| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2022/0368/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1072 |
| Огноо | 2024-10-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Ганчимэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1072
2024 10 08 2024/ШЦТ/1072
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
Улсын Н.Ганчимэг,
Хохирогчийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг /ҮД:3245/
Шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам /ҮД:0650/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Тд холбогдох 2406 00000 1318 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19... оны 03 дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт ......... дүүргийн 1 дүгээр хороо, ......... дүгээр хороолол, .......хотхоны......... дугаар байрны ............. тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ЗБы Т /РД:...../.
Хэргийн товч агуулга:
Б.Т нь 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт БНХАУ-ын иргэн Ш/-ы нүүрэн тус газар гараараа цохиж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн үед би найзынхаасаа гараад харих гээд такси дуудаад харих гээд явж байсан. Тэр үед нэг залуу 2 хүүхний араас орилоод, элдэв янзын үгээр хэлээд, янхнуудаа гэх мэт үг хэрэглээд байсан. Нөгөө хоёр охины нэг нь наана, нөгөөдөх нь цаана зугтаасан байдалтай явж байсан. Би явж байхад нь “болиоч, яагаад эмэгтэй хүний араас орилоод байгаа юм” гэж хэлэхэд Ш намайг цохиод авсан. Тэр үед би тэр хүний Монгол хүн үү, Хятад хүн үү гэдгийг мэдэх боломж байгаагүй. Тэрүүгээр орилоод, агсам согтуу тавьж байсан. Миний дуудсан такси тэр хүний цаад талд байсан учраас би яах аргагүй зөрж таарсан. Тэгээд “болиоч” гэж хэлэхэд “чи миний дууг хорьдог цагдаа юм уу” гээд над руу дайраад эхэлсэн. Тэгэхдээ намайг цохиод авсан. Би “яаж байна аа” гэхэд намайг дахин мангасдаж авахаар нь би хариу үйлдэл хийж, нүүрэнд нь нэг цохиод авсан. Тэгээд Ш бид хоёр орооцолдоод, намайг зуураад “чи цагдаа юм уу? надад 300 дүү байдаг” гээд орилоод байсан. Тэгээд зууралдах явцад бид хоёр хоёр машины завсар унасан. Тэгээд босоод ирэхэд нөгөө найз нь машинтай хүмүүс дуудсан, хүмүүс нэмэгдсэн байхаар нь би 102 дугаарт залгаж цагдаа дуудсан. Цагдаа иртэл тэрүүгээр нэг орилоод, “би 300 дүүтэй” гээд хувцсаа тайлаад, энд тэнд хутганы сорвитой гэж харуулаад орилж байсан. Тэгээд цагдаа ирээд, цагдаагийн хэлтэс рүү явсан. Тэр үед Шы эхнэр ирсэн. Тэгээд Ш тухайн үед гомдолгүй, эндээс гаръя гээд цагдаагийн газраас гараад явсан. Гэтэл Шы нүүрнээс цус гарч байсан тул би хамт Гэмтлийн эмнэлэг рүү явж, нүүрэнд нь оёдол тавиулсан. Би санаатай тийм үйлдэл хийгээгүй тул гэмтлийн эмнэлэг хамт явж эмчилгээ хийлгэсэн. Би санаатай хохирол учруулаагүй...” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулсан дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.02-03/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ш /Xingan/-ны өгсөн: “Манай найз Хятадаас гэртээ ирээд намайг дуудаад РЦНК-ийн хажуугийн байранд 2024 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 18 цагийн үед очсон. Тэгээд очоод пиво уугаад нэлээд ярьж сууж байгаад 01 цагийн үед гэртээ харих гээд хамт байсан гурван найзтайгаа хамт гараад РЦНК-ийн хажуугийн замын хажууд тавьсан байсан машиныхаа хажууд ирсэн. Хоёр эмэгтэй найз маань арай зайтай явж байсан. Би Алтан гэдэг найзтайгаа хамт зогсож байгаад нөгөө хоёр найзыгаа “хүүе хаачих гэж байгаа юм бэ?” гээд тоглоом хийгээд орилсон чинь хажууханд байсан нэг залуу “чи гадаад хүн байж Монголд орилдог хэн бэ?” гэж хэлээд миний нүүр лүү цохиод газар унагаад дээрээс нэмж цохисон. Надтай хамт явж байсан найзыг цохиж зодоогүй, янз бүрээр хараагаад байсан. Тэр залуу их том тарган биетэй байсан. Ганцаараа согтуу явж байсан. Тэгээд жаахан шалбарсан бол яах вэ гэж бодож байсан чинь эмнэлэг дээр очиход зургаан оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг /хх.06, 104/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Алтаны өгсөн: “Би тухайн үед найз Шы хамт Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах РЦНК-ийн орчимд явж байсан юм. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Харин манай найз Ш бага зэрэг архи уусан байсан юм. Энэ үед Ш чанга дуугаар гадаа гудамжинд ярьж байсан тул үл таних том биетэй эрэгтэй хүнтэй маргалдсан ба улмаар тухайн үл таних эрэгтэй хүн Шыг зодсон ба би тухайн үед Шы хажууд зогсож байсан юм. Ийм л зүйл болсон. Тухайн үл таних залуу манай найз Шы нүүр хэсэгт нь 2-3 удаа цохиж байх шиг харагдсан. Энэ үед Шы нүүр хэсгээс нь цус гарсан. Харин Шы зүгээс тухайн залууг цохисон эсэхийг би анзаарч хараагүй юм. Миний харснаар Ш тухайн үл таних залууг зодсон зүйл байхгүй. Харин тухайн үл таних том биетэй залуу Шыг хойш түлхэн газарт унагаасан бас нүүр хэсэгт нь 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.112/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Б.Ганзоригийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 6504 дугаартай:
“1. Шы биед баруун хөмсөгт шарх, цус хуралт, уруул, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салстын язрал, зүүн хацарт цус хуралт баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Тэмцэлдсэн үл мөр тогтоогдсонгүй” гэх дүгнэлт /хх.10-11/,
Хохирлын баримт /хх.16, 70/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх.31-32/,
Яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан баталгаа /хх.34/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.Тгийн яллагдагчаар өгсөн: “... Би үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл бага зэрэг хэрэглэсэн байсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх.35/,
Цахим зурвас /хх.42/,
Гэрэл зураг, өмгөөллийн гэрээ /шинээр гаргасан 4 хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:
Хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.20-28/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Үйл баримтын талаарх дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Б.Т нь 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт БНХАУ-ын иргэн Ш/-ы нүүрэн тус газар гараараа цохиж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх үйл баримтын талаар нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудаар тухайн үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдал хангалттай тогтоогдсон гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т өгсөн: “... Би явж байхад нь “болиоч, яагаад эмэгтэй хүний араас орилоод байгаа юм” гэж хэлэхэд Ш намайг цохиод авсан. Тэр үед би тэр хүний Монгол хүн үү, Хятад хүн үү гэдгийг мэдэх боломж байгаагүй. Тэрүүгээр орилоод, агсам согтуу тавьж байсан. Миний дуудсан такси тэр хүний цаад талд байсан учраас би яах аргагүй зөрж таарсан. Тэгээд “болиоч” гэж хэлэхэд “чи миний дууг хорьдог цагдаа юм уу” гээд над руу дайраад эхэлсэн. Тэгэхдээ намайг цохиод авсан. Би “яаж байна аа” гэхэд намайг дахин мангасдаж авахаар нь би хариу үйлдэл хийж, нүүрэнд нь нэг цохиод авсан... Би санаатай тийм үйлдэл хийгээгүй тул гэмтлийн эмнэлэг хамт явж эмчилгээ хийлгэсэн. Би санаатай хохирол учруулаагүй...” гэх мэдүүлэг нь холбогдох бусад нотлох баримтаар тогтоогдоогүй, харин шүүгдэгчийн мэдүүлэг нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ш /Xingan/-ны өгсөн: “... хажууханд байсан нэг залуу “чи гадаад хүн байж Монголд орилдог хэн бэ?” гэж хэлээд миний нүүр лүү цохиод газар унагаад дээрээс нэмж цохисон. Надтай хамт явж байсан найзыг цохиж зодоогүй, янз бүрээр хараагаад байсан. Тэр залуу их том тарган биетэй байсан. Ганцаараа согтуу явж байсан. Тэгээд жаахан шалбарсан бол яах вэ гэж бодож байсан чинь эмнэлэг дээр очиход зургаан оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг /хх.06, 104/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Алтаны өгсөн: “... Энэ үед Ш чанга дуугаар гадаа гудамжинд ярьж байсан тул үл таних том биетэй эрэгтэй хүнтэй маргалдсан ба улмаар тухайн үл таних эрэгтэй хүн Шыг зодсон ба би тухайн үед Шы хажууд зогсож байсан юм. Ийм л зүйл болсон. Тухайн үл таних залуу манай найз Шы нүүр хэсэгт нь 2-3 удаа цохиж байх шиг харагдсан. Энэ үед Шы нүүр хэсгээс нь цус гарсан... Харин тухайн үл таних том биетэй залуу Шыг хойш түлхэн газарт унагаасан бас нүүр хэсэгт нь 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.112/ зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдана.
Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Тг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааснаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулжээ.
Хохирогч Ш/-ы биед шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон “баруун хөмсөгт шарх, цус хуралт, уруул, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салстын язрал, зүүн хацарт цус хуралт баруун өвдөгт зулгаралт” гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Т нь хохирогч Ш/-ы биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулжээ.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргасан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан санаа сэдэлт гэдгийг прокурорын зүгээс огт тогтоогоогүй... Хөмсөг нь задарсан хохирол учруулсан боловч гэм буруугүйгээр хохирол учруулсан гэж үзэх үндэслэл нөхцөл байдал гарч байна... мөрдөгч Хууль зүйн дотоод хэргийн сайдын 2023 оны А/267 дугаарт тушаалын 6 дугаар хавсралтаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загварыг танилцуулж, баталгаажуулж, хавтаст хэрэгт хавсаргах ёстой. Гэтэл хэрэгт ийм баримт авагдаагүй. Тэгэхээр энэ хүн сэтгэцэд учирсан хор уршгийг гаргуулах талаар өмгөөлөл хийх боломжгүй гэж үзэж байна... шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэсэн агуулгатай дүгнэлт, тайлбарыг гаргасан байна.
Гэвч шүүгдэгч Б.Т нь хохирогч Ш/-ы эрүүл мэндэд хөнгөн гэмтэл хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар аливаа эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.
Б.Т нь БНХАУ-ын иргэн Ш/-ы эрүүл мэндийн эсрэг халдсан нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгч Б.Тгийн гэмт үйлдлийн улмаас хохирогч Ш/-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл болон хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой юм.
Иймд шүүгдэгч Б.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан байна.
Шүүгдэгч Б.Т хохирогч Ш /Xingan/-ны баримтаар нэхэмжилсэн эмчилгээний зардал 197.027 төгрөгийг нөхөн төлсөн бөгөөд хохирогч нь сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлыг нэхэмжлээгүй бөгөөд түүний ирээдүйд гарах эмчилгээний зардлын 10,800,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангахаас татгалзах нь зүйтэй.
Харин хохирогч Ш /Xingan/ нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Б.Тгээс жич нэхэмжлэх эрхтэй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилсан байна.
Шүүгдэгч Б.Т гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.Тгийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Б.Тд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.Тд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахыг улсын яллагч, торгох ялын доод хэмжээг оногдуулахыг түүний өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтээ тус тус дурдсан боловч шүүгдэгчийн ажил төрлийн байдлыг харгалзан түүнд торгох ял оногдуулахаар шүүх шийдвэрлэсэн бөгөөд харин гэм буруугийн талаар маргаж буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн гомдол санал зэргээс үзэхэд түүнд торгох ялын доод хэмжээг оногдуулах нь тохиромжгүй юм.
Б.Тд оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 9 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Шүүгдэгч Б.Т урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ЗБы Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тд 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Тд оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 9 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Тд сануулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 197,027 төгрөг нөхөн төлсөн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Ш /Xingan/ нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Б.Тгээс жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Тд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР