2022 02 24 181/ШШ2022/00315
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: тоотод оршин суух, МБ-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: байрлах, ӨАЗ ХХК -д холбогдох,
2021 оны 3, 4, 5 дугаар сарын цалин 2,391,348 төгрөг гаргуулах, 2020 оны 9 сараас 2021 оны 5 сарыг хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлөхийг даалгах тухай иргэний хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Амарбаясгалан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ӨАЗ ХХК-ийн Таван толгой Гашуун сухайт чиглэлийн хатуу хучилттай 240.3 км авто замын төсөл дээр 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн талбайн даамалаар ажилласан. Ингэхдээ хариуцагч компанитай хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан бөгөөд сарын цалинг 2,500,000 төгрөг байхаар тохиролцож, хариуцагч компани нь надад олгосон цалинтай холбоотойгоор эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож төлөх үүргийг тус гэрээгээр хүлээж, талууд гарын үсэг зуран гэрээг албан ёсоор баталгаажуулсан. Улмаар миний бие хувийн шалтгааны улмаас тус ажлаас гарахаар болж хүний нөөцийн мэргэжилтэнд хандаж ажлаас гарах болсон талаарх хүсэлтэй байгаагаа 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хэлсэн бөгөөд улмаар 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ албан ёсоор бичгээр өгсөн.
Ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ хүний нөөцийн албанд өгсний дараагаар хүний нөөцийн мэргэжилтэн нь “чиний асуудлыг шийдвэрлэж өгнө, эхлээд тойрох хуудсаа зуруулчих” гэсний дагуу нэхэмжлэгч миний бие байгууллагын холбогдох ажилтан, албан хаагч нараар тойрох хуудсаа зуруулсан. Эцсийн хаалт хийх захирлын гарын үсгийг зуруулах гэсэн боловч надтай хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан Д.Чинбаатар гэх захирал нь солигдсон учраас шинээр томилогдсон захирал В.Бат-Эрдэнэ нь ажлаас чөлөөлөгдөж байгаа хүмүүсийн цалинг олгох боломжгүй, хаа гэсэн тушаал захирамж гаргасан тул тойрох хуудас дээр минь гарын үсэг зурж өгөөгүй. Энэхүү шалтгаанаас болж нэхэмжлэгч миний бие 2021 оны 03 дугаар сарын үлдэгдэл цалин, 4, 5 дугаар сард авах бүтэн цалин, нийт 2 391 348 төгрөгийн цалингаа хариуцагч компаниас авч чадаагүй.
Нэхэмжлэгч миний бие цалин хөлс олгохгүй байгаа талаар хариуцагч компанийн холбогдох албан хаагч нартай удаа дараа уулзаж байсан боловч дээрх асуудлыг шийдвэрлэж өгөх боломжгүй гэж хэлээд өнөөдрийг хүртэлх хугацаанд миний ажилласан хоногийн цалинг өгөөгүй байна. Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1 дэх хэсэгт “хөлсөөр ажиллах гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө”, 360.2 дах хэсэгт “Шаардлагатай бол хөлсийг хэсэгчлэн, тодорхой хугацаанд төлөхөөр тохиролцож болно” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч миний бие хариуцагчаас ажилласан хугацааны цалингаа шаардах эрхтэй тул хариуцагч ӨАЗ ХХК-аас миний ажилласан хугацааны олгогдоогүй байгаа цалин болох 2 391 348 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Дээрх цалин хөлс олгохгүй байгаа талаар нэхэмжлэгч миний бие хариуцагч компанийн холбогдох ажилтан, албан хаагч нартай удаа дараа уулзаж байсан бөгөөд хариуцагч ӨАЗ ХХК-ийн нягтлан бодогч Б.Алтанзулаас санхүүгийн төлбөр, үлдэгдэл цалингийн тооцоогоо асуутал надад цалингийн хүснэгт хэвлэж өгсөн. Тус хүснэгтээс харахад нэхэмжлэгч миний 2021 оны 3, 4, 5 дугаар сарын ажилласан хоногийн цалинг тооцон, уг цалингаас нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож авсан болохыг мэдсэн. Улмаар нэхэмжлэгч миний бие нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагааг гаргаж үзтэл хариуцагч компани нь миний ажилласан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлөөгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт “Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”, 46.2 дахь хэсэгт “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу хариуцагч компани нь надад олгосон цалингаас хуульд заасны дагуу зохих хувь, хэмжээгээр суутгасан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөх үүрэгтэй байсан боловч тэр үүргээ биелүүлээгүй байна.
Иймд нэхэмжлэгч намайг ажилд орсон хугацаанаас хойш буюу 2020 оны 09 дүгээр сараас 12 дугаар сарын 31, 2021 оны 01 дүгээр сараас 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан журмын дагуу төлөхийг хариуцагч ӨАЗ ХХК-д даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч ӨАЗ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай ӨАЗ ХХК нь Монгол Улсад анх удаа барьж байгаа хүнд даацын хатуу хучилттай замын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Манай захиалагч компани бол “Тал нутгийн хөгжлийн зам” ХХК байдаг. Захиалагчаас санхүүжилтээ авсныхаа дараагаар ажилчдын цалинг бодож олгох болон туслах гүйцэтгэгч компаниуддаа тухайн сарын төлбөрийг олгодог. Гэхдээ Ковид цар тахлын нөхцөл байдлаас болж санхүүжилт хоцорч нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөр болон цалингийн талаарх үлдэгдлүүд үүсэж эхэлсэн.
Замын ажил нь улирлын чанартай байдаг тул өвлийн улиралд ажил зогсдог учраас “Хөлсөөр ажиллах гэрээ”-г тодорхой хугацаатай байгуулж ажиллуулдаг.
Нэхэмжлэгч М.Б нь ажлаасаа гарах өргөдлөө өгөөд ажлаа бүрэн хүлээлгэж өгөөгүй орхиж явсан. Талбайн даамал гэх ажил, үүрэг нь зам барих ажлын талбай дээр ажиллаж байгаа бүх хүн, техникийн өдөр тутамын ажлыг зохион байгуулж ажиллуулдаг чухал ажил байтал гэнэт ажлаа орхиж явснаас ажилчид удирдах хүнгүй болсноор ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй болж түрээсийн техник хэрэгслүүдэд сул зогсолт үүсч компанид хохирол учирсан.
М.Б ажлаасаа гарахдаа “Тойрох хуудас”-ыг зуруулсан гэж хэлээд байгаа боловч холбогдох албан тушаалтнуудаар бүрэн зуруулаагүй, мөн “ажил хүлээлцэх” гэсэн дээр тооцоотой гэсэн байгаа нь Тойрох хуудаснаас тодорхой харагдана. Мөн хамгийн гол нь манай байгууллага М.Бийг хэрвээ ажлаасаа гарах гэж байгаа бол орондоо ажиллах хүнээ олоод ирээрэй гэсэн боловч олж өгөөгүй. Энэ нь ямар учиртай вэ гэхээр түрүүн хэлсэнчлэн нэг хүн л хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа хаяж явахад тэр хэмжээгээрээ хохирол учирдаг учраас өөрийнхөө оронд ажиллуулах хүн олоорой гэж хэлсэн. М.Бийг цалингаа нэхэхээр нь тойрох хуудас, ажил хүлээлцсэн актаа үйлдээд цалингаа аваарай гэж хэлсэн. Гэвч одоог хүртэл ажлаа хэн нэгэнд хүлээлцээгүй. Тойрох хуудсаа бүрэн зуруулаагүй байгаа. Эдгээр нөхцөл байдлын улмаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.
Нотлох баримт: нэхэмжлэгч талаас Өндөр алтайн зам ХХК-тай байгуулсан Хөлсөөр ажиллах гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Цалингийн задаргаа, Тойрох хуудас /ажлаас чөлөөлөгдөх/, 2021.04.19-ны өдөр Өндөр алтайн зам ХХК-ийн хүний нөөцийн хэлтэст гаргасан өргөдөл /ажлаас чөлөөлөгдөх/, ажлын гүйцэтгэл баталгаажуулах хуудас, гэрэл зураг зэргийг шүүхэд гаргаж өгсөн, хариуцагч талаас шүүхэд нотлох баримт гаргаагүй, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Б нь ӨАЗ ХХК-д холбогдуулан 2021 оны 3, 4, 5 дугаар сарын цалин 2 391 348 төгрөг гаргуулах, 2020 оны 9 сараас 2021 оны 5 сарыг хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлөхийг даалгахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч ӨАЗ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төгөлдөр нь нэхэмжлэгчийг ажлаа хүлээлгэж өгөөгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:
ӨАЗ ХХК нь М.Бтэй 2021.03.12-ны өдөр №ХАГ-135/21 дугаар “Хөлсөөр ажиллах гэрээ”-г байгуулж 2021.03.02-ны өдрөөс эхлэн авто замын төсөл болох Өмнөговь аймаг, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хатуу хучилттай 240 км хүнд даацын авто замын барилгын ажлын төслийн хугацаанд талбайн даамал-ын ажил-үйлчилгээг гүйцэтгүүлэх, 1 сарын ажлын хөлс 2,500,000 төгрөг байхаар тохиролцжээ. /хавтаст хэргийн 4-5 хуудас/
“Хөлсөөр ажиллах гэрээ” нь агуулга, зорилго болон талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллийн хувьд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний зохицуулалтад нийцсэн байна. Тус гэрээ нь субъект, субъектив тал болон агуулга, хэлбэрийн хувьд хуульд нийцсэн хүчин төгөлдөр байна.
Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.
М.Б нь дээрхи гэрээний дагуу ажил-үйлчилгээг гүйцэтгэж байгаад 2021 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр “ажлаасаа гарах” хүсэлтийг гаргаснаар ажил гүйцэтгэх үүрэг нь дуусгавар болсон талаар зохигч маргаагүй тул хариуцагч ӨАЗ ХХК нь М.Бий ажилласан хугацааны хөлсийг төлөх үүрэгтэй байна.
“Хөлсөөр ажиллах гэрээ”-ний 5.1-д “Гэрээлэгчийн ажлын хөлсийг дансаар сард 2 удаа доор дурдсан журмаар олгоно. Үүнд: эхний хөлсийг тухайн сарын 16-ны өдрөөс 30-ны өдрөөр тооцож дараа сарын 15-ны өдөр, сүүлийн хөлсийг дараа сарын 01-ний өдрөөс дараа сарын 15-ны өдрөөр тооцож 30-ны өдөр” гэж заасан байх бөгөөд хариуцагч ӨАЗ ХХК-ийн нягтлан бодогч Б.А нь М.Бий 2020 оны 10, 11 сар, 2021 оны 03, 04, 05 сарын хөлсийг тооцож “Цалингийн задаргаа”-г хүснэгтээр гаргасан байна. /хавтаст хэргийн 4, 9 хуудас/
Уг цалингийн задаргаанаас харахад 2021 оны 03 сарын 16-наас 4 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны хөлс 1,987,777 төгрөг, 2021 оны 04 сарын 16-наас 5 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны хөлс 403,571 төгрөг тус тус олгоогүй болох нь тогтоогдож байна. Хариуцагч олгогдоогүй хөлсний хэмжэээний талаар маргаагүй.
Харин хөлсийг төлөхөөс татгалзаж буй үндэслэлээ ажлыг хүлээлгэж өгөөгүйгээс хохирол учирсан гэж тайлбарлаж байна.
М.Б нь гэрээний дагуу ажил-үйлчилгээг гүйцэтгэж байгаад 2021 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр “ажлаасаа гарах” хүсэлтийг гаргасныг, ӨАЗ ХХК нь хүлээн авч, эрх бүхий 2 этгээд татгалзах зүйлгүй гэж цохолт хийсэн, эрх бүхий нэг этгээд “өргөдөл цохолт тодорхой бус, орны хүн /орон тоо шаардлагатай эсэх/, ажилласан хугацааны тайлан, ажил хүлээлцэх акт, орны хүн ирсэн даруйд чөлөөлөх” гэсэн цохолтыг хийсэн байна. /хавтаст хэргийн 11 хуудас/
Мөн М.Б нь ажлаас чөлөөлөгдөх “Тойрох хуудас”-ыг зуруулж хүлээлгэн өгсөн байх бөгөөд “ажил хүлээлцэх” гэсний ард тооцоотой эсэхийг чагтлахдаа тийм гэсэн сонголтыг 2 удаа хийсэн байна. /хавтаст хэргийн 10 хуудас/
Хариуцагч ӨАЗ ХХК нь М.Бийг ямар ажлыг хэрхэн яаж хүлээлгэж өгөөгүйгээс юунд хохирол учирсныг баримтаар нотлох буюу татгалзлаа нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Иймд хөлсөөр ажиллах гэрээний нэг тал болох М.Б гэрээг цуцалснаар нөгөө тал болох ӨАЗ ХХК-д хохирол учирсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч М.Б нь гэрээгээр тохиролцсон ажлыг 2021 оны 03 сараас 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийг дуустал гүйцэтгэсэн болох нь “Цалингийн задаргаа”, “Өндөр алтайн зам ХХК-ийн ажлын гүйцэтгэл баталгаажуулах хуудас”, фото зургуудаар тогтоогдож байх тул гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг шаардах эрхтэй. /хавтаст хэргийн 9, 12-15 хуудас/
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хариуцагч ӨАЗ ХХК нь гэрээнд заасны дагуу 2021 оны 4 сарын хөлс 1,987,777 төгрөг, 2021 оны 5 сарын хөлс 403,571 төгрөг, нийт 2,391,348 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч М.Б нь 2020 оны 09-12 сар, 2021 оны 1-5 сарын нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг ӨАЗ ХХК нь хөлснөөс суутгаж авсан боловч Нийгмийн даатгалын санд шилжүүлээгүй гэх үндэслэлээр нөхөн төлөхийг даалгах шаардлага гаргасныг хариуцагч Ковид цар тахлын нөхцөл байдлаас санхүүжилт хоцорч нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөрийг төлөөгүй байгаа гэж тайлбарлаж байна.
“Хөлсөөр ажиллах гэрээ”-ний 5.2-д “Гэрээлэгч нь нийгмийн даатгалын шимтгэл болон хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан журмын дагуу төлөх үүрэгтэй” гэж, мөн гэрээний 6.1, 6.2 дахь хэсэгт зааснаар даатгалын хураамжийг компани гэрээлэгчийн өмнөөс урьдчилан төлсөн тохиолдолд ажлын хөлснөөс даатгалын хураамжийг суутгахаар тохиролцсон байна.
Хариуцагч ӨАЗ ХХК нь М.Бий 2020 оны 10, 11 сар, 2021 оны 03, 04, 05 сарын хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг суутгаж авсан болох нь нягтлан бодогч Б.Алтанзулын гаргасан М.Бий “Цалингийн задаргаа” хүснэгтээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 9 хуудас/
Хариуцагч ӨАЗ ХХК нь М.Бий 2020 оны 10, 11 сар, 2021 оны 01, 02, 03, 04, 05 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхөөр тайлагнасан боловч мөнгийг нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлээгүй болох нь даатгуулагч М.Бий “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт”-д ажил олгогч шимтгэл төлөөгүй гэснээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 7-8 хуудас/
Иймд хариуцагч ӨАЗ ХХК-д М.Бий 2020 оны 10, 11 сар, 2021 оны 01, 02, 03, 04, 05 сарын нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгийг нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэхийг даалгах үндэслэлтэй байна.
Харин нэхэмжлэгч М.Б нь хариуцагч ӨАЗ ХХК-ийг 2020 оны 12 сарын хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэлийг суутгаж авсан гэх байдлыг болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг төлөөгүй гэх байдлыг баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул уг шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,
Нэхэмжлэгч М.Б нь хөлс гаргуулах шаардлагадаа улсын тэмдэгтийн хураамжид 53 212 төгрөг төлсөн, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлөхийг даалгах шаардлага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн тул хариуцагчаас 53 212 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, 70 200 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэг зааснаар хариуцагч ӨАЗ ХХК-иас 2,391,348 /хоёр сая гурван зуун ерэн нэгэн мянга гурван зуун дөчин найман/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Бд олгосугай.
2. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 8.3.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч ӨАЗ ХХК-д М.Бий 2020 оны 10, 11 сар, 2021 оны 01, 02, 03, 04, 05 сарын нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгийг нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэхийг даалгаж, М.Бий нэхэмжлэлээс 2020 оны 12 сарын нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлөхийг даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Бий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53 212 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ӨАЗ ХХК-иас 53 212 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Бд, 70 200 төгрөгийг гаргуулж Улсын төсвийн орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА