Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1036

 

 

     2024         9           25                                         2024/ШЦТ/1036

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж, 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал,

улсын яллагч Э.Хилчинбаатар, 

хохирогч Д.О, 

шүүгдэгч Э.Н, түүний өмгөөлөгч Г.Лувсансампил нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Н-д холбогдох эрүүгийн 2406 02482 1760 дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ***** аймгийн ******** сумад төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, “********” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ********* тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, (РД: *********).

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Н нь 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн ** хорооны нутаг дэвсгэрт байрлах ****** хогийн цэг дээр хохирогч Д.О-тэй тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж биед нь халдаж, нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь “дээд уруулын язрал, цус хуралт, дух, хэвлийд зулгаралт, дух, зулай, эрүүнд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мэдүүлэг өгөхгүй.” гэв. 

Хохирогч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр өглөөний 11 цаг 30 минутын орчимд ******* хогийн цэг дээр хог асгах гээд орсон. Хогоо асгаад зогсож байхад Наран-Оргил машинтай орж ирээд миний урд хогоо асгачхаад явах гэхэд нь би гүйж очоод “чи урд асгасан хогоо грушикт хэлээд холдуулаад өгчхөөч ээ, манай грушик  шороо аччихсан портер дээрээс буулгаж байна, энэ хүний хөдөлмөр шүү дээ зовж буулгаж байна” гэхэд юу ч ярихгүй хөдлөөд яваад өгсөн. Тэгэхээр нь би уурандаа хатсан шавар аваад шидсэн чинь машиныг нь оносон. Тэгээд бид хоёр маргалдаад зогсож байхад Э.Н намайг ухаан алдтал цохиж унагаасан.” гэв. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар

Хохирогч Д.О-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Баянзүрх дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* хогийн цэг дээр хог асгах зорилгоор ачигч Ц-ын хамт явж байсан. …******* хогийн цэгийн төв хэсгээс баруун урагш чиглэлтэй дохиочны заасан газарт хог асгаад байж байхад хажууд ногоон алаг өнгийн 120 маркын шахдаг машин ирээд миний машиний урд хог асгаад хөдлөөд явах гэхээр нь би бууж очоод жолооч залууд нь чи наад хогоо холдуулаад өгчөөч гэсэн чинь намайг үл тоогоод хөдлөөд яваад өгхөөр нь миний уур хүрээд газарт байсан хатсан шавар аваад шидээд машин дээр нь онсон чинь жолооч нь гэх залуу уурлаж бууж ирээд халз өөдөөс харж байгаад баруун гараараа 1-2 удаа цохисон тэгээд би ухаан алдаж унаад сэрхэд миний хажууд ачигч Ц дохиочны хамт байсан давааны эцэс дээр очоод эмнэлэгт үзүүлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дүгээр хуудас), 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 4860 дугаар: “1. Д.О-гийн биед дээд уруулд язрал, цус хуралт, дух, хэвлийд зулгаралт, дух, зулай, эрүүнд  зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн Хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 38-40 дүгээр хуудас),

Гэрч Э.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 04 дүгээр сарын 08 өдөр 12 цагийн орчимд би төрсөн ах Н-той камт 29-38 дугаартай /сер дугаар тодорхой мэдэхгүй байна гэх/ ногоон канттай цагаан өнгийн хог шахдаг машинтай ********* хогийн цэг дээр хог асгах гэж очоод тухайн хогийн талбай чиглүүлэгчийн заасан газарт хогоо асгаад хөдлөх гэж байтал хажуу талд Бонго машинтай адилхан хог асгаад явж байсан машинаас үл таних махлагдуу, шар царайтай залуу ирээд энэ хогоо замаас минь холдуул гээд уурлаад цохиж авчих гээд байсан чинь манай ах Н машин дотроос юу болсон бэ гээд орилтол ах руу гүйж очоод ахтай маргалдаад зогсож байсан удалгүй би машины ар талын хэсгийг хаагаад машиндаа очоод ахтай цуг хөдлөөд явтал ардаас тухайн маргалдаж байсан хүн чулуу шидээд чулуу нь машин дотор орж ирсэн чинь ах уурлаад буугаад очтол тухайн залуу ахтай маргалдаад зууралдаад ахыг нэг удаа цохиод ах зөрүүлээд баруун гараараа тухайн хүний нүүр шанаа хэсэгрүү 2 удаа цохиж харагдсан тэгээд би буугаад очих үед тухайн хүн газар муужираад унасан байдалтай хэвтэж байсан удалгүй тэдний ачигч ирээд цагдаа дуудан гээд бид нар хогийн цэгээс гарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас),

Гэрч Б.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 04 дүгээр сарын 08 өдөр би ******** хогийн цэг дээр өглөө 07 цагт очоод ажилаа хийгээд байж байсан өдөр 11 цагийн орчимд хогийн цэгийн төв цэгээс баруун урагшаа чиглэлтэй талбай дээр ажиллаж байхад миний хажуу талд цагаан өнгийн Портер машин ирээд хог буулгаж байсан хажуухан талд нь миний зүс таних О гэх залуу ногоон алаг өнгийн хог шахдаг машинтай ирээд тухайн цагаан портер машины явах зам дагуу хогоо буулгасан юм тэгээд тухайн портерийн жолооч очоод О гэх залуутай зам хаасан гэж маргалдаж байсан удалгүй О машинтайгаа хөдлөөд явсан чинь ар талаас нь чулуу шидээд машиныг нь оносон чинь О зогсоод бууж ирээд тухайн залууг баруун гараараа нүүр, толгой хэсэгт нь 2 удаа цохисон чинь нөгөө залуу ухаан алдсан бололтой цохисон даруйд газар луу жингээрээ унаад босож ирэхгүй байсан тэгээд би портерийн ачигч хийж байсан залуугийн хамт очоод харахад хамар хэсгээс нь цус гарсан байдалтай 10-15 минут орчим ухаан алдаж хэвтсэн тэгээд босоод толгой их өвдөж байна гээд ачигч нь машиныг нь бариад эмнэлэг, цагдаа дуудаад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-53 дугаар хуудас),

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 7 дугаар хуудас),

Хохиролтой холбоотой баримт (хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас), 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 54 дүгээр хуудас),  

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 55 дугаар хуудас), 

Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 74 дүгээр хуудас), 

“*********” ХХК-д Э.Н ажилдаг бөгөөд сарын цалин 2.000.000 төгрөг гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 91 дүгээр хуудас), ЭМДСанд 782.362 төгрөгийг төлсөн гэх хуулгын хуулбар (нэг хуудас) зэргийг шинжлэн судалсан болно. 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна. 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв. 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч Э.Н нь 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагаан давааны хогийн цэг дээр хохирогч Д.О-тэй тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж биед нь халдаж, нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь “дээд уруулын язрал, цус хуралт, дух, хэвлийд зулгаралт, дух, зулай, эрүүнд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно. 

Үйл баримтын талаарх дүгнэлт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Э.Н нь 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн ** хорооны нутаг дэвсгэрт байрлах ******** хогийн цэг дээр хохирогч Д.О-тэй тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж биед нь халдаж, нүүрэн тус газарт нь цохиж гэмтэл учруулсан байна. 

Хохирогч Д.О-д Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 4860 дугаар дүгнэлтээр “дээд уруулд язрал, цус хуралт, дух, хэвлийд зулгаралт, дух, зулай, эрүүнд  зөөлөн эдийн няцрал” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

Эрх зүйн дүгнэлт 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог. 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Э.Н-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан. 

Шүүгдэгч Э.Н нь хохирогч Д.О-г цохиж түүний Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. 

Хохирогч Д.О-д Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 4860 дугаар дүгнэлтээр “дээд уруулд язрал, цус хуралт, дух, хэвлийд зулгаралт, дух, зулай, эрүүнд  зөөлөн эдийн няцрал” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. 

Шүүгдэгч Э.Н нь хохирогчийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна. 

Иймд шүүгдэгч Э.Н-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан. 

Хохирогч Д.О-д 1.252.362 төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын санд 782.362 төгрөгийг тус тус шүүгдэгч Э.Н төлсөн байна.  

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дэх хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.” гэж,

мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана.” гэж тус тус заасан.

 

Шүүгдэгч Э.Н-оос хохирогчийн сэтгэцэд учирсан хохиролд 3.300.000 төгрөгийг гаргуулан хохирогчод олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н нь хохирлыг төлөхөөр шүүх хуралдааныг ажлын 5 хоног завсарлуулах хүсэлт гаргасан ба уг хугацаанд 1.000.000 төгрөгийг төлсөн болохын дурдав.

Мөн хохирогч Д.О нь өөрт учирсан хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, 

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо. 

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар торгох ял биелүүлэх хугацааг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна.” гэх, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч нь тохиолдлын шинжтэй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Хохирогчийн зүй бус үйлдлээс болж гэмт хэрэг гарсан гэх нөхцөл байдлууд байна. Миний үйлчлүүлэг хийсэн хэрэгтээ гэмши байгаа бөгөөд өөрийн үйлдлээс болж хохирогчид гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч хэргийг хялыаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаарх хүсэлтээ прокурорт гаргасан. Энэ талаар хавтаст хэргийн 97 дугаар хуудаст байгаа. Хэргийн материалд авагдсан нотлох баримтын хүрээнд учирсан хохирлыг өөрийн сайн дураар төлж барагдуулсан. Харин стэгэл санааны хохирлыг шүүхээс тогтоосон хэмжээгээр төлөхөө илэрхийлж байна. Цаашид дахин гэмт хэрэгт холбогдохгүй, энэ хэргээс их зүйл ойлгож ухаарсан гэсэн. Улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын саналыг хүлээн зөвшөөрч банйа. Минйи үйлчлүүлэгч ажлын газрын тодорхойлолтоо мөрдөгчид гаргаж өгсөн байдаг бөгөөд хавтатс хэргийн 91 дүгээр хуудаст авагдсан байгаа. 2.000.000 төгрөгийн цалин авдаг болохоо шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан байдаг. Шүүхээс миний үйлчлүүлэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ сүлжээгүй газар болон 2-3 дүүрэг дамнан ажил үүргээ гүйцэтгэдэг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торго ял оногдуулж өгнө үү.” гэх дүгнэлтийг гаргасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заасан.

Шүүгдэгч Э.Н-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчид дээд уруулд язрал, цус хуралт, дух, хэвлийд зулгаралт, дух, зулай, эрүүнд  зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан, хохирогчид 1.000.000 төгрөгийг төлсөн, “******” ХХК-д жолооч ажилтай хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч Э.Н нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна. 

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Э.Н-д урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Э.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Э.Н нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-д зааснаар шүүгдэгч Э.Н-оос 2.300.000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.О-д олгосугай.

 

5. Хохирогч Д.О нь өөрт учирсан хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.О-д 1.000.000 төгрөг төлсөн, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Э.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.




 

              ДАРГАЛАГЧ 

ШҮҮГЧ          М.ТҮМЭННАСТ