| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилсүрэнгийн Оюунтуяа |
| Хэргийн индекс | 181/2021/03051/И |
| Дугаар | 181/ШШ2022/00197 |
| Огноо | 2022-02-14 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 181/ШШ2022/00197
2022 02 14 181/ШШ2022/00197
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: байрлах, ТК ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: оршин суух, Б.У ,
Хариуцагч: оршин суух, БГ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 14 697 014 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Амарбаясгалан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ТК ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Б.У, хамтран зээлдэгч Б.Г нар нь 2018.02.15-ны өдөр манай банк бус санхүүгийн байгууллагатай 048021120020 тоот Бизнесийн лизингийн зээлийн болон барьцааны гэрээг байгуулан 9 780 000 төгрөгийг сарын 2.95 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож Toyota prius маркийн суудлын автомашин болон бусад хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан.
Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох гэрээний харилцаа мөн Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан барьцааны гэрээний харилцаа тус тус үүссэн.
Зээлдэгч нар нь 2021.09.20-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 2 300 375 төгрөг, хүүнд 4 078 930 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 104 595 төгрөг, нийт 6 483 900 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч нарыг гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж энэ тухай шаардлага, мэдэгдлийг хэд хэдэн удаа хүргүүлсэн ч үр дүн гараагүй. Иргэний хуулийн 451.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь дараах мөнгөн дүнг хариуцагч нараас нэхэмжлэх эрхтэй байна.
2021.09.20-ны өдрийн байдлаар зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл нь: үндсэн зээлийн төлбөрт 7 479 625 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 6 011 574 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1 202 315 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой гарсан зардал 3 500 төгрөг, нийт 14 697 014 төгрөгийг зээлдэгч Б.У, Б.Г нараас гаргуулж, хариуцагч нар нь үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны гэрээний зүйл болох Toyota prius маркийн автомашин болон барьцааны гэрээнд тусгагдсан бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.У, Б.Г нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.У, Б.Г нар ТК ББСБ ХХК -аас 9 780 000 төгрөгийг 30 сарын хугацаатай зээлээд 7 983 000 төгрөг төлсөн байгаа. Одоо 1 796 100 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэл болон үндсэн зээлийн үлдэгдэлээс тооцоолсон хүүгийн үлдэгдэл байгаа. Гэтэл нэхэмжлэгч төлсөн мөнгөний дийлэнх буюу 5 078 930 төгрөгийг үндсэн зээлээс хасахгүй, хүүнд тооцож авч байгаа нь Банкны тухай хууль тогтоомж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ гэсэн заалтыг зөрчсөн хэрэг юм. Түүнчлэн Иргэний хуулийн 216.4-д Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэсэн заалтаас давсан нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрийн ямар тавилга барьцаалсан нь тодорхойгүй тул уг тавилга байгаа эсэхийг мэдэхгүй. Мөн би 1 500 000 төгрөг зээлд төлсөн баримтаа олохгүй байна гэв.
Нотлох баримт: нэхэмжлэгч талаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 048021120020 тоот Бизнесийн лизингийн зээлийн болон барьцааны гэрээ-2х, мөн өдрийн 048021120020 тоот Барьцааны гэрээ-2х, зээл хүүгийн тооцоо, зээлийн дансны хуулга, Үүрэг гүйцэтгэхийг шаардах тухай мэдэгдэх хуудас, Барьцаа хөрөнгө хураан авах тухай мэдэгдэх хуудас-2ш, Барьцаа хөрөнгө хадгалалт, хамгаалалтанд авах тухай мэдэгдэх хуудас, Шүүхэд шилжүүлэх тухай мэдэгдэх хуудас, Г.Д-ын зээлийн төлбөр төлөх тухай хүсэлт, нотариатын мөнгөний тасалбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн, хариуцагч талаас шүүхэд нотлох баримт гаргаагүй, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ТК ББСБ ХХК нь хариуцагч Б.У, Б.Г нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14 697 014 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч нарыг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, зээлийн гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр дээрхи нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн төлбөрт төлсөн бүх мөнгийг үндсэн зээлээс хасуулж, үлдэх үндсэн зээлийг хүүгийн хамт төлөх, 1 500 000 төгрөг төлснийг тооцооноос хасуулах, барьцааны эд зүйл болох гэрийн тавилга тодорхойгүй, бодитоор байгаа эсэхийг мэдэхгүй гэж маргаж байна.
1. ТК ББСБ ХХК нь Б.У, Б.Г нартай 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 048021120020 тоот Бизнесийн лизингийн зээлийн болон барьцааны гэрээ, мөн өдрийн 048021120020 тоот Барьцааны гэрээ зэргийг бичгээр байгуулж, 9 780 000 төгрөгийг, сарын 2.95 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, автомашины лизингийн зориулалтаар зээлдүүлэх, зээлдэгч Б.У, Б.Г нар нь зээлийн үндсэн төлбөр болон хүүг сар бүр зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар 2010 онд үйлдвэрлэгдсэн, сувдан цагаан өнгөтэй, ZVW30-1298233 арлын дугаартай, 3**** УБ* улсын дугаартай, Toyota prius маркийн автомашин, зурагт хөргөгч, угаалгын машин, оёдлын машин, бусад гэрийн эд хогшил зэргийг барьцаалжээ. /хх-7-10х/
Зээлийн гэрээ нь агуулга, зорилго болон талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллийн хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний зохицуулалтад нийцсэн. Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д заасан шаардлага хангасан байна. Тус гэрээнүүд нь субъект, субъектив тал болон агуулга, хэлбэрийн хувьд хуульд нийцсэн хүчин төгөлдөр байна.
2. Зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.
а/ Бизнесийн лизингийн зээлийн болон барьцааны гэрээ-ний 1.1.4-т зээл олгох хэлбэр: бэлэн бус гэсний дагуу зээлдэгчид 9 780 000 төгрөгийг олгож, зээлдүүлэгч гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн талаар зохигч маргаагүй.
б/ Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж зохицуулсан.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.1.7-д Зээлдэгч Зээл буцаан төлөх хуваарь-ийн дагуу ББСБ-ыг аль ч банкны харилцах дансруу бэлэн бусаар төлөхөөс гадна бэлнээр төлнө гэж, Зээл буцаан төлөх хуваарь-т Зээлийн төлбөрийг сар бүр 16-нд 500 000 төгрөгөөр төлөхөөр харилцан тохиролцжээ.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-д Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасны дагуу гэрээний 1.1.10-д Нэмэгдүүлсэн хүү: Зээлийн хүүгийн 20 /хорин/ хувь байна. Нэмэгдүүлсэн хүүг Зээл буцаан төлөх хуваарь-ийн дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс тооцно гэж, мөн 1.1.9-д зааснаар гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэг хүлээжээ.
Иймээс нэхэмжлэгч нь дээрх гэрээнд заасан хэмжээнд зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн /1995 оны/ 24 дүгээр зүйлийн 3, талуудын хооронд байгуулсан барьцаат зээлийн гэрээний 5.1.10-т тус тус заасны дагуу шаардах эрхтэй байна.
Хариуцагч Б.У, Б.Г нар нь 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 2 300 375 төгрөг, хүүнд 4 078 930 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 104 595 төгрөг нийт 6 483 900 төгрөгийг төлсөн болох нь зээлийн дансны хуулгаар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дашдулам нь 2019 оны 09, 10 сарын үед 1 500 000 төгрөг төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул 1 500 000 төгрөгийг төлсөн гэж үзэх боломжгүй байна.
3. Бизнесийн лизингийн зээлийн болон барьцааны гэрээ-гээр хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсон тул хариуцагч Б.У, Б.Г нар нь зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцах үүрэгтэй.
Зээлдэгч Б.У, Б.Г нар нь зээлийн төлбөрийг Зээл буцаан төлөх хуваарь-ийн дагуу төлөх үүргээ удаа дараа зөрчсөн, мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй болох нь зээлийн дансны хуулга, үүрэг гүйцэтгэхийг шаардах тухай мэдэгдэх хуудас, барьцаа хөрөнгө хураан авах тухай мэдэгдэх хуудас, барьцаа хөрөнгө хадгалалт, хамгаалалтанд авах тухай мэдэгдэх хуудас, шүүхэд шилжүүлэх тухай мэдэгдэх хуудас, Г.Дашдуламын зээлийн төлбөр төлөх тухай хүсэлт зэргээр тогтоогдож байна. /хх-15-20х/
4. Зээлийн гэрээний 4.2, 4.2.1, 4.2.5-д зааснаар зээлдэгч гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, зээлдэгчийн төлбөрийн чадвар нь доройтсон буюу чадваргүй болсон тохиолдолд Банк нь санаачлан гэрээг цуцалж, зээлийн нийт төлбөрийг төлөхийг шаардахаар заасан байх бөгөөд зээлдэгч Б.У, Б.Г нар нь Зээл буцаан төлөх хуваарь-ийг зөрчиж, 2019 оны 09 сараас хойш зээлийн төлөлт хийгээгүй байх тул зээлийн гэрээг цуцлах үндэслэл бүрдсэн байна.
Зээлийн гэрээг цуцлаж, зээлийн төлбөрийг буцаан шаардах нь зээлдүүлэгчийн эрхийн асуудал мөн боловч зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар, эрхээ хэрэгжүүлэхдээ шударга байх зарчмыг баримтлах үүрэгтэй.
Нэхэмжлэгч ТК ББСБ ХХК нь зээлдэгч нараас зээлийн төлбөрийг шаардсан боловч зээлдэгч нар зээлийн төлбөрийг төлөх хугацааг хойшлуулж байсан гэдгийг нотлоогүй тул зээлийн төлбөрийг шаардах эрхээ шударгаар хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэгч ТК ББСБ ХХК -ийг гэрээний дагуу хариуцлага хүлээлгэх аргыг хэрэгжүүлэх эрхгүй гэж үзэн нэмэгдүүлсэн хүү болох 1 202 315 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох үндэслэлтэй байна.
5. Шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотойгоор баримт бичгийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн зардал буюу нотариатын үйлчилгээний төлбөр нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасанд хамааралгүй тул нэхэмжлэгчийн 3 500 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. /хх-21х/
6. Талууд Бизнесийн лизингийн зээлийн болон барьцааны гэрээ-ний 1.1.13-д Зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийн дарааллаар төлүүлнэ гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасантай нийцсэн байна.
Харин Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-д заасан нөхцөл талуудын дээрхи тохиролцоонд хамааралгүй тул хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн төлбөрийг хүүнд тооцож авсан нь хуульд нийцээгүй тул төлсөн бүх мөнгийг үндсэн зээлээс хасуулж, үлдэх мөнгийг хүүгийн хамт төлнө гэх тайлбар үндэслэлгүй байна.
Хариуцагч Б.У, Б.Г нар нь 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээл 7 479 625 төгрөг, зээлийн хүү 6 011 574 төгрөгийг төлөөгүй болох нь хэрэгт авагдсан Бизнесийн лизингийн зээлийн болон барьцааны гэрээ, зээлийн дансны хуулга, зээл, хүүгийн тооцоо /хх-7-8, 13-14х/ зэргээр тогтоогдож байх тул хариуцагч нараас 13 491 199 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ТК ББСБ ХХК -д олгох хууль зүйн үндэслэлтэй байна.
7. Зээлдэгч Б.У, Б.Г нар нь зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тул 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 048021120020 тоот Бизнесийн лизингийн зээлийн болон барьцааны гэрээний дагуу зээлдүүлэгч буюу барьцаалагч тал Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.3 дахь хэсэгт заасны дагуу хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй байна.
Иймд Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д заасны дагуу барьцааны зүйл болох 2010 онд үйлдвэрлэгдсэн, ZVW30-1298233 арлын дугаартай, сувдан цагаан өнгөтэй, Toyota prius маркийн, 3**** УБ* улсын дугаартай автомашиныг албадан худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
8. Харин 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 048021120020 тоот Барьцааны гэрээ-гээр зурагт, хөргөгч, угаалгын машин, оёдлын машин, бусад гэрийн эд хогшил зэргийг барьцаалсан боловч барьцааны зүйлийг нэг бүрийн шинжээр тодорхойлоогүй, барьцааны баталгаажилт хийгдээгүй байна. Иймд эдгээр гэрийн тавилгыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг хангагдаж байгаа тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч нараар төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар Б.У, Б.Г нараас 13 491 199 /арван гурван сая дөрвөн зуун ерэн нэгэн мянга нэг зуун ерэн есөн/ төгрөгийг гаргуулж ТК ББСБ ХХК -д олгож, нэхэмжлэлээс 1 205 815 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д зааснаар хариуцагч Б.У, Б.Г нар нь зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох 2010 онд үйлдвэрлэгдсэн, ZVW30-1298233 арлын дугаартай, сувдан цагаан өнгөтэй, Toyota prius маркийн, 3**** УБ* улсын дугаартай автомашиныг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангаж,
нэхэмжлэлийн зурагт, хөргөгч, угаалгын машин, оёдлын машин, бусад гэрийн эд хогшил зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч ТК ББСБ ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 301 636 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.У, Б.Г нараас 293 150 /хоёр зуун ерэн гурван мянга нэг зуун тавин/ төгрөгийг гаргуулж ТК ББСБ ХХК -д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н. ОЮУНТУЯА