Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/185

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Мөнхшүр,

улсын яллагч Б.Түвшинтөр,

шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Түвшинтөрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.М-д холбогдох 2416001550206 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, **** оны *** дугаар сарын ***-ны өдөр Говь-Алтай аймгийн **** сумд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн  дунд  боловсролтой,  ам  бүл  5,  эцэг, эх, ах, дүү нарын хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн **** сумын **** багийн *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ******** регистрийн дугаартай, Ү овогт Б-н М.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.М-г прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:   

Шүүгдэгч Б.М нь 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Говь-Алтай аймгийн ***** сумын **** багт байрлах Ерөнхий боловсролын 12 жилийн ******* сургуулийн хашаан дотроос “Iphone-11 pro” загварын гар утсыг олж, өөрийн дугаарыг хийн ашигласан болох нь:

1. Шүүгдэгч Б.М шүүх хуралдаанд өгсөн “... 1 дүгээр сургуулийн урд талаас утас олсон. Сандал доогуур байхаар нь авсан. Тэгээд кодыг нь 0000 гээд хийхэд гарсан учраас ашигласан … Өөрийнхөө дугаарыг хийж сар гаран ашигласан ...”  гэх мэдүүлэг. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

2. Хохирогч П.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Би 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр аймгийн “Гоё кейс” гэх нэртэй дэлгүүрээс “Iphone-11 pro” загварын гар утас худалдан авч байсан. Өөрөө 5 сар гаруй барьсан саяхнаас манай хүүхэд утасгүй болохоор шинэ гар утас авч өгтлөө түр бариулж байсан юм ... 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр манай хүү хичээлээсээ орж ирэхдээ “ээж би таны гар утсыг хаячихлаа сургуулийн урд талын сандал дээр цүнхэнд хийгээд тавьчихаад сагс тоглож байгаад урагшаа дэлгүүр орох замдаа утсаа гаргаж ирэх гээд хайсан байхгүй байсан” гэсэн юм яриад ороод ирсэн. Би гар утсаа 2023 онд 1,500,000 төгрөгөөр худалдаж авч байсан...” гэх мэдүүлэг./ хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас /

3. Насанд хүрээгүй гэрч Б.Д-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 13 цагийн үед би сургуулиасаа тараад гарч ирсэн. Тэр үед би цүнхэндээ гар утсаа хийгээд талбай дээр сагс тоглож байгаад урагшаа дэлгүүр орох гээд явах замдаа утсаа гаргаж ирэх гээд үзтэл миний утас байгаагүй. Тэгээд би шууд гэрт очоод ээжид хэлсэн. Би тэр үед сандал дээр хүн сууж байсныг анзаараагүй ...” гэх мэдүүлэг./хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/

4. *********** ХХК-ны 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 4/5765 дугаартай “...Б овогтой М-н ********** дугаар ************** IMEA кодтой утсанд ашигласан...” гэх агуулгатай  албан бичиг, түүний хавсралт./хавтаст хэргийн 12 дугаар  хуудас/

5. Хохирогч П.Ц-д гээгдүүлсэн гэх эд хөрөнгө болох цагаан өнгийн “Iphone-11 pro” загварын гар утсыг хүлээлгэн өгсөн 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэл. /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/

6. Хөрөнгийн үнэлгээний Ашид-Билгүүн ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 26-ний өдрийн “... “Iphone-11 pro” загварын утас 1 ширхэг 1,000,000(нэг сая) төгрөгийн бодит үнэ цэнтэй байх боломжтойг тодорхойллоо...” гэх TXY-921/235 дугаартай хөрөнгийн үнэлгээ/хавтаст хэргийн 39-41 дүгээр хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гээгдэл эд хөрөнгийг... бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол...” эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.

 

Үүнийг өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамж, болгоомжгүйгээс хаягдаж орхигдох эсвэл хяналт, хамгаалалт хэрэгжүүлээгүйгээс, мөн хөндлөнгийн хүчин зүйлээс хамааралтайгаар эд зүйл энэхүү хяналт, хамгаалалтаас гадуур байсан үед эд хөрөнгийг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж авсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх ба уг зүйл, хэсэгт тодорхойлсон “гээгдэл” гэх нэр томьёо нь цогцоороо хууль ёсны эзэмшигч тодорхой нөхцөл байдлын улмаас эд хөрөнгөдөө хяналт, хамгаалалт хэрэгжүүлээгүй байсан үед нь шүүгдэгч хөрөнгийг өөрт шилжүүлэн авсан бөгөөд харин эд хөрөнгийн хяналт, хамгаалалтыг няцаах, алдагдуулах ноцтой, идэвхтэй үйлдэл хийгээгүй байхыг гэж ойлгоно.

Тодруулбал, бусдын хаяж гээгдүүлсэн эд зүйлсийг олох нь хууль бус үйлдэл биш харин тухайн эд зүйлсийг олсон бол хууль ёсоор эзэмшигчид хүлээлгэн өгөх, эсвэл цагдаагийн байгууллага, албан тушаалтанд хүлээлгэн өгч бүртгүүлэх үүргийг хуулиар хүлээх бөгөөд энэ үүргээ биелүүлэлгүйгээр өөрөө ашиглах, бусдад худалдах, шилжүүлэхийг Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцсон болно.

Бусдын хаяж гээгдүүлсэн 1,000,000(нэг сая) төгрөгийн үнэлгээтэй гар утсыг эзэмшигч өмчлөгчид нь өгөх эсхүл цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч бүртгүүлэхгүйгээр өөрийн дугаарыг хийн ашигласнаараа шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдал нөхөн төлөх хохирлын хэмжээг тогтоох зорилгоор “...эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 64 дүгээр хуудас/, Хөрөнгийн үнэлгээний Ашид-Билгүүн ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 26-ний өдрийн “... Iphone-11 pro загварын утас 1 ширхэг 1,000,000(нэг сая) төгрөгийн бодит үнэ цэнтэй байх боломжтойг тодорхойллоо...” гэх TXY-921/235 дугаартай хөрөнгийн үнэлгээ /хавтаст хэргийн 39-41 дүгээр хуудас/, хохирогч П.Ц-д гээгдүүлсэн гэх эд хөрөнгө болох цагаан өнгийн “Iphone-11 pro” загварын гар утсыг хүлээлгэн өгсөн 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр тэмдэглэл/хавтаст хэргийн 20 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.М-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлоо нөхөн төлснийг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн бөгөөд шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэрэг хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож болно...” гэж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ. Иймээс шүүгдэгчийн тухайд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар санал гаргаагүй, түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасанчлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэх боломжтой байх тул шүүх хугацаа тогтоогоогүй болно.

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Ү овогт Б-н М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө,завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15(арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1(нэг)  хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.М-д сануулсугай. 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч, цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх  тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА