| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноопын Болормаа |
| Хэргийн индекс | 167/2019/0132/Э |
| Дугаар | 46 |
| Огноо | 2020-09-17 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 46
Б.От холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;
Прокурор: Э.Ариунболд,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ж.Хүдэрчулуун,
Шүүгдэгч: Б.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Батхуяг нарыг оролцуулан,
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/90 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Б.От холбогдох, эрүүгийн 2020000000045 дугаартай, 2 хавтас, 406 хуудас бүхий хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулууны гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Улаанбадрах суманд 2000 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 6, аав, ээж, ах, дүү нарын хамт Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 2-р баг Улаантолгой гэх газарт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Лувсан овогт Батцэнгэлийн Отгонбаяр/РД:ЕК00301410/-т холбогдуулан Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокурор Л.Содбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.
Шүүгдэгч Б.О 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн оройн 22 цагийн орчимд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 4-р багийн нутаг “Хогийн энгэр” гэх газарт иргэн Т.А-г зодож, зүүн хөлний гуяны ар хэсэгт 3 удаа хутгалж, биед нь зүүн гуяны гадна доод талын гүн шарх, зүүн гуяны артерийн хажуугийн салааны тасрал, зүүн өгзөгний доод хэсэгт шарх, зүүн гуяны ар дунд талд шарх, зүүн гуяны ар доод талд зулгаралт гэмтэл учруулж алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.О-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Лувсан овогт Батцэнгэлийн Отгонбаярыг 5/тав/ жил 4/дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От оногдуулсан 5/тав/ жил 4/дөрөв/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,
Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оын цагдан хоригдсон 57/тавин долоо/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохоор,
шүүгдэгч Б.О бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж,
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн үзмэн ягаан өнгийн дээл 1 ширхэг, шар өнгийн дурдан бүс 1 ширхэг, цэнхэр өнгийн богино ханцуйтай цамц 1 ширхэг, цэнхэр дотортой хар өнгийн богино хүрэм 1 ширхэг, саарал өнгийн цамц 1 ширхэг, цагаан өнгийн канттай хар өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг, хар өнгийн хромон хос гутал 1 ширхэг зэргийг шүүгдэгч Б.От олгож, хохирогчийн өмсөж явсан гэх цэнхэр өнгийн хүрэм 1 ширхэг, шар эрээн өнгийн подволк 1 ширхэг, цэнхэр өнгийн өмд 1 ширхэг, хүрэн өнгийн хагас түрийтэй хос гутал 1 ширхэг, хар өнгийн хос оймс 1 ширхэг, хүрэн өнгийн хос оймс 1 ширхэг, шар өнгийн тэлээ 1 ширхэг, цагаан саарал өнгийн малгай 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон элсний дээж 2 ширхэг уут, цусны дээж 3 ширхэг, модон иштэй эвхдэг хутга 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж,
шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг, хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорихоор,
шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхээс Б.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж гэм буруутайд тооцсон нь нотлох баримтад бүрэн дүүрэн дүгнэлт хийж харьцуулан шинжилж бодит дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шийтгэх тогтоолын үндэслэл болсон нотлох баримтууд нь 2020 оны 05-р сарын 03-ны өдөр Улаанбадрах сумын Хогийн энгэр гэх газарт болсон үйл баримтыг нотлох баримтууд юм. Харин гэмт хэргийн сэдэлт зорилгыг буруу тогтоожээ. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох шинжээчийн №04/012 тоот дүгнэлтэд “...Ү.А-д гэмтэл авсан даруйд эмнэлгийн анхан шатны тусламжийг цаг алдалгүй авсан бол амь насыг аврах боломж байсан. Ү.А зүүн гуяны гадна доод талын гүн шарх, зүүн гуяны артерийн хажуугийн салааны тасрал гэмтлийн улмаас хурц цус алдаж нас баржээ”, гэрч Г-н ...биедээ авсан шарх нь амь наснаас хол байсан, уг шарханд эрт цус тогтоох эмчилгээ хийсэн бол цус тогтох боломжтой байсан” гэсэн мэдүүлгээр талийгаач, Б.От хутгалуулсны улмаас хүнд гэмтэл авч уг гэмтлээс шалтгаалсан хүндрэл буюу цус алдалтаас болж нас барсан нөхцөл байдал тогтоогдож байна. Анхан шатны шүүх дүгнэхдээ С.Б, Г.Г, А.С амь хохирогч Ү.А нар нь архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, үүний улмаас эрүүл саруул ухаанаар сэтгэх чадваргүй болсны улмаас амь хохирогчид анхны тусламж үзүүлэхдээ хугацаа алдсан зэрэг зүй бус үйлдлүүд нөлөөлсөн гэж зөв дүгнэлт хийсэн мөртлөө хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд энэ үед үхэлд шууд хүргэсэн буюу хэсэг хугацааны дараа амь нас хохирсон эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй гэж хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийжээ. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Б.О нь Ү.Ариунболдыг алах санаа зорилготой байсан нь тогтоогдоогүй бөгөөд Б.Оын учруулсан гэмтэл шууд үхэлд хүргэсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалан бусад хүндрэл үүсч нас барсан зэрэгт бодит дүгнэлт хийж чадсангүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Б.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Б.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчтэйгээ санал нэг байна” гэв.
Прокурор Э.Ариунболд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй байх хууль зүйн шаардлагыг хангаж байна гэж үзэж байна. Үүнд хохирогчид учирсан амь биед аюултай хүнд гэмтэл нь амь насанд ноцтой байдалд хүргэсэн болон ердийн явцаар үхэлд хүргэх 2 гэмтэл хамаардаг ба ердийн явцаар үхэлд хүргэх гэмтэл нь өөрийн жам ёсны шалтгаант холбоо бүхий шууд хүндрэлээр үхэлд хүргэдэг гэмтэл хамаардаг. Өмгөөлөгчийн тайлбарлаж байгаагаар хохирогчийн өөрийнх нь жам ёсны бус тохиолдлын чанартай яаралтай цус тогтоох арга хэмжээ аваагүйгээс амь нас нь хохирсон гэсэн тайлбар нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдох ба хохирогч гэмтэл авсны дараа нас барсан эсвэл хэсэг хугацааны дараа нас барсан байдал нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй. Өөрөөр хэлбэл гэмт этгээдийн үйлдэл нь хохирогч нас барсантай шалтгаант холбоо бүхий байдаг ба хүнийг алах гэмт хэргийн объектив талын заавал байх шинж бөгөөд хохирогч хэзээ нас барсан нь зүйлчлэлийг тогтоох үндэслэл болохгүй. Хэрэгт дуудлагаар очсон хэсгийн төлөөлөгч Б.Э-г гэрчээр асуухад хохирогчийн артери судас тасарсан гэмтлийн улмаас их хэмжээний цус алдаж түүний улмаас шууд үхэлд хүрсэн байдаг нь нотлогддог. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарсан нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж 5 жил 4 сар хорих ял оногдуулсан нь тухайн зүйл ангид хамаарах хамгийн бага ялыг оногдуулсан. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулууны гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн 90 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх дүгнэлт гаргаж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, өмгөөлөгчийн гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл эс үйлдэхүйн улмаас хүн нас барсан байх, гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоорондоо шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулдаг. Өөрөөр хэлбэл хүний амь нас хохирсноор энэхүү гэмт хэргийг төгс үйлдэгдсэнд тооцох ба гэмтлийн хүнд зэрэгт гэмтэх үед амь нас хохирч болох амь тэнссэн байдалд хүргэсэн буюу ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх гэмтэл хамаардаг ба амь тэнссэн байдалд “...цочмог болон их хэмжээний цус алдалт” хүндрэл хамаардаг болохыг “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-д тодорхойлсон байна.
Дурдсан хууль зүйн ойлголт, холбогдох журам болон хавтаст хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад дүн шинжилгээ хийж, харьцуулан судалж үзэхэд шүүгдэгч Б.О 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн оройн 22 цагийн орчимд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 4-р багийн нутаг “Хогийн энгэр” гэх газарт иргэн Т.А-г зодож, зүүн хөлний гуяны ар хэсэгт 3 удаа хутгалж, биед нь зүүн гуяны гадна доод талын гүн шарх, зүүн гуяны артерийн хажуугийн салааны тасрал хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч цус алдаж, нас барсан үйл баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгчөөс хэргийн оролцогчдын “хуулийн өмнө эрх тэгш” байх эрхийг бүрэн хангасан, оролцогчдоос гаргасан хүсэлтэд хариу өгөөгүй орхигдуулсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Оролцогчдод хавтаст хэргийн материал болон шинжээчийн дүгнэлтийг танилцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагад нийцсэн байна.
Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүйн гадна гэмт хэргийн үйл баримтыг нотолсон, мөн гэмт хэргийн талаарх нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгаж тодруулсан, хэргийг мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан зөрчил тогтоогдохгүйн гадна эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх, хэргийн бодит байдлыг тогтоох хуульд заасан шаардлагыг хангажээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж мэдүүлсэн, тэдэнд мөрдөн шалгах ажиллагааны явцад зориуд худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэдэг болохыг сануулж мэдүүлгийг авсан, мэдүүлгийг авахдаа хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул “Хүнийг алсан” гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр бүрэн тогтоогдсон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Тухайлбал Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020-05-22-ны өдрийн 04/012 дугаар дүгнэлтэд “...амь хохирогчийн биед үүссэн гэмтлүүдийн зүүн гуяны гадна доод талын гүн шарх, зүүн гуяны артерийн хажуугийн салааны тасрал гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, амь хохирогчийн биед үүссэн зүүн гуяны доод талын гүн шарх, зүүн гуяны артерийн хажуугийн салааны тасрал гэмтэл нь үхэлд шууд нөлөөлсөн байна. Ү.А зүүн гуяны гадна доод талын гүн шарх, зүүн гуяны артерийн хажуугийн салааны тасрал гэмтлийн улмаас хурц цус алдаж нас баржээ” гэж дүгнэжээ.
Дүгнэлтээр амь хохирогчийг “...зүүн гуяны артерийн хажуугийн салааны тасрал хүнд гэмтлийн улмаас хурц цус алдаж нас барсан” болох нь нотлогдож, тогтоогдсон гэж үзсэн нь үндэслэлтэй байх ба дүгнэлтийг тодорхойгүй, бүрэн биш, эргэлзээтэй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Хохирогчийн биед учирсан хүнд гэмтлийн улмаас тэрээр хурц цус алдаж нас барсан нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.2-т зааснаар хохирогчийг амь тэнссэн байдалд хүргэсэн буюу гэмтлийн улмаас үүссэн амь тэнссэн байдалд “...цочмог болон их хэмжээний цус алдалт” хамаардаг болохыг мөн журмын 3.3 дахь хэсгийн 3.3.3-т тодорхойлсон байх тул шинжээчийн дүгнэлтийг дээр дурдсан журам болон Шүүхийн шинжилгээний тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн гэж үзлээ.
Хэргийн оролцогч нараас шинжээчийн дүгнэлтийг үл зөвшөөрөх, тайлбар өгөх, шинжээчид асуулт тавих, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх талаар ямар нэг санал хүсэлт гаргаагүй байна.
Нэмж тодруулахад гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, цаг хугацаанд шүүгдэгчээс хохирогчийг цохиж, 3 удаа хутгалж улмаар хэргийн газрыг орхин явж байгаа үйлдлээ тус тус хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, ойлгоогүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх учир түүний хууль бус үйлдэл, амь хохирогчийн үхлийг шууд холбоотой гэж үзэх үндэслэлтэйн гадна хүнийг санаатай алах гэмт хэргийг зүйлчлэхэд амь хохирогч хэзээ нас барсан болох нь нөлөөлөхгүй буюу хохирогч хүнд гэмтэл авсан даруйд нас барсан, эсхүл хэсэг хугацааны дараа нас барсан нь энэ хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй юм.
Тиймээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...Б.О, Т.А-г алах санаа зорилготой байсан нь тогтоогдоогүй, Б.Оын учруулсан гэмтэл шууд үхэлд хүргэсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалан бусад хүндрэл үүсч нас барсан зэрэгт бодит дүгнэлт хийж чадаагүй учир Б.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү” гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.
Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоож, хэргийг шийдвэрлэхдээ мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах, өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлтийг шинжлэн судалсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байх ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцсэн, хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчөөгүй байна.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид шүүгдэгчийн үйлдэл хамаарч байгааг зөв тодорхойлж, хэргийг зөв зүйлчилж, шүүгдэгчийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирол төлбөрийг нэхэмжилсэн хэмжээнээс илүү төлсөн зэрэг хувийн байдал болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс шүүгдэгчид гомдол саналгүй гэснийг тус тус харгалзан таван/5/ жил дөрвөн/4/ сар хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж, хэрэглэсэн, эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх хуулийн шаардлагад нийцжээ.
Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/90 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулууны давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Оын цагдан хоригдсон 52 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД А.САЙНТӨГС
Н.БОЛОРМАА