| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2022/1493/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1101 |
| Огноо | 2024-10-15 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Ариунтөр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1101
2024 10 15 2024/ШЦТ/1101
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Б.Ариунтөр,
Шүүгдэгч Ц.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Эт холбогдох 2406 02077 2108 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19..... оны 04 дүгээр сарын .......-ний өдөр Архангай аймгийн .......... суманд төрсөн, 30 настай, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, “........” ..............-т засварчин ажилтай, ам бүл 1, Баянзүрх дүүргийн .......... дүгээр хороо, .............тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20........... оны 02 дугаар сарын ........-ны өдрийн............. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж байсан, Б овогт Цын Э /РД:.... /.
Хэргийн товч агуулга:
Ц.Э нь 2024 оны 04 дүгээр сарын 12-оос 2024 оны 04 дүгээр сарын 13-нд шилжих шөнө 04 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 1-16 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн салсан эхнэр П.Атай хардалтын улмаас маргалдан улмаар толгой тус газар нь 10 удаа цохиж халдсаны улмаас эрүүл мэндэд нь “... тархи доргилт, дээд уруулын дотор салстад язарсан шарх, дээд уруул, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн хохирлыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж санаатайгаар учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Э өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулсан дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар:
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол /хх.41/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.01-02/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Аы өгсөн: “Би Ц.Э гэх хүнтэй 10 жил хамт амьдарч дундаасаа 2 хүүхэдтэй болсон боловч Ц.Эийн архи их уудгаас болоод 2022 онд Баянзүрх дүүргийн иргэний шүүхээр орж гэрлэлтээ цуцлуулсан юм. 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Ц.Эийн төрсөн өдөр болсон, намайг ирээд аваач гэж гуйгаад байхаар нь би тухайн өдөр очиж авсан. Орой 02:00 орчим цагийн үед Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 1-16 тоотод манай гэрт ирсэн ба Ц.Э ямар нэгэн шалтгаангүйгээр шууд гэнэт зан нь өөрчлөгдөөд миний нүүр, уруул толгой хэсэгт гараараа ойролцоогоор 10 удаа цохисон, дараа нь намайг түлхэж ширээ мөргөж унагаасан, тэгээд гэрээс гараад яваад өгсөн. Ц.Э намайг урд нь 2 удаа цохиж зодож байсан, архи уусан үед намайг хардаж, агсам тавьдаг зантай. Эрүүл дээрээ бол зүгээр даруухан байдаг, архи уухаараа зан чанар өөрчлөгдөөд байдаг...” гэх мэдүүлэг /хх.19-20/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч С.Чулуунсүхийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 5089 дугаартай:
“1. Л.Аы биед тархи доргилт, дээд уруулын дотор салстад язарсан шарх, дээд уруул, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн цохих, цохигдох үйлчлэлээр, 2024.04.13-ны өдөр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдоно.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх.34-35/,
Яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан баталгаа /хх.60/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Ц.Эийн өгсөн: “... Би үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.61/,
Гомдолгүй тухай хохирогч Л.Аы гаргасан тайлбар /хх.64/,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Ц.Эийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх.42/,
Хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.43-56/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх.47/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой юм.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Үйл баримтын талаарх дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Ц.Э нь 2024 оны 04 дүгээр сарын 12-оос 2024 оны 04 дүгээр сарын 13-нд шилжих шөнө 04 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 1-16 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн салсан эхнэр П.Атай хардалтын улмаас маргалдан улмаар толгой тус газар нь 10 удаа цохиж халдсаны улмаас эрүүл мэндэд нь “... тархи доргилт, дээд уруулын дотор салстад язарсан шарх, дээд уруул, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал... бүхий хөнгөн хохирлыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж санаатайгаар учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх үйл баримтын талаар нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дээрх нотлох баримтуудаар тухайн үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдал хангалттай тогтоогдсон гэж үзлээ.
Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Эийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг тусган хуульчилж,
Мөн зүйлийн 1 дэх хэсэгт уг гэмт хэргийн үндсэн шинжийг,
Мөн зүйлийн 2 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж,
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж уг гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг тодорхойлсон байна.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааснаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулжээ.
Хохирогч Л.Аы биед шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон “тархи доргилт, дээд уруулын дотор салстад язарсан шарх, дээд уруул, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал” гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Ц.Э нь өөрийн салсан эхнэр болох Л.Аы биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг хангасан байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээдийг хуулийн үйлчлэлд хамаарахаар, мөн зүйлийн 3.1.4 дэх заалтад гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл садны хүнийг ойлгохоор хуульчилжээ.
Эдгээрээс үзэхэд хууль тогтоогч гэр бүлийн хүчирхийлэл гэж хамт амьдарч буй эсхүл хамтын амьдралтай байсан ойрын төрөл садан хүмүүсийн хооронд үүссэн байнгын шинжтэй бие махбод, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд дарамтад суурилсан харилцааг тодорхойлсон байна.
Гэр бүлийн хүчирхийллийн гол шинж нь гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь нөгөө гишүүнийг өөрийнхөө эрхшээлдээ байлгах, түүнд хяналтаа тогтоох зорилгоор хүч, эрх мэдлээр далайлгаж бие мах бодид халдах, сэтгэл санааны зовуурь шаналал үүсэх гэх мэт хэлбэрээр өөрийн хамааралд оруулж буй тэгш бус харилцаагаар илэрдэг.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч маргаагүй болно.
Ц.Э нь гэр бүлийн хамааралтай хүн болох дагавар хүүхэд Л.Аы эрүүл мэндийн эсрэг халдсан нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгч Ц.Эийг гэмт үйлдлийн улмаас хохирогч Л.Аы эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл болон хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой юм.
Иймд шүүгдэгч Ц.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.
Хохирогч Л.А нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй боловч тэрээр энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Ц.Эоос жич нэхэмжлэх эрхтэй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилсан байна.
Шүүгдэгч Ц.Э гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
Шүүгдэгч Ц.Эийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид 1,350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Ц.Эт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Ц.Эт оногдуулсан 1,350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 9 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Ц.Эт торгох ялын дээд хэмжээг оногдуулах тухай дүгнэлтийг улсын яллагч гаргасан боловч шүүгдэгчийн ар гэрийн болон хувийн байдал зэргээс үзэхэд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах шаардлагагүй байна.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Э нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Шүүгдэгч Ц.Эт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Цын Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эт 1,350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Ц.Эт оногдуулсан 1,350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 9 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Эт сануулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Э нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Л.А нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Ц.Эоос жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Эт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР