| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
| Хэргийн индекс | 105/2024/0958/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1003 |
| Огноо | 2024-09-18 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Д.Энхбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1003
2024 9 18 2024/ШЦТ/1003
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал,
улсын яллагч Д.Энхбаяр,
шүүгдэгч В.Б нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В.Б-д холбогдох эрүүгийн 2406 03556 1794 дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1977 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ******* аймгийн **** суманд төрсөн, эрэгтэй, 46 настай, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ******** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, (РД: ********).
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч В.Б нь 2024 оны 5 дугаар сарын 23-24-ний өдөр шилжих шөнө Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** дугаар байрны ** тоотод иргэн Ч.А-ийн эзэмшлийн орон сууцны бүргэд хаалгыг “утсаар маргалдсан” гэх шалтгаанаар цохиж гэмтээсний улмаас 330.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч В.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “Бид 2 утсаар ярьж маргалдаад, намайг хүрээд ир гэхээр нь би очсон. Тэгтэл хаалгаа тайлж өгөөгүй. Ручикнаас нь татахад сул байсан болохоор нь ручикээр нь хэд савчихаад яваад өгсөн.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар
Хохирогч Ч.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө 4 цагийн орчимд Баянзүрх дүүргийн ** дугаар хороо **** тоот гэртээ унтаж амарч байх үед хүргэн дүү Б манай гэрийн хаалгыг гаднаас нь хүчтэй олон удаа татаж, цохиж эвдчихээд яваад өгсөн. Би хүргэн дүү Б-той утсаар маргалдсан байсан. Тухайн шөнө согтуу гэрийн гадна ирээд агсам тавьж хаалга эвдсэн. Надтай уулзаагүй явчихсан. Миний зүгээс гэрийн хаалганы хохирлыг барагдуулсан тохиолдолд өөр нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй. Би гэрийнхээ хаалгыг 2016 онд солиулж байхад засварын зардалтайгаа нийлээд 2.000.000 орчим төгрөг болж байсан...” гэх мэдүүлэг (хэргийн 10 дугаар хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дүгээр хуудас),
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 15-18 дугаар хуудас),
Гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 21-23 дугаар хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 27 дугаар хуудас),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 26 дугаар хуудас),
Иргэний оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 28 дугаар хуудас) зэргийг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч “Шүүгдэгч В.Б нь 2024 оны 5 дугаар сарын 23-24-ний өдөр шилжих шөнө Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** дугаар байрны ** тоотод иргэн Ч.А-гийн эзэмшлийн орон сууцны бүргэд хаалгыг “утсаар маргалдсан” гэх шалтгаанаар цохиж гэмтээсний улмаас 330.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар тус тус тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцулах саналтай, бусдад төлөх төлбөргүй.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Үйл баримтын талаарх дүгнэлт
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Хохирогч Ч.А нь шүүгдэгч В.Б-той утсаар маргалдаж, улмаар гэртээ дуудсан байх бөгөөд шүүгдэгч нь 2024 оны 5 дугаар сарын 23-24-ний өдөр шилжих шөнө Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** дугаар байрны ** тоотод очиход хохирогч нь орон сууцны бүргэд хаалга тайлахгүй байсан байх шүүгдэгчийн зүгээс хаалгыг цохиж, бариулыг татаж гэмтээсэн байна.
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирогч Ч.А-гийн орон сууцны төмөр бүргэд хаалгад учирсан гэмтлийг 330.000 төгрөгөөр үнэлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.
Эрх зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч В.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах, аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчлан зааж хүний өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан ба бусдын өмчлөх эрх, эд хөрөнгөд хууль бусаар халдсан санаатай үйлдлийн улмаас Эрүүгийн хуульд заасан бага хэмжээнээс дээш хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
“Эд хөрөнгө устгасан” гэж эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжгүй болгосныг, “эд хөрөнгө гэмтээсэн” гэж эд хөрөнгөд гэмтэл учруулж, эд хөрөнгийг сэргээж засварласны дараагаар зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжтой байхыг ойлгоно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дэх заалтад “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно” гэж буюу 300.000 төгрөгөөс дээш хохирол учирсан байхыг шаардах бөгөөд тус гэмт хэргийн улмаас 330.000 төгрөгийн хохирол тогтоогдсон нь бага хэмжээнээс дээш хохиролд хамаарч байна.
Шүүгдэгч В.Б-ийн орон сууцны төмөр бүргэд хаалгыг цохиж гэмтээсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдэж, хохирол учруулсан байх тул гэм буруугийн санаатай хэлбэртэй байх ба “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.
Иймд шүүгдэгч В.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
мөн хуулийн 505 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заасан.
Шүүгдэгч В.Б-оос 330.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ч.А-д олгохоор шийдвэрлэсэн ба, шүүгдэгчээс хохирлыг төлөхтэй холбогдуулан шүүх хуралдааныг 10 минутаар завсарлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, уг хугацаанд хохирогчид 330.000 төгрөгийг төлсөн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Мөн шүүгдэгч В.Б-д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэн нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна.” саналыг гаргасан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заасан.
мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч В.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч В.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч В.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч В.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч В.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл В.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ