| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2024/0181/Э/ |
| Дугаар | 2024/ШЦТ/183 |
| Огноо | 2024-10-08 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Түвшинтөр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 2024/ШЦТ/183
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,
улсын яллагч Б.Түвшинтөр,
хохирогч Д.П,
шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Түвшинтөрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Н-д холбогдох 2416001700188 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, **** оны **** дугаар сарын ***-ны Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Говь-Алтай аймгийн ***** сумын ***** багийн ***** тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 6 сарын хугацаагаар тогтоосон, Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын ***** өдрийн 2024/ШЦТ/**** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, ДЮ********** регистрийн дугаартай, Бд овогт Б-н Н.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Н-н 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 12-ны өдөрт шилжих шөнө хохирогч А.Б-н виза картыг авч, улмаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ***** багт үйл ажиллагаа явуулдаг ********* эмийн сан дотор байрлалтай ХААН банкны АТМ***** дугаартай бэлэн мөнгөний машинаас 4 удаагийн гүйлгээгээр нийт 1,100,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан, мөн Говь-Алтай аймгийн ******* сумын ********* баг ******** тоотод 2024 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 12-ны өдөрт шилжих шөнө Д.П-н гар утсыг ашиглан интернэт банкнаас нь 2 удаагийн гүйлгээгээр нийт 560,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан үйлдлүүдийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
1. Шүүгдэгч Б.Н нь 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 12-ны өдөрт шилжих шөнө хохирогч А.Б-н согтуурсан байдлыг далимдуулан виза картыг нь авч, улмаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ******** багт үйл ажиллагаа явуулдаг ********* эмийн сан дотор байрлах ХААН банкны АТМ**** дугаартай бэлэн мөнгөний машинаас 4 удаагийн гүйлгээгээр нийт 1,100,000(нэг сая нэг зуун мянга) төгрөгийг авсан болох нь:
1.1. Шүүгдэгч Б.Н-н шүүх хуралдаанд өгсөн “... Тэр өдөр А.Б-тай ууж байгаад санамсаргүй байдлаар АТМ ороод мөнгө авсан. А.Б нь Говь-Алтай аймагт ирсэн байгаа. Би өчигдөр уулзаад 1,150,000 төгрөг бэлэн өгсөн. Би нотлох баримт гэж мэдэхгүй гарын үсэг зуруулж аваагүй. Өглөө ирээд залгасан боловч утсаа авахгүй байгаа... Ийм үйлдэл гаргасандаа гэмшиж байна...” гэх мэдүүлэг./шүүх хуралдааны тэмдэглэлээс/
1.2. Хохирогч А.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 12-ны өдөрт шилжих шөнө хэдэн найзуудтайгаар гадуур жаахан архи ууж байгаад буудалд орж амарсан. Маргааш өглөө нь Хас банкны виза картаа хайгаад олоогүй. Гар утсанд Хас банкны виза картнаас 2024 оны 06 дугаар сарын 12-ны шөнө 04 цагийн орчимд хэд хэдэн зарлага гарсан мессеж ирсэн байсан. Нийт 4 удаагийн гүйлгээгээр 1,100,000 төгрөгийн зарлага гарсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандаж байна ... Хас банкны ********* дугаарын дансыг 3 жил орчим ашиглаж байна. Тухайн дансанд хамтран эзэмшигч байхгүй. Би өөрөө ашигладаг... Миний Хас банкны ******** дугаарын дансны виза карт гүйлгээний нууц код байгаа. Гүйлгээний нууц кодыг би өөрөө мэднэ ... Н, Л гэх хүмүүстэй хамт архи ууж байгаад нэлээн согтоод буудалд Л гэх залуутай хамт хоносон... Би өөрөө бүх тооцоог хийсэн. Намайг тооцоо хийж байхад Н миний хажууд ойрхон байсан. Н гэх залуу нь миний виза картны кодыг цээжлэх боломжтой байсан ... Би Н гэх залууг миний визаг авч гүйлгээ хийсэн байж магадгүй гэж сэжиглэж байна...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас/
1.3. Хохирогч А.Б-н эзэмшлийн Хас банк дахь ********** дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга, тухайн дансанд 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл. /хавтаст хэргийн 13-15 дугаар хуудас/
1.4. Хохирогч А.Б-р шүүгдэгч Б.Н-г таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хавтаст хэргийн 16-21 дүгээр хуудас/
1.5. ХААН банкны 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 5315/24/0427 дугаартай “... Харилцагчийн гүйлгээ хийсэн АТМ**** байх бөгөөд Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, ******* баг, ************ эмийн сан дотор байрлалтай байна. Хавсралтаар гүйлгээ хийсэн иргэний зургийг хүргүүлэв...” гэх агуулга бүхий албан бичиг/хавтаст хэргийн 28-31 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,
2. Говь-Алтай аймгийн ********** сумын *********** баг 12-1а тоотод 2024 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө хохирогч Д.П-н гар утсыг ашиглан интернэт банкнаас нь 2 удаагийн гүйлгээгээр нийт 560,000(таван зуун жаран мянга) төгрөгийг авсан болох нь:
2.1. Шүүгдэгч Б.Н-н шүүх хуралдаанд өгсөн “... П-н хамт архи уусан согтуу байхдаа 28,000 төгрөг шилжүүлээд өгөөч гэж хэлээд 280,000 төгрөгөөр хоёр удаа өөр данс руу шилжүүлсэн... А.Б-тай найзууд, Д.П-тэй караокед танилцсан. Тэгээд гэрт нь очиж ганц хоёр пиво ууж байгаад мөнгөн дүнг хийгээд кодыг нь ах өөрөө хийсэн... Ийм үйлдэл гаргасандаа гэмшиж байна... Д.П-н хохирлыг ойрын хугацаанд барагдуулна...” гэх мэдүүлэг. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
2.2. Хохирогч Д.П-н шүүх хуралдаанд өгсөн “... 2024 оны 08 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө өөрийгөө С гэж танилцуулсан. Намайг таньдаг гэж хэлсэн. Тэгээд 110,000 төгрөг шилжүүлсэн. 90,000 төгрөгөөр нэг шилжүүлээд, 80,000 төгрөгөөр шилжүүлээд, 28,000 төгрөг шилжүүлнэ гэсэн боловч 280,000 төгрөгөөр хоёр удаа шилжүүлсэн байсан ... Би танихгүй, намайг танимхайраад байсан ... Надад хэлэлгүйгээр 560,000 төгрөг шилжүүлсэн. Тэрнээс өмнө 280,000 төгрөгийг зээлж авсан...” гэх мэдүүлэг. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
2.3. Хохирогч Д.П-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Би 2024 оны 07 дугаар сарын 11-ний шөнө Кайф караокены гадаа өөрийгөө С гэж танилцуулсан залуутай тааралдсан юм. Тухайн хүн нь намайг сайн таньдаг гэсэн бөгөөд бид 2 манай гэрт очиж пиво ууж хамт хоносон юм ... Тэгтэл тухайн залуу дүүд нь одоо 28,000 төгрөг шилжүүлчихвэл дүүгийнх нь мөнгө бүтэх гээд байна гэхээр нь шилжүүлэх гэтэл дүү нь өөрөө мөнгөн дүнг нь хийе гэхээр би итгээд утсаа өгсөн юм. Тэгээд маргааш өглөө нь утсаа хартал 280,000 төгрөгөөр 2 удаа нийт 560,000 төгрөг ********** М.О гэх данс руу шилжүүлсэн байсан. Би тухайн мөнгийг шилжүүлээгүй бөгөөд надтай хамт байсан залуу надад мэдэгдэлгүй тухайн 560,000 төгрөгийг шилжүүлж миний данснаас хулгайлсан байсан... Тэгээд тухайн залуугийн талаар судалж үзтэл тухайн залууг С биш Н гэдэг нэртэй залуу байсан ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 76-77 дугаар хуудас/
2.4. Хохирогч Д.П-р шүүгдэгч Б.Н-г таньж олуулсан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хавтаст хэргийн 48-52 дугаар хуудас/
2.5. Хохирогч Д.П-н эзэмшлийн ХААН банк дахь ********* дугаартай дансны хуулга. /хавтаст хэргийн 55 дугаар хуудас/
2.6. М.О-н эзэмшлийн ХААН банк дахь ********** дугаартай дансны хуулга, тухайн дансанд 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл. /хавтаст хэргийн 67-69 дүгээр хуудас/ гэсэн нотлох баримтуудаар тус тус хөдөлбөргүй тогтоогдлоо.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд зүйлийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэлгүйгээр нууц, далд аргаар үнэ төлбөргүй эзэмдэн авч ашиглах, захиран зарцуулах эрхийг хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгодог болно.
Шүүгдэгч Б.Н-н хохирогч А.Б, Д.П нарын банканд байршиж байсан мөнгийг тэдгээрийн төлбөрийн хэрэгслүүд болох төлбөрийн карт, интернэт банкаар нь дамжуулан хохирогч нарт мэдэгдэлгүйгээр авч ашигласан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авах үндсэн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгчийг уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 119 дүгээр хуудас/, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын ****-ны өдрийн ****дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 130-136 дугаар хуудас/, Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны **** дугаар сарын **** өдрийн 2024/ШЦТ/***** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар/хавтаст хэргийн 124-127 дугаар хуудас/, шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирогч А.Б-н “... Би хохирол болох 1,100,000(нэг сая нэг зуу) төгрөгийг бэлнээр авсан тул гомдол санал байхгүй ...” гэх агуулга бүхий бичиг, шүүгдэгчээс хохирогч Д.П-д 560,000(таван зуун жаран мянга) төгрөг шилжүүлсэн ХААН банкны 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Н-н гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг нь шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгчийн урьд нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын ***-ны өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан тул үүнийг нь мөн хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн ...” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн болно.
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч А.Б-т 1,100,000(нэг сая нэг зуун мянга) төгрөг, хохирогч Д.П-д 560,000(таван зуун жаран мянга) төгрөг төлөгдсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт 1 ширхэг, хохирогч А.Б-н хүсэлт зэргийг хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-н Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д 400(дөрвөн зуу) цагийн нийтэд тусгай ажил хийлгэх ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 (найм) цагийн ажлыг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Н-д сануулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч А.Б-т 1,100,000(нэг сая нэг зуун мянга) төгрөг, хохирогч Д.П-д 560,000(таван зуун жаран мянга) төгрөг төлөгдсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт 1 ширхэг, хохирогч А.Б-н хүсэлт зэргийг хэрэгт хавсаргасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА