Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 62

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2017/0069/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:          

Улсын яллагч                                               Ц.Цэен-Ойдов,

Нарийн бичгийн дарга                               Д.Мөнхцэцэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                             Д.Гангантөгс,

Шүүгдэгч                                                       Д.Баярмаа нарыг оролцуулан

             Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт заасан гэмт  хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Баярмаад холбогдох  201723000089 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1980 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, хувиараа мал малладаг, ам бүл 6, нөхөр 4 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Батноров сумын 6 дугаар баг Салхитын 7-01 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал ял шийтгэлгүй Дархан овогт Дашзэвэгийн Баярмаа /РД: СЮ80110705/

          Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Баярмаа нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 03 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Батноров сумын 6 дугаар баг Салхитын 7-01 тоот хашаанд өөрийн гэртээ нөхөр Б.Эрхэмбаяртай маргалдан хутга өгөхгүй гэж булаацалдаж байх явцдаа түүний хэвлийн тус газар нь хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

           Хохирогч Б.Эрхэмбаярын ... Тэр өдөр үдийн хойно 16-17 цагийн үед эхнэр бид 2 том хүүгээсээ болж анх маргалдаж эхэлсэн ... манай эхнэр зүгээр юм хийчихгүй хүүхэд загналаа гээд тэгээд гэртээ эхнэртэй хэрэлдэж маргалдсан, манай эхнэр өөдөөс мөн дуугүй байж чадахгүй, хэн хэнийхээ үгийг өнгөрөөчихгүй гэртээ нилээн хэрэлдэж зууралдсан. Тэгээд би гэрээсээ машинаа унаад гарч явахад эхнэр намайг машинтай явуулахгүй гэж нилээн зууралдсан. Гэрээсээ гараад машинтайгаа сумын төесзс хойшоо хөдөө гарч өөрийгөө тайвшруулж нилээн сууж байгаад орой 20 цагийн үед сумын төв рүү орж гэртээ ирэхэд эхнэр гэртээ байхгүй ... сумын төвийн баар луу очсон чинь манай эхнэр бааранд нилээн согтуу байж байсан ... Баярмааг аваад гарах гэсэн чинь явахгүй гээд тэнд бас гарч ороод нэг хэсэг болсон. Тэгээд 23 цаг нилээн өнгөрөөгөөд баар хаахынх нь өмнөхөн аваад гэр лүүгээ харьсан. Гэртээ очоод эхнэрийг архи дарс уулаа гэсэн, манай эхнэр чи уудаг, би ууж болохгүй юу гээд эхнэр бид 2 хоорондоо хэрэлдэж маргалдсан, манай эхнэр өөдөөс дайраад хувцаснаас зулгаагаад үсчээд байхаар нь зүгээр байж чадахгүй эхнэрийг 1-2 алгадаад авсан. Эхнэр бид 2 гэртээ нэг хэсэг л хэрэлдэж маргалдсан. Тэгж байтал манай эхнэр ширээн дээрээс хар иштэй хутгыг бариад авахаар нь хутгаар яах гэж байна гээд хутгыг нь булааж авах гэсэн, эхнэр ч хутгаа өгөхгүй гэсэн, би эхнэрийн хутгатай гарнаас гараараа атгаад автал эхнэр хутгаа тавьж өгөхгүй, өөрийнх нь хутгатай гарыг атгасан миний гарнаас нөгөө хутгатай гараа мулталж аьах гээд урагш хойшоо гараа угзчуулаад байсан, тэгтэл гэнэт хэвлийгээр халуун оргиод явчихаар нь харсан чинь намайг хутгалчихсан байсан, хутгалуулаад босож хөдөлж чадахгүй, гэрийн зүүн орны хойд талд гэдсээ дараад суусан, тэгсз:: манай эхнэр гараад гүйчихсэн, би хүүдээ хэлээд хадмынх руу гүйлгэсэн. Тэгээд хадмууд ирээд намайг эмнэлэгт хүргэсэн ... Би өдөр гэрт маргалдаж байгаад хүүгээ тэлийгээрээ 2-3 ороолгосон юм, тэгсэн эхнэр дундуур ороод ирэхээр нь тэлийгээрээ гуя руу нь мөн ганц нэг ороолгоод авсан. Тэгээд эхнэр уурлаж бухимдаад архи дарс уусан байх ... Баарнаас ирээд эхнэр гэр лүүгээ орсон ... би гэр лүүгээ ороод унтчих байх гэж бодоод гадаа машиндаа хэсэг суунгаа машинд нэг лааз пиво байсаныг задалж уучихаад гэр лүүгээ ороход эхнэр унтаагүй байсан. Тэгээд хэрүүл маргаан эхэлсэн. Би урьд нь бол архи их уудаг байсан, эхнэрээ ч зөндөө зовоосон. Харин сүүлийн 2 жил архи огт уухаа больсон, хаяа нэг пиво л уудаг... 2014 онд би эхнэртээ гар хүрээд 1 сар мөрдөнд суугаад 5 хоног хорих 419 дүгээр ангид ял эдэлсэн, энэ хугацаанд их зүйлийг ойлгосон ... миний зүгээс ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 тал/

          Насанд хүрээгүй гэрч З.Идэрбаатарын ... 2017 оны 03 сарын 23-ны өдөр үдийн хойно манай аав машиндаа засвар хийхэд нь би туслаад эрэг боолтыг нь авч өгч байсан. Би нэг боолтыг нь хаана хийснээ олохгүй байсан чинь аав уурлаад намайг загнасан, тэгсэн ээж гэрээс гарч ирээд намайг өмөөрч аавтай муудалцсан. Аав гэрт орж ирээд ээжтэй хэрэлдэж өмднийхөө тэлийгээр миний гуя рүу 2-3 ороолгосон, тэгсэн ээж бүр уурлаад аавтай барьцалдаад авсан. Тэгээд аав, ээж 2 гэрт муудалцаж байгаад аав уурлаад машинтайгаа гараад явсан. Ээж ч араас нь явган гараад явсан. Би гэртээ 3 дүүтэйгээ үлдсэн. Орой аав гэрээр орж ирээд ээжийг асуугаад гараад явсан. Аавыг гарсан хойно бид нар орондоо унтацгаасан. Унтаж байтал ээж аав 2 орж ирээд муудалцаад байсан. Ээж аав 2-ыг хэзээ орж ирснийг мэдээгүй, 10-20 минут муудалцсан. Бие биенийгээ цохиод түлхээд байх шиг байсан. Тэгээд нэг харсан чинь аав гэдсээ барьчихсан, зүүн орныхоо тэнд сууж байсан. Ээж гартаа хутга барьчихсан байхаар нь би очоод хутгыг булааж аваад гэрээс гаргаад шидсэн. Тэгтэл ээж гараад гүйчихсэн. Аав бие нь тааруухан байгаа бололтой, дуу нь нэг сонин болчихсон "Өвөө эмээгээ очиж дууд" гэж хэлэхээр нь би өвөөгийнх руугээ гүйж өвөө эмээдээ хэлээд буцаж гэртээ хамт ирсэн. Биднийг ирэхэд аав анх сууж байсан газраа гэдсээ бариад сууж байсан. Тэгээд өвөө эмээ аавыг сумын эмнэлэг рүү хүргэж өгсөн ... Тэр үед манай 2 бага дүү унтаж байсан. Харин Нандинсувд өвөө, эмээг ирэхэд сэрчихсэн байсан ... Маргааш нь манай сумын цагдаа ирээд нөгөө гаргаж шидсэн хутгыг надаар заалгаж олж аваад явсан ... Манай аав 2-3 жилийн өмнө их архи уудаг байсан. Тэр үедээ ээжтэй байнга муудалцдаг байсан. Харин сүүлийн 2-3 жил архи уухаа болиод байгаа, ээжтэй хаяа нэг хэрэлдэж маргалддаг ч зодож цохиод байдаггүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/

         Насанд хүрээгүй гэрч Э.Нандинсүвдын ... Тэр өдөр үдийн хойно аав ээж 2 манай ахаас болоод хоорондоо хэрэлдэж байгаад гараад явцгаасан. Гэртээ ах, дүү нарын хамт 4-үүлээ үлдээд орой ээж аавыг ирэхгүй болохоор нь өөрсдөө хоолоо хийж идээд зурагт үзэж байгаад орой 22 цаг өнгөрөөгөөд унтсан. Тэгээд нэг сэрсэн чинь ах болон ээж гэртээ байхгүй, харин аав ганцаараа зүүн орны хойд талд гэдсээ дараад сууж байсан. Намайг сэрээд удаагүй байхад ах гаднаас өвөө, эмээ, Дэлгэрмаа эгч 3-ыг дагуулж орж ирээд аавыг аваад гарсан. Би тэр үед юу болж байгааг ойлгоогүй. Аавыг явсны дараа манай ах аав ээжтэй муудалцсан гэж надад хэлсэн. Надад өөр мэдэх зүйл байхгүй. Аав ээж 2 хаяа л хэрэлдэж маргалддаг. Гэхдээ урьд нь аав архи уугаад ээжтэй байнга шахуу муудалцдаг байсан. Аав ээжийг урьд нь зоддог байсан, сүүлийн үед зодохоо байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 тал/

           Гэрч М.Түвшинбаярын ... Баярмаа 2017 оны 03 сарын 23-наас 24-нд шилжих шөнө 02 цагийн үед цагдаагийн хэсэг дээр өөрийн биеэр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирж "Би нөхрийгөө хутгалчихлаа" гэсэн мэдээлэл өгсөн. Мэдээллийн дагуу Батноров сумын 6 дугаар баг, Салхитын 7-1 тоотод байх Д.Баярмаагийн гэрт очсон. Гэрт нь очиход хүүхдүүд нь байсан, хохирогч Б.Эрхэмбаярыг эмнэлэг рүү авч явсан гэж хэлсэн. Тэгээд Баярмаа, Эрхэмбаяр нарын том хүү Идэрбаатараас болсон асуудлын талаар асуухад "Ээж аавыг хутгалсан, би хутгыг булааж аваад гадагшаа гаргаад шидсэн" гэж хэлсэн. Үүний дагуу Идэрбаатараар хутга шидсэн гэх газрыг заалгаж гэрээс нь зүүн урагш 4 метр орчим зайтай газраас хутгыг олж хураан авсан. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх хутга нь хар өнгийн бариултай хутга байсан, хутганы ажлын хэсэг нь цус мэт зүйлээр бохирлогдсон байдалтай байсан. Цагдаагийн хэсэг дээр ирж түр хураан авсан тэмдэглэл үйлдэж Баярмаад танилцуулж гарын үсэг зуруулсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 39 тал/        

          Гэрч М.Дэлгэрмаагийн ... 2017 оны 03 сарын 23-наас 24-нд шилжих шөнө миний төрсөн дүү Баярмаагийн том хүү Идэрбаатар нь 01-02 цагийн үед айж сандарсан байдалтай ирээд "Ээж аавыг хутгалчихлаа" гэж хэлсэн. Үүнийг сонсоод ээж аав бид 3 бүр сандраад гэрт нь очиход Баярмаа өөрөө байхгүй байсан ... Манай хүргэн Эрхэмбаяр гэрийнхээ зүүн хэсэгт 2 хөлөө нугалчихсан, баруун гараараа шархаа дарчихсан сууж байсан. Тэгээд юун асууж шалгаах, арай гэж босгоод аавын машинтай нь шууд сумын эмнэлэг руу авч явсан ... Би Эрхэмбаярыг эмнэлэгт 2 хоног сахиад гэрт очиж Баярмаатай анх уулзахад Баярмаа айж ичээд эмнэлэг руу очиж чадсангүй гэж ярьж байсан ... Тухайн үед Баярмаагийн аль билээ өрөөсөн нүд нь жоохон бүлцийчихсэн ... хүзүү нь бага зэрэг улайсан оромтой байсан ... Хүргэн Эрхэмбаяр 2014 оноос өмнө бол манай дүү Баярмааг байнга л зодож дарамталж байсан. Харин эрүүгийн хэрэг үүсээд баривчилгаанд явж ирснээсээ хойш гайгүй болоод архи уух нь багасаад байгаа ... сүүлийн үед бол зодож цохилоо гэж бидэнд хэлж байгаагүй ... Баярмаа Эрхэмбаяртай гэр бүл болоод 17-18 жил болж байна. Зан байдлын хувьд уг нь их л даруухан хүүхэд байсан, гэхдээ олон жил байнга архи дарстай, хэрүүл маргаантай орчинд байсан болохоор их л ширүүн зантай, уур уцаартай, амархан гомдож туньдаг болсон байна лээ ... гэх мэдүүлэг. /хх-ийн 23-25 тал/         

        Гэрч Д.Дашзэвэгийн .. 2017 оны 03 сарын 23-наас 24-нд шилжих шөнө 02 цагийн үед гэнэт хүн байшингийн цонх балбахаар нь хэн юм бол гээд хаалгаа нээтэл манай зээ хүү Идэрбаатар ... "Ээж аавыг хутгалчихлаа" гэж хэлсэн. Тэгээд сандраад эхнэр болон охин Дэлгэрмаагийн хамт гурвуулаа Баярмаагийн гэр лүү очиход манай хүргэн Эрхэмбаяр гэрийнхээ зүүн орны хойд талд газар явган гэдсээ  дарчихсан сууж байсан. Тэр үед гэдэснээс нь цус их гарч өмсөж байсан хувцас нь цус болсон байсан. Тэгээд хүргэнээ машинд суулгаад сумын эмнэлэг руу хүргэж өгсөн, маргааш өглөө нь сумынхаа эмнэлэгт хагалгаанд орсон ... Тухайн үед хүргэн Эрхэмбаяраас архи үнэртэж байсан ... айж сандраад бушуухан эмнэлэг рүү авч явсан болохоор болсон асуудлын талаар асууж амжаагүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 тал/

        Гэрч Г.Мажигийн ... 2017 оны 03 сарын 23-наас 24-нд шилжих шөнө 02 цагийн үед гэртээ байхад манай зээ хүү Идэрбаатар гүйж ирээд ... "Ээж аавыг хутгалчихлаа" гэж хэлсэн. Үүнийг сонсоод нөхөр бид 2 охин Дэлгэрмаагийн хамт нөхрийн машинаар Баярмаагийн гэрт очиход манай хүргэн Эрхэмбаяр гэрийнхээ зүүн талын орны хойд талд гэдсээ дараад явган суучихсан, өмсөж байсан цамц нь нил цус болчихсон байсан. Тэгээд сандраад бушуухан хүргэнээ аваад нөхрийнхөө машинаар сумын эмнэлэгт хүргэсэн ... гэх мэдүүлэг/хх 32-33 тал/

         Гэрч Н.Мартын ... Би Батноров сумын төвд хувиараа Өнөр-Үүд нэртэй баар ажиллуулдаг. 2017 оны 03 сарын 23-ны орой 17 цагийн үед Баярмаа эрүүл орж ирээд 1 шил 0.75 литрийн Ерөөл архи зээлж аваад гарсан. Тэгээд 21 цагийн үед ганцаараа согтуу орж ирсэн. Тэгээд надтай юм яриад зогсож байснаа тухайн үед согтуу байсан манай нөхөр Хүдэрчулууныг хараад "Эрчүүд та нар эмэгтэйчүүдийг ойлгодоггүй, дандаа гомдоодог" гээд агсраад байсан ... Тэгж байтал 20-30 минутын дараа Баярмаагийн нөхөр Эрхэмбаяр гаднаас ганцаараа орж ирсэн. Эрхэмбаяр архи дарс уугаагүй, эрүүл байх шиг байсан ... Удалгүй Эрхэмбаяр, Баярмаа 2 гарч яваад 15-20 минутын дараа Баярмаа ганцаараа орж ирсэн. Нөхөр нь мөн араас нь удалгүй орж ирээд Баярмааг явъя гээд гараас нь татсан чинь Баярмаа явахгүй гээд үлдсэн, нөхөр нь ганцаараа гараад явсан. Баярмаа үлдээд "Эрхэмээ дүүг нь жоохон гомдоогоод, дүү нь гомдсондоо жоохон юм уучихлаа, уучлаарай" гээд яриад байж байтал 5-10 минутын дараа нөхөр нь орж ирээд "Эгчээ би машинаа аваад ирлээ, Баярмааг авч явъя" гэсэн чинь Баярмаа "Явахгүй, энэ Эрхэмээ намайг уулын энгэрт хаяна гээд байгаа юм аа Мартаа эгчээ" гэж надад хэлж байсан. Харин Эрхэмбаяр "Гэр бүлийн асуудлаа энд юуг нь яриад байдаг юм бэ, гэр лүүгээ явъя, Мартаа эгч та Баярмааг машинд суулгаад өгчих" гэж надад хэлсэн. Би Баярмааг машинд нь суулгаж өгөөд явуулсан. Тэр 2 эргэж ирээгүй. Маргааш нь Мөнхбаярын эхнэр Цогзолням өглөө 09 цаг өнгөрч байхад орж ирээд "Мартаа эгчээ нөгөө Баярмаа нөхрөө хутгалаад нөхрийнх нь бие муу эмнэлэгт байгаа юм байна" гэж надад хэлсэн ... 2017 оны 03 сарын 23-ны орой Баярмаагийн биед ил харагдах ямар нэгэн гэмтэл шарх байхгүй байсан ... гэх мэдүүлэг. /хх-ийн 34-35 тал/

          Гэрч Х.Цогзолнямын ... 2017 оны 03 сарын 23-ны үдээс хойш оройхон харуй бүрий болж байх үеэр Баярмаа ганцаараа манайд 0.75 литрийн 1 шил архитай ирсэн. Орж ирээд нөхөр маань дарамтлаад үнэхээр хэцүү байна, эрүүл зөндөө зодууллаа, ганц удаа согтуу зодуулъя гэж надад хэлээд бид 2 авчирсан архийг нь хувааж уусан. Архи дуусгаад ... бааранд орно гээд гарсан ... Өмнө Баярмаа манайхаар орж ирж байгаагүй, тэр өдөр юу болсон юм мэдэхгүй, манайд архитай ирсэн ... Баярмаатай урьд нь архи ууж байгаагүй ... уудаг эсэхийг нь мэдэхгүй ... Баярмаа манайд ирэхдээ нүдэнд ил харагдахаар гэмтэл шархгүй зүгээр байсан ... Маргааш нь Баярмаа нөхрийгөө хутгалсан, нөхөр нь сумын эмнэлэгт хагалгаанд орсон гэж манай сумынхан ярьцгааж байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 тал/

          Гэрч Б.Даваахатаны ... 2017 оны 03 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө цагийн үед Б.Эрхэмбаяр гэх хүн 2-3 хүний хамт эмнэлэгт түшүүлсэн маягтай орж ирсэн, хамт явж байсан хүмүүс нь хадам аав, ээж нар нь гэж байсан. Эрхэмбаяр гэх хүн эмнэлэгт ирэх үедээ зүүн хавирганы нумаас доошоо 4 см-ийн өргөнтэй, 5 см-ийн гүнтэй хутгалуулсан шинэ шархтай ирсэн, мөн энэ хүнээс архи үнэртэж байсан. Согтолтын хувьд гайгүй, өөрийн ухаантай байсан ба болсон хэрэг явдлын талаар асуухад зовиурлаад асуултанд хариулахгүй байсан, харин цуг ирсэн хүмүүсээс нь асуухад "Хүүхэд нь ирж хэл хүргэсэн, тэгээд гэрт нь ирэхэд хутгалуулсан байсан" гэж хэлсэн. Тэгээд Эрхэмбаярыг эмнэлэгт хэвтүүлж цус тогтоох, шингэн сэлбэх арга хэмжээ авч, шарханд оёдол тавьж аймгийн нэгдсэн эмнэлгээс мэс заслын хагалгааны баг дуудсан. Маргааш өглөө нь буюу 2017 оны сарын 24-ний 10 цаг 20 минутад мэс заслын эмч үзэж хагалгаанд орсон, тэгээд сумын эмнэлэгт 1 хонуулаад 2017 оны 03 сарын 25-ны өглөө дараагийн шатлалын эмнэлэг рүү шилжүүлсэн ... гэх мэдүүлэг /хх-ийн 40 тал/

Хэргийн газарт үзлэг хийсэн хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-7 тал/

Хутга хураан авсан, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, хутга хураан авсан тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-16 тал/

Шүүгдэгч Д.Баярмаагийн ... Тухайн үед миний баруун нүд бага зэрэг хавдаж хөхөрсөн, мөн хүзүү улайсан байсан. Одоо бол зүгээр болчихсон. Тухайн үедээ гайгүй болохоор эмнэлэгт хандаагүй учраас надад одоо ямар нэгэн баримт байхгүй. ... Өөрийн болгоомжгүй үйлдлээс болж нөхрийнхөө биед хүнд гэмтэл учруулсандаа үнэхээр их гэмшиж байна гэх мэдүүлэг зэрэг болно.         

         Шүүгдэгч Д.Баярмаа нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 03 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Батноров сумын 6 дугаар баг Салхитын 7-01 тоот хашаанд өөрийн гэртээ нөхөр Б.Эрхэмбаяртай маргалдан хутга өгөхгүй гэж булаацалдаж байх явцдаа түүний хэвлийн тус газар нь хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хутга хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, гэрэл зургын үзүүлэлтүүд зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Иймд аймгийн Прокурорын газраас шүүгдэгчид эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэрэг хохирогчийн хууль бус үйлдэлийн улмаас үүссэн байдал, шүүгдэгчийн бага насны хүүхэдтэй болон үйлдсэн гэмт хэрэгтээ чинь санаанаасаа гэмшсэн зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг нь харгалзан түүнд оногдуулах ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч нь согтуурсан үедээ уг гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдал тооцох нь зүйтэй.

Хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэхгүй зүйлгүй гэх баримтыг өгч хэрэгт хавсаргуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц усгахаар шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Дархан овогт Дашзэвэгийн Баярмааг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баярмааг 1 / нэг/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт  заасныг журамлан   шүүгдэгч Д.Баярмаад Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт  зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй ба энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4, 61.5-т зааснаар шүүгдэгч Д.Баярмаад оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавиж ажиллахыг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

7. Энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Баярмаад авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                  Ц.МӨНХТУЛГА