Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2026 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2026/00062

 

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Батчимэг, Н.Баярмаа, Э.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 191/ШШ2025/03886 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 210/МА2025/02114 дүгээр магадлалтай,

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“Х” ХХК-д холбогдох

30,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч өмгөөлөгч Д.Оросоо нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Энхболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагчийн өмгөөлөгч Г.Буянбадрал шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч “Х” ХХК-д холбогдуулан валют арилжаа хийсний үлдэгдэл төлбөр 30,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 191/ШШ2025/03886 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч “Х” ХХК-аас 30,400,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “С” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 310,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 309,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн  Иргэний  хэргийн  давж  заалдах  шатны  шүүхийн  2025  оны 12 дугаар сарын  05-ны  өдрийн  210/МА2025/02114  дүгээр  магадлалаар:  Баянзүрх,  Сүхбаатар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 191/ШШ2025/03886 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,  нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Энхболд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасны дагуу дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч “С” ХХК өөрийн эзэмшлийн 5179*** дугаартай юанийн данснаас хариуцагч “Х” ХХК-ийн Хаан банкин дахь 5004*** дугаартай юанийн данс руу 975,000 юань шилжүүлж үүргээ биелүүлсэн. Харин хариуцагч “Х” ХХК нь “Д.А-аар дамжуулан 464,802,500 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн нь Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 “Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно.” гэж заасантай нийцэж байна. Хариуцагч “Х” ХХК нь Д.А-ыг манай байнгын харилцагч, их хэмжээний арилжаан дундаас ашиг хүртэж бизнес хийдэг, их хэмжээний юань солиулах харилцагчийг өөрөө олоод юанийг нь манайхаар дамжуулан солиулдаг” гэж тайлбарладаг.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нар юань солиулах эрх зүйн харилцаанд ороогүй гэж дүгнэдэг боловч нэхэмжлэгч нь Д.А өөрөө юань солиулах хүсэл зорилгогүй, нэхэмжлэгч “С” ХХК юань солиулж байгааг мэдэж байсан нь хариуцагчийн дээрх тайлбараар тодорхой байна. Өөрөөр хэлбэл хариуцагч валют арилжааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, нэхэмжлэгч валют солиулах хүсэл сонирхлын үүднээс хариуцагчийн дансанд юань шилжүүлсэн. Мөн нэхэмжлэгч нь Д.А-ын данс руу биш хариуцагчийн данс руу юань шилжүүлсэн үйл баримтад дүгнэлт өгөх ёстой. Гэтэл давж заалдах шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж Иргэний хуулийг буруу хэрэглэсэн байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 001/ШХТ2026/00205 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Энхболдын гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Энхболдын гомдлыг хангах үндэслэл тогтоогдов.

7. Нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч “Х” ХХК-д холбогдуулан 30,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ “... хариуцагч 975,000 юань солиулсны үлдэгдэл төлбөр 30,400,000 төгрөгийг өгөөгүй. ...  Д.А өөрийгөө энэ “Х” ХХК-ийн эзэн гэсэн ойлголт бидэнд өгсөн. “Х” ХХК-ийн захирлынх нь төгрөгийн данснаас бидэнд мөнгө орж ирж байна гэж ойлгосон. Санхүүгийн сахилга бат 17-18 жил ажиллаж байгаа байгууллагад байх ёстой..гэж тайлбарласан.

8. Хариуцагч “Х” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “... 975,000 юанийг өөрийн дансаар хүлээн авсан боловч нэхэмжлэгчтэй харилцаж, валют арилжаа хийхээр тохиролцоогүй. Байнгын үйлчлүүлэгч, ижил төрлийн бизнес эрхлэгч “Э” ХХК-ийн захирал Д.А-ын юань зарах хүсэлтээр 2023.04.13-ны өдөр шилжин орсон 975,000 юанийг тухайн өдрийн ханшаар 1 юанийг 508.5 төгрөгөөр тооцож Д.А-ын өгсөн Хаан банкны 5168*** дугаар дансанд шилжүүлсэн.” гэжээ.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Шийдвэрийн үндэслэлдээ “...Нэхэмжлэгч нь шаардах эрхийн үндэслэлээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу тодорхойлсон. Санхүүгийн зохицуулах хорооны 2020.06.29-ний өдрийн 495 дугаар тогтоолоор баталсан Банк бус санхүүгийн байгууллагын гадаад валютын арилжааны үйл ажиллагааг зохицуулах, түүнд хяналт тавих журмын 2.3.12-т зааснаар Гадаад валютын арилжааны үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдэд хороонд бүртгэлтэй хаягаас өөр байршилд гадаад валют худалдах, худалдан авах, харилцагчаас захиалга авах зорилго бүхий зөвшөөрөлгүй этгээдтэй шууд болон шууд бусаар хамтран ажиллахгүй байх шаардлагыг хариуцагч биелүүлээгүй. Нэхэмжлэгч нь гадаад валютын арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий этгээд болох хариуцагчтай өөрийн харилцагч банкаар дамжуулан өндөр дүнгээр валютын арилжааг хийж гүйцэтгэсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар 30,400,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.” гэж дүгнэсэн.  

 10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Магадлалд “... нэхэмжлэгч “С” ХХК-аас 975,000 юанийг хариуцагч “Х” ХХК-ийн дансанд шилжүүлснийг “С” ХХК бус, Д.А шилжүүлсэн гэж үзнэ. Нэхэмжлэгч “С” ХХК Д.А-д хандсаны дагуу тэрээр тухайн валютын арилжааг өөрийн нэрээр хариуцагчтай хийж, төгрөг хүлээн авах дансаар өөрийн дансыг нэрлэсний дагуу хариуцагч 495,787,500 төгрөгийг Д.А-ын дансанд шилжүүлснээр Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-т заасан үүргээ биелүүлсэн. Зохигчийн хооронд ямар нэгэн валют арилжих талаар хүсэл зориг илэрхийлэгдээгүй, нэхэмжлэгчээс хариуцагчтай шууд харилцаагүй байхад анхан шатны шүүх худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй. “С” ХХК, иргэн Д.А нарын хооронд хийгдсэн хэлцэлд хариуцагч “Х” ХХК оролцоогүй буюу түүний хүсэл зоригоос гадуур болсон байх тул нэхэмжлэгчийн өмнө Д.А-ын хүлээсэн үүргийг хариуцагч хариуцан арилгах үүрэггүй.” гэжээ.

11. Хоёр шатны шүүх үйл баримтыг адил тогтоосон боловч давж заалдах шатны шүүх зарим үйл баримтын эрх зүйн үр дагаврын тухайд дүгнэлт өгөөгүй нь хууль хэрэглээний зөрүүг үүсгэж, хэргийн шийдэлд нөлөөлсөн гэх агуулга бүхий нэхэмжлэгч талаас хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлтэй гэж үзэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцлээ.

12. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч “С” ХХК нь 975,000 юань солиулах зорилгоор Д.А-тай холбогдсон, улмаар юанийг Д.А-ын өгсөн данс болох “Х” ХХК-ийн дансанд шилжүүлсэн, буцаад “С” ХХК нь 464,802,500 төгрөгийг Д.А-ын хувийн данснаас өөрийн төгрөгийн дансанд хүлээн авсан, “Х” ХХК нь Д.А-д юань хүлээн авах дансны мэдээллээ өгсөн, ингэхдээ энэ мэдээллийг юанаа солиулах зорилготой бусад этгээдэд дамжуулан өгөх гэж байгааг мэдэж байсан, “С” ХХК-аас 975,000 юань хүлээн авсан, тэр өдрөө Д.А-ын төгрөгийн дансанд 495,202,500 төгрөгийг бүрэн шилжүүлсэн үйл баримтуудыг адил тогтоосон байна. Зохигч эдгээр үйл баримтын тухайд маргаагүй.

Түүнчлэн Д.А дээрх үйл явдал болсноос хойш 3 сарын дараа буюу 2023.07.12-ны өдөр нас барсан бөгөөд үйл баримт болж өнгөрсөн тухайн үед “Э” ХХК-ийн захирлаар ажилладаг байсан боловч нэхэмжлэгч нартай энэ компанийг төлөөлөн валют арилжааны харилцаанд орж байгаагүй, харин “Х” ХХК-д “С” ХХК-ийн 1,950,000 юанийг худалдах арилжаанд маргаан бүхий 975,000 юанийн арилжаа хийгдэхээс 7 хоногийн өмнө буюу 2023.04.06-ны өдөр оролцож байсан талаар зохигчийн хэн аль нь тайлбарласан. Зохигч нь энэ тухайд маргаагүй.

Нэхэмжлэгч “С” ХХК өөрийн 975,000 юанийг арилжихдаа нэг юанийг 507.9 төгрөгөөр тооцон худалдах, 495,202,500 төгрөг хүлээн авах хүсэл зоригтой байсан тухайд маргаагүй бол хариуцагч “Х” нь 975,000 юанийг нэг бүрийг нь 508.5 төгрөгөөр тооцон худалдаж авах, нийт 495,787,500 төгрөгийг юанийн үнэд төлөх хүсэл зоригтой байсан тухайд маргаагүй. Энэ үйл баримтыг хоёр шатны шүүх адил тогтоосон.

13. Харин анхан шатны шүүх валют худалдах-худалдан авах гэрээ нь нэг талаас “С” ХХК нөгөө талаас “Х” ХХК нарын хооронд хийгдсэн гэж, давж заалдах шатны шүүх валют худалдах-худалдан авах хоёр гэрээ байгуулагдсан, нэгдүгээрт, нэг талаас “С” ХХК, нөгөө талаас Д.А, хоёрдугаарт, Д.А ба “Х” ХХК нарын хооронд гэрээ байгуулсан гэж дүгнэсэн байна.

14. Хэн хэний хооронд, түүнчлэн хэдэн худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсаныг зөв тогтоох нь нэхэмжлэгчээс хариуцагчид холбогдуулан шаардах эрх бий эсэхийг тодорхойлоход хууль зүйн ач холбогдолтой. Анхан шатны шүүх “С” ХХК болон “Х” ХХК нарын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулсан гэж үзсэн нь үйл баримтад үндэслэн хуулийг зөв хэрэглэсэн байх боловч зарим шаардлагатай хууль зүйн дүгнэлт хийгээгүйгээс нэхэмжлэлийг хангасан үндэслэл хангалттай тодорхой болж чадсангүй.

Харин давж заалдах шатны шүүх нэг талаас “С” ХХК, нөгөө талаас Д.А, улмаар Д.А ба “Х” ХХК нарын хооронд тусдаа худалдах-худалдан авах гэрээ байгуулсан гэж тайлбарласан нь тухайн салбарт мэргэжлийн бус этгээд болох хэрэглэгчийн эрх ашиг, арилжааны төлөөлөл дэх шударга итгэл үнэмшлийг хамгаалах зарчимд нийцээгүй дүгнэлт болжээ. Түүнчлэн давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсгийг буруу тайлбарлан, тохиромжгүй харилцаанд хэрэглэсэн алдаа гаргасныг дараах дүгнэлтээр залруулна.

15. Нэхэмжлэгч “С” ХХК нь 975,000 юань солиулах зорилгоор зарын дагуу иргэн Д.А-тай харилцсан байх ба Д.А өөрийн гэсэн валют арилжааны үйл ажиллагаа эрхэлдэг компанитай боловч тус харилцаанд өөрийн компаниар оролцоогүй байна. Улмаар нэхэмжлэгч “С” ХХК нь Д.А-тай юань солиулахаар тохиролцсон үйл явц “Х” ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг байранд өрнөсөн, Д.А-д юанийг шилжүүлэхээр гүйлгээ хийх үед Д.А-ын хувийн данс бус харин “Х” ХХК-ийн нэр бүхий данс гарч ирсэн, буцаагаад төгрөг шилжүүлэхдээ Д.А-ын хувийн дансаар дамжиж “С” ХХК-д орлого орсон нь “Х” ХХК, Д.А нарыг хамааралтай гэж үзэх үндэслэл болж, улмаар “Х” ХХК-тай юань солиулах харилцаанд орсон гэж ойлгоход хүргэсэн талаараа нэхэмжлэгч анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарласан байна.

16. Нөгөө талаас “Х” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан шүүх хуралдаанд тайлбарлахдаа Д.А гэгч нь бусад этгээдээс валют олж авч, тус компанид худалддаг, дундаас нь ханшийн зөрүүнээс ашиг олдог байж болзошгүй нөхцөл байдлыг түгээмэл тохиолдох хэвийн зүйл гэх агуулгаар тайлбарласан байх ба энэ нь санхүүгийн нэгдмэл хяналтын тогтолцоонд хамаарах учиртай гадаад валютыг арилжих харилцаанд мэргэжлийн этгээдийн хувьд хэт хайхрамжгүй, мэргэжлийн бус хандлага гэж үзэхээр байна.

Магадгүй “Х” ХХК-ийн санхүүгийн чадавхиас шалтгаалан Д.А-тай төсөөтэй санхүүгийн чадвар өндөр бус бусад валютын арилжигчид дилер буюу ченжийн харилцаанд орж ханшийн давхар зөрүүгээр ашиг олж буй үйлдэл бүрийг хянах бодит боломж “Х” ХХК-д үгүй байж болно. Гэвч маргаан бүхий энэ тохиолдолд “Х” ХХК нь валют солиулах зорилго бүхий эцсийн хэрэглэгч нь Д.А биш болохыг буюу түүний дансанд юань хийсэн этгээд “С” ХХК байгааг мэдсээр атлаа дансаа өгөх, ажлын байраа ашиглуулах гэх мэтээр Д.А нь “Х” ХХК-ийг төлөөлөх эрхтэй мэт ойлголтыг бусдад төрүүлэх нөхцөл бүрдүүлсэн нь хэрэглэгчийг хохироох, мэргэжлийн этгээдтэй харилцсан гэх итгэл үнэмшлийг хэрэглэгчид үүсгэсэн алдаатай үйлдэл болжээ.

Чухамхүү энэ төөрөгдлөөс сэргийлж Санхүүгийн зохицуулах хорооны 2020.06.29-ний өдрийн 495 дугаар тогтоолоор баталсан Банк бус санхүүгийн байгууллагын гадаад валютын арилжааны үйл ажиллагааг зохицуулах, түүнд хяналт тавих журмын 2.3.12-т гадаад валютын арилжааны үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй хаягаас өөр байршилд гадаад валют худалдах, худалдан авах, харилцагчаас захиалга авах зорилго бүхий зөвшөөрөлгүй этгээдтэй шууд болон шууд бусаар хамтран ажиллахгүй байх шаардлагыг тавьсан байна.

Учир нь мөнгө угаах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах гэх мэт нийтийн ашиг сонирхлын үүднээс хийгдэх санхүүгийн зах зээлийн нэгдсэн хяналт дор валютын арилжаа явагдах бөгөөд энэ нь улс орны эдийн засаг, мөнгө, хөрөнгийн зах зээлийн бодлогоор дамжин, тухайн зах зээлийг хянагч байгууллага болох Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан дүрэм, журмын дагуу хэрэгжинэ. Тухайн хэргийн тохиолдолд иргэн Д.А-д валют арилжааны зөвшөөрөл олгогдоогүй, харин тэрээр захирлаар нь ажилладаг компани болох “Э” ХХК-д валют арилжааны зөвшөөрөл олгогдсон, харин Д.А дээрх харилцаанд компанийн нэрээр бус, хувь бодгаль этгээдийн хувиар оролцсон байх тул “Х” ХХК-ийг зөвшөөрөлгүй этгээдээр дамжуулан хэрэглэгчтэй харилцсан гэж үзнэ.

17. Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д “Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй.” гэж, 65.2-т “Төлөөлөгч нь бусдыг төлөөлж байгаагаа мэдэгдэлгүй хэлцэл хийсэн бол түүнтэй хэлцэл хийсэн этгээд бусдыг төлөөлж байгаа этгээдтэй хэлцэл хийж байгааг мэдэх ёстой байсан тохиолдолд төлөөлүүлэгчид хэлцлийн үр дагавар үүснэ” гэж тус тус заажээ.

Эдгээр заалтыг агуулгын хувьд төсөөтэй хэрэглэх байдлаар тухайн хэрэгт буулгавал дээрх журамд заасан шаардлагыг зөрчиж, “Х” ХХК нь иргэн Д.А тус компанийг төлөөлж хэлцэл хийх бүрэн эрхтэй мэт ойлголтыг “С” ХХК-д төрүүлсэн, түүнчлэн валют арилжааг үнэн хэрэгтээ Д.А-ын төлөөллөөр дамжин “Х” ХХК-тай хийж байна гэж “С” ХХК ойлгох үндэстэй байсны хувьд энэ хэлцлээс үүдэн гарах үр дагаврыг “Х” ХХК хариуцах үүрэгтэй.

Нэг бүрийг нь 507.9 төгрөгөөр нийт 975,000 юанийг худалдахаар хүсэл зоригоо илэрхийлснийг нь “Х” ХХК хүлээн авсан гэж ойлгосон “С” ХХК-ийн итгэл үнэмшлийг шударга бус гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ нэг талаас “С” ХХК нөгөө талаас “Х” ХХК нарын хооронд байгуулагдсан гэж дүгнэнэ.

18. Давж заалдах шатны шүүх “Х” ХХК-ийн дансанд 975,000 юань шилжүүлсэн “С” ХХК-ийн үйлдлийг Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт нийцсэн гэж үзсэн нь буруу болжээ. Тодруулбал, Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1-д   Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно гэж заасан байх ба давж заалдах шатны шүүх дээрх дүгнэлтийг хийхдээ Д.А-ын юань шилжүүлэх үүргийг “С” ХХК гүйцэтгэсэн гэж үзэн юанийг хүлээн авч, төгрөгийг Д.А-д шилжүүлсэн “Х” ХХК-ийн үйлдлийг давж заалдах шатны шүүх зөвтгөн тайлбарлажээ.

Гэвч өмнө дурдсан хэргийн нөхцөл байдлууд болон богино хугацааны өмнө “С” ХХК 1,950,000 гаруй юань мөн адил арга замаар “Х” ХХК-д Д.А-аар дамжуулан солиулж байсан туршлагаас юань хэний өмчлөлд байсан, юанийг солиулах үнэн хүсэл зориг хэнд хадгалагдаж, хэнээр дамжин илэрхийлэгдэж байгааг “Х” ХХК таамаглах бүрэн боломжтой гэж үзнэ. Гэтэл тэрээр өөрийн идэвхитэй үйлдэл (дансаа өгөх, албан байраа ашиглуулах) ба идэвхигүй эс үйлдэхүй (өөрийн дансаар хэрэглэгчээс их хэмжээний гадаад валют хүлээн авсан боловч түүнийг үнэн зөв мэдээллээр хангахгүй байх)-ээр хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж мэргэжлийн бус, илтэд хайхрамжгүй хандан, салбарын үйл ажиллагаанд баримталбал зохих журмыг зөрчсөн нь Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1-д нийцсэн гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт алдаатай.   

Иймд Д.А-ын үүргийг “С” ХХК гүйцэтгэсэн гэж үзэн гэрээг Д.А-тай байгуулсан гэж мэтгэлцэж буй “Х” ХХК-ийн тайлбар Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1-д нийцэхгүй.

19. Нэхэмжлэгч “С” ХХК нь “Х” ХХК-тай нэг юанийг 507.9 төгрөгөөр тооцон нийт 975,000 юанийг 495,202,500 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулсан, тус компаниас Д.А-аар дамжуулан 464,802,500 төгрөгийг хүлээн авсан, үлдэх 30,400,000 төгрөгийг гаргуулна гэж шаардаж байна. “Х” ХХК нь Д.А-д нэг юанийг 508.5 төгрөгөөр тооцон 495,787,500 төгрөг шилжүүлж, үүргийг бүрэн гүйцэтгэж дуусгавар болгосон гэж тайлбарлаж байна. Гэвч дээр дурдсанчлан өөрийн гэм буруутай үйлдлээр бусад этгээдэд Д.А түүнийг төлөөлөх бүрэн эрхтэй мэт ойлголт төрүүлснээс бий болсон үр дагаврыг төлөөлүүлэгч өөрөө хариуцах учиртай тул үлдэгдэл төлбөр 30,400,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүргийг “Х” ХХК хүлээх нь Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.2 дахь хэсэгт тус тус нийцнэ. Энэ талаарх анхан шатны шүүхийн шийдэл үндэстэй, харин хууль зүйн дүгнэлтийг дээрх байдлаар тодруулна.

20. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч талаас хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 210/МА2025/02114 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 191/ШШ2025/03886 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч “С” ХХК нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026.01.12-ны өдөр 309,950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Г.АЛТАНЧИМЭГ

                      ШҮҮГЧИД                                                 Н.БАТЧИМЭГ

                                                                                        Н.БАЯРМАА

                                                                                        Э.ЗОЛЗАЯА

                                                                                        Б.УНДРАХ