус харин шүүхийн шийдвэрийг биелүүлсэн ажил олгогчийн шийдвэр гарснаар дуусгавар болохоор байна.

Шүүхийн шийдвэр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоохыг зааж гардаг боловч Ж.М-ын ажлын байрны хувьд эрсдэл бүхий онцлогтой салбарын ажлын байр байх бөгөөд Эрчим хүчний сайдын 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 102 дугаартай тушаалаар баталж, Хууль зүйн яамны улсын нэгдсэн бүртгэлийн 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 3490 дугаартай бүртгэсэн Эрчим хүчний ажилтны дунд зохиох аюулгүй ажиллагааны ажлын үндсэн дүрмийн 7.6-д ажлаас 1-2 сарын хугацаатай хөндийрсөн шуурхай ажиллагаа, шуурхай үйлчилгээ-засварын ажилтныг ажилд оруулахын өмнө ээлжит бус зааварчлагаа өгч, ажилаагүй үед нь тухайн албан тушаалтай холбоотой гарсан шинэ тушаал, техникийн шийдвэр, бусад материалтай танилцуулж, тоноглолын ашиглалтын заавар, схем, горим ажиллагаанд гарсан бүх өөрчлөлтүүдтэй танилцуулах зорилгоор 1-2 ажлын ээлжинд хариуцлагатай дагалдан хийлгэнэ. 2-4 сарын хугацаатай хөндийрсөн шуурхай ажиллагаа, шуурхай үйлчилгээ-засварын ажилтанд ээлжит бус зааварчлага өгч, 2-4 ажлын ээлжийн хугацаанд, 4-6 сарын хугацаатай хөндийрсөн бол ээлжит бус зааварчилгаа өгч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамруулан 2-8 ажлын ээлжийн хугацаанд тус тус хариуцлагатай дагалдуулна гэж заажээ.

Шүүх уг салбарын онцлог байдлыг зохицуулсан уг дүрмийн заалтыг тухайн ажлын байрны илүү нарийвчилсан зохицуулалт гэж үзэхээр байна. Ж.М нь ажлын байрандаа 12 сар ажиллаагүй байгаа нь маргаан шийдвэрлэх процесстой холбоотой байгаа хэдий ч эрсдэл бүхий ажлын байр нь ажилтнаас өөрөөс болон бусад нөхцөл байдлаас шалтгаалан ялгамжтай зохицуулаагүй буюу эрсдэл өөрчлөгдөхгүй тул дүрмийн 7.6-д заасан заалтыг баримталж, дагалдангаар томилсныг буруутгах үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл ажил олгогч ажлын байрны хувьд шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

Харин шүүх зөрчигдсөн эрхийг сэргээх чиг үүргийн хүрээнд Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажилгүй байсан хугацааны олговрын маргааныг шийдвэрлэдэг бөгөөд энэ нь шууд утгаараа цалин бус харин эрх зөрчигдөхөөс өмнө ажиллаж авч байсан хэмжээнд нь эрхийг сэргээн, авч байсан цалингийн хэмжээгээр олгож байгаа олговор юм. Тиймээс дээрх дүрмийн дагуу дагалдан ажиллах тохиолдолд буурч байгаа цалин болон урьд авч байсан цалингийн зөрүүг олговор хэлбэрээр олгох нь үндэслэлтэй гэж үзэв.

Ажилгүй байсан хугацааг тодорхойлохдоо 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл тооцсон ба харин 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд өмнө жинхлэн авч ажиллаж байсан цалин, дагалдангаар ажилласан хугацааны цалингийн зөрүүг олговор хэлбэрээр олгох нь зүйтэй байна.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3-д ...ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно гэж заасны дагуу нэхэмжлэгч Ж.М-ын 0822465 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүсэн хуулбарын 9 болон 10 дугаар хуудсанд бичигдсэн ажлаас үндэслэлгүйгээр цуцлагдахаас өмнөх гурван сарын хугацааны цалин 2,154,437+1,868,589+1,430,455=5,453,481 төгрөг байх бөгөөд уг хугацааны ажлын нийт өдөр болох 65 өдөрт хувааж, нэг өдрийн дундаж цалин хөлсийг тооцоход 5,453,481:65=83,899 төгрөг байна.

2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийг дуустал ажлын 231 өдрөөр тооцож үзвэл Ж.М-д олгох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор нийт 83.899*231=19.380.669 /арван есөн сая гурван зуун наян мянга зургаан зуун жаран ес/ төгрөг байх тул үүнийг Говь-Алтай аймгийн Алтай-Улиастайн эрчим хүчний систем төрийн өмчит хувьцаат компаниас гаргуулан нэхэмжлэгч Ж.М-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй. 46.2 дахь хэсэгт ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж тус тус зааснаар дээрх олговороос зохих шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч Ж.М-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Говь-Алтай аймгийн Алтай-Улиастайн эрчим хүчний систем төрийн өмчит хувьцаат компанид даалгах үндэслэлтэй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ж.Мөнхбатын 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийг дуустал нийт 231 хоногийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг түүний урьд авч байсан сарын цалингийн дундажийг тооцон хариуцагч Говь-Алтай аймгийн Алтай-Улиастайн эрчим хүчний систем төрийн өмчит хувьцаат компаниас гаргуулах үндэслэлтэй байна.

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд энэ хуулийг Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. гэж заасан байх тул уг хуулийг дагаж мөрдөх өдрөөс өмнөх харилцаанд хуучин Хөдөлмөрийн тухай хууль үйлчлэхээр байх тул уг шүүхийн шийдвэрт 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалтыг баримталсан болно.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан 19,380,669 /арван есөн сая гурван зуун наян мянга зургаан зуун жаран ес/ төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 254,853 /хоёр зуун тавин дөрвөн мянга найман зуун тавин гурван/ төгрөгийг Говь-Алтай аймгийн Алтай-Улиастайн эрчим хүчний систем төрийн өмчит хувьцаат компаниас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Говь-Алтай аймгийн Алтай-Улиастайн эрчим хүчний систем төрийн өмчит хувьцаат компаниас 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор нийт 19.380.669 / арван есөн сая гурван зуун наян мянга зургаан зуун жаран ес/ төгрөгийг гаргуулан Ж овогт Ж-ийн М-д олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан дээрх олговороос зохих шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч Ж.М-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж, баталгаажуулалт хийхийг хариуцагч Говь-Алтай аймгийн Алтай-Улиастайн эрчим хүчний систем төрийн өмчит хувьцаат компанид даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан 19,380,669 /арван есөн сая гурван зуун наян мянга зургаан зуун жаран ес/ төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 254,853 /хоёр зуун тавин дөрвөн мянга найман зуун тавин гурван/ төгрөгийг Говь-Алтай аймгийн Алтай-Улиастайн эрчим хүчний систем төрийн өмчит хувьцаат компаниас гаргуулан улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН