| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоогийн Баярмаа |
| Хэргийн индекс | 192/2025/02877/И |
| Дугаар | 001/ХТ2026/00047 |
| Огноо | 2026-02-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2026 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 001/ХТ2026/00047
| Б.Б-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 192/ШШ2025/06781 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 210/МА2025/01927 дугаар магадлалтай, Б.Б-ийн нэхэмжлэлтэй Г.Х, Х.З нарт холбогдох 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Отгончимэг нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Отгончимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: 1. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Г.Х-ээс 2018 оны 06 сард өгсөн 10,000,000 төгрөгийг, хариуцагч Х.З-ээс 2018.06.02-ны өдөр шилжүүлсэн 20,000,000 төгрөгийг тус тус гаргуулах нэхэмжлэлийг гаргаж, хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ. 2. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 192/ШШ2025/06781 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3, 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч Х.З-ээс 20,000,000 төгрөг, Г.Х-ээс 10,000,000 төгрөг гаргуулах тухай Б.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 210/МА2025/01927 дугаар магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 192/ШШ2025/06781 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-т тус тус заааснаар хариуцагч Х.З-ээс 20,000,000 төгрөг, Г.Х-ээс 10,000,000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгосугай” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийнн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 307,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. 4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Отгончимэг нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэж дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. 4.1 Нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан 2018.06.03-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээний үүрэгт шилжүүлсэн 30,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1-т заасныг үндэслэн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байх ба хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 жил гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар заасан бөгөөд энэ нь бүх төрлийн гэрээнд хамаарах ойлголт. Талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэхтэй холбоотой үүрэг бус мөнгөн төлбөрийн үүрэг шаардсан. Хэдийгээр үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ боловч нэхэмжлэлийн шаардлага нь мөнгөн төлбөрийн үүрэг шаардсан бөгөөд өмчлөлийн талаар маргаагүй болохыг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй. 4.2 Талууд зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан ч бодит байдал дээр хэрэгжээгүй, хуульд заасан хэлбэрийн шаардлага хангагдаагүй. Түүнчлэн 2018.06.10-ны өдөр нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст хандан залилуулчихлаа гэх гомдлыг, өөрөөр хэлбэл хэрэгт хариуцагчийн гаргаж өгсөн баримт болох үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулснаас 7 хоногийн дараа гаргасан болох нь хэрэгт авагдсан 2019.07.30-ны өдрийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын тогтоолоор тогтоогддог. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо 2019.07.30-ны өдрийн прокурорын тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолж байгаа нь үндэслэлгүй бөгөөд прокурорын тогтоол нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдах нөхцөлд хамаарахгүй. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. 76.2-т хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь зөрчигдсөн тухай мэдсэн эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс эхлэн тоолно гэж тус тус хуульчлан тогтоосон. Нэхэмжлэгчийн хувьд 2018.06.10-ны өдөр цагдаад гомдол гаргасан байгаагаас харахад нэхэмжлэгчийн шаардах эрх 2018.06.10-нд үүссэн гэж үзэхээр байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэж байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ. 5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 001/ШХТ2026/00102 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Отгончимэг нарын гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ. ХЯНАВАЛ 6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Отгончимэг нарын гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй. 7. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Г.Х, Х.З нарт холбогдуулан 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ “... Миний бие 2018 оны 6 сард Хишиг хүнсний дэлгүүрийг 750,000,000 төгрөгөөр худалдан авахаар Г.Х, Х.З нартай харилцан тохиролцож, 2018.06.02-ны өдөр Х.З-ийн Хаан банкны дансанд 20,000,000 төгрөг, Г.Х-д 10,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Г.Х, Х.З нар нь үл хөдлөх эд хөрөнгийг анхнаасаа 900,000,000 төгрөгийн барьцаанд байгаа 750,000,000 төгрөгөөр зарах боломжгүй гэдгээ мэдсээр байж надад худалдан борлуулна гэж төөрөгдүүлсэн ... урьдчилгаанд 30,000,000 төгрөг авсан боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй.” гэж тайлбарласан. 8. Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “...Талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд байгаа гэдгийг мэдэж байсан, урьдчилгаа 30,000,000 төгрөгийг өгөөд үлдэгдэл төлбөрийг банкнаас зээл авч төлөхөөр тохиролцсон байсан ч зээл бүтээгүй, үл хөдлөх эд хөрөнгө 2024 онд банкинд хураагдсан. Хураах хүртэл нэхэмжлэгчийн дүү нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ямар нэг түрээсгүйгээр үйл ажиллагаа явуулсан. Нэхэмжлэгч нь 2019 онд цагдаад хандсан ба түүнээс хойш нэхэмжлэл гаргах хангалттай хугацаа байсан. Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан. ... гэрээ хэрэгжээгүй нь хариуцагч нарын буруутай үйлдэл биш” гэж маргасан. 9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үндэслэлдээ “...Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хэрэгжээгүй болон хариуцагч нар урьдчилгаа төлбөрт 30,000,000 төгрөг авсан, үл хөдлөх эд хөрөнгө Төрийн банкны барьцаанд байсан тухайд талууд маргаагүй. Нэхэмжлэгч нь хариуцагч Г.Х-д залилуулсан гэх гомдлын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, Прокурорын газрын 2019.07.30-ны өдрийн тогтоолоор гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хаасан. Тогтоолд нэхэмжлэгч нь гомдол гаргаагүй ба уг хугацаанаас тоолоход хуульд заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Нэхэмжлэгч нь гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 30,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардаж байсан талаарх баримтгүй.” гэж дүгнэсэн. 10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Магадлалд “... Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн. Гэрээ байгуулсан эсэхэд нэхэмжлэгч талаас маргаж байх боловч татгалзлаа нотлоогүй. Нэхэмжлэгч нь хариуцагчид залилуулсан үндэслэлээр эрүүгийн журмаар шалгуулж, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас 2019.07.30-ны өдрийн тогтоолоор иргэд хоорондын гэрээ хэлцлээс үүдэлтэй маргаан гэж үзэн хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан. Хариуцагч Г.Х нь 30,000,000 төгрөг төлөх үүрэгтэй талаараа эрүүгийн журмаар шалгах явцад мэдүүлж байсан нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндэслэлд хамаарна. Худалдах, худалдан авах гэрээний зүйл нь үл хөдлөх эд хөрөнгө байх тохиолдолд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийнн 75.2.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байх ба мөн өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолох тул Прокурорын тогтоол гарснаас хойш хөөн хэлэлцэх хугацааг тоолоход 2025.07.30-ны өдрөөр дуусна. Нэхэмжлэгч 2025.04.30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул шаардах эрхээ хуульд заасан хугацаанд хэрэгжүүлсэн гэж үзнэ. Зохигч талуудын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан тул гэрээний төлбөрт шилжүүлсэн 30,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасанд нийцнэ.” гэж дүгнэсэн. 11. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг адил тогтоосон байх ба шүүх үйл баримтыг тогтоосон байдалд зохигч гомдол гаргаагүй. Харин хариуцагч талаас гаргасан шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаарх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хоёр шатны шүүх өөрөөр тодорхойлсон нь хөөн хэлэлцэх хугацаа тоолох хуулийн зохицуулалтыг сонгон хэрэглэхэд нөлөөлсөн гэх агуулга бүхий гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлд хамаарна гэж үзэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцлээ. 12. Зохигч эрхийн улсын бүртгэлийн Ү-2203*** дугаартай, Сонгинохайрхан дүүргийн *** тоот хаягт байрлах, дэлгүүрийн үйл ажиллагаа явуулдаг үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж, худалдан авахаар тохирсон тухайд маргаагүй. Хоёр шатны шүүх энэ талаар адил дүгнэлт хийсэн. Харин үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах үнийг талуудын хооронд бичгээр байгуулсан гэрээнд 550,000,000 төгрөг гэж заасан байх боловч нэхэмжлэгч бодит байдалд 750,000,000 төгрөгөөр тохирсон гэж тайлбарласныг хариуцагч үгүйсгэн маргаагүй байна. Иймд үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээний үнийг 750,000,000 төгрөгөөр тохирсон гэж үзэх нь зүйтэй. Худалдан авагч буюу нэхэмжлэгч талаас үл хөдлөх эд хөрөнгө 400,000,000 төгрөгийн бус, 900,000,000 төгрөгийн үндсэн үүргийн барьцаанд байгааг хожим олж мэдсэн нь гэрээнээс татгалзах шалтгаан болсон гэж, худалдагч буюу хариуцагч талаас нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах зээлээ бүтээж чадаагүйгээс талууд гэрээнээс татгалзсан гэх тайлбар гарган мэтгэлцжээ. Зохигч гэрээнээс татгалзсан шалтгааны талаар ялгаатай тайлбарласан боловч гэрээнээс татгалзсан үндэслэлээр гэрээний харилцаа дуусгавар болсныг маргаагүй байна. 13. Зохигчийн маргааны зүйл нь гэрээнээс татгалзахад хэн буруутай болох, гэрээнээс татгалзсанаас учирсан хохирлыг гаргуулахтай холбоогүй, харин гэрээнээс татгалзсан тул урьдчилгаа төлбөрийг буцаах үүрэгтэй эсэхэд төвлөрчээ. Нэхэмжлэгч гэрээнээс татгалзсаны үр дагаварт хариуцагчид шилжүүлсэн 30,000,000 төгрөгөө буцаан шаардаж байгаа бол хариуцагч дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тодорхой хугацаанд үнэ төлбөргүй ашигласан тул урьдчилгаа төлбөрийг буцаан өгөхгүй, мөн урьдчилгааг буцаан шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж маргасан. Иймд тус маргааны зүйл нь гэрээнээс татгалзах тохиолдолд эд зүйлийг татгалзах хүртэл хугацаанд ашигласан нь үр дагаврыг харилцан буцаахад нөлөөлөх эсэх, гэрээнээс татгалзсанаар өгсөн, авсанаа харилцан буцаах шаардлагын хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тодорхойлох тухай асуудал байна. 14. Эдгээр маргааны зүйлийн тухайд эхний асуудлаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт тодорхойгүй, харин хоёр дахь асуудал буюу хөөн хэлэлцэх хугацааны тухайд зөрүүтэй эрх зүйн дүгнэлт хийжээ. Тодруулбал, гэрээнээс татгалзсан шалтгаанаар урьдчилгаа төлбөрөө буцаан шаардах шаардлагыг гэрээтэй холбоотой мөнгөн төлбөрийн шаардлага гэж анхан шатны шүүх дүгнэн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хэм хэмжээг хэрэглэсэн. Харин давж заалдах шатны шүүх уг шаардлагад Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарна гэж дүгнэхдээ худалдах, худалдан авах гэрээний зүйл нь үл хөдлөх эд хөрөнгө гэх үндэслэлд суурилсан байна. 15. Гэрээнээс татгалзсаны үр дагаварт өгсөн авсан эд хөрөнгөө харилцан буцаах шаардлагыг гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гэх хоёр шатны шүүхийн дүгнэлт алдаатай болсон. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 75.2.2 дахь заалтын хөөн хэлэлцэх хугацаа гэрээний үүргийн хэрэгжилт, түүнээс бий болсон үр дагаврыг шаардах харилцаанд хамаарах бөгөөд гэрээнээс татгалзсаны улмаас урьдчилгаа төлбөрийг буцаан шаардах шаардлага нь гэрээнээс бус хуулиас үүссэн шаардлагад хамаарна. Иймд энэ шаардлагад Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа үйлчилнэ. Иймд хариуцагч талаас гаргасан давж заалдах шатны шүүхийн хөөн хэлэлцэх хугацааны талаарх дүгнэлт алдаатай гэх гомдол үндэстэй боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх тухай гомдлын шаардлага хангагдах боломжгүй. 16. Түүнчлэн хариуцагч хөөн хэлэлцэх хугацаанаас гадна нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан хоёр дахь үндэслэлээ нэхэмжлэгч нь гэрээг хэрэгжих хугацаанд эд хөрөнгийг тодорхой хугацаанд ашигласан гэж үзэн энэ нь 30,000,000 төгрөгийг буцаан төлөхгүй байх үндэслэл болно гэх агуулгаар маргажээ. Гэрээ хэрэгжих хугацаанд эд зүйлийн эзэмшлийг бодитой шилжүүлсэн тал нь гэрээний талууд гэрээнээс татгалзсаны үр дагаварт эд хөрөнгөө буцаан шаардахдаа эд хөрөнгийг эзэмшиж байсан этгээдээс тодорхой мөнгөн хөрөнгийг нэхэмжилж, энэ шаардлагын үндэслэлээ үндэслэлгүй хөрөнгөжих, эсхүл гэрээнээс татгалзсанаас учирсан хохирол гэх агуулгаар тайлбарлах тохиолдол бий. Хэдийгээр гэрээнээс татгалзсан үндэслэлээр хохирол шаардах нь шаардах эрхийн бие даасан бүтэц эсэх, эсхүл уг харилцааг бүхэлдээ үндэслэлгүй хөрөнгөжих харилцаанд хөрвөх боломжтой гэж үзэх эсэх нь хууль зүйн дэлгэрэнгүй тайлбар шаардана. Гэвч маргаан бүхий энэ тохиолдолд хариуцагч нь нэхэмжлэгчийн урьдчилгаанд төлсөн 30,000,000 төгрөгийг буцаан өгөхгүй гэх татгалзлаа нэхэмжлэгч гэрээ дуусгавар болсноос хойш дэлгүүрийг эзэмшилдээ байлгасан хугацаандаа хангалттай орлого олсон нь 30,000,000 төгрөгтэй дүйцнэ, эсхүл нэхэмжлэгч гэрээнээс татгалзсанаар хариуцагчид 30,000,000 төгрөгийн хэмжээгээр хохирол учирсан гэх аль үндэслэлээр дэмжиж байгаа нь ойлгомжгүй байна. Хариуцагч тал ийнхүү үндсэн шаардлагыг үгүйсгэх, эсхүл харилцан тооцох боломжтой хариу шаардах эрх байгаа эсэх, байгаа бол уг шаардлага үндсэн нэхэмжлэлийн дүн 30,000,000 төгрөгтэй дүйх эсэх талаар аливаа баримт хэрэгт бүрдүүлсэнгүй, энэ талаар нотлох үүргээ биелүүлсэнгүй. Иймд гэрээ хэрэгжих хугацаанд эд хөрөнгийг ашигласаар байсан нь урьдчилгаа төлбөрийг буцаан төлөх үүргээс түүнийг чөлөөлнө гэж маргасан хариуцагчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ. 17. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талаас хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгч Б.Б-ийн хариуцагч Х.З-ээс 20,000,000 төгрөг, хариуцагч Г.Х-ээс 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангасан давж заалдах шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, эрх зүйн дүгнэлтийг залруулна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 210/МА2025/01927 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Отгончимэг нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025.12.15-ны өдөр 307,950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ Н.БАЯРМАА Х.ЭРДЭНЭСУВД
|