| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилсүрэнгийн Оюунтуяа |
| Хэргийн индекс | 181/2021/03214/И |
| Дугаар | 181/ШШ2022/00196 |
| Огноо | 2022-02-14 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 181/ШШ2022/00196
2022 02 14 181/ШШ2022/00196
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: оршин суух, Ц.Ц-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: байрлах, ЛГБТ -д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Л.О, гэрч Д.З, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Амарбаясгалан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ЛГБТ -д 2021.03.15-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулан, Залуучуудын хөтөлбөрийн менежер албан тушаалд томилогдон ажилласан. Ажилд орсноос халагдах хүртэлх хугацаанд аливаа алдаа дутагдал, зөрчил гаргалгүй ажилласан бөгөөд байгууллагын өдөр тутмын ажлыг амжилттай гүйцэтгэж, байгууллагаа төлөөлөн 10 гаруй хурал, чуулганд оролцож байсан.
Гэвч 2021.09.27-ны өдрийн 21/7 дугаар Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 20 дугаар зүйлийн 2.2.1, 2.2.4, 3 дугаар зүйлийн 3.2.4.5, 3.2.4.6 дахь хэсэг, ЛГБТ төв-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэг, 4 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэг, 7 дугаар зүйлийн 1.4, 1.5 дах хэсгийг тус тус үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Дээрх тушаалаас үзвэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гарсан гэж заасныг үндэслэл болгож намайг ажлаас халсан.
ЛГБТ -ыг төлөөлөн Э.Э болон Ц.Ц нарын хооронд байгуулагдсан 2021/1 дугаар Хөдөлмөрийн гэрээний 3.2.4-д Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан ноцтой зөрчлийг юу гэж ойлгох талаар заасан бөгөөд тушаалын үндэслэл болох 3.2.4.5-д байгууллагын нэр хүндийг гутаах, нууцыг алдагдуулах, худал, мэдээлэх зэргээр байгууллагын хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлөхөөр үр дагаврыг бий болгосон, бусдын нэр хүндийг гутаах зорилгоор гүтгэн гүжирдсэн, энэ үйлдэл нь баримтаар нотлогдож, байгууллага, ажилтны эрх ашиг, нэр хүндэд хохирол учруулсан бол, 3.2.4.6-д хуулиар хориглосон аливаа бусад үйл ажиллагаа явуулсан бол гэж тус тус заасан.
Дээрх үндэслэлүүдээс тус тус үзвэл ажилтан намайг байгууллагын нэр хүндийг гутаасан, нууцыг алдагдуулсан, худал мэдээллэсэн, байгууллагын хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн, ажил үүргээ гүйцэтгэж байхдаа бусдын нэр хүндийг гутаасан, гүжирдсэн, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан гэж үзэж ажлаас халсан байна.
Миний бие тус байгууллагад ажилд орсноосоо хойш 2021.09.27-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал гарах хүртэл байгууллагын нэр хүнд, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн аливаа зүй зохисгүй үйлдэл, түүнчлэн байгууллагын үнэт зүйлээс гадуур аливаа үйлдэл, үйл ажиллагаа явуулж байгаагүй бөгөөд байгууллагын үнэт зүйл, эрх ашиг, бэлгийн цөөнхийн төлөө үргэлжид дуугарч тэмцэж явсан болно. Түүнчлэн Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт Ажил олгогч нь иргэнийг ажилд авахад болон хөдөлмөрийн харилцааны явцад ажил, үүргийн онцлог шаардлагын улмаас ажилтны эрх, эрх чөлөөг хязгаарласан бол энэ тухай үндэслэлээ нотлох үүрэгтэй гэж заасны дагуу ажил олгогч нь ажилтныг ажлаас халах тушаал гаргаж байгаа бол түүнд яагаад, ямар үндэслэлээр халж байгаагаа тодорхой дурдах ёстой. Гэтэл ЛГБТ -ын гүйцэтгэх захирал Э.Э нь 2021.09.27-ны өдрийн 21/7 дугаар Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг гаргах үндэслэл, тус тушаалд дурдагдаад буй зөрчлүүдийг миний бие хэдийд, хаана, яаж, ямар байдлаар гаргасан болох нь тодорхойгүй бөгөөд энэ талаарх нотолсон зүйлгүй байдаг. Ийнхүү миний бие тушаалын үндэслэлд дурдагдаж буй аливаа зөрчлийг хэрхэн яаж гаргасан, байгууллагын нэр хүнд, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн нь тодорхойгүй, нотлогдоогүй байхад ажлаас халсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн явдал болж байна.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлүүлж өгнө үү гэв.
Хариуцагч ЛГБТ шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн өмгөөлөгч Л.О шүүх хуралдаа гаргасан тайлбартаа: ЛГБТ нь Монгол Улсын Үндсэн хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон Монгол улсын олон улсын гэрээ, конвенцоор баталгаажсан хүний эрхийг эрхэмлэн дээдэлж, хүний эрхийг хангах, хамгаалах, хөхүүлэн дэмжих, аливаа алагчлалаас ангид байх ардчилсан иргэний нийгмийн үнэт зүйлийг Монголын нийгэмд төлөвшүүлэх, ийнхүү төлөвшүүлснээр бэлгийн цөөнх болон эрэгтэй, эмэгтэй, ижил хүйстэн, бисексуал, трансжендер хүмүүсийн эрх, эрх чөлөөг баталгаажуулах, хүний эрхийн зөрчлийг бууруулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд хувь нэмрээ оруулах, байгууллагын эрхэм зорилгод хүрэхийн тулд ижил төстэй зорилго бүхий олон улсын болон дотоодын төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын засгийн газар хоорондын байгууллагуудтай хамтран ажиллах зорилго бүхий Хүний эрхийн байгууллага болно.
Нэхэмжлэгч Ц.Ц нь 2021.03.15-ны өдрийн хөдөлмөрийн гэрээгээр ЛГБТ-ын Залуусын хөтөлбөрийн менежер албан тушаалд ажиллаж байгаад сахилгын зөрчил гаргасан тул тус ТББ-ын гүйцэтгэх захирлын 2021.09.27-ны өдрийн тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч Ц.Цгийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Ц.Цгийн гаргасан зөрчлийн талаар тодруулбал: ЛГБТ -ын сайн дурын ажилтан Д.З нь 2021.09.26-ны өдөр Хөтөлбөрийн менежер Б.Хуланруу утсаар холбогдож танай байгууллагын ажилтан Ц.Цд зодуулсан хэмээн гомдол гаргаж, энэ талаараа олон нийтийн цахим хуудсанд тавьсан, хүний эрхийн байгууллагын ажилтан хүн ийм зүйл хийх гэж хэмээн ярьж гомдол гаргасан. Б.Хулан нь ЛГБТ төвийн ажилтан ба ЛГБТ төвийг төлөөлөх бүрэн эрхтэй ба үүргийнхээ дагуу гүйцэтгэх захиралд болсон явдлыг мэдэгдсэн. Түүнчлэн Д.Зын инстаграм хуудсандаа оруулсан бусдад зодуулсан байдалтай зургийг өгсөн. Мөн Д.Зын гомдлын дагуу болсон явдлыг нүдээрээ харсан хүмүүс манай байгууллагад хандсан ба болсон явдлыг нотолж байсан.
Мөн 2021.09.27-ны өдөр Ц.Цгийн ээж ЛГБТ төв дээр Ц.Цг хайж ирсэн. Гүйцэтгэх захирал Э.Э нь Ц.Цгийн ээжтэй уулзаж ярилцсан. Ц.Цгийн ээж хэлэхдээ миний хүү Занабазарыг зодсон байна, хүүдээ их санаа зовж байна. Занабазараас цагдаад битгий өгөөч гэж би гуйж байгаа гэж мэдэгдсэн. Гүйцэтгэх захирал Э.Эгийн зүгээс Ц.Цгийн ээжийг тайвшруулж Ц.Цтай хэрхэн эвээр ярилцах талаар ээжид нь зөвлөгөө өгсөн. Айж, ичиж яваа байх битгий загнаарай, хүүгээ сайн сонсоорой. Хамгийн дотно хүнээр нь дамжуулж холбоо барихыг хичээгээрэй гэх зэргийг ээжид нь хэлсэн.
Тушаал гарсантай холбогдуулан Гүйцэтгэх захирлын зүгээс Ц.Цтай ЛГБТ дээр уулзахад Ц.Ц нь би гэмшихгүй байна, үүнийг үнэлбэл 5-аас 2-л гэмшиж байна, харин би мөрөөдлийнхөө ажлыг алдаж байгаадаа харамсаж байна гэсэн. Түүнчлэн Ц.Ц нь гүйцэтгэх захирлын тушаалыг дахин харгалзан үзэхийг хүсэж тус ТББ-ын Удирдах зөвлөлд хүсэлт гаргаж байсан. Уг хүсэлтдээ иргэн Д.Зыг хохироосон гэдгээ хүлээн зөвшөөрч дахин ийм алдаа гаргахгүй талаар дурдсан байсан.
Ц.Ц нь хүний эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий байгууллагад ажиллаж байгаагаа ухамсарлалгүйгээр өөрийн дураар авирлаж, олон нийтийн дунд хүчирхийлэл шинж бүхий үйлдэл гаргасан нь тус ТББ-ын үйл ажиллагааны чиглэл, эрхэм зорилго, үнэт зүйлд маш ихээр хохирол учруулж байгаа болно.
Нэхэмжлэгч Ц.Цд холбогдуулан манай байгууллагад нийт 3 гомдол ирсэн болно. Үүнд: 1. ЛГБТ төвийн сайн дурын ажилтан болох Д.Заас Ц.Цгийн эсрэг 2021.09.26-ны өдөр утсаар ирсэн гомдол
2. ЛГБТ төвийн Эрх зүйн хөтөлбөрийн менежер Д.Эрдэнэбүрэнгээс Ц.Цгийн эсрэг 09.27-ны өдөр бичгээр ирсэн гомдол
3. ЛГБТ төвийн Хөтөлбөрийн зохицуулагч Б.Хулангаас Ц.Цгийн эсрэг 09.27-ны өдөр бичгээр ирсэн гомдол
ЛГБТ төв нь гүйцэтгэх захирал болон 3 хөтөлбөрийн менежерийн бүрэлдэхүүнтэй буюу нийт бүтэн цагийн 4 ажилтантай, ЛГБТ төвийн оффис нийт 42 м3 буюу нэг өрөө, Ажилчдын ажлын ширээ хооронд 0-60 см-ийн зайтай. Үндсэн ажилтан болох хоёр хөтөлбөрийн менежер Ц.Цтай цаашид хамт ажиллаж чадахгүй гэсэн гомдлыг 2021.09.27-ны өдөр гүйцэтгэх захирал Э.Эд гаргасан. Дээрх хоёр гомдлын шалтгаан нь Ц.Ц нь сайн дурын ажилтан Д.Зыг ЛГБТ олон нийтийн томоохон өдөрлөг дээр хохироосонтой холбоотой. Түүнчлэн ЛГБТ төвийн эрхэм зорилгыг дээдлээгүй, түүнтэй ажиллахаас айж байна, ичиж байна хэмээсэн байсан.
Гүйцэтгэх захирал гомдлыг хүлээн авч тус тус хөтөлбөрийн менежерүүдтэй уулзаж ярилцсан. Гомдлын дагуу гүйцэтгэх захирал ажлын байрны аюулгүй байдал, багийн сэтгэл зүйн эрүүл мэнд, байгууллагын үйл ажиллагааны тогтвортой байдал, байгууллагын нэр хүнд, сайн дурын ажилтны эрх ашгийг хамгаалах, хүндлэх, ЛГБТ олон нийтийн итгэлийг алдан түүнчлэн алдсан итгэлийг эргэн сэргээх талаар харгалзаж үзсэн.
Манай байгууллагын хувьд бэлгийн болон хүйсийн цөөнхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахаар олон жилийн турш ажиллаж байгаа бөгөөд байнгын дарамт, ялгаварлан гадуурхалт дунд амьдардаг иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэдэнд итгэл төрүүлэн ажиллах нь маш хүнд байдаг билээ. Бид олон жилийн хөдөлмөрийн үр дунд олон нийтийн итгэлийг хүлээж авсан бөгөөд энэ үед тус ТББ-ын ажилтны зүгээс олон нийтийн газар бэлгийн цөөнх иргэний эрх ашгийг ноцтой зөрчиж хүчирхийлэл үйлдсэн нь бидний үйл ажиллагаа, нэр хүнд, эрхэм зорилгыг бүхэлд нь харлуулсан, халдсан үйлдэл болсон билээ. Манай байгууллага нь хүний эрхийг хамгаалагч бөгөөд аливаа байдлаар хүний эрхийг зөрчиж, хүчирхийлэл үйлдсэн этгээдтэй хамтран ажиллах боломжгүй болно гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Ц нь ЛГБТ-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасны дагуу ЛГБТ төв НҮТББ-ын гүйцэтгэх захирлын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 21/7 тоот Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг Ц.Ц гардаж аваад, 2021.10.26-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байх тул тушаалд гомдол гаргах эрхийн хугацааг хэтрүүлээгүй байна.
2. ЛГБТ-ын гүйцэтгэх захирлын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 21/7 тоот Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.1, 2.2.4, 3 дугаар зүйлийн 3.2.4.5, 3.2.4.6 дахь хэсэг, ЛГБТ төвийн Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэг, 4 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэг, 7 дугаар зүйлийн 1.4, 1.5 дах хэсгийг тус тус үндэслэн тус төвийн Залуучуудын хөтөлбөрийн менежер Ц.Цг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг 2021.09.28-ны өдрөөр тасалбар болгон ажлаас нь чөлөөлжээ. /хх-5х/
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан бөгөөд ЛГБТ нь Ц.Цг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон үндэслэлээр чөлөөлсөн гэж тайлбарласан.
Сахилгын зөрчил гаргасан эсэх талаар зохигчид маргаж байгаа тохиолдолд ажил олгогчийн зүгээс ажлаас чөлөөлсөн шийдвэрийнхээ үндэслэл буюу ажилтны гаргасан зөрчлийг нотлох үүрэгтэй байдаг.
Тушаалын үндэслэл болгосон ЛГБТ-ын Ц.Цтай 2021.06.15-ны өдөр байгуулсан 2021/03 тоот Хөдөлмөрийн гэрээний 3.2 дугаар зүйлийн 3.2.4.5-т Байгууллагын нэр хүндийг гутаах, нууцыг алдагдуулах, худал мэдээлэх зэргээр байгууллагын хууль ёсны эрх ашиг, сонирхолд нөлөөлөхөөр үр дагаврыг бий болгосон, бусдын нэр хүндийг гутаах зорилгоор гүтгэн гүжирдсэн, энэ үйлдэл нь баримтаар нотлогдож, байгууллага, ажилтны эрх ашиг, нэр хүндэд хохирол учруулсан бол гэж, 3.2.4.6-д Хуулиар хориглосон аливаа бусад үйл ажиллагаа явуулсан бол гэж тус тус заажээ. /хх-28-31х/
4. Хариуцагч ЛГБТ нь нэхэмжлэгч Ц.Цг тус төвийн сайн дурын ажилтан, бэлгийн цөөнх Д.Зыг 2021.09.26-ны орой ЛГБТ олон нийтийн өдөрлөг болж байсан газар зодож, нүүр хүзүүн тус газарт нь шарх үүсгэсэн үйлдэл нь хүний эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий байгууллагад ажиллаж байгаагаа ухамсарлалгүйгээр өөрийн дураар авирлаж, олон нийтийн дунд хүчирхийллийн шинж бүхий үйлдэл гаргасан нь тус ТББ-ын үйл ажиллагааны чиглэл, эрхэм зорилго, үнэт зүйлд маш ихээр хохирол учруулсан гэж тайлбарлаж байна.
5. Ц.Ц, Д.З нар нь хосын харилцаатай бөгөөд 2021.09.26-ны орой олон нийтийн газар хувийн хоорондын харилцаанаас муудалцаж, Ц.Ц нь Д.Зын нүүрэн тус газарт нь шарх үүсгэсэн бөгөөд Д.З дундын найз Б.Хуланруу утсаар холбогдож энэ тухайгаа ярьсан, мөн олон нийтийн цахим хуудсанд хүний эрх яриад байдаг хүн өөрөө хүний нүүр амыг ийм болтол юм хийж байдаг арчаагүй хэлэх ч үг олдохгүйн гэсэн стори тавьсан болох нь гэрч Д.Зын мэдүүлэг, инстаграмд стори оруулсан зураг, Б.Хулангийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Харин хариуцагчийн Д.З тус төвийн сайн дурын ажилтан байсан гэх болон ЛГБТ олон нийтийн өдөрлөгийн үйл ажиллагаа байсан гэх тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
6. Ц.Цгийн дээрхи үйлдлийг Хөдөлмөрийн гэрээний 3.2 дугаар зүйлийн 3.2.4.5, 3.2.4.6-т заасан ноцтой зөрчил гэж үзэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл дээрхи үйлдлийг байгууллагын нэр хүндийг гутаах, нууцыг алдагдуулах, худал мэдээлэх зэргээр байгууллагын хууль ёсны эрх ашиг, сонирхолд нөлөөлөхөөр үр дагаврыг бий болгосон гэж үзэх боломжгүй байна.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан "ноцтой зөрчил" гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байдаг бөгөөд Ц.Цгийн дээрхи үйлдлийг ажил үүрэгтэй нь холбоотой гэж үзэх үндэслэлгүй, харин хосын харилцаатай нь холбоотой хувийн шинжтэй байна.
7. Иймд хариуцагч ЛГБТ нь нэхэмжлэгч Ц.Цг Хөдөлмөрийн гэрээний 3.2 дугаар зүйлийн 3.2.4.5, 3.2.4.6-д заасан ноцтой зөрчлийг гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Ц.Цг тус төвийн Залуучуудын хөтөлбөрийн менежерийн ажилд нь эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ийн дагуу нэхэмжлэгч Ц.Цгийн сарын дундаж цалинг тодорхойлох /2021 оны 6, 7, 8 сард тус бүр 1 600 000 төгрөг/-д Ц.Ц нь нэг сард 1 600 000 төгрөгийн цалинтай байсан болох нь цалингийн тооцооны баримт, Нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт зэргээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 78-84 хуудас/
Ажилгүй байсан хугацааг 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 4 сар 12 хоногоор тооцоход 1,600,000 х 4 сар = 6,400,000 төгрөг, 1,600,000 төгрөг : 21.5 хоног = 74,418 төгрөг, 74,418 төгрөг х 12 хоног = 893,016 төгрөг, 6,400,000 + 893,016 = 7,293,016 төгрөгийн олговорыг олгох үндэслэлтэй байна.
8. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй, 46.2-д Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Цгийн нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт нь зохих бичилт хийхийг хариуцагч ЛГБТ төв НҮТББ-д даалгах үндэслэлтэй байна.
9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.Цгийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул хариуцагчаас ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагад 70 200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 7 293 016 төгрөгөөс Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу тооцож тэмдэгтийн хураамжийг гаргуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д зааснаар нэхэмжлэгч Ц.Цг ЛГБТ-ын залуучуудын хөтөлбөрийн менежерын ажилд нь эгүүлэн тогтоож, ЛГБТ-аас 7 293 016 /долоон сая хоёр зуун ерэн гурван мянга арван зургаан/ төгрөгийг гаргуулж Ц.Цд олгож, Ц.Ц-гийн нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг ЛГБТ-д даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.Цгийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар ЛГБТ -аас 201 838 /хоёр зуун нэг мянга найман зуун гучин найман/ төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА