| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилсүрэнгийн Оюунтуяа |
| Хэргийн индекс | 181/2021/03771/И |
| Дугаар | 181/ШШ2022/00271 |
| Огноо | 2022-02-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 181/ШШ2022/00271
2022 02 21 181/ШШ2022/00271
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: байрлах, ГБ ХХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: оршин суух, Б.Э-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 13,978,484 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Амарбаясгалан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ГБ ХХК -ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Б.Э нь тус банктай 2014.05.02-ны өдөр ЗГ1905027116 тоот Зээл болон Барьцааны гэрээ байгуулан 3 000 000 төгрөгийг жилийн 20.40 хувийн хүүтэйгээр 18 сарын хугацаатай цалингийн зээл авсан. Зээлээ хуваарийн дагуу төлж байгаад 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ЗГ1905027116 тоот Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ-г байгуулж нэмж 1 500 000 төгрөгийг, дараа нь 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ЗГ1905027116 тоот Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ-г байгуулж, нэмж 6 000 000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн цалингийн зээл авсан.
Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ сайн дураар өнөөдрийг хүртэл биелүүлээгүй банкийг хохироож байна.
Зээлдэгчийн ЗГ1905027116 тоот цалингийн зээлийн гэрээний дагуу 2021.10.26-ны өдрийн байдлаар үлдэгдэл төлбөрийг тооцоход үндсэн зээл 6,165,905 төгрөг, үндсэн хүү 6,989,670 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 822,908 төгрөг нийт 13,978,484 болж байна.
Иймд хариуцагч Б.Эаас 13,978,484 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Эрдэнбат шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2016.03.25-ны өдөр ажлаасаа гэнэт халагдаж улмаар сэтгэл зүй болон амьдралын хэв маяг өөрчлөгдсөн байсан. Тухайн үед 2016 оны 01 сард би Голомт банкнаас цалингийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 4 500 000 төгрөг авч нийт зээл маань 6 000 000 болсон. Ингээд зээл төлөх боломжгүй болж 2016 оны 12 сар хүртэл гэртээ суусан. Удалгүй хувийн сувилалд орон тооны бус ажилтнаар орж, 07 сарын дараа мөн ажлаасаа хувийн хүсэлтээр гарсан том охин 2017 оны 08 сард СЭЗИС-д тэнцэж суралцах болсон. Жилийн төлбөр 3 500 000-7 000 000 болж, мөнгө болон санхүүгийн хямралд орсон. Улмаар 2018 оны 03 сард Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт шалгалт өгч тэнцэн ажиллаж эхэлсэн. Хүүхдийн сургалтын төлбөр болох мөнгийг ах дүүс болон хувийн машинаа зарж төлбөрийг хийж байсан. 2 курсийн төлбөр болох 3 400 000 төгрөг үлдэгдэл оюутны хөгжлийн санд одоог хүртэл өртэй хэвээрээ байгаа тул ганцаараа ажилтай надад маш хүнд хямралтай хэцүү байна. Миний хүсэлт бол үндсэн зээл буюу монгол банкны өрийн дансанд 6 000 000 төгрөг үлдэгдэл болох мөнгийг ирэх онд ба 2022 ондоо багтааж төлж чадна гэж бодож байна. Төлбөрийг барагдуулна гэжээ.
Нотлох баримт: нэхэмжлэгч талаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн ЗГ1905027116 тоот Зээлийн болон барьцааны гэрээ, 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ЗГ1905027116 тоот Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, зээл хүү тооцооллын хүснэгт, итгэмжлэлүүд зэргийг шүүхэд гаргаж өгсөн, хариуцагч талаас шүүхэд нотлох баримт гаргаагүй, шүүхийн журмаар 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ЗГ1905027116 тоот Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, нэмэлт цалингийн зээлийн хүсэлтүүд, зээл олгосон баримтыг нэхэмжлэгч талаас нотлох баримтаар бүрдүүлсэн болно.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ГБ ХХК нь Б.Эад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13,978,484 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:
Нэхэмжлэгч нь хариуцагчийг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, зээлийн гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр дээрхи нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажлаасаа гарч зээлийг төлөх боломжгүй болсон, мөн сургалтын төлбөрүүд төлж санхүүгийн чадваргүй болсон тул үндсэн зээл буюу монгол банкны өрийн дансанд харагдаж байгаа 6 000 000 төгрөгийг 2022 онд барагдуулах боломжтой гэж тайлбарлаж байна.
1. ГБ ХХК, Б.Э нар нь 2014.05.02-ны өдөр ЗГ1905027116 тоот Зээл болон Барьцааны гэрээ байгуулж, 3 000 000 төгрөгийг, жилийн 20.40 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлдүүлж, зээлийг хуваарийн дагуу төлж байгаад 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ЗГ1905027116 тоот Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ-г байгуулж, 1 500 000 төгрөгийг, 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ЗГ1905027116 тоот Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ-г байгуулж, 6 000 000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж, зээлийг хүүгийн хамт Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу төлөхөөр тохиролцжээ. /хавтаст хэргийн 5-9, 47 хуудас/
Зээлийн гэрээ нь агуулга, зорилго болон талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллийн хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний зохицуулалтад нийцсэн байна. Тус гэрээнүүд нь субъект, субъектив тал болон агуулга, хэлбэрийн хувьд хуульд нийцсэн хүчин төгөлдөр байна.
2. Банкнаас зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.
а/ 2014.05.02-ны өдрийн Зээл болон Барьцааны гэрээ-ний 2.1.3-т зээлдэгчийн зээл авах дебит картны харилцах данс 1909063454 гэсний дагуу зээлийн шимтгэл 1%-ийг суутгаж, зээлдэгчид зээл 3 000 000 төгрөгийг олгосон талаар зохигч маргаагүй.
Харин зээлдэгч Б.Э нь 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 4 500 000 төгрөгийг нэмж зээлсэн гэж тайлбарласан боловч зээлдэгч Б.Эын Голомт банкны 1909063454 тоот дансанд 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 1,485,000 төгрөгийн орлого Зээл олгов ЗГ1905027116 гэсэн утгатайгаар, 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 5,940,000 төгрөгийн орлого Зээл олгов ЗГ1905027116 гэсэн утгатайгаар тус тус хийгдсэн байх тул 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ЗГ1905027116 тоот Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ-ний 1 500 000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ЗГ1905027116 тоот Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ-ний 6 000 000 төгрөгийг зээлдүүлэгч ГБ ХХК-иас олгосон гэж үзэх үндэслэлтэй байна.
б/ Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж зохицуулсан.
Талуудын хооронд байгуулсан 2014.05.02-ны өдрийн ЗГ1905027116 тоот Зээл болон Барьцааны гэрээ-ний 2.4-д зээлдэгч Хавсралт №1-д заасан графикт хугацааг чанд баримтлах, зээл хүүний төлбөрийг хэсэгчлэн төлөх-өөр, мөн 2015.07.08-ны өдрийн Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2016.01.26-ны өдрийн Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ зэргийн 2.8-д Зээлдэгч нь зээл, түүний хүүг энэхүү гэрээний Хавсралт №1-д заасан хугацаанд төлөх-өөр тус тус тохиролцжээ.
Мөн Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-д Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасны дагуу гэрээний 2.5-д зээлдэгч гэрээний Хавсралт №1-д заасан хугацаанд зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй бол зээл төлөгдөх хуваарьт өдрийн дараахи өдрөөс эхлэн энэхүү гэрээний 2.1.1-д заасан хүүг үргэлжлүүлэн төлөөхөөс гадна үндсэн хүүгийн 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг зээлийн эргэн төлөх графикт хугацаанд нийцүүлэх хүртэл хугацаанд төлөхөөр талууд тохиролцов гэж нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэг хүлээжээ.
Хариуцагч Б.Э нь 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 4,344,094.25 төгрөг, хүүнд 1,401,544.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3,099.01 төгрөг нийт 5,738,737.84 төгрөгийг төлж, үлдэгдэл үндсэн зээл 6,165,905.75 төгрөгийг төлөөгүй болох нь зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна.
3. Иймээс нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн /1995 оны/ 24 дүгээр зүйлийн 3, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнүүдийн 2.4, 2.5, 2.8-д тус тус заасны дагуу үлдэгдэл үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна.
Зээлдэгч Б.Э нь зээлийн төлбөрийг гэрээний Хавсралт №1-д заасан Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу төлөх үүргээ удаа дараа зөрчсөн, мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй нэхэмжлэгч тал тайлбарлаж байгаа боловч энэ талаар нотлох баримт гаргаагүй.
4. 2014.05.02-ны өдрийн Зээл болон Барьцааны гэрээ-ний 3.3.3-д зааснаар зээлдэгч гэрээний дагуу төлөх ёстой зээл, зээлийн хүүг гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд Банк өөрийн санаачлагаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудна заасан байх бөгөөд зээлдэгч Б.Э нь Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийг зөрчиж, 2016 оны 08 сараас хойш зээлийн төлөлт хийгээгүй байх тул зээлийн гэрээг цуцлах үндэслэл бүрдсэн байна.
Зээлийн гэрээг цуцлаж, зээлийн төлбөрийг буцаан шаардах нь зээлдүүлэгчийн эрхийн асуудал мөн боловч зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар, эрхээ хэрэгжүүлэхдээ шударга байх зарчмыг баримтлах үүрэгтэй.
Нэхэмжлэгч ГБ ХХК нь зээлдэгчээс зээлийн төлбөрийг шаардсан боловч зээлдэгч нар зээлийн төлбөрийг төлөх хугацааг хойшлуулж байсан гэдгийг нотлоогүй тул зээлийн төлбөрийг шаардах эрхээ шударгаар хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэгч ГБ ХХК-ийг гэрээний дагуу хариуцлага хүлээлгэх аргыг хэрэгжүүлэх эрхгүй гэж үзэн нэмэгдүүлсэн хүү болох 822,908.44 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох үндэслэлтэй байна.
5. Хариуцагч Б.Э нь 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар үндсэн зээл 6,165,905.75 төгрөг, үндсэн хүү 6,989,670.18 төгрөгийг төлөөгүй болох нь хэрэгт авагдсан Б.Эын зээлийн дансны хуулга, хүүгийн тооцооллын хүснэгт /хх-10-13х/-ээр тогтоогдож байх тул хариуцагчаас 13,155,575.93 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ГБ ХХК-д олгох хууль зүйн үндэслэлтэй байна.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг хангагдаж байгаа тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Эаас 13,155,575.93 /арван гурван сая нэг зуун тавин таван мянга таван зуун далан таван төгрөг ерэн гурван мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ГБ ХХК -д олгож, нэхэмжлэлээс 822,908.44 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ГБ ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227 843 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Эаас 223 728 /хоёр зуун хорин гурван мянга долоон зуун хорин найман/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ГБ ХХК -д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА