Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 47

 

 

Х.Жд холбогдох

эрүүгийн хэргийн тухай     

                            Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

 

            Прокурор: Г.Энэрэл,

           Шүүгдэгчийн өмгөөлөгч: Т.Урангоо,

            Шүүгдэгч: Х.Ж,  

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Батхуяг нарыг оролцуулан,

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/89 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Х.Жд холбогдох, эрүүгийн 2020000630069 дугаартай, 1 хавтас, 127 хуудас бүхий хэргийг шүүгдэгч Х.Жасрайсэнгийн гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х.Ж-д холбогдуулан Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокурор Б.Догмиддоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Шүүгдэгч Х.Ж 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 19-ний өдөрт шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багийн 84-р байранд үйл ажиллагаа явуулдаг “Овоот” хүнсний дэлгүүрийн цонхоор нууцаар нэвтрэн орж, 161 000 төгрөг бэлнээр, архи 1 ширхэг, пиво 1 ширхэг, номын тавиур 1 ширхэг, чоко үрэл 4 ширхэг, салат навч 4,8 кг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар  хулгайлан авч 300 400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Х.Ж-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан хүний үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Х.Ж-г 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэхээр,

 

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Жд оногдуулсан 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

 

шүүгдэгч Х.Ж энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж,

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сди бичлэг 1 ширхэг хэрэгт хавсаргахаар,

 

Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Х.Жэс 300,400 /гурван зуун мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулан хохирогч Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р баг 144Б-30 тоотод оршин суух, Зэмлээ овогт Н.Э-т олгохоор,

 

шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Жд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорихоор,

 

шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар нь эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Х.Ж давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирол төлбөрийг төлж барагдуулсан бөгөөд эхнэр Б.Ариунгэрэл маань өвчний улмаас эмнэлгийн хяналтанд байдаг, сургуулийн насны хоёр хүүхэдтэй, надаас өөр хөдөлмөр эрхлэх хүн байхгүй тул эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Х.Жд анхан шатны шүүхээс 2 жилийн ял оногдуулсныг шүүгдэгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасны дараа өмгөөлөгчөөр гэрээ байгуулсан. Ар гэртэй нь холбогдоод дүү нь хохирлын мөнгө өгч би өөрийн нэрээр хохирогчийн нэр дээрх данс руу шилжүүлсэн баримтаа шүүхэд өгсөн. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар хохирол төлбөрөө нөхөн төлсөн бол гэх үндэслэлээр анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү гэсэн саналтай байна” гэв.

 

Прокурор Г.Энэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгчийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн нөхцөл байдал болон түүний гэм бурууд тохирсон байна гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна” гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгчийн гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг хангаж, хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр  шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулсан байна.

 

Хавтаст хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад дүн шинжилгээ хийж, харьцуулан судалж үзэхэд: 

 

Шүүгдэгч Х.Ж 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 19-ний өдөрт шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багийн 84-р байранд үйл ажиллагаа явуулдаг “Овоот” хүнсний дэлгүүрийн цонхоор нууцаар нэвтрэн орж, 161 000 төгрөг бэлнээр, архи 1 ширхэг, пиво 1 ширхэг, номын тавиур 1 ширхэг, чоко үрэл 4 ширхэг, салат навч 4,8 кг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар  хулгайлан авч 300 400 төгрөгийн хохирол учруулсан/хх-ийн 40-42/ үйл баримт тогтоогдож байна.

 

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүйн гадна гэмт хэргийн үйл баримтыг нотолжээ.

 

Шүүгдэгч Х.Ж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хулгайлах” гэмт хэргийг “...үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр”-нд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх-2/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-4-9/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл/хх-10-11/, хохирогч Н.Э-н мэдүүлэг/хх-49-50/, гэрч С.А-н мэдүүлэг/хх-17/, гэрч Ц.Г-н мэдүүлэг/хх-19/, гэрч Ц.Э-н мэдүүлэг /хх-23/-ээр тус тус тогтоогдож байна.

 

Хохирогч, гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж мэдүүлсэн, тэдэнд мөрдөн шалгах ажиллагааны явцад зориуд худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэдэг болохыг сануулж мэдүүлгийг авсан, мэдүүлгийг авахдаа хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул шүүгдэгчийн “үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр”-нд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан  гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр бүрэн тогтоогдсон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм.  

  

Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоож, хэргийг шийдвэрлэхдээ мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах, өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлтийг шинжлэн судалсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байх ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцсэн, хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчөөгүй байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдан шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжид шүүгдэгчийн үйлдэл хамаарч байгааг зөв тодорхойлж, хэргийг зөв зүйлчилж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлж барагдуулаагүйг харгалзан хоёр жил хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж, хэрэглэжээ.

 

            Харин давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд  шүүгдэгч Х.Жээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 300400 төгрөгийг төлж барагдуулсан нь баримт/хх-ийн 141/-аар тогтоогдож байх ба энэ нь Эрүүгийн хуульд заасан “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж” болох шаардлагад нийцэж байх тул түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлтэй юм.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.Жд “Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “...гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл хэсэг, заалтад заасан... ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар нэг /1/ жил хорих ял оногдуулсугай” гэж шийтгэх тогтоолын 2 дахь заалтад өөрчлөлт оруулахаар, бусад заалтыг хэвээр үлдээж, энэ үндэслэлээр шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 4, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/89 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтад “Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Х.Ж-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг

 

 “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Х.Ж-г 1/нэг/ жил хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,

 

3 дугаар заалтад “... 2 /хоёр/ ...” гэснийг “... 1 /нэг/ ...” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Ж-н давж заалдсан гомдлыг хангасугай. 

 

 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Х.Ж-н цагдан хоригдсон 56 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

 

                                                ШҮҮГЧИД                                   А.САЙНТӨГС

 

                                                                                                    Н.БОЛОРМАА