| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2024/0191/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/186 |
| Огноо | 2024-10-10 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Түвшинтөр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 2024/ШЦТ/186
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр,
улсын яллагч Б.Түвшинтөр,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ,
шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Манзуширын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.М-д холбогдох 2416000000228 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, ******* оны ** дугаар сарын **-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, малчин, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн **** сумын ***** багийн ******** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ********* регистрийн дугаартай, Х овогт Б-н М.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Б.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр, согтуурсан үедээ 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 11 цаг 50 минутад Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд “Prius-30” загварын автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болох нь:
1. Шүүгдэгч Б.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас/
2. Гэрч Ч.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2024 оны 09 дүгээр сарын 08-нд би шугам замын эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 7048102 дугаарын утсанд Баяншанд баг ******** дэлгүүрийн үүдэн дээр Приүс-30 маркийн **** ГАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуу хүн жолоодоод яваад байна гэсэн дуудлага ирсэн гэж над руу ярихаар нь дуудлагын дагуу очиж шалгахад Приүс-30 маркийн **** ГАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл зогсож байсан. Тухайн тээврийн хэрэгсэл дотор Д, М нар байж байсан. Тухайн үед нэг танихгүй эмэгтэй М тээврийн хэрэгслээ согтуу гэрээсээ унаад гарсан тэгээд энд ирсэн байхаар нь би цагдаад дуудлага өгсөн гэж хэлсэн. Тэгээд Д, М нарыг эрүүлжүүлэх байранд авч очин драгер үлээлгэхэд Д-т согтолтын зэрэг байхгүй байсан М нь 2.94 хувийн согтолттой байсан ... Тухайн дэлгүүрийн хяналтын камерыг шалгахад Д жолоодоод дэлгүүрийн гадаа ирж байгаа бичлэг байсан. ******* багийн замын камерыг шалгахад М гэрээсээ машинаа жолоодоод гарч ирэхэд араас нь хүүхэд гарч ирж суугаад хөдөлж байгаа бичлэг байсан ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 25 дугаар хуудас/
3. Гэрч Б.Г-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2024 оны 09 дүгээр сарын 08-нд гэртээ байж байсан чинь манай эгч Д над руу гар утсаар залгаад “би мянган багшийн уулзалтад явах гэсэн чинь манай нөхөр М согтуу машинаа унаад бас бага хүүхдээ аваад явчихлаа чи залгаад намайг явах гээд байна хурдан ир гээд хэлээд өг” гэхээр би М-н гар утас руу залгасан чинь утас нь тасраад байсан ... Гэрээсээ гараад зах руу явж байсан чинь ****** дэлгүүрийн дээд талд байдаг дэлгүүрийн гадаа М-н тээврийн хэрэгсэл зогсож байхаар нь би яваад очсон чинь машин дотроо нэг танихгүй залуу тэгээд жоохон хүүхэд нь байсан. Тэгээд би 7048102 дугаарт согтуу тээврийн хэрэгсэл жолоодоод яваад байна гэж дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг./хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/
4. Гэрч Б.Д-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Бид хоёр гэртээ очоод манай нөхөр М шөнө унтаагүй орж гараад яваад байсан. Тэгээд 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өглөө манай нөхөр М тээврийн хэрэгслээ жолоодоод айлд очоод ирье гэж хэлээд гараад явсан тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Манай 2 настай хүүхэд араас нь гүйж очоод машинд суугаад явахаар нь би өөрийн төрсөн дүү Г-тэй гар утсаар залгаж яриад “М-тай утсаар яриад хэлээдэх машинаа унаад хүүхдээ аваад гараад явчихлаа би багш нарын уулзалтад явах гээд байна” гэж ярьсан ... Тухайн үед М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. М нь гэрээсээ гарахдаа өөрөө тээврийн хэрэгслээ жолоодоод гарсан надыг харахад өөр хүн байгаагүй манай 2 настай хүүхэд араас нь гараад машинд суугаад явсан ...” гэх мэдүүлэг./хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/
5. Хэргийг илрүүлсэн Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ч.Ц-н 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн илтгэх хуудас. /хавтаст хэргийн 8 дугаар хуудас/
6. Шүүгдэгч Б.М-н амьсгал дахь спиртийн агууламж 2,94 хувь промиль гарсан болохыг тусгасан эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл. /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/
7. Цагдаагийн ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн “Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 /жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон/-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл хасуулсан гэх жолоочийн лавлагаа. /хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/
8. Зөрчлийн 1752/2102 дугаартай хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн материалд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, түүний хавсралт/хавтаст хэргийн 10-14 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна. Тодруулбал тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан. Мөн “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг мөн, “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгохоор хуульчилсан тайлбарыг хийжээ. Энэ нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон этгээд урьд өмнө нь адил үндэслэлээр, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үндэслэлээр шийтгэл хүлээж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан тохиолдолд хамаарна. Шүүгдэгч Б.М-н тухайд өмнө нь 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр жолооч согтуулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил үйлдэн 1 жилийн хугацаагаар эрхээ хасуулсан тул түүний энэ удаагийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангана гэж шүүх дүгнэсэн болно.
Шүүгдэгч Б.М нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1(нэг) жилийн хугацаагаар хасаж, 2,700(хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000(хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1(нэг) жилийн хугацаагаар хасаж, 2,700(хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000(хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 2,700(хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000(хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Б-н М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1(нэг) жилийн хугацаагаар хасаж, 2,700(хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000(хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.М-д оногдуулсан 2,700(хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000(хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15(арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1(нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.М-д сануулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. . Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА