Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 56

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:180/2017/0048/Э

 

         Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                               Д.Мөнхцэцэг

Улсын яллагч                                                                Я.Сансар

Хохирогч                                                                                   Хохирогч                                                                         Ц.Дамдинсүрэн, М.Рагчаа

Иргэний нэхэмжлэгч                                                              Хохирогч Ц.Дамдинсүрэн,

Б.Бадмаараг нарын өмгөөлөгч                                Д.Гангантөгс

Хохирогч М.Рагчаагийн өмгөөлөгч                         Б.Сонинбайгаль, А.Мөнхтулга

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                             Б.Болортунгалаг

Шүүгдэгч                                                            Б.Ганцэнд нарыг оролцуулан

     Тус Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ганцэндэд холбогдох 201723000019 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Баян-Адарга суманд 1974 оны 07 дугаар сарын 09-ий өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Балданлхамын Ганцэнд /РД: СВ77070911/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

      Шүүгдэгч Б.Ганцэнд нь 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Ц.Нарантуяагийн эзэмшлийн 14-07 ХЭҮ улсын дугаартай Субару-Порестор маркын авто машиныг жолоодож хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас тус сумын Соёлын төвийн гадаа зогсож байсан Б.Бадмаараг, Б.Батдэлгэр нарыг автомашинаар мөргөж Б.Бадмаарагийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан, Д.Батдэлгэрийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                                                           

                                                        ТОДОРХОЙЛОХ НЬ:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Хохирогч М.Рагчаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “... би Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 1 дүгээр багт байх хөдөө гэртээ байж байтал 18 цагийн үед Баян-Адарга сумаас Юмсүрэн гэдэг эгч над руу утсаар залгаж манай нөхөр Батдэлгэрийг зам тээврийн осолд орсон гэж хэлсэн. Тэгээд би хөдөө гэрээсээ сумын эрүүл мэндийн төв дээр ирэхэд нас барчихсан байсан. Би маш их гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл гэвэл 2 хүүхдийн 18 нас хүртэл нь тэжээн тэтгэх, мөн оршуулгын зардал болон унаа тэрэгний зардал өмгөөлөгчийн зардал зэргийг нэхэмжилж байна. Бага хүү маань төрөхийн хараа муутай бөгөөд 2 нүд нь хоёулаа хардаггүй төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд учир миний хувьд уг хүүхдээ асарч халамжилж байгаа болохоор ажил хийх ямар ч бололцоо байхгүй байна гэх мэдүүлэг. /хх-ийн 3-6хуу/     

         Хохирогч Б.Бадмаарагийн мөрдөн байцаалтад өгсөн: ... 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр манай суманд шадар сайд Хүрэлсүх ирж яриа хийнэ гээд манай сумынхан Соёлын төвд цугларч байсан. Би тухайн үед Соёлын төвийн гадаа зогсож байсан. Гэнэт нэг машин ирээд намайг мөргөөд би ойчсон. Тэгээд л юу болсон эсэхийг мэдэхгүй байна. Ослын улмаас би духандаа 6 оёдол тавиулсан. Мөн миний баруун хөлийн шагай орчмын яс хугарсан гэх мэдүүлэг. /хх-ийн 54-55хуу/

         Хохирогч Ц.Дамдинсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: ...би Хэнтий Баян-Адарга сумын 1 дүгээр баг Овоот гэх газарт хөдөө мал маллаж амьдардаг юм. 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Чингис хотод ирээд байж байтал манай гэрийнхэн утсаар ярьж миний хүү болох Батдэлгэрийг зам тээврийн осолд орж нас барсан гэдгийг хэлсэн. Тэгээд би Баян-Адарга сумандаа ирж талийгаачийн ажил явдалд оролцсон. Маш их гомдолтой байна, оршуулгын зардал, өмгөөлөгчийн зардал, унааны зардал, бусад зардал болон сэтгэл санааны хохирол зэргээ тус тус нэхэмжилж байна гэх мэдүүлэг. /хх-ийн 61-62хуу/

         Гэрч Ж.Юмсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: ... 2016 оны 01 дүгээр сарын 16-ний өдөр хамаатны дүү Батдэлгэр, төрсөн хүү Бадамсүрэн нарын хамт Соёлын төвийн гадаа байж байтал хойд талаас мөнгөлөг өнгийн автомашин маш их хурдтай Соёлын төв рүү чиглэж ирээд тэнд зогсож байсан миний хүү Бадамсүх, Батдэлгэр, Бадмаараг нарыг мөргөж Соёлын төвийн хашааг хамаж ороод зогссон. Тухайн үед би маш их сандарсан. Хүүгээ харахад миний хүүгийн баруун хөл нь хөдөлж болохгүй болчихсон байсан. Миний санаж байгаагаар Батдэлгэрийг уг авто машины доод талаар нь хүмүүс татаж гаргаж байх шиг байсан. Мөргөсөн автомашиныг манай сумын Ганцэнд гэдэг хүн жолоодож явж байгаад зам тээврийн осол гаргасан гэх мэдүүлэг. /хх-ийн 65хуу/

        Гэрч Ц.Мижидсамдангийн мөрдөн байцаалтад өгсөн: ... 2017 оны 01 дүгээр сарын 16-ний өдөр 17 цагийн орчим Соёлын төв рүү явж байтал Ганцэнд өөрийнхөө мөнгөлөг өнгийн суудлын машинтайгаа ирээд хуралд суух гэж байна уу суучих гэж хэлсэн. Би автомашиных нь жолоочийн эсрэг талын урд суудал дээр суугаад Соёлын төв рүү явсан. Тэгээд Соёлын төв рүү ойртож очоод Ганцэнд машинтайгаа юу юугүй Соёлын төвийн гадаа зогсож байсан хүмүүс рүү дөхөхөөр нь би Ганцэндэд тоормосоо гишгээч гэж хэлэхэд Ганцэнд шууд тэр эрчиндээ тэнд байсан хүмүүс рүү ороод явчихсан. Тэгээд Соёлын төвийн гаднах хашааг хамаж ороод зогссон. Би машинаас буугаад харахад Ганцэнд Соёлын төвийн гадаа зогсож байсан 3 залууг мөргөсөн байсан бөгөөд нэг залууг нь хүмүүс Ганцэндийн машиныг хойш нь түлхэж холдуулж байгаад доороос нь татаж гаргаж байгаа харагдсан. Ганцэнд тухайн үед дунд зэрэг хурдтай явж байх шиг байсан. Тоормозоо гишгэж чадалгүй сандраад л тэр хүмүүс рүү яваад орчихсон гэж бодож байна. Ганцэнд архи уугаагүй эрүүл байх шиг байсан гэсэн мэдүүлэг. /хх-ийн 66-68хуу/

 

        Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын  25-ны өдрийн 71 дугаартай дүнэлт:

        Б.Бадмаарагийн биед баруун хөлийн шилбэ ясны гадна хавчаар ясны далд хугарал, духны зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

        Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

        Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

        Баруун хөлийн шилбэ ясны гадна хавчаар ясны далд хугарал н шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Харин духны зүсэгдсэн шарх нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

        Цаашид дээрх хүндэвтэр зэргийн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр буюу /15-30/ алдагдана. Хөнгөн зэргийн гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт. /хх-ийн 93хуу/

         Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-ийн 3-6хуу/

          Б.Ганцэндийн унаж явсан 14-07 ХЭҮ улсын дугаартай Субару-Порестор маркын автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-13хуу/ зэрэг баримтууд болно.      

           Шүүгдэгч Б.Ганцэнд нь 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт сумын төвд, соёлын төвийн хашааны үүндэнд иргэн Ц.Нарантуяагийн эзэмшлийн 14-07 ХЭҮ улсын дугаартай Субару-Порестор маркын авто машиныг жолоодож хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас тус сумын Соёлын төвийн гадаа зогсож байсан Б.Бадмаараг, Б.Батдэлгэр нарыг автомашинаар мөргөж Б.Бадмаарагийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан, Д.Батдэлгэрийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч нар болон гэрч нарын мэдүүлгүүд, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

         Иймд аймгийн Прокурорын газраас Б.Ганцэндэд эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож яллах дүгнэлт ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнд ял оногдуулах нь зүйтэй байна.

        Шүүгдэгчид ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж бусдад учруулсан эд материалын хохирлоо бүрэн төлж барагдуулсан зэрэг байдлуудыг нь харгалзан үзэж түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

         Хохиролын хувьд шүүгдэгч нь 8 сая төгрөгийг Ц.Дамдинсүрэнд төлсөн ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Дамдинсүрэн нь уг мөнгөн дүнгээсээ Рагчаа болон түүний хүүхдүүдэд өөрийн хүсэлтээр 10 эр хонь буюу 1 сая төгрөг, 1 тугалтай үнээ буюу 1 сая төгрөг, нийт 2 сая төгрөг өгнө гэсэн болох нь Ц.Дамдинсүрэн болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

       Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Дамдинсүрэнгээс 10 эр хонь /нийт үнэ 1 сая/ тугалтай үнээ 1 ширхэг зэргийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Рагчаад олгохоор шийдвэрлэлээ.

       Хохирогч М.Рагчаа нь хүүхдийн эмчилгээний зардлаа нэхэмжилсэн ба хэрэгт авагдсан баримтуудаар шийдвэрлэх боломжгүй байх тул цаашид гарах хүүхдийн эмчилгээний зардалтай холбоотой баримтуудаа хуулийн дагуу бүрэн бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.

 

       Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Боржигон овогт Балданлхамын Ганцэндийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас 1 хүний амь насыг хохироож, 1 хүний бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ганцэндийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 3 жил 6 сар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ганцэндэд оногдуулсан 3 жил 6 сар хорих ялыг жирийн  дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Дамдинсүрэнгээс 10 эр хонь буюу 1 /нэг/ сая төгрөг, 1 тугалтай үнээ буюу 1 /нэг/ сая төгрөг, нийт 2 /хоёр/ сая төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Рагчаад олгосугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 14-07 ХЭҮ улсын дугаартай автомашины №00618054 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, ТА№0634358 дугаартай татварын гэрчилгээ зэргийг эзэмшигч Ц.Нарантуяад, хос эсгий гутлыг устгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Б.Ганцэндийн №342133 дугаартай жолооны үнэмлэх, 342133 дугаартай жолоочийн үнэмлэхийн анхааруулах талон зэргийг гүйцэтгэх баримт бичгийн хамт Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, 14-07 ХЭҮ улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг шийтгэх тогтол хүчин төгөлдөр болмогч хүчингүй болгож уг машиныг эзэмшигч Ц.Нарантуяад олгосугай.

          6.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4, 61.5-т зааснаар шүүгдэгч Б.Ганцэндэд оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавиж ажиллахыг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 7. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.

          8. Хохирогч М.Рагчаа нь цаашид гарах хүүхдийн эмчилгээний зардалтай холбоотой баримтуудаа хуулийн дагуу бүрэн бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

      9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

      10. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Ганцэндэд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ц.МӨНХТУЛГА