Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилсүрэнгийн Оюунтуяа |
Хэргийн индекс | 181/2021/01687/И |
Дугаар | 181/ШШ2022/00272 |
Огноо | 2022-02-21 |
Маргааны төрөл | Даатгал, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 181/ШШ2022/00272
2022 02 21 181/ШШ2022/00272
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: оршин суух, Н.С-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: байрлах, МД ХК-д холбогдох,
Даатгалын нөхөн төлбөрт 39 986 776 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ул, Г.С, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Амарбаясгалан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өөрийн нөхөр болох Ш.Бтай 2016.04.12-ны өдөр ГБ ХХК-тай орон сууцны зээлийн гэрээ болон ипотекийн гэрээ байгуулан ХУД-********************3 өрөө орон сууцыг зээлээр авсан юм. Уг зээлийг авахдаа МД ХХК-тай ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ байгуулсан байдаг. Мөн одоог хүртэл даатгалын гэрээний дагуу сар бүр хураамж төлдөг.
Н.С миний нөхөр болох Ш.Б нь 2020.07.14-ний өдөр “тархины цус хомсрох хавсралт” гэх өвчний улмаас харамсалтайгаар хорвоогоос хальж бидэнд нөхөж баршгүй хүнд хохирол учирсан билээ. Тиймээс МД ХХК-д зээлийн баталгаа болгон амь насны даатгалд даатгуулсан байсан учраас нөхөр Ш.Бг нас барсны дараа амь насны даатгалын нөхөн төлбөр авахаар хүсэлт гаргасан боловч даатгалын нөхөн төлбөр олгох боломжгүй гэх хариуг надад өгсөн. Ингээд миний бие уг хариуг авсны дараа Санхүүгийн зохицуулах хороонд хандахад нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй гэж үзсэн байдаг. Үүний дагуу МД ХХК-д дахин хандахад хуулийн байгууллагад ханд, манай байгууллага хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэсэн хариуг өгсөн тул арга буюу танай шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Миний нөхөр Ш.Б нь нас барахаасаа өмнө ямар нэгэн архаг хууч өвчингүй, эмч эмнэлэгийн хяналтад байдаггүй байсан. 2020.07.14-ний өдөр гэнэтийн байдлаар нас барсан. Иймд нөхрийг минь нас барсан үйл баримтыг харгалзан үзэж холбогдох хууль болон гэрээнд заасны дагуу даатгалын нөхөн төлбөр болох 39 986 776 төгрөгийг МД ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч МД ХХК нь шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, Г.С нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээний 13005103521 тоот нөхөн төлбөр олгох хүсэлт, түүнд холбогдох материалуудыг судлаад дараах шийдвэрүүдийг гаргасан байна. Үүнд:
Даатгуулагч Ш.Б нь 2020.07.14-ний өдөр нас барсны улмаас Голомт банкин дахь зээлийн үлдэгдэлд нөхөн төлбөр олгох хүсэлтийг 2020.09.09-ний өдөр ирүүлснийг судлаад гэнэтийн ослын улмаас хохирол учраагүй тул нөхөн төлбөр олгох боломжгүй гэж үзсэн. Учир нь бидэнд ирүүлсэн материалаас үзэхэд анх 2020.07.13-ны өдөр гэртээ ганцаараа байх үедээ цус харвасны улмаас эмнэлэгт хүргэгдэн эмчилгээ хийлгэж байгаад 1 хоногийн дараа нас барсан байна.
2020.07.13-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд ухаангүй хүргэгдэн, КТГ, ЭХО шинжилгээ хийлгэхэд шинжилгээний хариу нь Гэмтлийн гаралтай бус гэж оношлогдсон тул тухайн өдрийнхөө 18:10 цагт Улсын гуравдугаар эмнэлгийн Харвалтын тасагт шилжүүлэгдэн эмчлүүлж байгаад “Тархины цус хомрос хавсралт” өвчний учраас 2020.07.14-ний өдөр нас барсан байна.
Талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 431.1-т “Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан даатгалын гэрээ юм. Даатгалын гэрээ байгуулагдсанаар нөхөн төлбөр олгох үүрэг үүсдэггүй, харин гэрээнд заасан даатгалын тохиолдол болсноор даатгалын нөхөн төлбөрийг олгох зохицуулалттай болзол тавьж хийсэн хэлцэл юм. Даатгалын тохиолдол гэдэг нь Даатгалын тухай хуулийн 4.1.4-т тодорхойлсноор “даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг” хэлнэ гэж заасан. Мөн хуулийн 4.1.6-т “даатгалын нөхөн төлбөр” гэж гэрээний дагуу даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгагчаас даатгуулагчид олгох мөнгөн хөрөнгийг ойлгоно гэж зохицуулсан.
Тэгэхээр гэрээнд заасан даатгалын тохиолдол болсон эсэхийг гэрээний дагуу шалгана. Гэрээнд ямар үед даатгалын нөхөн төлбөр олгох уу, ямар нотлох баримтыг үндэслэж нөхөн төлбөр олгох уу, ямар үед нөхөн төлбөр олгохгүй талаар тодорхой заасан байна.
Даатгалын гэрээний 1. Даатгалын нөхцөл (мэдүүлгийн маягт) - 1.1. Амь насны даатгал хэсгийн Даатгалын хамгаалалт хэсэгт “Даатгуулагч нь дараах эрсдэлийн улмаас амь насаа алдах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах эрсдэлийг даатгана.
Харин даатгуулагч Ш.Б нь 2020 оны 07 сарын 13-14-ний өдрүүдэд Улсын гуравдугаар төв эмнэлэгт Тархины цус хомсрох харвалт өвчнөөр нас барсан болохыг тус эмнэлгийн 2020 оны 08 сарын 31-ний өдрийн 2/982 тоот тодорхойлолтод бичсэн байна. Эмнэлгийн гэрчилгээнд тэмдэглэсэн байна. Мөн яаралтай тусламжийн хуудаст Осол гэмтэл үгүй гэж тэмдэглэсэн буюу осолтой холбоотой тэмдэглэгээ хийгдээгүй байна. Энэхүү эмнэлгийн тодорхойлолт баримтууд нь даатгалын гэрээний 1.4.1. амь насны даатгалын хувьд - бүрдүүлэх материал - 1.4.1(4)-т “Хохирлын шалтгаан, хэмжээг тодорхойлсон мэргэжлийн акт материал, мэргэжлийн байгууллагын дүгнэлт тодорхойлолт” гэж заасан нөхөн төлбөрийг шийдвэрлэх гол баримт болж байна. Тус баримтад ямар нэгэн осол болж, гэмтэл бэртэл авч нас барсан талаар ямар ч тэмдэглэгээ байхгүй байх тул гэрээнд заасан үйлдвэрлэлийн осол, ахуйн осол, зам тээврийн осол, байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн үйлдпийн улмаас гэмтэл бэртэл авч нас барсан буюу даатгалын тохиолдол болсон гэж үзэх боломжгүй юм.
Учир нь хууль тогтоомжийн дагуу Даатгагч нь даатгалын эрсдэл болсон талаар нотлох баримтыг үндэслэж нөхөн төлбөр олгох үүрэгтэй бөгөөд энэхүү баримт нь даатгалын нөөц сангаас нөхөн төлбөр гаргах баримт болж үлддэг чухал ач холбогдолтой. Тийм ч учраас Даатгалын тухай хуулийн 8.1-т “Даатгагч нь хууль болон гэрээнд заасан нөхцөлийн дагуу энэ хуулийн 8.4-т заасан баримтыг үндэслэн даатгуулагчид даатгалын нөхөн төлбөрийг олгоно”, 8.4-т “Даатгалын нөхөн төлбөрийг дараахь баримтыг үндэслэн олгоно: 8.4.1. даатгуулагчийн өргөдөл; 8.4.2.даатгалын баталгааны эх хувь; 8.4.3.учирсан хохирлын тухай хохирол үнэлэгчийн бичгээр гаргасан дүгнэлт, акт материал; 8.4.4.шаардлагатай гэж үзвэл холбогдох мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт” гэж заасан байдаг. Даатгагчийн хувьд даатгалын тухай хуулийн дагуу даатгуулагчаас бүрдүүлэн өгсөн эмнэлгийн нотлох баримтыг үнэлсэн.
Нөхөн төлбөр олгохоос татгалзсан шийдвэр нь Даатгалын тухай хуулийн 8.5-д “Даатгагч дараахь үндэслэлээр нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзаж болно: 8.5.3.даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан;” гэж заасан болон Даатгалын гэрээний 7.3.14-т заасан “Даатгалын гэрээнд тусгаагүй эрсдэл, шалтгааны улмаас учирсан хохирол” амь нас, эрүүл мэндийн даатгалын нөхөн төлбөр олгохгүй гэж заасныг үндэслэсэн байна.
Иймд даатгалын тохиолдол болоогүй буюу даатгуулагчийн амь насанд гэрээнд заасан эрсдэлийн улмаас хохирол учраагүй тул Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан нөхөн төлбөр олгох үүрэг үүсээгүй юм. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нотлох баримт: нэхэмжлэгч талаас Ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ, Санхүүгийн зохицуулах хорооны 2021.03.19-ны өдрийн 9/1034 тоот албан бичиг, Н.С, Ш.Б нарын Голомт банктай байгуулсан 2016.04.12-ны өдрийн Орон сууцны зээлийн гэрээ, Ипотекийн гэрээ, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ, 2020.05.29-ний өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, зээлийн дансны хуулга, Ш.Бгийн Нас барсны гэрчилгээний хуулбар, Ш.Б, Н.С нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Голомт банкны 2022.01.13-ны өдрийн 10/17 дугаар “Зээлийн төлбөр хариуцагчийн мэдээлэл өгөх тухай” албан бичиг зэргийг шүүхэд гаргаж өгсөн, хариуцагч талаас Голомт банк, МД ХХК нарын хооронд байгуулагдсан 2019.02.12-ны өдрийн “Банкны даатгалын зуучлалаар хамтран ажиллах гэрээ” зэргийг шүүхэд нотлох баримтаар өгсөн, шүүхийн журмаар нэхэмжлэгчийн хүсэлтээр Улсын гуравдугаар төв эмнэлгийн 2020.08.31-ы өдрийн 2/982 тоот Тодорхойлолт, Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн 2020.07.13-ны өдрийн Ш.Бгийн Компьютерт томографи шинжилгээний хариу, мөн хэвлийн хэт авиан оношлогоо, ШУГТЭ-ийн яаралтай тусламжийн тасгийн шинжилгээний хариу, эмнэлгийн стори, МД ХХК -ийн 2022.01.17-ний өдрийн “...Зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээний Мэдүүлгийн маягтыг Голомт банкнаас ирүүлээгүйг мэдэгдсэн” албан бичиг зэргийг, хариуцагчийн хүсэлтээр Голомт банкны 2021.11.01-ний өдрийн “...зээлдэгч нараас баталгаажуулж авсан мэдүүлгийн маягт байхгүй болохыг мэдэгдсэн” албан бичиг, Улсын гуравдугаар төв эмнэлгээс Ш.Бгийн нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ, УГТЭ-ийн харвалтын тасгийн стори буюу Ш.Бгийн Өвчний түүх №11620, яаралтай тусламжийн хуудас, Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн шинжилгээ, оношлогоо, Эмгэг судлалын шинжилгээний протокол №УГТЭ-82/2020 зэргийг бүрдүүлсэн болно.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.С нь хариуцагч МД ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 39 986 776 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1. Н.С нь Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу Санхүүгийн зохицуулах хороонд даатгалын нөхөн төлбөр гаргуулах тухай гомдол гаргасныг Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 9/1034 дугаар албан бичгээр хариу өгч шийдвэрлэсэн байна. /хх-12-13х/
2. Нэхэмжлэгч Н.Сийн нэхэмжлэлийг хариуцагч тал эс зөвшөөрч, даатгуулагч Ш.Б Тархины цус хомсрох харвалт өвчнөөр нас барсан нь гэрээний “гэнэтийн осол”-д хамаарахгүй, даатгалын тохиолдол болоогүй буюу даатгуулагчийн амь насанд гэрээнд заасан эрсдэлийн улмаас хохирол учраагүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:
3. Зээлдэгч Н.С, Ш.Б нар нь 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Голомт банктай “Орон сууцны зээлийн гэрээ” байгууж, 106,000,000 төгрөгийг, жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай орон сууц худалдан авах зориулалтаар зээлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр БГ3005103521 дугаар “Ипотекийн гэрээ”-г байгуулж, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Стадион оргил зайсан гудамж, 59 дүгээр байр, 85 тоотод байрлах, 79.71 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалжээ. /хх-100-104, 94-96х/
4. Зээлдэгч Н.С, Ш.Б нар нь МД ХХК -тай гэрээт баталгааны 13005103521 дугаартай “Ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ”-г 2020.06.29-ний өдрөөс 2036.10.10-ны өдрийг хүртэл хугацаатай байгуулж, гэрээний 1.1. Амь насны даатгал, 1.2. Барьцаа хөрөнгийн даатгалын талаар тусгаж, даатгалын зүйл байхаар, даатгалын эрсдэлийн төрлийг болон гэрээний 1.3.-т даатгалын хураамж төлөх нөхцлийг тус тус тохиролцож, даатгуулагч нар нь даатгалын хураамж 306 326 төгрөгийг жилийн эхэнд бүтэн дүнгээр төлөхөөр тохиролцжээ. /хх-5х/
Талуудын хооронд байгуулсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1., 431.4.-т заасан шаардлагыг хангасан, 43 дугаар зүйлийн 43.2.1.-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлэн баримт бичиг үйлдэж гарын үсэг зурсан байх бөгөөд гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
5. Зээлдэгч буюу даатгуулагч Ш.Б нь даатгалын гэрээний хугацаанд 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдөр тархины цус хомсрох харвалт өвчнөөр нас барсан болох нь хэрэгт авагдсан нас барсны гэрчилгээний хуулбар, нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ, Улсын гуравдугаар төв эмнэлгийн 2020.08.31-ы өдрийн 2/982 тоот Тодорхойлолт, эмчлүүлэгчийн стори, зохигчийн тайлбараар тогтоогдож байна. /хх-83-89, 98х/
6. Нэхэмжлэгч Н.С нь даатгалын гэрээний тал бөгөөд нас барагч Ш.Бгийн эхнэр болох нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх тул Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 9 дүгээр зүйлийн 9.1.9-д зааснаар даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй. /хх-99х/
7. Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4.-т “даатгалын тохиолдол гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэх” гэж тодорхойлсон ба даатгалын тохиолдол нь даатгалын зүйлд хохирол учирсан байхаас гадна уг хохирол учирсан шалтгаан нөхцлийг хамтад нь ойлгоно.
“Голомт банк” ХХК-аар зуучлуулан Иргэн Н.С, Ш.Б нарын МД ХХК -тай байгуулсан “Ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ”-ний 1.1. Амь насны даатгал хэсгийн “Даатгалын хамгаалалт”-д “Даатгуулагч дараахи эрсдэлүүдийн улмаас амь насаа алдах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах эрсдлийг даатгана. Үйлдвэрлэлийн осол, Ахуйн осол, Зам тээврийн осол, Байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн осол” гэж даатгалын зүйлд эрсдэл учирсан тохиолдолд даатгалын нөхөн төлбөр олгохоор зохицуулжээ.
Гэрээний 2.4.8-д ““гэнэтийн осол” – гэнэтийн, гадны хүчний нөлөөгөөр бие махбодод гэмтэл бэртэл учруулах гэнэтийн тохиолдол болсон нөхцөл байдлыг” гэж тодорхойлсон байна.
Даатгуулагч Ш.Б тархины цус хомсрох харвалт өгч, нас барсан байдал нь дээрхи даатгалын зүйлд эрсдэл учрах нөхцөл буюу үйлдвэрлэлийн осол, ахуйн осол, зам тээврийн осол, байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн осол гэж үзэхэд хамааралгүй байна.
8. Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 210 дугаар тогтоолын хавсралт “Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам”-ын 2.2-д “Даатгагч нь зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалаар дараах үндсэн эрсдэлийг даатгана” гээд 2.1.1-д “Ердийн даатгагчийн хувьд үйлдвэрлэлийн, ахуйн, зам тээврийн, байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн осол (цаашид “гэнэтийн осол” гэх)-ын улмаас даатгуулагч нас барах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдалт” гэж заасантай Иргэн Н.С, Ш.Б нарын МД ХХК -тай байгуулсан “Ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ”-ний “үндсэн эрсдэл” нийцэж байна.
Уг журмын 3 дугаар хавсралтад заасан “Мэдүүлгийн маягтын загвар”-ийн дагуу даатгуулагчийн мэдээллийг авч, даатгуулагчаар баталгаажуулаагүй гэх байдал нь даатгалын гэрээний нөхөн төлбөр төлөх үүргийг үүсгэх үндэслэл болохгүй юм.
9. Дээрхи үндэслэлээр даатгалын тохиолдол бий болсон гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагч МД ХХК нь Даатгалын тухай хуулийн 8.5.3-т “Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан” гэж заасныг үндэслэн нөхөн төлбөрийг олгохоос татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймээс хариуцагч МД ХХК-иас даатгалын нөхөн төлбөрт 39,986,776 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Сийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тул улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид хариуцуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-д зааснаар нэхэмжлэгч Н.Сийн хариуцагч МД ХХК-д холбогдуулан гаргасан даатгалын нөхөн төлбөрт 39 986 776 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Сийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357 885 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н. ОЮУНТУЯА