Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 181/ШШ2022/00173

 

 2022        03          11                                      181/ШШ2022/00173

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, С.Хишигбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  байрлах, МГННХ,

Нэхэмжлэгч:  байрлах, ОГХ  нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  байрлах, МУЗГ холбогдох,

235 алтны шороон орд ашиглах явцад байгаль орчинд учирсан хохирол 1 161 451 800 000 төгрөгийн хохиролыг барагдуулах, улсын хэмжээнд эвдэрсэн 8147.58 га талбайг 2 жилийн хугацаанд нөхөн сэргээж, нутгийн иргэдэд хүлээлгэн өгөхийг ЗГ даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч МГННХ-ын төлөөлөгч Б.Б, ОГХ-ын төлөөлөгч Т.Ц, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Д, хариуцагч МУЗГ итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л, Р.Э, Г.Э, С.Б, иргэдийн төлөөлөгч С.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Амарбаясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч МГННХ, ОГХ нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Б.Б, Т.Ц өмгөөлөгч Т.Д нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний болон улс төрийн эрхийг тухай олон улсын пактын 1 дүгээр зүйлийн

1. Бүх ард түмэн өөрөө засан тохинох эрхтэй. Энэхүү эрхийнхээ дагуу тэд улс төрийн статусаа чөлөөтэй тогтоож, эдийн засаг, нийгэм, соёлоо чөлөөтэй хөгжүүлнэ.

2. ...Аль ч ард түмнийг ямар ч тохиолдолд оршин тогтнох хэрэглүүрээс нь хагацааж үл болно.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2-д ...эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй... гэж заасан байдаг.

Өнөөдөр иргэдийн дээрхи эрх хамгийн ихээр зөрчигдсөөр байна. Иргэдийн энэхүү эрхийг сэргээн эдүүлэх үүргийг Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлд зааснаар төр хүлээсэн.

Манай улс

1.    Биологийн төрөл зүйлийн тухай конвенц 1993.06.01

2.    Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц 1993.06.01

3.    Озоны үе давхаргыг хамгаалах тухай Венийн конвенц 1995.10.16

4.    Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалын протокол 1995.10.16

5.    Олон улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газар, ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчны тухай /Рамсарын конвенц/ 1997.06.05

6.    Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах тухай Боннын конвенц 1999.06.24

7.    Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь Конвенцийн Киотогийн протокол 1997.07.08

8.    Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай Стокгольмийн конвенц зэрэг олон улсын гэрээ конвенцуудад нэгдсэн боловч Үндсэн хууль, олон улсын конвенцоор хүлээсэн энэ үүргээ биелүүлэхгүй байгаагаас болж нийт иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхийн зэрэгцээ байгаль орчинд учирч байгаа хохирол хэмжээлшгүй боллоо.

2009.07.16-ны өдөр Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хууль болон Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдсан.

Мөн уг өдөр Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 55 дугаар тогтоол батлагдсан.

МУЗГ уг хууль УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэхгүй байсан тул 2009 оны 09 дүгээр сараас эхлэн МГННХ өөрийн гишүүн байгууллага болон дэмжигч иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран уг хууль, тогтоолыг хэрэгжүүлэхийг Засгийн газраас шаардаж хууль бус үйл ажиллагааг эсэргүүцэн олон нийтэд хандсан үйл ажиллагаа зохион байгуулсан.

Үүний үр дүнд эх орны маань уул усны эх, гол мөрөн, ойн сан бүхий хүн, амьтны амьдрах маш эмзэг экологийн бүс нутгуудад идэвхтэй ажиллаж байсан алтны 235 шороон ордын тусгай зөвшөөрөлтэй талбайд учруулсан экологийн хохирол тооцох үйл ажиллагааг Байгаль орчин, Ногоон хөгжил, Аялал жуулчлалын яамаар 2011 онд хийлгүүлсэн.

Үүнд:

-       Хангайн бүсэд 34 орд хамаарч, 2101.60 га талбай эвдэрч, байгаль орчинд 224 557,0 сая төгрөгийн хохирол учирсан

-       Заамарын бүсэд 59 орд хамаарч, 2185.01 га талбай эвдэрч, байгаль орчинд 686 668,5 сая төгрөгийн хохирол учирсан

-       Баянхонгорын бүсэд 23 орд хамаарч, 699.61 га талбай эвдэрч, байгаль орчинд 57 579,1 сая төгрөгийн хохирол учирсан

-       Дархан-Уул аймгийн бүсэд 30 орд хамаарч, 547.03 га талбай эвдэрч, байгаль орчинд 33 594,4 сая төгрөгийн хохирол учирсан

-       Сэлэнгэ аймгийн бүсэд 101 орд хамаарч, 2186.33 га талбай эвдэрч, байгаль орчинд 149 622,6 сая төгрөгийн хохирол учирсан

-       Төв аймгийн бүсэд 6 орд хамаарч, 34.70 га талбай эвдэрч, байгаль орчинд 406,1 сая төгрөгийн хохирол учирсан

-       Баруун бүсэд 10 орд хамаарч, 251.09 га талбай эвдэрч, байгаль орчинд 290,1 сая төгрөгийн хохирол учирсан

-       Зүүн бүсэд 6 орд хамаарч, 142.18 га талбай эвдэрч, байгаль орчинд 8714,0 сая төгрөгийн хохирол учирсан.

Энэ бүх тоо баримтууд, уг шороон ордуудыг эзэмшиж байгаа аж ахуйн нэгжүүдийн нэр бүгд нэхэмжлэлд хавсаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны албан баримтаас тодорхой харагдана.

2011 онд хэдийгээр алтны 235 шороон ордыг ашиглах явцад байгаль орчинд учруулсан хохирлыг тооцсон боловч өгөөдрийг хүртэл уг хохирлыг барагдуулах талаар Засгийн газар, Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас ямар ч ажил хийсэнгүй. Байгаль орчны энэ их хохирол, сүйрэлд Засгийн газар буруутай гэж үзэж байгаа учраас Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1-ээр олгогдсон эрхийн дагуу энэ нэхэмжлэлийг тус шүүхэд гаргаж байна.

2011 оны 10 дугаар сарын 20-ны өдөр УДШ-ийн Иргэний хэргийн танхимаас 2009.07.16-ны өдөр батлагдсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар ашигт малтмал, хайх, ашиглахыг хориглох тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 55 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан 687 тоот тогтоолыг гаргасан юм. Энэ тогтоолыг өнөөдрийг хүртэл Засгийн газар хэрэгжүүлэхгүй байсаар байна.

Нэхэмжлэгч байгууллагууд бид 2019 оны 07 дугаар сард Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Засгийн газар болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг хариуцагчаар татаж 2009.07.16-ны өдөр батлагдсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 55 дугаар тогтоолыг хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2011 онд нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан хууль, тогтоолыг хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан, өнөөдрийг хүртэл шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгаа нь баримтаар тогтоогдож байгаа тул хуулийг хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй байгааг дахин тогтоох шаардлагагүй гэж үзсэн.

МУЗГ нь Засгийн газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 7 дугаар зүйлийн 7.2, 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2, 11.3, 11.4, 11.5, 11.6, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-т заасан үүргээ биелүүлж ажиллаагүй эс үйлдэхүйн улмаас хараа хяналтгүй уул, уурхай эрхлэгчид хуульгүй мэт аашилж, дур зоргоор авирласаар Монгол орны байгаль орчны тэнцвэрт байдлыг асар ихээр алдагдуулж, хэмжээлшгүй их хор хохирол учрууллаа.

МУЗГ нь дээрх хуулиудаар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа нь Монгол улсын Үндсэн хуулийн 19 дүгээр дүгээр зүйлийн 19.1-д ...төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, үүргийг иргэнийхээ өмнө хариуцна... 38 дугаар зүйлийн 38.2.1-д ...Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах... 38 дугаар зүйлийн 38.2.4-д ...хүрээлэн байгаа орчныг хамгаалах, байгалийн баялагийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээ авах..., гэж заасан үүргийг биелүүлж ажиллахтай нь харшилж байна.

Зөвхөн Онгийн голын сав газарт учирсан хор хохирол: Дэлхийн цэвэр усны томоохон хагалбар Хангайн нурууны өврөөс эх авч хангай, тал хээр, говийн бүсийн 3 аймгийн 8 сумын нутгийг дамжин 438 км урсаж Монголын говийн экологийн тэнцвэрийг хадгалахад онцгой нөлөөтэй 175 км.кв Улаан нуурыг бий болгодог гол юм. Онгийн гол тасарч Улаан нуур ширгээд 12 жил болж байна. Онги гол тасарч Улаан нуур ширгэх болсон нь хүний буруутай ажиллагаанаас болсон гэдгийг 2002.06.14-ний өдөр Байгаль орчны яамны Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газраас хийсэн хянан магадлагааны дүгнэлтээр тогтоогдсон.

Онгийн гол тасарч Улаан нуур ширгэх болсон шалтгаан нь

1.    1960 оноос үйлдвэрийн зориулалтаар голы эхэнд ой модыг их хэмжээгээр ашигласан

2.    1970 оноос малын тэжээлд зориулж Улаан нуурын зэгсийг хяргаж бэлтгэсэн

3.    1980 оноос усалгаатай газар тариалан эрхлэх зорилгоор голын гольдирлыг өөрчилж ашиглаж байсан.

4.    1993 оноос Алт хөтөлбөр нэрийн дор Онги голын эх буюу цутгал голууд болох Өлт, Ар өлт, Буянт, Цагаан, Нарийн, Өртөнт, Нарийн жалга, Дэлийн булаг, Бөөрөлжүүт зэрэг голууд дээр алтны шороон ордыг ашиглаж эхэлсэн.

Онгийн голын эх, цутгал голууд дээр 1993 оноос эхлэн жил бүр 30 гаруй ААН-үүд ашиглалт, хайгуул явуулж байсан бөгөөд өнөөдрийн байдлаар энэ тоо нь ямар ч баримжаагүй ашигт малтмал олборлож байна. Алт олборлож байсан аж ахуйн нэгжүүд нь зөвхөн олборлолт явуулж байгаагаас биш ямар ч нөхөн сэргээх ажиллагаа хийлгүй уурхайн талбайг орхиж байгаа нь Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 31 дүгээр зүйл, Ашигт малтмалын тухай хуулийн 38, 39 дүгээр зүйлүүдийг зөрчиж байгаа юм.

Дээрхи зөрчлүүдийг арилгах, гэм буруутай этгээдэд хариуцлага тооцох эрх, үүрэг нь Үндсэн хууль, Засгийн газрын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулиудаар Засгийн газарт олгогдсон байдаг. Гэтэл Засгийн газар нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс Онгийн гол тасарч Улаан нуур ширгэсэн гэж үзэж байна.

Онгийн голын томоохон цутгал гол болох Бөөрөлжүүтийн гол дээр Баярсгоульд ХХК нь ашигт малтмал олборлох ажиллагаа явуулах үед нутгийн иргэд ихээр эсэргүүцэж тусгай зөвшөөрлийг нь цуцлуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан.

Захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хянан үзээд ...Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын геологи, уул уурхайн кадастарын газрын даргын 2008.05.16-ны өдрийн 764 дүгээр шийдвэр нь илт хүчин төгөлдөр бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрсүгэй... гэсэн шийдвэрийг гаргасан юм. Үүнээс үзвэл Засгийн газрын яам, агентлагуудын албан тушаалтнууд хуулийг хэрхэн зөрчдөгийг тодорхой харж болох юм.

Ийм учраас Монгол улсын Засгийн газраар улсын хэмжээнд идэвхтэй ажилласан 235 алтны шороон орд ашиглах явцад байгаль орчинд учирсан хохирол 1 ихнаяд 161 тэрбум 451 сая 800 мянган төгрөгийн хохирлыг барагдуулах, улсын хэмжээнд эвдэрсэн 8147.58 га талбайг 2 жилийн хугацаанд нөхөн сэргээж, нутгийн иргэдэд хүлээлгэн өгөхийг даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгчдийн зүгээс энэхүү нэхэмжлэлийг гаргахдаа Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд зохицуулсан ...Иргэний эрх зүйн хамгаалалт...-ын хүрээнд Засгийн газраар ...хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх..., ...учруулсан хохирлыг арилгуулах... зорилгоор гаргасан юм.

Өөрөөр хэлбэл байгаль орчны эсрэг гаргасан Засгийн газрын олон алдаатай бодлогууд болон иргэдийн Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхийг зөрчсөн үйлдлүүдийг таслан зогсоох Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлээгүйн хувьд Засгийн газар хариуцагчаар татагдаж учирсан хохирлыг арилгах үүрэгтэй гэсэн агуулгын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.

1. Монгол улсын Засгийн газраар улсын хэмжээнд идэвхтэй ажилласан 235 алтны лороон орд ашиглах явцад байгаль орчинд учирсан хохирол 1 ихнаяд 161 тэрбум 451 сая 800 мянган төгрөгийн хохирлыг барагдуулуулах гэсэн шаардлагын тухайд,

Засгийн газар 1991 онд Алт-1 хөтөлбөрийг батласан. Энэ хөтөлбөрийн хүрээнд Монгол орны хэмжээнд хараа хяналтгүй маш олон алтны уурхай ажиллаж эхэлсэн бөгөөд тэд зөвхөн ...Алтыг аваад Авдрыг хаях... гэсэн сэтгэхүйтэй хандаж байсан.

1992 онд Монгол Улсын Үндсэн хууль, 1997 онд Ашигт малтмалын тухай хууль шинээр батлагдсан. Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д ...төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, үүргийг иргэнийхээ өмнө хариуцна... гэж төрийн үүргийг хуульчилж өгсөн.

Учирсан гэм хорыг нөхөн арилгах үүрэгтэй хуулиар холбогдсон, энэ үүднээс хариуцлага хүлээх үндэслэлтэй нөхцөл байдал бүрэлдсэн бол үүний улмаас бий болсон буюу учирсан гэм хорыг нөхөн арилгах ёстой гэж хууль тогтоодог.

Үндсэн хуулийг төр, иргэн хоёрын хооронд байгуулсан гэрээ гэдэг бөгөөд Засгийн газар нь Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-дэх заалтаар хүлээсэн үүргээ огт биелүүлээгүй учраас хараа хяналтгүй уул уурхайн ажиллагаанаас 1992 оноос 2011 оны хооронд гэхэд зөвхөн 235 алтны ордыг ашиглах явцад байгаль орчинд 1 их наяд 1 зуун тэрбум 450 сая 800 мянган төгрөгийн хохирол учирсан байна.

2. Улсын хэмжээнд эвдэрсэн 8147.58 га талбайг 2 жилийн хугацаанд нөхөн сэргээж, нутгийн иргэдэд хүлээлгэн өгөхийг Засгийн газарт даалгуулах гэсэн шаардлагын тухайд,

Зарчмын хувьд: Хохирлыг гэм хор учруулагчийн үйлдэл шууд, эсхүл бусад нөхцөл байдлын улмаас дам хэлбэрээр учруулсан эсэхээс үл хамааран гэм хорыг арилгах үүрэг бий болдог. Өөрөөр хэлбэл 235 алтны шороон орд ашиглах явцад байгаль орчинд учирсан хохирол болон Засгийн газрын хууль, тогтоомжуудыг хэрэгжүүлээгүй үйлдэл, хэрэгжүүлэхгүй байсан эс үйлдэхүй хоорондын шалтгаант холбоо байсаар байгаа буюу Засгийн газарт хариуцлага ногдуулах хууль зүйн боломж байсаар байна.

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсгийн дагуу учирсан гэм хорыг арилгах үүрэг хүлээлгэх үндэслэл болсон нөхцөл байдал бий болоогүй бол бүрдэх байсан тэр байдлыг нөхөн бүрдүүлэх үүргийг гэм хор учруулагч этгээдэд хүлээлгэх ёстой.

Улсын хэмжээнд эвдэрсэн 8147.58 га талбайг 2 жилийн хугацаанд нөхөн сэргээж, нутгийн иргэдэд хүлээлгэн өгөхийг Засгийн газарт даалгуулах гэсэн шаардлага нь байгаль орчинд учирсан бодитой байгаа хохирлыг бүрэн арилгуулах гэсэн агуулгатай юм.

Өөрөөр хэлбэл байгаль орчны сайдын тушаалаар ажилласан мэргэжилийн байгууллагуудын бодитоор тогтоосон хохирлыг Засгийн газрын нөөц сангаас гаргуулж тэр мөнгөөр эвдэрсэн 8147.58 га талбайг нөхөн сэргээлгэх юм гэв.

 

Хариуцагч МУЗГ шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л, Р.Э, Г.Э, С.Б нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Засгийн газраас энэ өр төлбөрийг гаргуулах биш харин тухайн хохирол учруулсан гэж үзэж байгаа аж ахуй нэгжүүдээс нэхэмжлэх эрх нь нээлттэй. Нөгөө талаас Засгийн газар буюу тухайлсан Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон холбогдох хууль тогтоомжуудаар байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээхтэй холбогдуулаад чиг үүргүүдийг тодорхой заасан байдаг. Энэ хүрээнд тухайн орон нутгийн, нутгийн захиргаа энэ талаар хяналт тавих чиг үүрэгтэй ажиллаж байдаг. Хяналт тавих чиг үүрэгтэй ажиллана гэдэг нь өөрийн төсвөөс мөнгө гаргаж зарцуулах эрх болон үүрэг байхгүй. Засгийн газрын тусгай сангийн тухай хууль нь орлого нь тодорхой, зарцуулалтын зорилго нь ч тодорхой. Монгол Улсын Их хурлаас 2009 онд Гол мөрний урсац бүрэлдэх усан сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдсан. Уг хуулиар хилийн заагийн хүрээ хязгаарыг Засгийн газрын тогтоолоор батлахаар зохицуулсан. 2011 онд Засгийн газрын 174, 2012 онд Засгийн газрын 194 дүгээр тогтоолууд тус тус батлагдан гарсан. Энэ тогтоолууд гарсны дараа Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 1500 гаруй тусгай зөвшөөрөл хамрагдаж үйл ажиллагаа нь хязгаарлагдсан. Бүхэлдээ давхцаад байгаа аж ахуйн нэгжүүдэд төрөөс нөхөн олговор олгохоор 2010 онд 299 тоот Засгийн газрын тогтоол гарсан. Энэ тогтоолоор Засгийн газрын солбицол тогтоосон тогтоолоор ч тэр эвдэгдсэн газар болон үйл ажиллагаа явуулж байсан голын ойр орчим, усан сан бүхий газар, ойн сан бүхий газруудад тусгай зөвшөөрөл эзэмшигч нараар нөхөн сэргээх ажиллагаа хийлгэдэг. Төр, хувийн хэвшил эсвэл төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд хамтран ажиллах санамж бичиг байгуулаад нийтийн ашиг сонирхлын болон Төрийн албаны тухай хуультай нийцүүлээд хамтран ажиллах боломжтой байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх нь тодорхой бус байна. Тэр дундаа 2019 оны үед экологийн цагдаагийн алба тусдаа байгуулагдаж, хяналтыг хэрэгжүүлдэг чиг үүрэгтэй байгууллагатай болсон. Энэ хүрээнд хамтын ажиллагааны гэрээг байгуулаад мэдээлэл солилцоод нөхөн сэргээлт хийх зэрэг хуульд заасан үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүд болон хувь хүмүүс дээр хариуцлага тооцох үүднээс хамтын ажиллагааг хийгээд явж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч жил болгон хайгуулын болон ашиглалтын төлөвлөгөө гарган хянуулдаг. Ингэхдээ тухайн сум, орон нутагт байгаа хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч хяналт тавьж байгаа байгаль орчны байцаагч болон засаг дарга нар ерөнхий төлөвлөгөө баталсан тохиолдолд тусгай зөвшөөрөл сунгадаг. Нөхөн сэргээх зардлыг Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч зардлын доод хэмжээ гэж жил болгон тухайн талбай дээр тодорхой хэмжээгээр зарцуулах ёстой байдаг. Тэр зарцуулах зардлаас тодорхой хэмжээний хувийг нөхөн сэргээх зардал гэж орон нутгийн санд байршуулж байгаль орчны байцаагч болон сумын засаг дарга нар нөхөн сэргээх ажлаа хийж байгаа эсэх, хууль тогтоомжийн дагуу хайгуулын болон олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа эсэхээс хамаарч зардал тухайн жилд өөр өөр байдаг.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 56 дугаар зүйлд байгаль орчинд хохирол учруулсан байвал тухайн Засаг дарга нутаг дэвсгэрээс байгаль орчны тэнцэл алдагдсан тохиолдолд түүнийг нөхөн төлүүлдэг. Мөн байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй хохирол учруулсан буюу түүнийг сэргээх субъектүүд нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулиар Засаг дарга нарт, Ашигт малтмалын тухай хуулиар аж ахуйн нэгжүүдэд байдаг. Эдгээрээс нэхэмжлэлгүйгээр Засгийн газарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгаа нь хариуцагчийг буруу сонгосон гэж ойлгож байна.

Монгол улсын Засгийн газрын 2020-2021 оны мөрийн хөтөлбөрт уул уурхайн улмаас эвдэрсэн 8000 га газрыг нөхөн сэргээнэ гэж орсон байгаа. Өнгөрсөн жил дотоодын цагдаа, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Ашигт малтмалын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтраад орхигдсон болон эвдэрсэн газар нөхөн сэргээлт хийсэн. 1300 га газарт техникийн нөхөн сэргээлт, 700 орчим га газарт биологийн нөхөн сэргээлт хийсэн.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлд байгаль орчныг хамгаалахад төрийн бус байгууллагын оролцоог хуульчилсан. Энэ нь Байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн биелэлтэд олон нийтийн хяналт тавих, үзлэг хийх, илэрсэн зөрчлийг арилгахыг шаардах, уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, гэм буруутай этгээдээс байгаль орчинд учруулсан хохирлыг барагдуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн эрхтэй. Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 57 дугаар зүйлд гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр сум, дүүргийн Засаг дарга шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасан. Иймд Байгаль орчныг хамгаалах тухай хуульд заасны дагуу тухайн хохирлыг бий болгосон этгээдүүд нь 235 аж ахуйн нэгж байгууллагууд байна. Энэ аж ахуйн нэгжүүдийн хохирол нөхөн төлөх чиг үүрэг нь хуулиар зохицуулагдсан. Хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргах этгээд нь мөн хуулиар зохицуулагдсан бөгөөд сум, дүүргийн Засаг дарга байх ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэлийн 1 дэх шаардлагын хувьд: Монгол улсын Үндсэн хуулийн дагуу төр нь хууль дээдлэх зарчмыг баримтлахаар заасан. Энэ ч агуулгаар төр нь төлбөр барагдуулах, хариуцлага хүлээх асуудал нь ч хууль зүйн үндэслэлтэй байх шаардлагатай. Засгийн газар нь нэхэмжлэгч ТББ-уудтай аливаа хэлбэрээр иргэний эрх зүйн харилцаанд ороогүй бөгөөд тус байгууллагын шаардлагаар 1 ихнаяд 161 тэрбум 451 сая төгрөгийн хохирол барагдуулах хууль зүйн үндэслэл байхгүй. Өөрөөр хэлбэл, алтны шороон ордын үйл ажиллагааг төр эрхлээгүй бөгөөд төр нь тус байгууллагын аливаа эрх ашгийг зөрчөөгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 32.1.1-д зааснаар ...гэм буруутай этгээдээс байгаль орчинд учруулсан хохирлыг барагдуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заажээ. Гэвч, тус нэхэмжлэлд дурдсан байгаль орчинд хохирол учруулсан гэм буруутай этгээд нь Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч болохоос Засгийн газар биш байна. Иймд нэхэмжлэгч ТББ-ууд Монгол улсын Засгийн газраас хохирол барагдуулах нэхэмжлэл гаргах эрхгүй байна.

Нэхэмжлэлийн 2 дахь шаардлагын хувьд: Ашигт малтмалын тухай хуулийн 27.1.12, 38.1.1, 38.1.2, 38.3, 39.3, 53.3 Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 31.4, 31.9-т зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг нөхөн сэргээх, энэхүү зардлыг өөрийн хөрөнгөөр хариуцах үүрэгтэй бөгөөд тусгай зөвшөөрөл дуусгавар болсон ч энэ үүргээс чөлөөлөгдөхгүй байхаар заасан байна. Мөн Иргэний хуулийн 498 дугаар зүйлд зааснаар төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас бий болсон хохирлыг л төр хариуцахаар заасан. Харин түүнээс бусад тохиолдолд төр хохирол хариуцах хуулийн зохицуулалт байхгүй байна. Иймд ашгийн төлөө хуулийн этгээдээс учруулсан хохирлыг төр хариуцах хууль зүйн үндэслэл байхгүй. Иймээс, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн сэргээх үүрэг нь тусгай зөвшөөрөл эзэмшигч нарт холбогдож байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2 дахь хэсэгт Монгол улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн гэж заасан энэ агуулгаар газрыг орон нутгийн иргэдэд хүлээлгэх өгөх хууль зүйн үндэслэл байхгүй байна.

Иймд МГННХ, ОГХ нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Иргэдийн төлөөлөгч С.Ц шүүх хуралдаанд уншиж сонсгосон дүгнэлтдээ: Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд МУЗГ шууд гэм буруутай гэхэд эргэлзээтэй, бас бусад үндэслэлүүдээс харахад гэм буруутай гэж харагдахгүй байна гэв.

 

Нотлох баримт: нэхэмжлэгч талаас МГННХ, ОГХ-ын улсын бүртгэлийн гэрчилгээ-2х, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны 2014.01.08-ны өдрийн 5/80 дугаар албан бичиг /1х/-гээр олгосон, Хавсралт -4 буюу Эвдэрсэн талбайн хэмжээ болон байгаль орчны хохирол тооцсон дүн, тусгай зөвшөөрөл бүрээр-7х, Монгол Улсын Ерөнхий сайд, Байгаль орчин, аялал жуучлалын яам нараас мэдээлэл хүссэн албан бичиг-2х, Байгаль орчин, аялал жуучлалын яамнаас хариу өгсөн албан бичиг-1х, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.12.02-ны өдрийн 8879 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж-3х, улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх хүсэлт, баримт-9х, СД-1ш, фото зураг-5х, ОГХ-ын дүрэм-4х зэргийг шүүхэд гаргаж өгсөн, хариуцагч талаас шүүхэд нотлох баримт гаргаагүй. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр СД бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл-4х, Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2011.06.17-ны өдрийн А-204 дугаар Хохирол тооцуулах тухай тушаал, уг тушаалын хавсралт хохирол тооцох ажлын хуваарь, тайлангийн хавсралт-4, нийт-20х, СД бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл-6х, Байгаль орчин, аялал жуучлалын яамны Архивт үзлэг хийсэн тэмдэглэл-3, үзлэгийн хавсралт-20х, мөн 2011 оны Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт алт олборлосны улмаас үүссэн хохирлын үнэлгээ, нөхөн сэргээлтийн зардал тооцсон ажлын нэгдсэн тайлан-60х зэргийг шүүхийн журмаар бүрдүүлсэн болно.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч МГННХ, ОГХ нар нь хариуцагч МУЗГт холбогдуулан 235 алтны шороон орд ашиглах явцад байгаль орчинд учирсан хохирол 1 161 451 800 000 төгрөгийн хохиролыг барагдуулах, улсын хэмжээнд эвдэрсэн 8147.58 га талбайг 2 жилийн хугацаанд нөхөн сэргээж, нутгийн иргэдэд хүлээлгэн өгөхийг Засгийн газарт даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

Иргэдийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд болон бусад үндэслэлүүдээс Монгол Улсын Засгийн газрыг шууд гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэсэн бөгөөд уг дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авсан болно.

 

Нэхэмжлэгч МГННХ, ОГХ нараас хариуцагч МУЗГт холбогдуулан Монгол улсын Засгийн газраар улсын хэмжээнд идэвхитэй ажилласан 235 алтны шороон орд ашиглах явцад байгаль орчинд учруулсан 1 161 451 800 000 төгрөгийн хохирлыг барагдуулах, улсын хэмжээнд эвдэрсэн 8147.58 га талбайг 2 жилийн хугацаанд нөхөн сэргээж, нутгийн иргэдэд хүлээлгэж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч маргаж байна.

 

1. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1/-д Байгаль орчин, түүний баялгийг хамгаалах дүрмийн зорилго бүхий олон нийтийн байгууллага ...байгаль орчныг хамгаалах талаар дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлж болно: 1/ байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн биелэлтэд олон нийтийн хяналт тавих, үзлэг хийх, илэрсэн зөрчлийг арилгахыг шаардах, уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, гэм буруутай этгээдээс байгаль орчинд учруулсан хохирлыг барагдуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах гэж заасны дагуу нэхэмжлэгч нар нь байгаль орчин, түүний баялгийг хамгаалах зорилготой НҮТББ тул гэм буруутай этгээдээс байгаль орчинд учруулсан хохирлыг барагдуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

 

2. Нэхэмжлэлийн дараалсан байгаль орчинд учруулсан 1 161 451 800 000 төгрөгийн хохирлыг гаргуулаад эвдэрсэн 8147.58 га талбайг 2 жилийн хугацаанд нөхөн сэргээлгэн нутгийн иргэдэд хүлээлгэж өгөхийг даалгах шаардлагаа Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3. хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх, 9.4.4. учруулсан хохирлыг арилгуулах гэж заасан Иргэний эрх зүйн хамгаалалтын аргын хүрээнд гэм хорыг арилгуулах эрхээр тодорхойлсон.

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно гэж, мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан.

Гэм хорын хохирол барагдуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тодорхой этгээдийн буюу хэний, ямар хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хэнд ямар хэмжээний хохирол учирсан болохыг шаардаж байгаа этгээд буюу нэхэмжлэгч нотлох үүрэгтэй. Гэм хор учруулсан хохирол шаардахад хариуцагч этгээдийн гэм буруутай үйлдэл, түүнээс бусдад учирсан хохирол хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байх учиртай.

 

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагчийг 1991 оноос Алт хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2009.07.16-ны өдөр батлагдсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл, мөн хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 55 дугаар тогтоол зэргээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүйгээс 235 алтны шороон ордыг ашиглах явцад байгаль орчинд 1 161 451 800 000 /нэг их наяд нэг зуун жаран нэгэн тэрбум дөрвөн зуун тавин нэгэн сая найман зуун мянган/ төгрөгийн хохирол учирсныг 2011 оны Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт алт олборлосны улмаас үүссэн хохирлын үнэлгээ, нөхөн сэргээлтийн зардал тооцсон ажлын нэгдсэн тайлан-гаар тогтоосон гэж тайлбарлаж байна.

 

а/. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1-д Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1-д Төр нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор байгаль орчинд хортой нөлөөлөхөөс болон байгаль орчны тэнцэл алдагдахаас сэргийлэн хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж Төрийн нийтлэг чиг үүргийг тодорхойлсон,

Мөн 2009.07.16-ны өдөр батлагдсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө мөн хуулийн 4.3-т заасан хилийн заагийн дотор олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын дотор геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өргөдөл гаргана гэж тусгай зөвшөөрөл эзэмшигчийн өргөдөл гаргах хугацааг тогтоосон,

Мөн уг хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 55 дугаар тогтоолд Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан дараахь арга хэмжээг энэ тогтоол батлагдсанаас хойш 3 сарын хугацаанд авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /С.Баяр/-т даалгасугай: 1/ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын геологи, уул уурхай, газрын кадастрын бүртгэл, мэдээллийг шинэчлэн гаргасны үндсэн дээр эдгээр газрын хилийн заагийг тогтоож, олон нийтэд мэдээлэх; 2/ гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн заагийн дотор үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд ашигт малтмалын тухай болон байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгаж, дүнг Улсын Их Хуралд танилцуулах-ыг ЗГ-т даалгасан байна.

 

Эдгээр хууль болон тогтоолыг Засгийн газар хэрэгжүүлээгүй гэж үзэх болон нэхэмжлэлд дурдсан хохирол байгаль орчинд учирсантай шалтгаант холбоотой гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Засгийн газрыг нэхэмжлэлд дурдсан хууль тогтоомжийн заалтуудыг зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/ гаргасан гэж үзэх боломжгүй байна.

2009 онд батлагдсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль-ийн хэрэгжилтийг хангахтай холбогдуулан уг хуулиар хориглосон бүсэд үйл ажиллагаа явуулж буй компаниудын алтны шороон ордын 238 тусгай зөвшөөрлийг Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 174 дүгээр тогтоолоор цуцалсан, мөн Байгаль орчин, аялал жуучлалын яамнаас ...238 алтны шороон ордод олборлолт явуулснаас үүдэн байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, нөхөн сэргээлтийн зардал тооцсон ажлын нэгдсэн тайлан-г гаргасан, Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор гол мөрний урсац бүрэлдэх эхийн, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн, ойн сан бүхий газрын хилийн заагийн солбицолыг тогтоосон байх тул хариуцагч Монгол Улсын Засгийн газрыг 2009 оны Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хууль болон энэ хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, уг хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 55 дугаар тогтоолыг хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Байгаль орчинд хохирол учирсан байх нь Засгийн газрыг шууд гэм буруутай гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Байгаль орчинд хохирол учирсан нь хариуцагч Монгол Улсын Засгийн газрыг хууль тогтоомжийн биелэлтийг хангах ерөнхий чиг үүргээ зөрчсөнтэй нь холбоотой гэж үзэн нарийвчилсан хуулийг хэрэглэхгүйгээр үүрэг ногдуулах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд иргэний эрх зүйн харилцаанд хамаарах гэм хор учруулснаас үүсэх үүргийн эрх зүйн хүрээнд Монгол Улсын Засгийн газрыг хуулиар хүлээсэн тодорхой үүргийг зөрчсний улмаас байгаль орчинд хохирол учруулсан гэж үзэх үндэслэл нэхэмжлэлээр болон хэрэгт авагдсан нотлох баримтыг хүрээнд тогтоогдохгүй байна.

 

б/. Байгаль орчин, аялал жуучлалын яамтай байгуулсан гэрээний дагуу байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх эрх бүхий аж ахуйн нэгжүүд Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ашиглалтын тусгай зөвшөөрлийг нь цуцалсан 238 алтны шороон ордод олборлолт явуулснаас үүдэн байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нөхөн сэргээлтийн зардал тооцох ажлыг хийж, Нэгдсэн тайлан-г гаргасан бөгөөд уг тайлангаар Монгол Улсын Засгийн газрын учруулсан хохирлыг тогтоосон гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Тодруулбал, дээрхи тайланд байгаль орчинд учирсан хохирлыг тодорхойлохдоо тусгай зөвшөөрөл бүрээр, тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж бүрийн нийт эвдэрсэн талбай /га/-н хэмжээг нь тусгай зөвшөөрлийн талбайд, хуулиар хориглосон бүсэд, тусгай зөвшөөрлийн талбайн гадна гэх байдлаар, мөн байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг нь гадаргын ус, газрын доорхи ус, хөрсөн бүрхэвч, ургамлын нөмрөг, эдэлбэр газар, газрын хэвлий, ойн сан, амьтан, агаар мандал гэх байдлаар, тус тус тооцож, үүнээс хуулиар хориглосон бүсэд тооцох хохирлын хэмжээг тусгайлан гаргасан байгаа нь зорилгын хувьд хариуцагчийн учруулсан хохирлыг тогтоосон гэж үзэх боломжгүй байна.

 

Тайлангын хавсралт-4 Эвдэрсэн талбайн хэмжээ болон байгаль орчны хохирол тооцсон дүн, тусгай зөвшөөрөл бүрээр хүснэгтийн зарим үзүүлэлтээр нэхэмжлэлийн шаардлага болох эвдэрсэн талбай 8147.58 га, байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ 1161451,8 сая төгрөг болохыг илэрхийлсэн. /1-р хавтаст хэргийн 10-17 тал, 2-р хавтаст хэргийн 22-104 хуудас/

Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт алт олборлосны улмаас үүссэн хохирлын үнэлгээ, нөхөн сэргээлтийн зардал тооцсон ажлын нэгдсэн тайлан-гийн Газрын эвдрэлын байдал хэсгийн 3.3-д ...эвдрэлд өртсөн 8147.58 га талбайгаас 2097,8 га-д техникийн нөхөн сэргээлт, 632.2 га-д биологийн нөхөн сэргээлт хийгдсэн байна. Энэ нь нийт эвдэрсэн талбайн 25.7 хувьд нь техникийн, 7.8 хувьд нь биологийн нөхөн сэргээлт хийсэн байна гэсэн үг гэснээс үзэхэд эвдэрсэн 8147.58 га талбайд нөхөн сэргээлт хийгдээгүй гэж үзэх үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй байна. /2-р хавтаст хэргийн 58-59 хуудас/

 

3. Нэхэмжлэгч МГННХ, ОГХ нар нь дээрхи тайланд тусгагдсан 239 тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа 138 аж ахуйн нэгжүүд 2011 оноос хойш нөхөн сэргээлт хийсэн эсэхийг болон тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд байгаль орчныг хамгаалах талаарх Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон Ашигт малтмалын тухай хуульд заасан үүргээ зөрчсөн, эсэхийг, тусгай зөвшөөрөл эзэмшигч бүрээр тайланд тусгагдсан хохирлыг нөхөн төлүүлэхийг болон тусгай зөвшөөрөл эзэмшигч нар нь хуульд заасны дагуу нөхөн сэргээлт хийх үүргээ хэрэгжүүлэх боломжтой эсэхийг, нэхэмжлэлийн үндэслэлээ болгоогүй тул уг асуудлуудад хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй байна.

 

Дээрхи үндэслэлүүдээр хариуцагч МУЗГ гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-гээр байгаль орчинд хохирол учруулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэгч МГННХ, ОГХ нарын хариуцагч МУЗГт холбогдуулан гаргасан 235 алтны шороон орд ашиглах явцад байгаль орчинд учирсан хохирол 1 161 451 800 000 төгрөгийн хохиролыг барагдуулах, улсын хэмжээнд эвдэрсэн 8147.58 га талбайг 2 жилийн хугацаанд нөхөн сэргээж, нутгийн иргэдэд хүлээлгэн өгөхийг Засгийн газарт даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Нэхэмжлэгч нар нь тус шүүхийн шүүгчийн 2020.04.30-ны өдрийн захирамжаар нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилан хариуцуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

          ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар МГННХ, ОГХ нарын МУЗГт холбогдуулан гаргасан  235 алтны шороон орд ашиглах явцад байгаль орчинд учирсан хохирол 1 161 451 800 000 төгрөгийн хохиролыг барагдуулах, улсын хэмжээнд эвдэрсэн 8147.58 га талбайг 2 жилийн хугацаанд нөхөн сэргээж, нутгийн иргэдэд хүлээлгэн өгөхийг даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар тус шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШЗ2020/05935 дугаар захирамжаар нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Н.ОЮУНТУЯА

 

ШҮҮГЧИД Ж.ЛХАГВАСҮРЭН

 

С.ХИШИГБАТ