Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар  109/ШШ2022/0021

 

                                              109/ШШ2022/0021

    

             Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,  

         хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

  

 Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг дарга Б.Б, газрын даамал Х.С , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дн нарын бүрэлдэхүүнтэй, иргэн Л.Дн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг дарга тус сумын газрын даамал нарт холбогдох захиргааны хэрэгт шүүхийн урьдчилсан  хэлэлцүүлэг явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд бичгээр гаргасан хүсэлтэндээ: ... “ хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 1/52 албан бичигт тусгасан дуудлага худалдааг түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах,  газрын дуудлага худалдааны ялагч болох Л.Дтэй гэрээ байгуулахыг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие итгэмжлэлээр олгогдсон эрхийн дагуу нэхэмжлэлээсээ татгалзаж байна ...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Тус шүүх иргэн Л.Дгээс Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг дарга, тус сумын газрын даамал нарт холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 1/52 албан бичгийг хүчингүй болгуулж,  газрын дуудлага худалдааны ялагч болох Л.Дтэй Архангай аймгийн Төвшрүүлэх суманд 1га газар эзэмшүүлэх гэрээ байгуулахыг Төвшрүүлэх сумын газрын даамалд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1. дэх хэсэгт зааснаар захиргааны актыг хүчингүй болгуулахаар дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1., Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1.-д заасан Төвшрүүлэх сумын Засаг дарга тус сумын газрын даамал нарт холбогдох маргаан бөгөөд Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын хэрэг мөн, нутаг дэвсгэрийн хувьд харьяалагдаж байгаа учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй гэж үзсэн болно.

             Маргааны үйл баримтаас үзэхэд:

            1. Архангай аймгийн Төвшрүүлэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 10 дугаартай тогтоолоор сумын 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хавсралтаар баталсны 9 дүгээрт тус сумын 1 дүгээр баг, Хөх сүм багийн зүүн талд Рашаан сувиллын зориулалттай газрыг олгохоор төлөвлөжээ. /х.х-ийн 30-31/

            2. Дээрх тогтоолын дагуу Төвшрүүлэх сумын Засаг даргын 2022 оны 2 дугаар сарын 14-ний А/12 дугаартай захирамжаар Төвшрүүлэх сумын Хөх сүм багт рашаан сувиллын зориулалттай 10039 метр квадрат газрыг 15 жилийн хугацаанд дуудлага худалдаагаар эзэмшүүлэхээр зарлажээ. /х.х-ийн 32-33/

            3. Улмаар тус сумын Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/29 дугаартай захирамжаар 2022 онд явагдах газар эзэмшүүлэх эрхийн дуудлага худалдааны комиссын бүрэлдэхүүнийг томилсон байна. /х.х-ийн 34/

            4. Гэвч Төвшрүүлэх сумын Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн А/37 дугаартай захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1. дэх хэсэг, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2. дахь заалт, Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 10 дугаар тогтоолоор баталсан 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн сумын Засаг даргын 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн А/12 тоот захирамжаар зарлагдсан дуудлага худалдааг явуулах боломж бүрдээгүй гэх тул газрын дуудлага худалдааг дахин зарлажээ. /х.х-ийн 35-36/

            5.Ийнхүү 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр дуудлага худалдаа зохион байгуулагдаж иргэн Л.Д дуудлага худалдааны ялагчаар тодорсон байна. Иргэн Л.Д нь Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын 11 дүгээр зүйлд заасны дагуу газар эзэмших гэрээ байгуулахаар Төвшрүүлэх сумын газрын даамал болон Засаг даргад хандахад Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг дарга 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 1/52 дугаар албан бичгээр  тухайн газрын дуудлага худалдаа нь Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах тухай журмын 7 дугаар зүйлийн 7.1.2. дахь заалтыг мөрдлөг болгоогүй  газрын дахин дуудлага худалдаа явуулах тухай зар мэдээг орон нутгийн цахим сүлжээнд байршуулаагүй гэх үндэслэлээр дуудлага худалдааны ялагчтай гэрээ байгуулахыг түр түдгэлзүүлжээ. /х.х-ийн 37-67/

            6. Иймд иргэн Л.Д 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, маргаан үүсгэжээ.

            7. Улмаар шүүх уг хэрэгт  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж 2022 оны 6 дугаар 13-ны өдөр товлогдсон шүүх хуралдаан товлон зарлах шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж, энэ талаар бичгээр хүсэлт гаргасан байна. Тодруулбал, хариуцагчаар нь нэхэмжлэлийн шаардлага болох Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 1/52 албан бичигт тусгасан дуудлага худалдааг түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах,  газрын дуудлага худалдааны ялагч болох Л.Дтэй гэрээ байгуулахыг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие итгэмжлэлээр олгогдсон эрхийн дагуу нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

            8. Мөн хариуцагч Төвшрүүлэх сумын Засаг дарга, газрын даамал нар шүүхийн урьчилсан хэлэлцүүлэгт гаргасан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэх тайлбар гаргасан болно.

            9. Нэхэмжлэгч Л.Д нь 2022 оны 6 дугаар сарын 9-ний өдөр 0605 дугаартай итгэмжлэлээр иргэн Б.Ат Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20, 28 зүйлд заасан бүрэн эрхийг  1 жилийн хугацаатай олгож нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулжээ.

10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1. дэх хэсэг Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 20.1.1.-д “ ... , нэхэмжлэлээсээ бүхэлд нь, ... татгалзах”, 28 дугаар зүйлийн 28.2. дахь хэсэг Төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлд тусгайлан заасан тохиолдолд дараахь эрх эдэлнэ: 28.2.3.-д нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах”, 66 дугаар зүйлийн 66.1. дэх хэсэгт “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, ... татгалзаж болно.”, 66.2. дахь хэсэгт “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана.”, 66.4. дэх хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй.”, 69.2. дахь хэсэгт “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгох нь хуульд харшлаагүй байна.

11. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2. дахь хэсэг “Шүүх хуралдааныг товлон зарлахад урьдчилсан хэлэлцүүлэг хийнэ.”, 109 дүгээр зүйлийн 109.1. дэх хэсэгт “Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж заасан бөгөөд уг хэрэгт шүүх хуралдаан товлон зарлах шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1. дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдсон болно.

12. Иймд нэхэмжлэгч Л.Д нь Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 1/52 дугаар албан бичгийг хүчингүй болгуулж, газрын дуудлага худалдааны ялагч Л.Дтэй Төвшрүүлэх сумын Борбургастын рашаанд худалдаа үйлчилгээний зориулалттай 1 га газрыг эзэмшүүлэх гэрээ байгуулахыг Төвшрүүлэх сумын газрын даамалд даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

13. Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс үүсэх үр дагаврыг танилцуулж, баримт үйлдэж хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1., 109 дүгээр зүйлийн 109.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.  Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2., 34 дүгээр зүйлийн 34.1. дэх хэсэгт  заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Д нь Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг дарга, тус сумын газрын даамал нарт холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 1/52 дугаар албан бичгийг хүчингүй болгуулж, газрын дуудлага худалдааны ялагч Л.Дтэй Төвшрүүлэх сумын Борбургастын рашаанд худалдаа үйлчилгээний зориулалттай 1 га газрыг эзэмшүүлэх гэрээ байгуулахыг Төвшрүүлэх сумын газрын даамалд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5. дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.                                                                        

3. Энэ захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2. дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.ОДОНТУЯА