| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
| Хэргийн индекс | 105/2024/0960/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1035 |
| Огноо | 2024-09-25 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Мөнхтулга |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1035
2024 9 25 2024/ШЦТ/1035
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал,
улсын яллагч Б.Мөнхтулга /томилолтоор/,
хохирогч Ж.Г,
шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А-д холбогдох эрүүгийн 2406 00088 1666 дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ****** ажил эрхэлдэг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт ****** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, (РД: ********).
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.А нь 2023 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа “********” нэртэй фейсбүүк цахим хаягаар дамжуулан “Соната 7 тээврийн хэрэгсэл зарна” гэсэн утга бүхий зар байршуулан хохирогч Ж.Г-той харилцаж, улмаар тээврийн хэрэгслийг худалдахаар тохиролцож өөрийн эхнэр Ө.Д-ийн Хаан банкны ********** тоот данс руу 5.150.000 төгрөг шилжүүлсэн авсан боловч тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийг засварлаж өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж тээврийн хэрэгслээ буцааж авсан боловч 5.150.000 төгрөгийг буцааж төлөхгүй залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ: “Би тэр машиныг буцааж аваад янзалж чадахгүй байсаар байгаад мөнгийг нь өгч чададгүй өдийг хүргэсэн. Одоо энэ хүний хохирлыг 10 дугаар сардаа багтаагаад төлнө гэж ярилцсан.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Г мэдүүлэхдээ: “Би хувиараа хэдэн залуучуудтай хамтарч ажилладаг. Тэр залуучууддаа шаардлагатай байгаа асуудлыг нь шийдэж өгөх маягаар хашаа байшингүй бол хашаа байшин, машингүй бол машин тэрэг зэргийг авч өгдөг. Ажлын нэг залуу хөдөө гэр нь байдаг гээд ажилдаа хоцорч ирээд байхаар нь машин авч өгөх гэж байсан. Тэгээд хүнд авч өгөх гэж байгаагаа энэ хүнд хэлсэн. Тэгээд энэ хүний машиныг “асуудалгүй биз” гэж асуухад “хөдөөнөөс ирсэн болохоор асуудалгүй” гэхээр нь найдаад авсан. Энэ хүн ажил тарах үед ирэхээр нь “эвдрэл гэмтэлгүй биз дээ” гэхэд “асууудалгүй” гээд ажилчиддаа итгэж найддаг шиг найдсан. Эхнэр нь ч гэсэн “асуудалгүй, мөнгөө өгөөд авахгүй юу” гэсэн. Хэрвээ эвдрэл гэмтэлтэй бол яах вэ гэж асуухад “тийм асуудал байвал нэрийг нь шижүүлэхдээ шийдье” гэсэн. Тэгээд би мөнгийг нь тэр дор нь шилжүүлж өгсөн. Тэгээд дараа нь эвдрэл гэмтэлтэй байна. Энэ асуудлыг шийдээд өгчих, мөнгө төгрөг гэхгүй, хамгийн гол нь хүнд өгөх гэж байгаа машин шүү” гэж хэлсэн. Удаа дараа араас нь яваад сүүлдээ алга болчихоор нь арга барагдаад цагдаагийн байгууллагад хандсан.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар
Хохирогч Ж.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 06 дугаар сарын 24-ний өдөр би “*******” гэсэн фейсбүүк хаягтай хүнтэй холбогдож соната 7 маркийн төгрөгөөр худалдан авахаар болсон. Тэгэхэд би өнөөдөр унаж үзээд гайгүй болж байвал би маргааш мөнгөө шилжүүлээд авч болно гэхэд тэр хүн надад чи өнөөдөр машинаа аваад яв гэхдээ найзад нь мөнгө төгрөг хэрэгтэй гэхэд би итгээд 5.150.000 төгрөгийг өөрийн Хаан банкны ********** тоот данснаасаа тухайн хүний Хаан банкны ********** тоот данс руу шилжүүлсэн тэгээд үлдсэн 350.000 төгрөгөө маргааш нь өгөөд нэр дээрээ шилжүүлж авахаар болсон. Тэгээд би тухайн машиныг унаж үзэхэд эвдрэлтэй тэгээд маргааш нь холбогдоод авахаа болилоо гэхэд 350.000 төгрөгөөрөө чи засуулчихаа гэхэд тэрнээс чинь их мөнгө орох юм байна гэж хэлэхэд за тэгвэл би өөрөө засаад өгье гэж хэлсэн тэгэхээр нь би за тэгье гэж тохирсон боловч маргааш маргааш гэж хэлсээр байгаад өнөөдрийг хүртэл дахиж уулзаагүй сүүлдээ гар утсаа авахаа больсон тийм учраас би цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна. ... Би тухайн автомашиныг авто оношилгоонд оруулаагүй. Тухайн автомашин улсын дугаар дээрээ торгуультай байсан мөн татвар төлөгдөөгүй байсан. Тэгээд нэрээ шилжүүлэхдээ авто оношилгоонд оруулахаар тохиролцсон боловч чадаагүй. Тухайн автомашиныг 2023 оны намар надад зарсан Б.А ирээд аваад явсан одоо хаана хэнд байгаа талаар мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18, 73 дугаар хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 13 дугаар хуудас),
Иргэн Ө.Д-ийн Хаан банкин дахь дансны хуулга (хавтаст хэргийн 34-36 дугаар хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 61 дүгээр хуудас),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 60 дугаар хуудас),
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 62 дугаар хуудас),
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтууд болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч “Шүүгдэгч Б.А нь 2023 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа “********” нэртэй фейсбүүк цахим хаягаар дамжуулан “Соната 7 тээврийн хэрэгсэл зарна” гэсэн утга бүхий зар байршуулан хохирогч Ж.Г-той харилцаж, улмаар тээврийн хэрэгслийг худалдахаар тохиролцож өөрийн эхнэр Ө.Д-гийн Хаан банкны ********* тоот данс руу 5.150.000 төгрөг шилжүүлсэн авсан боловч тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийг засварлаж өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж тээврийн хэрэгслээ буцааж авсан боловч 5.150.000 төгрөгийг буцааж төлөхгүй залилсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Б.А нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Үйл баримтын талаарх дүгнэлт
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Б.А нь 2023 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа “*******” нэртэй фейсбүүк цахим хаягаар дамжуулан “Соната 7 тээврийн хэрэгсэл зарна” гэсэн утга бүхий зар байршуулан хохирогч Ж.Г-той харилцаж, улмаар тээврийн хэрэгслийг худалдахаар тохиролцож өөрийн эхнэр Ө.Д-гийн Хаан банкны ********** тоот данс руу 5.150.000 төгрөг шилжүүлсэн авсан боловч тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийг засварлаж өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж тээврийн хэрэгслээ буцааж авсан боловч 5.150.000 төгрөгийг буцааж төлөхгүй залилсан үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна гэж үзэв.
Эрх зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлсэн авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.
Залилах гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаардахгүй ба хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцдог.
Залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг.
Шүүгдэгч Б.А нь 2023 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа “********” нэртэй фейсбүүк цахим хаягаар дамжуулан “Соната 7 тээврийн хэрэгсэл зарна” гэсэн утга бүхий зар байршуулан хохирогч Ж.Г-той харилцаж, улмаар тээврийн хэрэгслийг худалдахаар тохиролцож өөрийн эхнэр Ө.Д-гийн Хаан банкны ********** тоот данс руу 5.150.000 төгрөг шилжүүлсэн авсан боловч тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийг засварлаж өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж тээврийн хэрэгслээ буцааж авсан боловч 5.150.000 төгрөгийг буцааж төлөхгүй авсан нь “Залилах” гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэв.
Шүүгдэгч Б.А-ын нь үйлдэл нь гэм буруугийн санаатай, шунахайн сэдэлттэй гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлсэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,
мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус зааснаар шүүгдэгч Б.А-аас 5.150.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ж.Ганболдод олгохоор шийдвэрлэв.
Мөн шүүгдэгч Б.А нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хохирол төлбөр барагдуулахтай холбогдуулан завсарлуулах хүсэлт гаргаж, уг хугацаанд хохирогчид 6.000.000 төгрөгийг төлсөн болохыг дурдав.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгчийн нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчимыг удирдлага болголоо.
Шүүгдэгч Б.А эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлтийн 1 дэх хэсгийг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэх саналтай байна.” саналыг гаргасан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж,
мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ.” гэж,
мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж гэж тус тус заасан.
Шүүгдэгч Б.А-ын гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нь гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай үйлдэлдээ хандаж байгаа хандлага, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, эрхэлсэн тодорхой ажилтай гэх хувийн байдал зэргийг харгалзан үзэж, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгыг удирдлага болгон түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар тэнсэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Шүүх шүүгдэгч Б.А-д тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэв.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Б.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлсэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч Б.А-д тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ж.Г-д 6.000.000 төгрөгийг төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.А-д урьд авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ