Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/130

 

2024 оны 10 сарын 10                    Дугаар 2024/ШЦТ/130                            Мандал сум

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах, Улсын яллагч Г.Тунгалаг, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдаа, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын Прокурор, хууль цаазын дэд зөвлөх Г.Тунгалагаас хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох Эрүүгийн 2432001790140 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Сайхан суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамтаар Сэлэнгэ аймгийн Мандал сум 6 дугаар баг Сансарын 360 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, *******, /Регистрийн дугаар:*******/,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 21-22 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сум Хэрх 4 дүгээр баг “Холбоо толгой” гэх газрын орчимд төв асфальтан зам дээр тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан ******* тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар үсийг нь зулгааж нүүрэн хэсэгт гараараа 2-3 удаа цохиж түүний биед баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун гарын сарвуунд зулгаралт, баруун нүдний доод зовхи, баруун хацрын дээд хэсгийн зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч ******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 21-22 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сум Хэрх 4 дүгээр баг “Холбоо толгой” гэх газрын орчимд төв асфальтан зам дээр тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан ******* тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар үсийг нь зулгааж нүүрэн хэсэгт гараараа 2-3 удаа цохиж түүний биед баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун гарын сарвуунд зулгаралт, баруун нүдний доод зовхи, баруун хацрын дээд хэсгийн зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч *******ы мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ажлын газрын хамт олон болох “Спирт бал бурам” ХХК-ны “Монгол архи, бяслаг”-ны үйлдвэрийн газрын хүмүүстэй амралтын нэг өдөр аваад нэг ажилтныхаа Сэлэнгэ аймаг, Мандал сум Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Бороо” голын гүүрний цаана байдаг хадлангийн газарт очиж туслахаар явсан. Тухайн өдрөө 17 цаг өнгөрч байхад хадлангийн ажил дуусаж ажлын газрын 10 гаран хүмүүстэйгээ нийлж 0.75 литрийн “Хараа” архи 2 шилийг хувааж уусны дараа би гэр лүүгээ явах гээд цуг ажилладаг ажлын газрын хүн болох Сугартогтох гэдэг хүний машинд манай ажлын хүмүүс болох Жаргалтулга, Мөнхтулга, Дорждэрэм нар суугаад явцгаасан. Тэгээд замд явж байхад миний суудлын арын суудал дээр сууж байсан Дорждэрэм араас намайг тэвэрч аваад энгэр лүү гараа хийх гээд байсан. Тэр үед би эхний удаа гарыг нь тавиулах гэж өөрт нь шаардлага тавьж хэлсэн. Тэгсэн миний хэлж ярьсан үгийг хүлээж авахгүй дахин дахин араас тэврэх гэж оролцож миний цамцны цахилгаанаар оролдоод байсан. Тэгээд болохгүй байхаар нь би уурлаад хэлсэн чинь намайг сүртэй юм бэ пяздаа минь, гөлөг минь тэврүүлэхгүй юм бол наад суудал дээрээ яах гэж суусан юм бэ гээд уурлангуй хэлэхээр нь би уурлаад эргэж хараад дахин шаардлага тавихад миний үснээс зулгааж, толгой руу гараараа 2-3 удаа цохиход машинд сууж байсан манай ажлын газрын хоёр хүн салгахад би дээшээ өндийгөөд харахад миний баруун талын нүд рүү гараараа нэг удаа цохисон. ...Өмнө маргалдаж муудалцсан зүйл байхгүй. Харин тухайн үед машин дотор анх удаа муудалцсан. ...Тухайн үед миний баруун шанаа хавдаж, баруун нүд орчимд цохиулж хөхрөлт үүссэн, үсээ зулгаалгуулж цохиулснаас болж хэсэг газарт хаван үүсэж, хавдан тархи хөдөлсөн” гэх мэдүүлэг, /хх-ийн 15-16-р тал/, Гэрч Э.Мөнхтулгын мөрдөн байцаалтад өгсөн“...2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ажлын газрын хүний хадлангийн талбайгаас машинд 5 хүн сууж хөдөлсөн. Тэгээд замд явж байх хугацаанд орой болчихсон ядраад арын суудал дээр нойрмоглоод явж байсан. Миний сууж явсан машины урд суудал дээр *******, харин чанх ард нь Дорждэрэм суугаад явж байсан. Замд явж байх зуур *******, Дорждэрэм 2 тоглоод явж байсан. Тэгсэн сүүлдээ ******* уурлаад сууж байсан суудал дээрээсээ эргэж хараад Дорждэрэмийг 1 удаа гар руу нь цохиод Дорждэрэм уурлаж зөрүүлээд нүүрэн тус газарт нь цохисон. Тэгсэн ******* утсаараа нөхөр рүүгээ утсаар залгаж ярьсан. Тэр зуур бид нар Дорждэрэмийг гэрт нь буулгасан. ...Би ямар шалтгааны улмаас муудалцсан талаар сайн мэдээгүй. ...Тухайн үед *******, Дорждэрэм нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. ...Тухайн үед орой болчихсон машин дотор гэрэлгүй байсан болохоор сайн мэдэхгүй байна. Харин нүүрэн тус газарт нь цохиж байгааг харсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 27-28-р тал/, Сэлэнгэ аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 209 дугаартай “...*******ы биед баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун гарын сарвуунд зулгаралт, баруун нүдний доод зовхи, баруун хацрын дээд хэсгийн зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон. Баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун нүдний доод зовхи, баруун хацрын дээд хэсгийн зөөлөн эдийн гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Баруун гарын сарвууны зулгаралт гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, шинэ гэмтэл болно. Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй ” гэх дүгнэлт /хх-ийн 42-43-р тал/, Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Тогтоолтой танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хуучин нэг газар цуг ажиллаж байсан найз Бат-Эрдэнийн хадлангийн талбай дээр очиж 2 машин өвс ачаад Зүүнхараа орж буулгачхаад эргээд хадлангийн талбай дээр очиж 2 машин өвс ачаад Зүүнхараа орж буулгачхаад эргээд хадлангийн талбай руу нь дахин өвс ачихаар очсон. Тэгэхдээ тэндээ 2 шил 0,75 литрийн нэрийг сайн мэдэхгүй байна Бат-Эрдэнэ задалж өгөхөөр нь уусан. Тэр архиа уунгаа дахин 1 машин өвс ачиж өгөхөд орой харанхуй болчихсон байсан болохоор 2 машинд хуваагдаж сууцгаасан.Тэгээд замдаа ******* гэх хүнтэй муудалцаж нүүрэн тус газарт нь цохисон. Архи уусан байхдаа ******* гэх хүний биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Согтуу байсан болохоор болсон зүйлийг сайн санахгүй байна. Гэртээ харих гээд явж байснаа л санаж байна. Би өөрийн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна” гэх мэдүүлэг, /хх-ийн 58-59-р тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл тохирсон байна. 

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ******* нь ямар нэгэн хохирол, хор уршиг, эмчилгээний зардал нэхэмжлээгүй тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар: Прокурорын санал болгож, шүүгдэгч ******* нь хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 34.14 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8  дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан ******* нь торгох ялыг 05 /тав/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.    

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5.Энэ хэрэгт ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.                 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                Ж.ЭРДЭНЭБАТ.