| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
| Хэргийн индекс | 105/2024/0905/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1001 |
| Огноо | 2024-09-18 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ч.Батбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1001
2024 9 18 2024/ШЦТ/1001
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал,
улсын яллагч Ч.Батбаатар,
хохирогч Б.А, түүний өмгөөлөгч Э.Ганбат,
шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.С-т холбогдох эрүүгийн 2403 00000 0471 дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, **** ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ****** оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, (РД: ********).
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.С нь Баянзүрх дүүргийн ** дүгээр хорооны нутаг, ***** автобусны буудлын явган хүний гарц дээр 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 10 цаг 40 минутын орчимд “Хонда инсайт” маркийн **** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Х.А-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.С нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хохирогч Х.А нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Би **** хувийн эмнэлэгт ажилладаг. 6 дугаар сарын 15-ны өдөр 9 цагт ажлаа тараад 10 цагаас хойш замаар гарч явахад 2 машин нам зогссон байсан бөгөөд 3 дахь эгнээгээр гарч явахад энэ хүн хурдтай орж ирээд мөргөсөн Намайг мөргүүлээд үсэрсэн гэсэн. Би үсэрснээ ч мэдээгүй. Ухаан алдаагүй хэр нь ярьж чадахгүй байсан. Би унахдаа бродюр юм уу, чулуу мөргөөд унасан. Нэг шүд унасан байсан. Бусад нь үүрсэн. Энэ хүнийг машинаасаа буугаад ирэхээр нь “хоёулаа эмнэлэг явъя” гэж хэлтэл тэнд зогсож байсан машинуудаас нэг эмэгтэй хүн бууж ирээд “эгчээ явахгүй шүү, цагдаа, түргэн тусламж дуудаад өгье” гэж хэлээд явуулаагүй. Цагдаа, түргэн ирээд хэмжилт хийсэн. Гэмтлийн эмнэлэгт очоод даралт буухгүй олон дусал тариа хийлгээд, эрүүндээ оёдол тавиулсан. Миний хоншоорын ясыг нөхнө гэсэн. Шүднүүд бол миний өөрийн шүднүүд байсан. Нэг ч ломботой асуудалтай шүд байгаагүй. Имплант хийлгэх гэсэн боловч өндөр өртөгтэй байдаг юм байна. 2.500.000, 2.600.000 гэдэг юм байна. Хэдий би өвдөж байсан ч гэсэн аль хямд гэсэн рүү нь очсон. Би эрүүл мэндийн зардалд 4.477.000 төгрөг зарцуулсан. Бас би 2 албан газар ажилладаг байсан бөгөөд нэг газраас 800.000 төгрөг, нөгөө газраас 900.000 төгрөгийн цалин авдаг байсан. Ингээд 3 сарын цалин 5.100.000 төгрөг, имплант 10.570.000 төгрөг болно гэсэн. Гэхдээ хийлгээгүй байгаа. 2 сарын дараа хийнэ гэсэн. Энэ хүн рүү утсаа ярихад эхнэр нь утсыг нь аваад “шүүх нь шийднэ биз” гэсэн. Би ахиж яриагүй. Энэ хэрэг болсноос хойш би аймхай, цочимхой болчихсон. Замаар гарахаас айгаад байдаг. Толгой маань байнга өвддөг. Машинд суугаад явахаар 2 нүдний нулимс урсаад байдаг. Нийт 20.147.000 төгрөг нэхэмжилнэ.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар
Хохирогч Х.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн өдрийн 10 цагийн орчимд Баянзүрх дүүрэг ****-ын хойд талын явган хүний зохицуулдаггүй гарцаар ертөнцийн зүгээр замын урдаас хойш чиглэлтэй зам хөндлөн гарч явсан. Тэгэхэд 2, 3 дугаар эгнээгээр явж байсан автомашинууд зогсоод надад зам тавьж өгсөн тэгэхээр нь би 1 дүгээр эгнээ рүу алхаад ороход тус эгнээгээр явж байсан автомашин зогсох үйлдэл хийлгүй, миний баруун талаас мөргөөд би газар шидэгдэж бродур хэсэг рүү нүүр хэсгээрээ унасан. Ослын дараа миний амнаас цус гараад байсан би жолооч залууг бууж ирэхээр нь 2-лаа эмнэлэг явья гэхэд өөр хөндлөнгийн хүн та одоо явж болохгүй дуудлага дуудаад өгье гэж хэлээд дуудлага өгсөн. Дараа нь түргэний машин ирээд эмч нь намайг үзээд даралтны эм болон өвчин намдаах эм өгсөн. Дараа нь цагдаагийн бүрэлдэхүүн ирээд ослын газарт үзлэг хийсэн намайг болон жолоочийн согтуурлыг шалгасан хоёулаа эрүүл байсан. Тэгээд би ослын газраас дүү охин болон машины жолоочийн хамт гэмтлийн эмнэлэг рүү явсан, эмнэлэгт үзүүлэхэд даралт буухгүй байсан, эрүү хэсэгт оёдол тависан. Осол болсоны маргааш өдрөөс нь би хувийн эмнэлэгт нүүр, болон шүдээ үзүүлж явсан хоншоор ясанд хугаралтай, мөн шүдний хугарал булгаралтай гэж хариу гарсан. Миний эрүүл мэндтэй холбоотой одоогоор 2.900.000 орчим төгрөгийн зардал гарсан байна жолооч энэ зардлаас төлөөгүй байгаа. Мөн би шүд хийлгэх зардал 10.575.000 /арван сая таван зуун далан таван мянга/ төгрөгний зардал гарахаар байгаа одоогийн байдлаар. Би гомдолтой байна, өөрийн эрүүл мэндтэй холбоотой гарч байгаа зардлыг нэхэмжилнэ, жолооч залуу миний эрүүл мэндийн талаар асууж тус дэм болох ямарч арга хэмжээ аваагүй иймд би гомдолтой байна мөн сэтгэл санааны хохирлыг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дүгээр хуудас),
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 8295 дугаар: “1. Х.А-ын биед хоншоор ясны хугарал, баруун дээд 1-р шүд, зүүн дээд 1,2,3,4-р шүдний булгарал, баруун зүүн шуу, цээжинд цус хуралт, зүүн шуу, алга, зүүн шилбэнд зулгаралт, дээд доод уруулын дотор салст, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо... Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудас),
Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 1172 дугаар: “Жолооч Б.С нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө. ’ гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж үзэх үндэслэлтэй тогтоодож байна...” гэх магадлагаа (хавтаст хэргийн 64-65 дугаар хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дугаар хуудас),
3ам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 04-09 дүгээр хуудас),
Хохирогч Х.А-аас гаргаж өгсөн хохирлын баримтууд (хавтаст хэргийнэ 17-32 дугаар хуудас),
Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 02/2379 дугаар “Х.А нь эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт болон тусламж үйлчилгээ аваагүй байна” гэх албан тоот (хавтаст хэргийн 34 дүгээр хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 45 дугаар хуудас),
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 42 дугаар хуудас),
Байнгын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 43 дугаар хуудас),
Тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 41 дүгээр хуудас), Үйлс бүтээмж эмнэлгийн НӨАТ-ын баримт, “Хотон трейд” ХХК-ын тодорхойлолт, “Их хавт хасар” ХХК-ийн тодорхойлолт зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч: “Шүүгдэгч Б.С нь Баянзүрх дүүргийн ** дүгээр хорооны нутаг, *****-ын хойд талын автобусны буудлын явган хүний гарц дээр 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 10 цаг 40 минутын орчимд “Хонда инсайт” маркийн **** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Х.А-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт авагдсан нотлох баримтууд хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь гэм буруугийн дүгнэлтэй мэтгэлцээгүй болно.
Үйл баримтын талаарх дүгнэлт
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Б.С нь Баянзүрх дүүргийн ** дүгээр хорооны нутаг, *******-ын хойд талын автобусны буудлын явган хүний гарц дээр 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 10 цаг 40 минутын орчимд “Хонда инсайт” маркийн **** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодон явахдаа явган зорчигч Х.А-г мөргөсөн үйл баримт тогтоогдож байна.
Хохирогч Х.А-ын эрүүл мэндэд Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 8295 дугаар дүгнэлтээр “хоншоор ясны хугарал, баруун дээд 1-р шүд, зүүн дээд 1,2,3,4-р шүдний булгарал, баруун зүүн шуу, цээжинд цус хуралт, зүүн шуу, алга, зүүн шилбэнд зулгаралт, дээд доод уруулын дотор салст, зүүн шилбэнд цус хуралт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах, Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна гэж үзэв.
Эрх зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хуульчилсан ба мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг зааж өгчээ.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халддаг, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байдаг.
Шүүгдэгч Б.С нь Баянзүрх дүүргийн ** дүгээр хорооны нутаг, *****-ын хойд талын автобусны буудлын явган хүний гарц дээр 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 10 цаг 40 минутын орчимд “Хонда инсайт” маркийн **** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч Х.А-ын эрүүл мэндэд Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 8295 дугаар дүгнэлтээр “хоншоор ясны хугарал, баруун дээд 1-р шүд, зүүн дээд 1,2,3,4-р шүдний булгарал, баруун зүүн шуу, цээжинд цус хуралт, зүүн шуу, алга, зүүн шилбэнд зулгаралт, дээд доод уруулын дотор салст, зүүн шилбэнд цус хуралт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах, Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Б.С нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөн идэвхтэй үйлдэл хийж, энэхүү үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл буюу хохирол учирсан хоёрын хооронд шалтгаант холбоотой байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч Б.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ анхаарал болгоомжгүй байсны улмаас уг гэмт хэрэг гарсан байна гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй”,
511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.”,
230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана”,
228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт “Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй” гэж тус тус заасан.
Хохирогчийн зүгээс эрүүл мэндийн зардал 4.477.000 төгрөг, 3 сар ажил эрхлээгүй цалин хөлс 5.100.000 төгрөг, имплант шүд хийлгэх зардал 10.360.000 төгрөг, эмнэлэгт хэвтсэн төлбөр 954.720 төгрөгийг нэхэмжилсэн.
Хохирлын баримтуудыг шинжлэн судлаад нотлох баримтын шаардлага хангасан хохиролтой холбоотой, хамааралтай баримтуудыг үнэлээд нийт 2.748.354 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгох нь зүйтэй байна.
Мөн гэмт хэргийн улмаас шүүгдэгчийн биед баруун дээд 1-р шүд, зүүн дээд 1,2,3,4-р шүдний булгарал гэмтэл үүссэн бөгөөд шүдний эмнэлэгийн зүгээс 5 шүдэнд имплант шүд хийлгэх шаардлагатай гэсэн байх ба Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт “Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй” гэж заасны дагуу шүүгдэгчээс имплант шүд хийлгэх зардал 10.360.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.
Харин ажилгүй, эрхэлж чадаагүй цалин хөлстэй холбоотой нэхэмжлэлийн хувьд холбогдох нотлох баримт хангалтгүй, мөн эмнэлэгт хэвтсэн төлбөр 954.720 төгрөгийн баримтад эрүүл мэндийн даатгалын хөнгөлт гэсэн байгаа нь ойлгомжгүй, хохирогч төлбөрийг хийсэн эсэх, эсхүл эрүүл мэндийн даатгалаар төлөгдөөд явсан эсэх нь тодорхойгүй байх тул холбогдох нотлох баримтуудаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийн нээлттэй үлдээлээ.
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн хуралдааны 25 дугаар тогтоолын Нэгдүгээр хавсралтын Дөрөвт “Нөхөн төлбөр тооцох жишиг аргачлал”-ийн хүснэгтийн Гуравдугаар зэрэглэлд “хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг 9-15% ... Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл” гэжээ.
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолоор 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660.000 төгрөгөөр тогтоосон.
Иймд хохирогч Х.А-ын сэтгэцэд учирсан хор уршгийг 8.580.000 (660.000*13) төгрөг гэж тооцож, хохирогчид учирсан нийт хохирлыг 21.688.354 төгрөгөөр тооцож, уг хэмжээгээр шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгуулах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь хохирлыг төлөхөөр шүүх хуралдааныг ажлын 5 хоног завсарлуулах хүсэлт гаргаагүй болохыг дурдав.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгч Б.С-т эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэн нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагчаас шүүгдэгчид “Шүүгдэгч Б.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгий хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгхяннан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээх саналтай байна.” саналыг гаргасан.
Шүүгдэгч “Миний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах санал гаргаж байна. Үүнийг өөрчлөх боломжтой юу. Би одоо гараад хохирогчийн имплант хийлгэх мөнгийг барагдуулна. Хэрвээ би тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулчихвал хохирогчид төлөх үлдэгдэл мөнгийг нь төлж чадахгүй болоод байна. ****** аймгийн ***** сумын 4 дүгээр багт “*****” гээд уурхай байдаг. Тэнд ажиллахын тулд заавал тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй байх ёстой байдаг. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулчихвал хохирогчид хохирол төлбөр төлөхөөс эхлээд аль аль талдаа хэцүү болох гээд байна. Би ***** дүүргээс ****** аймгийн **** сумын 4 дүгээр багт байрлах “*****”-руу буюу ажил руугаа явдаг. Өөр ийш тийш явдаггүй. Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахгүй байж өгнө үү.” гэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заажээ.
Шүүгдэгч Б.С-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хийсэн үйлдэлдээ хандаж буй байдал буюу гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийн зарим хэсгийг нөхөн төлөхгүй гэх агуулга бүхий тайлбар мэдүүлэг өгсөн, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдэгдсэн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирогчид хоншоор ясны хугарал, баруун дээд 1-р шүд, зүүн дээд 1,2,3,4-р шүдний булгарал, баруун зүүн шуу, цээжинд цус хуралт, зүүн шуу, алга, зүүн шилбэнд зулгаралт, дээд доод уруулын дотор салст, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл учирсан, хохирогчид хохирол, төлбөр барагдаагүй гэх нөхцөл байдал, хайхрамжгүй, тоомжиргүй хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилээр хасаж, 01 жил 06 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С оршин суух хорооноос явахыг хориглох буюу Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох, өөрийн оршин суух газар эрхэлж буй ажлын хооронд зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-т оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 03 жилээр хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхэлж тоолохоор шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Г.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилээр хасаж, 01 жил 06 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С оршин суух хорооноос явахыг хориглох буюу Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох, өөрийн оршин суух газар эрхэлж буй ажлын хооронд зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-т оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 03 жилээр хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхэлж тоолсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-аас 21.688.354 төгрөгийг гаргуулан хохирогч Х.А-т олгосугай.
7. Хохирогч Х.А ажилгүй байсан хугацааны цалин хөлс холбоотой нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, уг нэхэмжлэл болон бусад цаашид гарах хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ